Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 22

 

                                  

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Лүн сумын 3 дугаар баг, Тээгийн гудамж, 254 тоотод оршин суух, эрэгтэй, НО81072894 дугаарын регистртэй, Долоод овогт Чойндонгийн  Энхтөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын  22 дугаар гудамж, 352 тоотод оршин суух, эмэгтэй, ХН83020108 дугаарын регистртэй, Боргочин овогт Розагийн Батгэрэлд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 19-нд хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Энхтөр, хариуцагч Р.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.                                                                               

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Энхтөрөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.Батгэрэлтэй 2001 онд танилцаж, хамт амьдарсан. Бид 2004 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2003 оны 4 дүгээр сарын 03-нд хүү Төрбат төрсөн. Хүү одоо 13 настай. Бид нар хоорондын таарамжгүй, хэрүүл маргаантай, үзэл бодол нийцэхгүй байдлаас болон салж 2007 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарсан. Энэ хугцаанд хүү маань ээжтэйгээ хамт байсан. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Миний бие өөр гэр бүлтэй болж, хүү, охинтой болсон. Хүү Төрбатын асрамжийн талаар маргаангүй, ээжтэй нь байлгахад татгалзах зүйлгүй. Тиймээс хүү Төрбатаас асрамжийн талаар санал авах шаардлагагүй гэж үзэж байна. Би энэ хугацаанд хүүтэйгээ уулзаж байгаагүй, тусалж дэмжиж байгаагүй нь үнэн. Цаашдаа би хүүтэйгээ холбоотой байж өөрийн боломжоор тусалж дэмжиж байна. Хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Р.Батгэрэлээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Энхтөртэй 2001 оны 2 дугаар сард танилцаж үерхээд 7 дугаар сараас нь бид нэг гэрт орж хамт амьдрах болсон. Бидний дундаас хүү Төрбат 2003 оны 4 дүгээр сарын 03-нд төрсөн. Ингээд бид хэсэг хугацаанд хамтдаа амьдарсан боловч хоорондоо таарч тохирохгүй байнгын хэрүүл маргаантай байсан. Нөхөр маань намайг байнга бусадтай харддаг, гэр орноос гаргадаггүй, миний биед хэд хэдэн удаа гар хүрч зодож байсан. Би эхэн үедээ хүүгээ бодоод дуугүй өнгөрөөдөг байсан боловч сүүлдээ тэвчихээ больж хүүгээ аваад гэрээсээ явсан. Бид 2007 оны 6 дугаар сарын 15-наас хойш өдийг хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүү маань надтай хамт миний асрамжинд өсч бойжиж байгаа. Одоо намар 8 дугаар ангид орно. Хүү маань аавыгаа мэддэг. Энхтөр салснаасаа хойш хүүтэйгээ уулзаж байгаагүй, ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Харин түүний аав, ээж нар хүүтэй минь хааяа уулзаж байдаг юм. Энхтөр одоо өөр эхнэр хүүхэдтэй болсон, мөн би ч бас өөр амьдрал зохиосон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Хүүгээ би өөрийнхөө асрамжинд байлгана, бид маргаангүй учраас хүүгээс энэ талаар асуух шаардлагагүй. Хүүд оногдох хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу эцгээр нь төлүүлэх хүсэлттэй. Бид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүгээ цаашид аавтай нь холбоотой байлгаж байна  гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Энхтөр нь хариуцагч Р.Батгэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Энхтөр, хариуцагч Р.Батгэрэл нар 2001 оноос эхлэн 2007 оны 7 дугаар сар хүртэл хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас хүү Э.Төрбат нь 2003 оны 4 дүгээр сарын 03-нд төрж, гэрлэгчид нь 2004 оны 8 дугаар сарын 18-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 101/000879 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2007 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн бусад гишүүдээ хүндэтгэдэггүй, гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь бусадтай гэр бүлийн харьцаатай болж үр хүүхэд төрүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэн гэрлэгчдийн гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрлэгчид хүү Э.Төрбатыг ээжийнх нь асрамжинд байлгах талаар харилцан тохиролцож маргаагүй болно.

 

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүг эх Р.Батгэрэлийн асрамжинд үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д “...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг эх нь насанд хүрээгүй….хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн хүү Төрбатыг тэжээн тэтгэх үүрэгтэй.  

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг  дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50 220 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.4.-д заасныг удирдлага болгон   

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч Долоод овогт Чойндонгийн Энхтөр, хариуцагч Боргочин овогт Розагийн Батгэрэл  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2004 оны 4 дүгээр сарын 03-нд төрсөн хүү Э.Төрбатыг эх Р.Батгэрэлийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн  40.1.2.-т зааснаар хүү Э.Төрбатыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Энхтөрөөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг гэснийг  дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хурамжид 50 220 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.