Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 288

 

                                     

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 1 дүгээр байрны 2 тоотод байрлах, “Итгэлбизнес ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 32 дугаар байрны 41 тоотод оршин суух, эрэгтэй, ХП44100675 дугаарын регистртэй, Боржигон овогт Далхжавын Даваажав,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 44 дүгээр байрны 15 тоотод оршин суух, эмэгтэй, ХП69032764 дугаарын регистртэй, Боржигон овогт Даваажавын Уранчимэг нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 66 993 420 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Даваажавын зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 13-нд  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Итгэлбизнес ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг, хариуцагч нарын өмгөөлөгч С.Гарьд, гэрч Ц.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.                                                        

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Итгэлбизнес ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаа, өмгөөлөгч А.Зүмбэрэл нараас гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Даваажав, Д.Уранчимэг нар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай байнгын харилцаатай зээлдэгч нар юм. Анх 2011 оны 11 дүгээр сарын 21-нд 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сард 3,5 хувийн хүүтэйгээр зээлж аван зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу үндсэн зээлийг төлөөгүй, зээлийн хүүг төлж байсан. 2012 оны 6 дугаар сарын 19-нд зээлээ 30 000 000 төгрөг болгон нэмэгдүүлж дахин зээлийн гэрээг байгуулсан. Мөн 6 дугаар сарын 26-нд бас зээлээ нэмэгдүүлэн 35 000 000 төгрөг болгож гэрээг хийсэн. Нийтдээ 35 000 000 төгрөгийг манайхаас зээлсэн байдаг. Зээлийг графикийн дагуу төлж байсан. 2013 оны 3 дугаар сарын 21-нд 5 000 000 төгрөгийг төлсөн, үлдсэн үндсэн зээл нь 30 000 000 төгрөг болсон. 2013 оны 6 дугаар сарын 22-ноос огт төлөлт хийгдээгүй ба бид зээлээ төлөхийг удаа дараа байнга шаардаж байсан. Хариуцагч нар өөрсдөө зээлийг төлөхөө илэрхийлж 10-20 удаа хүсэлт тайлбараа өгч байсан. Ингээд 2013 оны 6 дугаар сараас хойш 2014 оны 12 дугаар сар хүртэл 19 сарын хүүг төлөхгүй, гэрээгээ биелүүлэхгүй, их ч хугацаа алдаж төлөбрийн хэмжээ их болсон. 2014 оны 12 дугаар сарын 16-нд үндсэн зээл 30 000 000 төгрөг дээр хүүг нь нэмж нийт 47 850 000 төгрөг дээр зээлийн гэрээг шинэчилж хийсэн. Өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гэрээг байгуулсан. Ингэхдээ сарын хүүг 3.4 хувь болгон бууруулсан. 2015 оны 1,2, 4 дүгээр саруудын хүүд 4 925 700 төгрөгийг л төлсөн. Үүнээс өөрөөр ямар ч төлбөр хийгээгүй. Хариуцагч нараас 2015 оны 4 дүгээр сарын 17, 9 дүгээр сарын 15, 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгана гэсэн хүсэлт, өргөдлөө байнга гаргаж байсан. Бид 4 зээлийн гэрээ хийсэн, хамгийн анхны зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй, тэр нь нэмэгдэж шинээр үргэлжлүүлээд гэрээ хийж байсан. Нэхэмжлэлийн шаардлага бол 2011 оны 11 дүгээр сарын 21-нд олгосон зээлийн 20 000 000 төгрөг, дараа нь нэмж олгосон 10 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг, нийтдээ 35 000 000 төгрөгийн зээлээс 5 000 000 төгрөгийг төлсөн гэж үзэж одоо 4 зээлийн гэрээний үүрэгт зээл, хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү гээд нийт 66 993 420 төгрөгийг нэхэмжилж байна. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээнүүдийг байгуулж байсан ба Иргэний хуулийн 451.-453. дугаар зүйлүүдэд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, барьцаа хөрөнгөөс зээлийн үүргийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нар болон өмгөөлөгч С.Гарьдаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Итгэлбизнес ББСБ” ХХК нь хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг бид нараас 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42, БГ-А14-42 тоот зээлийн гэрээний дагуу нийт 66 993 420 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42 тоот зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 47 850 000 төгрөгийг иргэн Д.Даваажавд шилжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг зээлдүүлэгч Д.Даваажав, Д.Уранчимэг нарт шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй буюу зээл олгоогүй тул хариуцагч талд аваагүй мөнгөн хөрөнгийг төлөх үүрэг үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шижүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр…гэрээ байгуулагдсанд тооцно” гэж, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1.-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлээгүй.  Иймд Д.Даваажав, Д.Уранчимэг нартай дээрх зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2011 оны 11 дүгээр сарын 21-нд бол 20 000 000 төгрөгийг сард 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан дээр бол маргаагүй. Дараа нь 10 000 000 төгрөг, 5 000 000 төгрөгийг нэмж авч зээлийн гэрээ хийж байсан. 