Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 417

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч М.Батмөнх ҮД:18-28 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00102 0306 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Г

Холбогдсон хэргийн талаар:

    М.Г нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Болортуул амралтын газрын 2 дугаар байшингаас иргэн Н.Энхзолбоогийн цүнхтэй эд зүйлсийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлан 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ:  Хэргийнхээ  талаар ярих зүйлгүй гэв.

          Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Энхзолбоогийн өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20:00 цагийн орчимд ажлаа тараад манай найзууд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “ Болортуул” амралтын газарт 02 нойморын амралтын байшинд амарсан. Тэгээд манай найзууд 00:00 цагийн орчимд уг амралтын газрын караокед дуулахаар явцгаасан. Тэгэхэд би байшинд ганцаараа унтаад үлдсэн. Тэгээд манай найзууд шөнө 03:00 цагийн орчимд манай найзууд буцаж ирээд гэртээ харихаар болсон. Тэгээд би цүнхээ хайгаад олоогүй тул уг амралтын газрын хүмүүст хандахаар очтол хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгээд би маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирээд хяналтын камерийн бичлэгийг ухрааж үзэхэд манай хажуугийн байшингаас нэг залуу гарч ирээд манай байшингийн цонхоор нь ороод миний гар цүнхийг аваад хаалгаар гарч байшингийн ард хэсэг рүү алхаад явж байгаа бичлэг хадгалагдан үлдсэн байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд  тэр хүний явсан зүг рүү  нь би өөрөө явж үзэхэд  миний гар цүнх  онгорхой байшингаас зүүн тийш 50 орчим метрийн зайд байхыг олсон харин дотор нь байсан  хар өнгийн хэтэвч , биет 120.000 төгрөг, иргэний үнэмлэх,  жолооны үнэмлэх , “Хас” банкны  карт, “Голомт” банкны карт  , нэрийн хуудас зэрэг зүйл байхгүй  байсан  .гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,

            - “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Ганбаатарын өгсөн: ...Уг дуудлагын дагуу очиж шалгахад дуудлага өгсөн хүн нь өөрөө яваад өгчихсөн байсан. Тэгээд би “ Болортуул” амралтын газрын хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 12:10 цагт ухрааж үзэхэд зэрэгцээ 2 байшингийн зүүн байшингаас хар эсвэл хөх өнгийн куртиктай, цайвар өмдтэй /камерийн бичлэг шөнө байсан болохоор өнгө нь сайн ялгарч харагдахгүй байсан/ залуу гарч ирээд хажуугийн байшингийн зүүн хойд жижиг цонхоор ороод 2-3 минутын дараа гартаа юм барьчихсан хаалгаар нь гарч ирээд байшингийн хойшоо голын эрэг рүү яваад 10 минутын дараа буцаж ирээд өөрийнхөө амралтын байшин руу орсон байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

           - Шүүгдэгч М.Г-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42, 44, 45, 68-70, 71-73, 74-76 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч М.Г нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Болортуул амралтын газрын 2 дугаар байшингаас иргэн Н.Энхзолбоогийн цүнхтэй эд зүйлсийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлан 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Энхзолбоо, яллагдагчаар өгсөн М.Г нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Гийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Энхзолбоод учирсан хохирол  болох  эд зүйлийг  хүлээлгэн  өгсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-ийн  14, 85 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч М.Г нь өмнө нь 3 удаагийн ял шийтгүүлсэн байна. /хх-ийн 68- 70, 71-73, 74-76 дугаар тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч М.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийг хэрэглэн ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Г-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