Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00844

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00844

 

 

*********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/01116 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***********т холбогдох,

6,608,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Даатгуулагч ************ий эзэмшлийн ,,,,,,,,, УНС улсын дугаартай, Audi False А4-В9 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Баруун 4 зам, Гранд плаза төвийн хойд уулзвар замд хөдөлгөөнд оролцох үед баруун гар талаас ,,,,,,,,,,,,,,,,, УБР улсын дугаартай Honda Insight маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *********** нь мөргөж осол гаргахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.14, 8.17-д заасныг зөрчсөн. Энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол 6,608,700 төгрөгийг *********-аас барагдуулсан.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг даатгуулагчаас шилжүүлэн авсан. Иймд хариуцагч ***********өөс хохирол 6,608,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр баруун 4 зам, Гранд плазагийн уулзвараар ногоон гэрлээр хөдөлгөөнд орох үед ,,,,,,,,, УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл туслах уулзвараас ирж, миний эзэмшлийн ,,,,,,,,,,,,,,,,, УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, осол гарсан. Тухайн үед уулзвар дээр байсан замын цагдаа өөрийн хариуцсан төв замыг орхиж, мэргэжлийн бус олон нийтийн цагдааг зогсоосон байсан.

Намайг уулзвараар орж ирэх үед ногоон гэрэл асаалттай, замын хөдөлгөөн чөлөөтэй, цагдаа цааш алхаж байсан. Осол болсон газарт хэмжилт хийсэн цагдаа нь нөгөө талыг буруутгаж байгаад 2 хоногийн дараа намайг буруутгасан. Би дүрмээрээ явж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***********өөс 6,608,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,690 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 120,690 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Миний бие 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүрэг, 2 дугаар хороо Баруун 4 зам Гранд плаза төвийн уулзварын замд хөдөлгөөнд оролцох үед зүүн гар талаас ,,,,,,,,, УНЕ улсын дугаартай Ауди Фасе /Аudi Fase/ А4-B9 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Золзаяа нь туслах уулзвараас ирж миний эзэмшлийн ,,,,,,,,,,,,,,,,, УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан. Намайг уулзвараар нэвтрэх үед ногоон гэрэл асаалттай уулзвар чөлөөтэй байсан бөгөөд уулзвар дээр зохицуулагч хийж байсан олон нийтийн цагдаа уулзвараа орхиж явж байсан нь камерын бичлэгээр нотлогдоно.

Эсрэг талын камерын бичлэгийг авч үзье гэсэн боловч маргааш ир гэж хойшлуулсаар 10 хоногийн дараа бичлэг устсан байна гэж хэлсэн. Тухайн бичлэг нь намайг ногоон гэрлээр орсныг нотлох бичлэг байсан. Камерын бичлэг устсан тул энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлэхэд байцаагч чи буруутай прокурорт шилжүүлнэ гэж хэлсэн. Үүнээс хойш прокурор болон *********-аас энэ хэргийн талаар намайг дуудаж уулзаж тайлбар, мэдүүлэг аваагүй.

Анхан шатны шүүх дээр миний бие өмгөөлөгчгүй оролцсон учир үг хэлэх өөрийгөө өмгөөлөх ямар ч боломж байгаагүй. Тухайн үеийн Баянгол дүүрэг замын цагдаагийн хэлтсийн ахмад ********** болон уулзвар зохицуулагч байсан цагдаа, олон нийтийн цагдаа нарт гомдолтой байна. Иймд хэргийг зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн уулзвар дээр байсан цагдаа нь ажил үүргийг гүйцэтгэх эрхтэй гэдгээ бичиж өгсөн. Зөрчлийн хэрэг нээгээд тухайн хэрэг маргааныг шийдэх хүртэлх хугацааг хүлээсэн. Энэ хугацаанд хариуцагчтай холбогдож уг мөнгийг хувааж төлөх боломжтой талаар тайлбарлахад хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ***********т холбогдуулан 6,608,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Хариуцагч *********** нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ,,,,,,,,,,,,,,,,, УБР улсын дугаартай, Honda Insight маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.б шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас ************ий эзэмшлийн ,,,,,,,,, УНС улсын дугаартай, Audi False А4-В9 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Энэхүү осол гарах үед ************ий эзэмшлийн ,,,,,,,,, УНС улсын дугаартай, Audi False А4-В9 маркийн автомашин нь *********-тай 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу даатгуулсан байжээ /хх 100-101/.

 

3.1. Хариуцагчийн зүгээс зам тээврийн осол гаргасан гэм буруугийн талаар маргасан.

Хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаа, шинжээч Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт зэргээр дээрх зам тээврийн осол нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж гарсан болохыг тогтоосон /хх 45-46, 53-54/.

Мөн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0003405 дугаартай шийтгэлийн хуудсаар *********** нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.б заалтыг зөрчсөн болохыг тогтоож, түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан байх ба уг шийтгэлд хариуцагч гомдол гаргаагүй байна /хх 59/.

Иймд өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

4. Хариуцагч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас ************ий эзэмшлийн автомашинд гэм хор учруулсан тул уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний тайланд ************ий эзэмшлийн автомашинд учирсан эвдрэл хохирлыг 9,466,000 төгрөгөөр үнэлсэн /хх 67-71/.

 

4.2. Гэхдээ даатгуулагч ************ нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 6,608,700 төгрөгийг даатгалын гэрээнд үндэслэн даатгагч *********-аас хүлээн авчээ /хх 66/.

Үүнтэй холбогдуулаад ************ нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *********-нд дээрх зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг шилжүүлэн өгчээ /хх 8/.

 

4.3. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасан тул ************д учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4.4. Иймд хариуцагчийн зам тээврийн осол гаргасан гэм буруу тогтоогдсон, уг ослын улмаас ************ий эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч төлж барагдуулж, холбогдох шаардах эрхийг шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан гэм хорын даатгалын шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх зөрчлийн улмаас үүсэх үүргийн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай байх тул залруулж өөрчлөлт оруулна.

 

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэл үндэслэлгүй гэх дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан дүгнээд нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болох нь хариуцагчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

5.1. Хариуцагч нь гомдолдоо өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэж дурдсан байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй. Иймд уг гомдлыг хангахгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/01116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт гэснийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