5 000 000 төгрөгийг нь төлсөн. Бид зээлийн хүүд хангалттай мөнгө төлсөн гэж үзэж байна. Энэ 30 000 000 төгрөгийн зээлийг бид төлөх ёстой. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд дээр маргаан байхгүй. Бид 2014 онд л зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хариуцахгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Д.Даваажав, өмгөөлөгч С.Гарьд нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу...зээлдүүлэгчид шилжүүлэх....үүргийг хүлээнэ”,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасны дагуу ...зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу....зээлдүүлэгчид шилжүүлэх...үүргийг хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ. Дээрх хуулиудад заасны дагуу зээлдүүлэгч буюу “Итгэлбизнес ББСБ” ХХК нь зээлдэгчид мөнгө шилжүүлэх буюу гэрээнд заасан 47 850 000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэвч 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42 тоот зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох 47 850 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл зээлдэгч буюу бидэнд шилжүүлээгүй, зээлийн гэрээний үндсэн үүргээ гүйцэтгээгүй байдаг. Гэсэн атлаа энэ гэрээг үндэслэж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь шударга бус, хууль зөрчсөн, банк санхүүгийн байгууллагын хувьд ямар ч ёс зүйгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд  гарын үсэг  зуруулсан атлаа мөнгөө шилжүүлэх үндсэн үүргээ гүйцэтгээгүй учир дээрх хуулиудын дагуу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь миний өмчлөлд нэг ч төгрөг шилжүүлээгүй тул Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс, хөрөнгө барьцаалах 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ-А14-42 тоот зээлийн барьцааны гэрээ хийлгэсэн байдаг. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээтэй шалтгаант холбоотой, үндсэн гэрээнээс хамааралтай гэрээ байдаг тул Иргэний хууулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т заасны дагуу хучин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл...хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу мөн хүчин төгөлдөр бус гэрээ болно. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 17 дугаар тогтоолын 5.1-д зааснаар хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгохоор тайлбарласан. Иймд хариуцагч Д.Даваажавд зээлийн мөнгийг шилжүүлээгүй нь холбогдох хуулиудын заалтыг зөрчсөн гэж үзэж энэ зээлийн гэрээ өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэлд хамаарах хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.Даваажавын гаргасан 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Д.Даваажав, Д.Уранчимэг нарын “Итгэл Бизнес ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаа, өмгөөлөгч А.Зүмбэрэл нараас сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор хариуцагч Д.Даваажаваас 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тодорхой заасан бөгөөд дээрх бүрдүүлбэрийг хангаагүй бол мөн хуулийн 65 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Хариуцагч Д.Даваажаваас гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн агуулгаас харахад хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоос бус хэлцлийг хүчингүй болгох шаардлага байхгүй байхаас гадна хэрэв хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бол Иргэний хуулийн 58., 59., 60 дугаар зүйлийн аль зүйлийг зөрчсөн нь ойлгомжгүй, үндэслэл нь тогтоогдохгүй байна. Мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тодорхойгүй байхад хүчин төгөлдөр бус зээлийн гэрээтэй шалтгаант холбоотой барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.10.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй байна. Дээрхээс гадна хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтдээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт хавсаргасан байгаа нь хариуцагчийг төлбөрийн чадваргүй болохыг тодорхойлох баримт биш юм. Хариуцагч нар өөрсдийн хүсэл зоригийн дагуу дээрхи зээлийн гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл үүсээгүй байх тул Д.Даваажавын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Д.Уранчимэгээс шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Бид 2011 онд 20 000 000 төгрөг авсан, дараа нь15 000 000 төгрөг нэмж авч гэрээ байгуулсан нь үнэн. 47 850 000 төгрөгийн хувьд энэ мөнгийг бэлнээр авсан зүйл байхгүй. Гэхдээ бид зээлийн хүүг байнга төлж ирсэн. Банк бус санхүүгийн байгууллагын гаргасан баримтуудаар харагдаж байна. Миний тооцоогоор зээлийн хүүд 13 250 280 төгрөг төлсөн, 2013 оны 3 дугаар сарын 15-нд банкаар 2 450 000 төгрөгийг төлж байсан, гэхдээ одоо баримт байхгүй байна. 2011 оны зээлээс тооцно гэвэл нийтдээ бол 21 461 780 төгрөг төлсөн. Одоо 30 000 000 төгрөг л төлөх ёстой гэж бодож байна гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                                       

