Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00966

 

 

 

 

 

2024 05 06 210/МА2024/000966

 

 

хххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

ХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01070 дугаар шийдвэртэй,

 

хххххын нэхэмжлэлтэй,

хххххд холбогдох,

 

14,232,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний үүрэгт алдангид 14,232,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ххххха нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч хххххтой захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний зорилго нь ХХХХ дүүргийн 3 дугаар хороо оффис үйлчилгээний орон сууцны А блокын 10 давхарт байрлах ХХХХ мкв талбай бүхий 44 тоотын орон сууцыг худалдан авах хххххгийн эрхийг авах хэлцлийг байгуулсан.

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар эрх шилжүүлэгч тал нь захиалагчийн эрх хүлээн авсан талд 235,332,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээ байгуулсан өдөр 115,332,000 төгрөгийг, үлдсэн төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, нотариатаар гэрээг гэрчлүүлсэн.

Тухайн үед орон сууцны барилгын доорх гараашийг худалдан авах гэрээг хийхээр тохиролцсон. Автомашины зогсоол худалдан авах гэрээг талууд амаар тохиролцсон хэдий ч харамсалтай нь бичгээр байгуулагдаагүй байна. Талууд 03 дугаар сарын 14-ний өдөр гарааш авахаар тохиролцоод маргааш нь буюу 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч хххххгийн данс руу 2,000,000 төгрөгийг автомашины зогсоолын төлбөр гэж, мөн 03 дугаар сарын 05-ны өдөр 28,000,000 төгрөгийг мөн ижил гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн.

Харин орон сууц худалдан авах гэрээний төлбөрийг 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч хугацаандаа төлж барагдуулаагүй. Тодруулбал, 03 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 03 дугаар сарын 14-ний өдөр 115,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөг, 07 дугаар сарын 04-ний өдөр 17,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Орон сууцны гэрээний нийт үнэ 235,332,000 төгрөг төлөх байснаас төлөөд 300,000 төгрөг үлдсэн.

Гараашийн төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгөөс 14,232,000 төгрөгийг алдангид авч, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг буцаагаад нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн. Бидний талаас маргаж буй шалтгаан нь орон сууц худалдан авах гэрээний гол нөхцөл нь гараашийг худалдан авах хэлэлцээр байсан. Гарааш авч өгнө гэж 30,000,000 төгрөг авчихаад сүүлд нь гарааш чинь худлаа болчихлоо тэгэхээр би гэрээгээ уншсан чинь алданги авах ёстой байсан. Ийм учраас гараашийн төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгөөс буцаан авч чадаагүй байгаа 14,232,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

ххххха болон ххххх нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан, хххххаас төлсөн төлбөр болон түүнд буцааж төлсөн үнийн дүн дээр тус тус маргаан байхгүй.

14,232,600 төгрөгийг гэрээнд заасан алдангид тооцон суутгаж авсан. Учир нь орон сууц шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт гэрээ байгуулаад 120,000,000 төгрөг, үлдэгдэл 115,332,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Харин нэхэмжлжэгч 05 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч гэрээ байгуулсан 03 дугаар сарын 15-ны өдөр 115,000,000 төгрөг, 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 28,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 75,332,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй болсон. 10 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг төлж, нийт 201,324,000 төгрөгт тооцогдох алдангийн үлдэгдэл 14,232,600 төгрөг байсан.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар илүү төлөлтөөс нь суутгаад үлдэгдлийг нь буцаагаад шилжүүлсэн. хххххгийн зүгээс яаралтай мөнгөө төлөхийг сануулж байсан. Харин төлбөрийг дараа төлөх байдпаар нэмэлт шаардпагын хугацаа тохирч сунгаж байсан зүйл огт байхгүй. Иймээс анзыг хуульд заасны дагуу хэрэглэж суутган авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний тайлбарын агуулга: 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр захиалгын эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 235,322,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний 3.2-д зааснаар 115,332,000 төгрөгийг хххххгийн дансанд шилжүүлж худалдан авагч нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үнийг төлж дуусах үүргийг хүлээсэн. Уг үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний 3.4-д зааснаар төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,5 дүнгийн алданги төлөхөөр заасан.

