| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1410/Э |
| Дугаар | 433 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94,
шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав ҮД:03-55,
шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг ҮД:12-80 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Г ид, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Ө ад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.М яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1873 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.Г
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.Ө
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О.М
Холбогдсон хэргийн талаар:
М.Г нь Э.Өтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 114 дүгээр байрны орчим хохирогч О.Цэнд-Аюушийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг” маркын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,
мөн ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амазон” хоолны газрын үүдэнд насанд хүрээгүй хохирогч Л.Сайхантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2018 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас”-ын орчимд хохирогч Г.Сансармаагийн “Эл Жи Жи-3” маркийн 132.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт,
Э.Ө нь М.Гтэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 114 дүгээр байрны орчим хохирогч О.Цэнд-Аюушийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,
мөн ганцаараа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Елеганс” хотхоны 44-Е байрны орцонд иргэн Б.Анандын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,
мөн О.Мтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн оффис руу орж байсан иргэн Б.Энхтуяагийн халааснаас “Самсунг Эдж 6 плас” маркийн гар утсыг хулгайлан 468.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
О.М нь Э.Өтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн оффис руу орж байсан иргэн Б.Энхтуяагийн халааснаас “Самсунг Эдж 6 плас” маркийн гар утсыг хулгайлан 468.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тусхолбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар ярих зүйлгүй. Харин би Сайхантуяаг санамсаргүй гэмтээчихсэн юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 114 дүгээр байрны орчим хохирогч О.Цэнд-Аюушийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг” маркын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт Төгсбаяртай гурвуулаа хамт хийсэн тул Төгсбаяртай хамтатган шалгуулах хүсэлтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Цэнд-Аюушийн өгсөн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 19-ний орой Сансараас ганцаараа найзтайгаа уулзах гэж явж байгаад Баянзүрх дүүргийн 7-р хороо 114-р байрны ойролцоо явж байгаад арай товчлох гээд нэг хашаа байхаар нь давах гээд байж байсан чинь араас хоёр залуу ирээд татаж аваад өө мөн байна гээд шууд хамар руу цохиод эхлэхээр нь би хүүе та нар хүн андуурчихав уу гэсэн чинь учир зүггүй цохиод миний өмсөж явсан өмдний хойд талын халаасанд байсан “Самсунг- нөүт-1” маркын гар утсыг аваад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь хөөж байхад хоёр тийшээгээ салаад зугтаахад би нэгийг нь арай гэж барьж аваад байж байхад баригдсан залуу нь дахиж зугтаагаад 10-р төвийн хашаа руу даваад зугтаачихаар нь би цаад талаар нь амдаж гүйж байхад булан эргээд модны ард нуугдчихсан байхаар нь би нааш ир гэсэн чинь дахиад зугтаагаад хашаа давах гэж байхад нь барьж аваад чи яаж байгаа юм бэ миний утас хаана байна гээд мөн намайг зүгээр явж байхад хоёулаа дээрэмдсэн учир, тэгээд өөрөө зугтаагаад баригдахгүй байхаар нь миний уур хүрээд барьж аваад толгой руу нь нэг удаа мөргөсөн. Тэр үед миний малгай, шил хоёр уначихсан байхаар нь би шилээ авах гэж байхад чулуу авах гэж байна гэж нөгөө баригдсан хүн бодсон юм шиг байна. Зугтаагаад миний утсыг авч явсан залуу нь миний хамар руу цохисон. Тэгээд ерөнхийдөө энэ хоёр хоёулаа цохиж зодсон, миний биед учирсан гэмтлийг энэ хоёр залуу учруулсан. Одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна...