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Итгэлбизнес ББСБ” ХХК нь хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нарт  холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42 тоот зээлийн гэрээний үүрэгт 66 993 420 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/А-151 тоот “Зээлийн гэрээ”, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/А-151-1 тоот, мөн оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/А-151-2 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/А-151-3 тоот, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/А-151-3 тоот “Зээлийн гэрээний сунгалт” зэрэг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээлд 47 850 000 төгрөг, зээлийн хүүд 14 597 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 919 420 төгрөг, бүгд 66 993 420 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42 тоот зээлийн гэрээгээр 47 850 000 төгрөгийг бидэнд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй, өмнөх зээлийн гэрээнүүдийн төлбөр гэж байгаа бол нийтдээ 21 461 780 төгрөг төлсөн, одоо 30 000 000 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлан, улмаар хариуцагч Д.Даваажав нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-А14-42 тоот талуудын хооронд байгуулсан гэх  зээлийн гэрээгээр 47 850 000 төгрөгийг шилжүүлээгүй нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн, уг зээлийн гэрээтэй шалтгаант холбоотой 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ-А14-42 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн, тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.10.-т зааснаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган  мэтгэлцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд храиуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нар нь 2011 оны 11 дүгээр сарын 21-нд нэхэмжлэгч “Итгэлбизнес ББСБ” ХХК-иас 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сард 3,5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.Даваажавын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоот, 17 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/А-151 тоот зээлийн гэрээ, БГ/А-151 тоот барьцааны гэрээ зэргээр, 20 000 000 төгрөгийг хариуцагч Д.Уранчимэгт нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн нь 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Итгэлбизнес ББСБ” ХХК-ийн кассын зарлагын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2., 451 дүгээр зүйлийн 451.2.-т заасан шаардлагыг мөн түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.

 

Нэхэмжлэгч талаас хариуцагч нарт 2012 оны 6 дугаар сарын 19-нд нийт дүнгээрээ 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сард 3,5 хувийн хүүтэйгээр, 2012 оны 6 дугаар сарын 26-нд нийт дүнгээрээ 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сард 3,5 хувийн хүүтэйгээр тус тус зээлүүлсэн гэж ЗГ/А-151-1 тоот, ЗГ/А-151-2 тоот “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт” гэсэн баримтуудыг, 2014 оны 12 дугаар сарын 16-нд 47 850 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 3,4 хувийн хүүтэй зээлсэн гэх ЗГ-А-14-42 тоот зээлийн гэрээ, БГ-А-14-42 тоот барьцааны гэрээ зэргийг нотлох баримтаар гаргасан ба үүний дагуу хариуцагч нарт 30 000 000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 19-нд, 35 000 000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 26-нд, 47 850 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 16-нд тус тус хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул талуудын хооронд дээрхи дүн бүхий, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээнүүд байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний зүйл болох дээрх мөнгийг зээлдэгч нарт шилжүүлээгүй нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасантай нийцэхгүй байх тул дээрх хугацаануудад зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Д.Уранчимэгт 2012 оны 6 дугаар сарын 19-нд 7 500 000 төгрөгийг, 6 дугаар сарын 21-нд 2 500 000 төгрөгийг, 6 дугаар сарын 26-нд 5 000 000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн нь мөн өдрүүдээр огноологдсон нэхэмжлэгч байгууллагын кассын зарлагын мэдүүлгүүдээр, үүнээс хариуцагч Д.Уранчимэг нь  5 000 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн кассын орлогын мэдүүлгээр болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2012 оны 5 дугаар сарын 21-нд дууссан байх ба хугацаа дуусахад талууд уг гэрээг дахин сунгаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч талаас 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/А-151-3 тоот, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/А-151-3 тоот “Зээлийн гэрээний сунгалт” гэх баримтуудыг гарган уг зээлийн гэрээг үргэлжүүлэн сунгасан гэж тайлбарласан боловч энэ нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/А-151 тоот зээлийн гэрээг сунгасан гэх үндэслэлийг нотлохгүй болно.