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлсөн байх үндсэн үнийг төлөөгүй. 05 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 05 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 05 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 05 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 06 дугаар сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөг, 06 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 06 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 07 дугаар сарын 04-ний өдөр 17,000,000 төгрөгийг төлсөн.

Нийт алдангийн тооцооллыг авч үзвэл 05 дугаар сарын 01-ний өдөр төлөх ёстой байсан 75,332,000 төгрөг 4 хоног хэтэрсэн. Өгсөн мөнгөнүүд дээр нь тооцооллоор алдангийн хоногуудыг нэмээд явсан. Нийт 110 хоногийн хэтрэлттэй. 14,232,600 төгрөгийг захиалгын гэрээний 3.4-т заасны дагуу төлөх үүрэгтэй байна гэж үзсэн. Тийм учраас хххххаас хххххд гэрээний үүргийн гүйцэтгэл хангах нийт алданги 14,232,600 гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талууд 05 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлнө гэж тохиролцоод төлбөрийг хугацаандаа төлөөгүйг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн тухай бүр хариуцагчид хэлж байсан. Нэхэмжлэгч хэрвээ энэ төлбөр яаралтай гэвэл газар, машин зэрэг өөр хэлбэрээр төлбөрийг яаралтай барагдуулья гэж хэлж байсан. Хариуцагч тухайн үед энэ талаар шууд өөрөө энийг авъя, энэ төлбөрийг яаралтай барагдуул гэж хэлж байгаагүй. Тухайн үед талуудад маргаан үүсээгүй болохоор нэхэмжлэгчид надад нэмэлт хугацаа олгож байгаа учраас би тухайн хугацаанд төлж болох юм байна гэх итгэл төрсөн. Тухайн үед энэ төлбөрийг 05 дугаар сарын 01-ний өдөр багтааж төл гэсэн бол нэхэмжлэгч сая хэлсэнчлэн барагдуулах бүрэн боломжтой байсан бөгөөд үүнийгээ ч хариуцагчид илэрхийлж байсан. Хариуцагч энэ тухайгаа нэг ч удаа дурдаж байгаагүй атлаа 2022 оны 11 дүгээр сард буюу талууд маргалдаж эхлэх үед гаргаж тавьж байсан. Гараашийн мөнгө 30,000,000 төгрөг шилжүүлэхэд түүнээс нь алдангийг бодит байдлаар авсан. Гэхдээ энэ яриад байгаа мөнгөө өмнө нь авчихсан. Ийм учраас алдангийг төлөх үндэслэлгүй юм гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Хатигин овогт Энхтайваны Солонгоо /РД:МТ87110205/-с 14,232,600 төгрөг гаргуулж Боржигон овогт Юрагийн Уянга /РД:ШБ86111409/-д олгож, хариуцагч хххххгийн 14,232,600 төгрөгийг нэхэмжлэгч хххххаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххс 229,113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххад олгож, хариуцагчийн улсын тэмдэггийн хураамжид урьдчилан төлсөн 229,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч ххххх нь нэхэмжлэгчийг гэрээний үүргийг гүйцэтгэж дуусгавар болоход алданги шаардах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа автозогсоолтой холбогдох маргаантай харилцаа бий болсны дараа алданги гэх үндэслэлээр 14,232,600 төгрөгийг нөхөн суутгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн зохицуулалтанд нийцэхгүй бөгөөд талуудын хооронд үүссэн өөр харилцаатай холбоотой маргаан нь алдангийг нөхөн суутгах үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч ххххх нь нэхэмжлэгчийг гэрээний үүргийг гүйцэтгэж дуусгавар болоход алдангийг шаардсан байдаг. Улмаар 2 тал алданги тооцоогүй дүн, алдангитай дүнг хоёулаа тооцон тооцоо гаргахаар тохиролцсон байдаг. Тэгээд нийт төлсөн дүнгээ 2 тал баталгаажуулаад алданги шаардаж 14,232,000 төгрөгийг авсан. ххххх гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад ххххха удахгүй төлөх тухай тайлбар гаргадаг байсан бөгөөд энэ нь нэмэлт хугацаа тохирсон тухай асуудал бус нэг талын үүргийн гүйцгэлийн хугацаа алдсан тухайгаа хүлээн зөвшөөрч тайлбарлаж байгаа асуудал юм.