...Тухайн үед нилээн хөөцөлдөж байж барьж авсан. Би өмнөх мэдүүлэгтээ болсон асуудлыг нэг бүрчлэн ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй байна. Тухайн үедээ бол гомдолтой байсан. Одоо нэг их гомдол санал гэх зүйл байхгүй байна. Шүүх хуралд суух боломжгүй байх. Намайг дээрэмдсэн хоёр залуу цаашид дахин дээрэм болон бусад гэмт хэрэг хийхгүй байх гэж хүсч байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14, 233 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Мөнх-Очирын өгсөн: ...Тухайн өдөр би СҮЛД-112 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд орой 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7-р хороо 10-р төвийн ойролцоо зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад 10-р төвийн хашаан дотор хоёр залуу заамдалцаад зогсож байсан. Тэгээд тэр хоёр залууг хэлтэс дээр авч ирэхэд нэг залуу нь миний утсыг дээрэмдсэн, миний утас байхгүй энэ залуутай хамт явсан залуу нь аваад явсан юм шиг байна. Энэ залууд байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь зодсон гээд байсан залуу М.Г , дээрэмдүүлсэн гэх залуугийн хамт жижүүрийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Б.Нямсүрэнд хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Анандын өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед дээрх хаяган дээр байх гэрээсээ гадагшаа гарч пиво уухаар ганцаараа гараад алхаж байгаад 3, 4 хороолол “Өргөө” кинотеатрын хажуу талд байрлах /нэрийг нь сайн санахгүй байна/ доошоо шатаар буугаад ордог шөнийн клуб руу ороод ширээнд суугаад ганцаараа 5 шил 0,45 литрийн “Тайгер” нэртэй пиво уугаад тэндээсээ 04 цагийн үед гараад гэр рүүгээ харихаар төв зам дагуу алхаж байгаад байрныхаа ойролцоо ирэхэд ард талд хүн явж байсан. Би их юм бодолгүй орц руугаа орох гэж байхад туранхай, бор царайтай, хар куртиктай доогуураа саарал өмд, цагаан кеттэй надтай өндрөөрөө ойролцоо залуу цаг хэд болж байна гэхээр нь тоолгүй орц руугаа орсон. Тэгтэл араас дагаж орж ирээд намайг нааш ир гар утсаа гаргаад ир гэж хэлэхээр нь чадахгүй гэж хэлтэл над руу дайраад барьж авахаар нь харилцан барьцалдаж аваад зодолдож зууралдаад би хөл алдаад газар унаад ноцолдож байгаад миний зүүн халааснаас гар утас газар унахад нөгөө үл таних залуу миний гар утсыг аваад гадагшаа гарч зугтаасан. Би араас нь босч өрөөсөн гутлаа орцонд үлдээгээд барьж авах гэж хөөж гүйж байгаад зам гарахаар нь араас дагаж гарах гэж байгаад “Тоёота- Приус-20” маркийн автомашины урдуур орж мөргүүлсэн ба хөл гишгэж явж чадахгүй болоод жолооч нь гарч ирээд юу болов яав ийв гээд түргэний машин, цагдаа дуудсан. Харин тэр залууг орцноос гараад араас нь хөөж явж байгаад машинд мөргүүлснээс болж баруун хөлний зөөлөн эд гэмтэж, зүүн гарын чигчий хуруу хугарсан бэртэлтэй. Би алдсан гар утсаа нэхэмжилж байгаа ба эрүүл мэндээрээ бас хохирсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-162 дугаар тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: ...Б.Анандын араас орж ирж буй эрэгтэй нь бор царайтай, туранхай биетэй Б.Анандтай ойролцоо өндөртэй дээгүүрээ хар саарал өнгийн урдуураа цахилгаантай дотуураа саарал өнгийн футволктой цамцных нь доогуур ил гарсан байдалтай доогуураа саарал өмдтэй, хөлөндөө цагаан өнгийн хажуу талдаа НАЙК брэндийн логотой кетэн гуталтай байх ба 03.04 минутанд Б.Анандыг үл таних залуу нь зүүн гараараа цамцнаас нь заамдалцаж байх ба бие биенийхээ нүүр рүү гараараа түлхэлцэж байгаад 03.23 секунтэнд Б.Ананд нь хөл хальтран газар унаж байх ба үл таних залуу нь дээрээс нь гараараа бариад доош нь дарж байхад Б.Анандын баруун хөлний гутал нь сугарч, хар өнгийн оймстойгоо үлдэх ба өмдний зүүн халааснаас цагаан өнгийн хар дэлгэцтэй гар утас хажуу талд нь газар унаж байх ба 03.33 секунтэнд Б.Анандтай зууралдан ноцолдож байсан эрэгтэй нь газар унасан байсан гар утсыг 03.35 секунтэнд шүүрч авч үүдний хаалга руу гүйх ба ардаас нь Б.Ананд баруун хөлний өрөөсөн гутлаа газар үлдээгээд хөөж гүйж гадагшаа гарч байгаа бичлэг 03.40 секунтэнд дуусч байлаа.../1 дүгээр хх-ийн 145-146 дугаар тал/,
- Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 157 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Л.Сайхантуяагийн өгсөн: ...Бөөндөө алхаад явж байгаад Кино үйлдвэрт “Цээнэ” нэртэй зочид буудалд орцгоосон. Тэгээд тэр хэд архи уусан, манай хоёр найз нилээн согтохоор нь би авч явах гээд цүнхийг нь гаргаж нуугаад 2 найзаа 00 өрөө оруулчихаад өөрийнхөө хувцсыг өмсөөд гарах гэсэн М.Г гаргахгүй гэхээр нь би уурлаад явна гээд эргээд харахад М.Г гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэр үед хамарнаас цус гараад би орилсон чинь Оюука, Саруул хоёр гүйгээд ороод ирсэн. Би намайг энэ цохичихлоо гэж хэлэхэд М.Г би цохиогүй гээд хажууд зогсоод байсан. Бид нар буудлаас гараад гадаа зогсож байхад цагдаагийн ажилтан ирээд цагдаагийн байгууллагад хүргэж ирсэн. Тухайн үед миний хамар хугарсан, дотор гуурс нь далийсан гэж хэлсэн. Эмчилгээний зардалд М.Г өөс 50.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй, хамраа янзлуулаагүй. Намайг хагалгаанд ор гэсэн энэ хүнээс хагалгаанд орох төлбөр гаргуулж өгөхийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 232 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Саруулсанаагийн өгсөн: ...Тэгээд тэд нар мөнгөө өгөөд буух гэж байхад нь манай найз Оюунтөгсийн дотор нь муухайраад тэгээд Оюунтөгс бид хоёр хамтдаа тухайн “Амазон” захын хажуу талд байх” Цээнэ” нэртэй буудлын 2 давхарт байх ариун цэврийн өрөөнд нь орсон. Тэнд ороод манай найз бөөлжөөд гараад иртэл гадаа манай найз Сайхантуяа орилоод уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би Оюунтөгсөд хэлээд бид хоёр доошоогоо буугаад очтол манай найз хамартаа цохиулсан цус гараад байж байсан. Манай найзын хамрыг тэр зохион байгуулагч өөрийгөө Ган-тай нэрээр дуудаж байсан залуу цохичихсон байсан. Тэгээд тэр залуу би цохиогүй, хэрвээ би цохисон бол миний хувцас цус болох байсан гэж хэлж байсан юм. Харин нөгөө хоёр хүн нь болохоор цаана хол таксин дээрээ зогсож байсан. Тэгээд бид нар цагдаа дуудлаа гэсэн чинь тэр 3 залуу явъя гээд л гүйгээд такси бариад яваад өгсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 235-236 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 531 дугаартай шинжээчийн:
1. Л.Сайхантуяагийн биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 241 дүгээр тал/,
- Си-Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл: ...Үзлэгийг цааш үргэлжлүүлж Том хаалга гэсэн файл руу орж үзлэгийг хийхэд камерын бичлэгийн талаар 17 секунтэнд хоёр эмэгтэй хүн камерын бичлэгийн үзэгдэх орчинд гарч ирэх бөгөөд хоёр эмэгтэй хүний зүүн гар талд явж байсан эмэгтэйгийн гадуур хувцасны зүүн халааснаас шатаар өгсөх үед нь Мөнхбат гар утсыг нь авах бөгөөд Өлзийбат араас нь ирж гар утсыг авсны дараа Мөнхбаттай хамт буцаж эргэж яваад камерын бичлэгийн үзэгдэх орчноос гарах бөгөөд Зүүн камер гэсэн файл руу орж тоглуулахад камерын бичлэгийн цагаар 05 секунтэнд хоёр эмэгтэй камерын бичлэгийн үзэгдэх орчинд гарч ирэх бөгөөд араас нь Мөнхбат, Өлзийбат нар дагаж явж байгаад камерын бичлэгийн цагаар 10 секунтэнд Мөнхбат урд нь явж байсан хоёр эмэгтэйн зүүн гар талд явж байсан эмэгтэйгийн гадуур хувцасны баруун халаасанд гараа хийж үзэх бөгөөд цааш нь араас нь дагаж явж байгаад тухайн эмэгтэйг шатаар өгсөх үед нь зүүн халаасанд гараа хийж байгаа мэт үйлдэл гаргах бөгөөд энэ үед байрны урд байрлуулсан зүйл камерын бичлэгийн үзэгдэх орчинг хязгаарлаж байв. Хоёр эмэгтэй шатаар өгсөж цааш явсны дараа Мөнхбат, Өлзийбат нар буцаж явах ба камерын бичлэгийн цагаар 31 секунтэнд Мөнхбат зүүн халааснаасаа гаргаж ирэх бөгөөд Өлзийбат араас нь гүйж ирээд гар утсыг аваад цааш нь явж камерийн бичлэгийн үзэгдэх орчноос гарав... /2-р хх-ийн 158 дугаар тал/,
- Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 159-160 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Энхтуяагийн өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 29-ний 18 цаг 03 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Петровис стар ХХК-ийн урд талд ажил руу орох гэж байх үед өөрийн “Самсунг Эдж 6 Плас” загварын гар утсаа хулгайд алдсан. Би 2017 оны 06 сард Монтел төвөөс 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо алдсан гар утсаа 450.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 165 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Сансармаагийн өгсөн: ...Ингээд нөхрийг нь ирэхийг хүлээгээд хажууханд байсан сандал дээр суугаад нөхөр болох Энх-Амгалантай утсаар ярихдаа цүнхнээсээ боронзон өнгийн “LG G-3” загварын гар утсаа гаргаж ирээд ярих гэтэл яг хаанаас гарч ирсэнг нь харж чадаагүй, зүүн талаас бараан өнгийн хувцастай хүүхэд гарч ирээд гар утсыг гарнаас булааж аваад зугтаагаад гүйчихсэн ба араас нь миний гар утсыг хүн булаагаад яваад зугтаачихлаа гээд орилтол хажууханд явж байсан гар утас булааж авч явсан залуугийн урд талаас ирж явсан 20-22 орчим насны хоёр эрэгтэй хүүхэд уг залууг барьж явсан. Тэгээд араас нь гүйж очоод гар утсаа авсан ба үл таних хоёр хүүхэд гар утас булаасан залууг явуулах гээд байсан ба тухайн үед Энхтуулын нөхөр нь ирж байсан тул нөхөр нь ирээд цагдаа дээр очъё гэж ярилцаад шууд Энхтуулын нөхрийн машинтай Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авч ирсэн юм. “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын гаргасан дүгнэлттэй танилцлаа. Миний алдсан гар утсыг 132.000 төгрөгөөр үнэлсэн байна. Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Миний бие гар утсаа эргүүлж авсан учраас ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид нэхэмжлэх, шалгуулах зүйл байхгүй. Миний бие ажил ихтэй байдаг учраас цаашид ирж мэдүүлэг өгөх болон хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцож чадахгүй байх. Тийм учраас намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэж хүсч байна...гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Дашпунцагийн өгсөн: ...Эргүүлийн офицероор ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 08:30 минутаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 08 цаг 30 минутын хооронд “Бугат-116” чиглэлд ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнийн хамтаар Баянгол дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бугат 10-аас 2018.03.08-09-нд шилжих шөнө 01 цагийн орчим санагдаж байна, одоо цаг хугацаа нилээн өнгөрсөн учраас цаг минутыг яг тодорхой хэлж мэдэхгүй байна, Баянгол дүүргийн 6 дугаар хороо Улаанбаатар паласын зүүн тийш байрны миний гар утсыг булаасан хүнийг барьчихлаа гэсэн дуудлагыг 88194947 дугаарын утаснаас өгсний дагуу даруй очиж шалгахад Галбадрахын Сансармаа гэх эмэгтэй нь найзуудтайгаа Улаанбаатар палас дотор тоглолт үзчихээд гараад өөрийн утсаар яриад явж байхад үл таних хүн араас гар утас булаагаад урд талын байр руу зугтаахаар нь араас нь хөөж байгаад бариад авчихлаа, өөрөө ЛЖ Ж-3 маркийн гар утсыг эргүүлээд авчихсан гэж хэлэхээр нь гар утсыг дээрэмдсэн гэх этгээдийг шалгахад өөрийгөө М.Г гэдэг эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Сансармааг гар утсаараа яриад явж байхад араас нь булааж зугтаасан гэж хэргээ өөрөө хүлээж ярьж байсан. Тухайн үед эмэгтэйчүүдийн баяр ёслол болоод дуудлага мэдээлэл маш ихтэй байсан ба хохирогчтой хамт явж байсан найзынх нь нөхөр гэх эрэгтэй хүн машинтай байгаа, өөрсдөө цагдаагийн хэлтэс рүү чинь дагаад явчихъя, та нар дараагийнхаа дуудлага руу яв гэхээр нь өөрсдөд нь өгөөд явуулсан юм...гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Энхтуулын өгсөн: ...Ингээд гэнэт найз Сансармаа хүн утас булаагаад зугтаачихлаа гээд орилохоор хартал үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн найз Сансармаагийн алтлаг шаргал өнгийн ЛЖ Ж-3 маркийн гар утсыг булаагаад урдхан талд байсан байрны гол руу яваад орчихоор бид хоёр араас гар утас булаачихлаа гээд орилоод гүйсэн. Ингэтэл урдаас ирж явсан 2 үл таних 20 хүрэх гэж байгаа бололтой хоёр хүүхэд явж байсан тул гар утас булаасан хүнийг бариад авсан. Ингээд найз Сансармаа нь гар утсаа эргүүлж аваад, чи яагаад гар утас булааж байгаа юм гэхэд юу ч дуугарахгүй, согтуу байдалтай залуу байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17-18 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Гийн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө шөнийн 00 цагийн орчимд харих санаатай Баянгол дүүргийн 6 дугаар хороо Улаанбаатар паласын хажууханд явж байтал одоо хохирогч болох эмэгтэй утсаар яриад зогсож байхаар нь миний бие 2012 оноос хойш ганцаараа амьдарч байгаа бөгөөд намайг гэх хүн байхгүй учраас өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж байрны түрээсийн мөнгө болон унааныхаа мөнгийг олдог тул тухайн үед ямар нэгэн мөнгөгүй, байрны мөнгө нэхэгдээд байсан учраас хохирогч архи уучихсан юм шиг жоохон согтуу байдалтай зогсож байхаар нь гар утсыг булааж аваад, зараад мөнгө болгоё гэж бодоод утсаар яриад зогсож байхаар нь гар утсыг араас нь булааж аваад замын урд талын байрнууд дунд руу орж зугтаах үед урд талаас ирж байсан үл таних 2 эрэгтэй намайг бариад авсан юм. Тэгээд шууд хохирогч надаас гар утсаа эргүүлж аваад, цагдаад дуудлага өгсөн бөгөөд миний бие цагдаагийн байгууллагад очих хүртлээ хохирогчоос миний буруу уучлаарай гэдгийг удаа дараа гуйж байсан. Харин цагдаагийн байгууллагад гэмт хэрэг үйлдсэнгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөөд маргааш нь буюу 2018.03.09-ний өдөр дуудсан цагт ирэхээр явсан боловч гадуур явж байгаад өмнө 2016 онд шалгагдаж байсан хэрэг дээрээ баригдаад цагдан хоригдчихсон байгаа. Миний бие гэмт хэрэг үйлдсэнгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн гар утсыг тэр даруй баригдаад өөрт нь буцааж эргүүлж өгсөн байгаа. Надад холбогдох хэргийг нэгтгэн шалгаж шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 52-53 дугаар тал/,
- Шүүгдэгч Э.Өын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 40, 47, 67-80 дугаар тал/,
- Шүүгдэгч М.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 63, 2-р хх-ийн 46, 51-52 дугаар тал/,
- Шүүгдэгч О.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 218, 219 дүгээр тал/,
- Шүүгдэгч М.Г нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр цагдан хоригдож, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар цагдан хоригдсон, 2018 оны 03 дугаар сарын 15-наас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл яллагдагчаар нийт 461 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 37-51 дүгээр тал, 2 дугаар хх-ийн 11-12, 93-98, 120, 179-182, 186- 188, 191-193 дугаар тал, 3 дугаар хх-ийн 94-96, 103-104 дүгээр тал/,
- Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 383 хоног цагдан хоригдсон болох нь яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай шүүгчийн захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /2 дугаар хх-ийн 3-12, 95-96, 120, 195-197, 201-202 дугаар тал, 3 дугаар хх-ийн 90-106 дугаар тал/,
- Шүүгдэгч О.Мын сэжигтнээр баривчлах 72 цаг саатуулагдсан тухай /2 дугаар хх-ийн 177 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь Э.Өтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 114 дүгээр байрны орчим хохирогч О.Цэнд-Аюушийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг,
мөн ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амазон” хоолны газрын үүдэнд насанд хүрээгүй хохирогч Л.Сайхантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
2018 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас”-ын орчимд хохирогч Г.Сансармаагийн “Эл Жи Жи-3” маркийн 132.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Э.Ө нь М.Гтэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 114 дүгээр байрны орчим хохирогч О.Цэнд-Аюушийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг,
мөн ганцаараа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Елеганс” хотхоны 44-Е байрны орцонд иргэн Б.Анандын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг,
мөн О.Мтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн оффис руу орж байсан иргэн Б.Энхтуяагийн халааснаас “Самсунг Эдж 6 плас” маркийн гар утсыг хулгайлан 468.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