Хэрэгт авагдсан “Итгэлбизнес ББСБ” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Шаардах хуудас”, 12 дугаар  сарын 16-ны өдрийн 18 тоот хурлын шийдвэр, хариуцагч Д.Уранчимэг, Д.Даваажав нараас зээлийн төлбөрийг барагдуулахаар хүлээн зөвшөөрч байсан тухай 2013 оны 12 дугаар сарын 09-нөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ныг хүртэл хугацаанд нэхэмжлэгчид гаргаж байсан олон удаагийн хүсэлтүүд зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар тасалдсан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Нэхэмжлэгч талаас гаргасан Капитрон банкны Ц.Алтанчимэгийн 3001004224 тоот дансны “Харилцагчийн хуулга” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 21-нд байгуулагдсан ЗГ/А-151 тоот зээлийн гэрээний үүргийг зохигчдын тайлбар, нэхэмжлэгч талаас гаргасан 2011 оны 12 дугаар сарын 23-наас 2015 оны 4 дүгээр сарын 17-ныг хүртэл хугацааны “Итгэлбизнес ББСБ” ХХК-ийн кассын орлогын мэдүүлгүүд зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар тооцоход:

 

1. 2011 оны 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 23-ныг хүртэл 30 хоногт зээл 20 000 000 төгрөгийн 3,5 хувийн хүүд 700 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба хариуцагч нараас 2011 оны 12 дугаар сарын 23-нд төлсөн 700 000 төгрөгийг зээлийн хүүд төлөгдсөнд тооцож, үндсэн зээл 20 000 000 төгрөг,

2. 2011 оны 12 дугаар сарын 23-наас 2011 оны 1 дүгээр сарын 20-ныг хүртэл 27 хоногийн хүүд 629 999 төгрөг тооцогдсон ба энэ өдөр төлсөн 700 000 төгрөгөөс дээрхи зээлийн хүүг төлөгдсөнд тооцон, зөрүү 70 000 төгрөгийг зээл 20 000 000 төгрөгөөс хасч зээлийн үлдэгдэлд 19 930 000 төгрөг,

3. 2012 оны 1 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 22-ныг хүртэл 121 хоногт  зээл 19 930 000 төгрөгийн зээлийн хүүд 2 813 452 төгрөгийг, зээлд 19 930 000 төгрөгийг,

4. 2012 оны 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 26-ныг хүртэл 34 хоногт 19 930 000 төгрөгийн зээлийн 3,5 хувийн хүүд 790 557 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 25 000 төгрөгийг зээлээс хасч, 19 905 000 төгрөгийг зээлд, зээлийн хүүд 3 604 008 төгрөгийг,

5. 2012 оны 6 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэл 125 хоногт 19 905 000 төгрөгийн зээлийн хүүд 2 902 813 төгрөг тооцогдсоноос энэ өдөр төлсөн 8 388 300 төгрөгөөс хүүний үлдэгдэл төлбөр 6 506 821 төгрөгийг төлөгдсөнд тооцон, зөрүү болох 1 881 479 төгрөгийг зээл 19 905 000 төгрөгөөс хасан үндсэн зээлд 18 023 521 төгрөгийг,

