| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0429/Э |
| Дугаар | 441 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч М.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 00460 1547 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, М.Г
Холбогдсон хэргийн талаар:
М.Гнь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Баялаг-Ундраа” худалдааны төв дотор иргэн С.Батцэцэгийн халааснаас “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 448.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “KFC” хоолны газарт иргэн Б.Очирбатын гадуур хувцасны халааснаас “Ай Фоне-Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гмэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Батцэцэгийн өгсөн: …Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Баялаг-Ундраа” худалдааны төв дотор жимсний лангуу түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 31-ний 15:10 цагийн үед лангуун дээрээ жимсээ зарж байхад гадуур өмссөн ажлын хувцасны зүүн халаасанд байсан. “ Самсунг Жи-7” маркийн, хар өнгийн гадаргуутай, 94885225 дугаартай, онцлог содон шинж тэмдэггүй, арын тагны хэсэгт бага зэрэг хагарсан, 2016 онд Мобикомоос 850.000 төгрөгөөр авсан гар утсаа хулгайд алдсан. Ингээд тухайн үедээ “Нарантуул” захын камерийн бичлэгийг үзэх гэхэд ачаалал ихтэй тул 2018.01.03-ны өдөр шүүлгэхэд хар өнгийн хүрэмтэй хар өнгийн ноосон малгайтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 30 орчим насны залуу гар утсыг хулгайлж байгаа бичлэг байсан тул өргөдөл гаргасан юм. Би одоо гар утсаа 700.000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утасны имэйль кодоо мэдэхгүй, дэлгэц нь мөн кодгүй юм. Би тэр үед өөр утаснаас залгаж үзэхэд дуудаад байсан боловч авахгүй байсан. Би гар утсыг хулгайлсан хүнийг танихгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
- “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан хохирогч С.Батцэцэгийн алдагдсан гар утасны үнэлгээ /хх-ийн 24-25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Очирбатын өгсөн: ...2019 оны 01 дүгэ эр сарын 21-ний өдөр “Их орд” худалдааны төвд үсчинд орж үсээ засуулчихаад гараад явсан. Тэгээд би юм идчихье гэж бодоод ганцаараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх KFC рүү 15 цаг 29 минутын орчим орсон. Би бичүүлэх гээд кассан дээр очоод зогсож байтал чихэвч салаад дохио өгсөн. Тэгээд би халаасаа үзтэл миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд цагдаа дуудаж хяналтын камер шүүсэн. Яг намайг тухайн газар руу орж байхад араас орж ирж байгаад миний халааснаас аваад цаашаа явсан байсан. 2 хүн байсан. Нэг нь хар куртиктай, нөгөө нь улаан куртиктай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 дугаар тал/,
- “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллагаас хохирогч Б.Очирбатын алдагдсан гар утсыг үнэлсэн тайлан /хх-ийн 101-102 дугаар тал/,
- Эд мөрийн баримтаар хураан авч, хохирогч Б.Очирбатад гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 91 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Г: ...Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд архи уучихсан явж байсан юм. Тухайн үед дахин архи уумаар санагдаад байсан ба “Баялаг-Ундраа” худалдааны төв рүү орсон бөгөөд 1 давхарт байрлах жимс зардаг лангууны хажуугаар явж байтал тус лангууны худалдагчийн халаасанд хар өнгийн “Самсунг Жи-7 “ маркийн гар утас байсныг би хараад халааснаас нь хулгайлчихсан юм. Тэгээд би одоо ажиллахаа больсон кино үйлдвэрийн тэнд байрлах интернэт тоглоомын газар очиж танил хүндээ өгч заруулсан ба надад 50.000 төгрөг өгсөн...
...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байх би Толгойтын Нарангийн гол гэх газар танил ахындаа очиж архи ууж байгаад дахин архи олж уух зорилготой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул “худалдааны төв орох автобусанд суусан ба Халдвартын автобусны буудал дээр буусан юм. Тэгээд Халдвартын автобусны буудлын замын эсрэг талд байрлах “KFC” түргэн хоолны газрын хажуугаар явж байтал миний хажуугаар нэг залуу өнгөрсөн ба уг залуугийн баруун халаасанд гар утас байгаа нь харагдсан. Уг залуу нь “KFC” түргэн хоолны газар руу орох гээд явж байсан ба би араас нь дагаад явж байгаад баруун халаасанд нь байрлах гар утсыг нь хулгайлсан ба цагаан өнгийн “I phone” маркийн гар утас байсан. Тэгэхээр нь би Сансар руу буюу Баянцээл худалдааны төвийн доор байрлах В-1 давхарт байх гар утас засварын газрын эмэгтэйд хулгайлсан гар утсаа үзүүлээд эгч ээ би энэ гар утсыг газраас олсон юм, та худалдаж авах уу гэж асуутал тэр эгч чи газраас ийм гар утас олно гэж юу байдаг юм, энэ гар утас чинь хулгайн гар утас байна, би авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгайн гар утас биш ээ, тийм зүйл байхгүй гэж гуйсаар байгаад тэр эгчид уг гар утсыг 80.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд би зарсан мөнгөөрөө архи авч уусан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 109-110 дугаар тал/,
- Шүүгдэгч М.Г иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33, 34, 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Гнь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Баялаг-Ундраа” худалдааны төв дотор иргэн С.Батцэцэгийн халааснаас “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 448.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
мөн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “KFC” хоолны газарт иргэн Б.Очирбатын гадуур хувцасны халааснаас “Ай Фоне-Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн С.Батцэцэг, Б.Очирбат, яллагдагчаар өгсөн М.Гнарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний байгууллагаас алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Очирбатад учирсан хохирол бүрэн төлөгдсөн буюу алдсан гар утсаа биет байдлаар буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч М.Гийг хохирогч Б.Очирбатад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч С.Батцэцэгт учирсан хохирол болох 448.000 төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгч М.Гөөс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Гөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй.
Шүүгдэгч М.Гнь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс яллагдагчаар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 58 хоног цагдан хоригдож байгаа болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 37-38, 46-47, 123-124 дүгээр тал/.
Иймд М.Г цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна.
Мөн М.Гнь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 60, 62-63 дугаар тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.Г үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч М.Гнь урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэгдэж байсан ба дахин хулгайн гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Гөд оногдуулсан 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Г цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Г-өөс /РД: / 448.000 /дөрвөн зуун дөчин найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Сүхбатын Батцэцэгт /РД: / олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Г-өд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