О.М нь Э.Өтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн оффис руу орж байсан иргэн Б.Энхтуяагийн халааснаас “Самсунг Эдж 6 плас” маркийн гар утсыг хулгайлан 468.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт “...М.Г Сансар руу эгчийнх рүү явъя гээд хамт “Банана” гэх баарны хажууд явж байхад хохирогч Цэнд-Аюуш хажуугаар өнгөрөхөд араас нь М.Г дагасан. Тэгээд булан тойроход би үлдсэн. Тэгээд М.Г буцаж ирээд надад Нөүт гар утсаа өгсөн. Тэгээд эгчийнх рүүгээ орсон. Гэтэл дээрмийн хэргийн холбогдолтой утас байсан байна лээ. Мөн О.Мтай холбоотой хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бид уулзаад “Өргөө” кино театр орж кино үзээд дараа нь хоол идсэн. Хоолонд орчихоод явж байтал урд хоёр хүн явж байгаад би “утсаа өгчих” гэхэд над руу утсаа дамжуулсан. Тухайн үед хулгайн утас гэдийг мэдээгүй. Өөрийнх нь утас гэж бодоод авсан. Удалгүй утсыг нь буцааж өгсөн...” гэж мэдүүлэг, тайлбарыг өгч байгаа боловч энэ нь хохирогч нарын мэдүүлэг, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх ба Өлзийбат нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Г дээрэмдэх гэмт хэргийг хоёр өөр цаг хугацаанд бие даасан эхлэл, төгсгөлтэйгээр үйлдсэн байх ба үйлдэл тус бүрийг хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчлэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Э.Ө нь 2 удаагийн үйлдлээр буюу дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байх ба нэг төрлийн гэмт хэргийн давталт тул нэг зүйл хэсгээр нь зүйлчлэн нэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...шүүх эд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.Г, Э.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.Г нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амазон” хоолны газрын үүдэнд насанд хүрээгүй хохирогч Л.Сайхантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болж байна.
Шүүгдэгч М.Г нь хохирогч О.Цэнд-Аюушийн гар утсыг буцаан өгсөн, Л.Сайхантуяагийн хохиролд 50.000 төгрөг өгсөн, Г.Сансармаагийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байна. Хохирогч Л.Сайхантуяа цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч холбогдох хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ө нь хохирогч О.Цэнд-Аюушийн гар утсыг буцаан өгсөн, хохирогч Б.Энхтуяагийн гар утсыг буцаан өгсөн байх тул Б.Анандад учирсан хохирол болох гар утасны үнэ 1.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.М нь хохирогч Б.Энхтуяагийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Гийн цагдан хоригдсон цагдан хоригдсон 461 хоногийг, Э.Өын цагдан хоригдсон 383 хоногийг, О.Мын сэжигтнээр хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г, Э.Ө, О.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Г ийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
- Э.Ө ыг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
- О.М бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар М.Г ийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Г ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Э.Ө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,
- О.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаан/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хорих ялаар,
- Э.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаан/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Гид оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хорих ялыг, Э.Өад оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Гийн цагдан хоригдсон 461 хоногийг, Э.Өын цагдан хоригдсон 383 хоногийг, О.Мын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 3 /гурван/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М нь 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Өаас /РД: / 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Анандад /РД:/ олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Г, Э.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, О.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