6. 2012 оны 10 дугаар сарын 30-наас 2013 оны 3 дугаар сарын 05-ныг хүртэл 125 хоногт 18 023 521 төгрөгийн зээлийн хүүд 2 628 430 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 219 700 төгрөгийг хасч тооцоход зээлийн хүүд 2 408 730 төгрөг, зээлд 18 023 521 төгрөг,

7. 2013 оны 3 дугаар сарын 05-наас 21-нийг хүртэл 16 хоногийн зээлийн хүүд 336 439 төгрөг тооцогдож, энэ өдөр төлөгдсөн 3 425 000 төгрөгөөс хүүний үлдэгдэл 2 745 169 төгрөгийг хасан төлөгдсөнд тооцон, зөрүү 679 831 төгрөгийг зээлээс хасч үндсэн зээлд 17 343 690 төгрөгийг,

8.203 оны 3 дугаар сарын 21-нээс 5 дугаар сарын 17-ныг хүртэл 56 хоногт зээлийн хүүд 1 133 122 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 1 050 000 төгрөгийг хүүнээс хасч тооцон, зээлд 17 343 690 төгрөг, зээлийн хүүд 83 121 төгрөг,

9. 2013 5 дугаар сарын17-ноос 24-нийг хүртэл 7 хоногийн хүүд 141 640 төгрөг тооцогдсон бөгөөд энэ өдөр төлсөн 600 000 төгрөгөөс хүүний үлдэгдэл 224 761 төгрөгийг хасан хүү төлөгдсөнд тооцон, зөрүү болох 375 239 төгрөгийг зээлээс хасч 16 968 451 төгрөгийг,

10. 2013 оны 5 дугар сарын 24-нөөс 27-ныг хүртэл 3 хоногийн хүүд 59 389 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 450 000 төгрөгөөс дээрх хүүг төлсөнд тооцон, зөрүү 390 610 төгрөгийг зээл 16 968 451 төгрөгөөс хасахад 16 577 841 төгрөгийг зээлд,

11. 2013 оны 5 дугаар сарын 27-ноос 2015 оны 1 дүгээр сарын 22-ныг хүртэл 604 хоногийн зээлийн хүүд 11 681 852 төгрөг тооцогдсоноос 2015 оны 1 дүгээр сарын 22-нд төлсөн 1 626 900 төгрөгийг хасч хүүд 10 054 852 төгрөг, зээлд 16 577 841 төгрөг,

12. 2015 оны 1 дүгээр сарын 22-ноос 3 дугаар сарын 10-ныг хүртэл 46 хоногт зээлийн хүүд 889 677 төгрөг тооцогдож, төлсөн 1 885 200  төгрөгийг хүүний үлдэгдэл 10 944 629 төгрөгөөс хасч хүүд 9 059 429 төгрөг, зээлд 16 577 841 төгрөгийг,

13. 2015 оны 3 дугаар сарын 10-наас 4 дүгээр сарын 17-ныг хүртэл 37 хоногийн хүүд 715 610 төгрөг тооцогдож хүүний үлдэгдэл 9 775 039 төгрөгөөс төлсөн 1 673 900 төгрөгийг хасч 8 101 139 төгрөгийг хүүд, зээлд 16 577 841 төгрөгийг,

14. 2015 оны 4 дүгээр сарын 17-ноос 2016 оны 1 дүгээр сарын 13-ныг хүртэл буюу нэхэмжлэл гаргах хүртэл 270 хоногийн хүүд 5 222 012 төгрөг тооцогдож, хүүний үлдэгдэл 13 323 151 төгрөг, зээлд 16 577 841 төгрөгийг тус тус  хариуцагч нар төлөх үүрэгтэй үлджээ.

Дээрх тооцоог нэгтгэн дүгнэж үзвэл 2016 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар хариуцагч нар  үндсэн зээлд 16 577 841 төгрөг, зээлийн хүүд 2 813 542 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүүд  10 509 699 төгрөг, хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд 2 664 648 төгрөгийг тус тус төлөөгүй байна.

 

Хариуцагч Д.Уранчимэгт нэхэмжлэгчээс 2012 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зээлүүлсэн 10 000 000 төгрөг, 6 дугаар сарын 26-нд зээлүүлсэн 5 000 000 төгрөгийн хувьд талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй байх тул зээлийн хүү тооцох үндэслэлгүй байна.  