2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн талуудын цахим зурваст ...танайх гэрээний үүргээ хугацаа хожимдож биелүүлсэн хэдий ч манайх алданги тооцоогүй шүү гэж дурьсан байна. Энэ нь алданги шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж шүүх үзсэн. Харин энэ нь алданги тооцоогүй гэж нөгөө талдаа буюу хххххад ххххх нь алданги тооцох тухайгаа хэлж байсан нь алдангийн шаардлага шаардаж байснаар нотлогдоно.

Мөн сөрөг шаардлагын алдангийг ххххх нь ямар цаг үед хэзээ шаардах нь гэрээний оролцогч талын өөрийнх нь шаардах эрхийн асуудал гэж үзэж байна.

Иймээс хххххгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн гол үндэслэлээ алданги авна, хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарладаг. 2 сар хугацаа хожимдуулснаа хүлээн зөвшөөрдөг. Үзлэг хийж бэхжүүлсэн нотлох баримтад авагдсанаар нэхэмжлэгч төлбөр төлөх өдрөө хойшлуулж, зөвшөөрлийг авсны үндсэн дээр төлбөрөө төлж байсан. Нэхэмжлэгчийн маргасан шалтгааны хувьд төлбөрөө төлчихсөн байсан, мөн орон сууцны гэрээ байгуулсан өдрөө тухайн байрны доор гарааш авъя гээд амаар хэлэлцэж тохирсон байдаг. Түүнийг нотлох зорилгоор үзлэг хийлгүүлсэн. Хариуцагч нь 9 сарын хугацаанд гараашийг нэхэмжлэгчид зуучилж өгөөгүй. Гараашийн төлбөрийг 6 сарын өмнө төлөөд дууссан учраас гараашаа авъя гэж удаа дараа шаардсан боловч гараашийг огт өгөөгүй учраас талуудын хооронд маргаан үүссэн. Гэтэл хариуцагч нь алдангийн талаар огт дурдаагүй байж байснаа гэнэт алданги авахаар боллоо, гараашийн үнэ 30,000,000 төгрөгөөс 14,000,000 төгрөгийг алдангид тооцоод 15,000,000 төгрөгийг буцааж шилжүүллээ гэж хэлээд 5 сарын өмнө дууссан үүргийн гүйцэтгэлд алданги тооцоод байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гараашийг ч олж өгөөгүй. Хариуцагч нь үүргээ биелүүлсэн гэдэг боловч эрх шилжүүлэх гэрээг 03 сард байгуулаад орон сууцны эзэнтэй 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу алданги тооцоод байгаа хугацаанаас нь 3 сарын дараа гэрээ байгуулаад байрандаа 2022 оны сүүлээр орж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрчилгээгээ авсан. Алданги тооцож авъя гэх хугацаанд нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй, байрандаа ороогүй байсан. Үндсэн гэрээ байгуулаагүй, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй нөхцөлд алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Гарааш авахаар өгсөн мөнгийг алдангид тооцож аваад барьж саатуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ххххха нь хариуцагч хххххд холбогдуулан 14,232,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, алдангид 14,232,600 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

3. Талууд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулж, ХХХХ нь ХХХХ дүүрэг, 3 дугаар хороо, ХХХХХ /Cozy apartment/ оффис үйлчилгээний орон сууцны А блок 10 давхар 44 тоот, ХХХХ м.кв талбайтай орон сууцыг захиалгаар бариулах 2022 оны 01 дүгээр 27-ны өдрийн гэрээний захиалагчийн эрхийг хххххад шилжүүлэх, ххххха нь 235,332,000 төгрөгийг хххххд төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт хуульд нийцжээ.

4.2 Нэхэмжлэгч ххххха нь энэ гэрээний үүрэгт 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 115,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 28,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус төлсөн нь гэрээнд заасан хугацаанд хамаарч байна. Харин түүнээс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 17,000,000 төгрөгөөр тус тус гэрээний үүрэг гүйцэтгэсэн нь гэрээнд заасан хугацаанд хамаарахгүй байна.