 Иймд нэхэмжлэгч “Итгэлбизнес ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасны дагуу зээлдэгч нараас төлөөгүй зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны зээлийн хүүний үлдэгдэлд нийт 32 565 622  төгрөгийг, хариуцагч Д.Уранчимэгт зээлүүлсэн 15 000 000 төгрөгийн хамт нийт 47 565 622 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Д.Даваажавын сөрөг нэхэмжлэлийн хувьд, 2014 оны 12 дугаар сарын 16-нд нэхэмжлэгч “Итгэлбизнес ББСБ” ХХК-иас 47 850 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 3,4 хувийн хүүтэйгээр Д.Даваажав, Д.Уранчимэг нарт зээлдүүлсэн тухай ЗГ-А-14-42 тоот зээлийн гэрээ, БГ-А-14-42 тоот барьцааны гэрээг үйлдсэн байх боловч уг гэрээний зүйл болох 47 850 000 төгрөгийг хариуцагч нарт нэхэмжлэгчээс хүлээлгэж өгсөн баримтгүй, нэхэмжлэгч талаас уг мөнгийг шилжүүлээгүй, өмнөх 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/А-151 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэг болон хариуцагч Д.Уранчимэгт  2012 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрийн хооронд  хүлээлгэн өгсөн 10 000 000 төгрөг,  6 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн 5 000 000 төгрөгийн төлбөрийг 47 850 000 төгрөгөөр тооцон гэрээний зүйл болгон тодорхойлж зээлийн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбараар нотлогдсон, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд дээрх ЗГ-А-14-42 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдаагүй бодитоор үйл баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.10.-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал болохгүй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь дээрх хуулийн заалтуудын дагуу хүчин төгөлдөр бус байх нөхцлийг бий болгосон байх ёстой бөгөөд нэгэнт байгуулагдаагүй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйн дээр энэ тохиолдолд талуудын хооронд хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа ЗГ-А-14-42 тоот зээлийн гэрээгээр шилжүүлсэн зүйлгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар ч үүсээгүй байна.

Иймд хариуцагч Д.Даваажавын, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэгч “Итгэлбизнес ББСБ” ХХК болон Д.Даваажав, Д.Уранчимэг нарын хооронд байгуулсан гэх  ЗГ-А-14-42 тоот зээлийн гэрээ, БГ-А-14-42 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхийг хүссэн сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн талуудын хоорондохь 2011 оны зээлийн гэрээний үүргээс биелэгдээгүй үлдсэн 32 565 622 төгрөгийг хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нараар хувь тэнцүүлэн төлүүлэн, хариуцагч Д.Уранчимэгээс 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг болон хариуцагч Д.Даваажавын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,58 дугаар зүйлийн 58.1.,  60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 917 төгрөгөөс 492 917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64 999 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 320 778 төгрөгийг, хариуцагч Д.Уранчимэгээс 172 139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, хариуцагч Д.Даваажаваас сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 397 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлйин 453.1.-д зааснаар хариуцагч Д.Даваажав, Д.Уранчимэг нараас 32 565 622 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Д.Уранчимэгээс 15 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Итгэлбизнес ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 19 427 798 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.10.-д заасныг баримтлан хариуцагч Д.Даваажавын 2014 оны 12 дүгээр сарын 16-ний өдрийн зохигчдын хооронд байгуулсан ЗГ-А-14-42 тоот зээлийн гэрээ, БГ-А-14-42 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хариуцагч нар шийдвэрийг эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан БГ/А-151 тоот “Барьцааны гэрээ”-ний барьцааны зүйл болох Д.Даваажавын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004691 дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 32 дугаар байрны 41 тоот, 17 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 20933 дугаар захирамжаар дээрх барьцааны зүйл болох орон сууцыг захиран зарцуулахгүй байхыг хариуцагч Д.Даваажавт даалган шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,58 дугаар зүйлийн 58.1.,  60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 917 төгрөгөөс 492 917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64 999 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 320 778 төгрөгийг, хариуцагч Д.Уранчимэгээс 172 139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, хариуцагч Д.Даваажаваас сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 397 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.