5. Дээр дурдсан эрх шилжүүлэх гэрээг үндэслэн ххххха нь ХХХтэй 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, ХХХХ дүүрэг 3 дугаар хороо, ХХХХХ /ХХХХ/ оффис, үйлчилгээтэй орон сууцны барилгын 10 давхарын 44 тоот хаягт байрлах ХХХХХ талбайтай 4 өрөө орон сууцыг 261,480,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар уг орон сууцыг улсын бүртгэлийн ХХХХдугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ.

Иймд хариуцагч ххххх нь эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн байна.

6. Дээр дурдсан гэрээний 3.2-т Төлбөр төлөх нөхцөл: 115,332,000 төгрөгийг ХХХХ тоот дансаар өгч үлдэгдлийг 2022.05.01-нд дансаар өгнө, 3.3-т Төлбөр төлөх хугацаа 2022.05.01, 3.4-т Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тус тус талууд тохиролцжээ. Талууд үүрэг гүйцэтгэх хугацааг болон алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан Үүргийг ... гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолт болон анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагад тус тус нийцсэн.

6.1. Харин нэхэмжлэгч дээр дурдсан төлбөрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 17,000,000 төгрөг төлсөн нь гэрээгээр тохиролцсон хугацаанд хамаарахгүй байгаа талаар талууд маргаагүй боловч уг үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтэрсэнд тооцох эсэх нь маргааны зүйл болсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

6.2. Анхан шатны шүүх ххххха, ххххх нарын гар утсан дахь вайбер /Viber/ чатанд хийсэн үзлэгээр 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10:31 ХХХХ: Хугацаандаа төлөөгүй гэрээний дагуу манайх бас алданги энэ тэр огт тооцоогүй байгаа шүү гэсэн нөхцөл байдал илэрснийг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. /хх-91/

Иймд анхан шатны шүүх үзлэгээр илэрсэн уг нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж хариуцагч ххххх нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд алданги шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэнийг буруутгах боломжгүй. Түүнээс гадна талуудын хооронд үүссэн өөр харилцаа буюу гарааш худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч талаас төлсөн төлбөрийг орон сууц захиалан бариулах гэрээгээр тохиролцсон алдангид хариуцагч тооцож хассан үйлдлийг буруутгасан анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасан биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүрэг дуусгавар болох талаарх зохицуулалтын урьдчилсан нөхцөл болох биелүүлэх хугацаа нь болсон ижил төрлийн шаардлага нь нэхэмжлэгч ххххха болон ххххх нарын хооронд бий болоогүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

7.1 Түүнчлэн ххххха нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 28,000,000 төгрөгийг тус тус автомашины зогсоолын төлбөр гэх агуулгаар хххххд шилжүүлсэн боловч тэдгээрийн хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцлийг бичгээр байгуулаагүй нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцлийг бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчснөөр хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

7.2. Мөн анхан шатны шүүх ххххха, ххххх нарын гар утсан дахь вайбер /Viber/ чатанд үзлэг хийхэд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09:49 ххххха: граж 1 тал нь ханатай талыг хэлээд өгөөрэй, 09:50 ХХХХ: Санаа зоволтгүй, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10:40 ххххха: Сайн уу, 10:41 ХХХХ: Hi, Яана аа энэ гражийг нь бүр. Одоохон гялс яриадахъя, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09:59 ХХХХ: Граж гэрээгээ өнөөдөр хийе гэнэ ээ. Хариуцаж байгаа хүн маань газар тариалан гэж явсаар байгаа гэнэ гэх цахим зурвас болон 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 28,0000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид Граш урьдчилгаа гэж илэрсэн нөхцөл байдал үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд нэхэмжлэгчээс ийнхүү шилжүүлсэн нийт 30,000,000 төгрөгийг орон сууц захиалгаар бариулах гэрээний эрхэд шилжүүлсэн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7.3 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гарааш худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гараашийн үнэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид 30,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээс 14,232,600 төгрөгийг хариуцагч гүйцэтгээгүй тул түүнээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. ХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА