Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ч.М,

хохирогч Р.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.М яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 04587 0334 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч.М

Холбогдсон хэргийн талаар:

     Ч.М нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн орчимд иргэн Р.Мөнх-Очирт дүү Наранцэцэгт чинь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 5.500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Би Хулан гэдэг хүнд мөнгийг өгсөн юм. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Мөнх-Очир мэдүүлэхдээ:  Ч.М бид  танил найз нөхдийн харьцаатай хүмүүс байсан. Ч.М хохирлоо төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэв.

          Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Мөнх-Очирын өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн орчимд Чагнаа овогтой Ч.Мтэй уулзаж 5.500.000 төгрөгийг бэлнээр нь 3.000.000 төгрөг өгөөд, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг “ХААН” банкны 5031326792 тоот дансаар нь шилжүүлж өгөөд, “ Ай Фоне-6 “ маркийн гар утсыг 500.000 төгрөгөнд тооцож өгсөн. Ингээд нийт 5.500.000 төгрөгийг авахдаа дүү Наранцэцэгийг чинь Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр зуучлан виз гаргуулан явуулж өгнө гэж хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд виз гаргаж өгсөн зүйл байхгүй, биднийг хуурч мэхэлж байна. Ч.М нь надад хэлэхдээ Солонгосын элчин сайдын яаманд таньдаг хүн байна аа, Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээгээр ажиллах хүнд виз гаргаж өгч чадахаар байна гэж хэлэхээр нь би итгээд өөрийн дүү Наранцэцэгийг Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр гаргаж ажиллуулъя гэж Ч.Мтэй ярьж тохироод л нийт 5.500.000 төгрөгийг өгсөн юм. Ч.М нь ямар нэгэн шалгалт болон ярилцлаганд орох шаардлагагүйгээр дүү Наранцэцэгийг чинь Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах визийг гаргаж өгнө гэж хэлдэг байсан бөгөөд дүү чинь одоо бүртгэлд орсон шүү, май энэ тасалбар нь гэж хэлээд өөрөө гараараа нэрийг нь бичсэн мөн сүүлд харахад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөр халамж гэсэн сайтаас хувиараа хараарай гэсэн бичиглэлтэй өөр хүний хугацаа нь өнгөрсөн бичгийг худал хэлж бидэнд авч ирж өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

            - “ХААН” банкны депозит дансны хуулга /хх-ийн 11 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Хандмаагийн өгсөн: ...50407401 дугаартай тасалбар дээр 1993 онд төрсөн Батсуурийн Өсөхбаяр гэсэн хүн бүртгэлтэй байна. Уг хүн болохоор ажлын санал /байр/ ирсэн боловч уг хүн татгалзсан байна. Уг залуу болохоор Япон улс руу явсан байна. Тийм нэртэй хүн бүртгүүлж байгаагүй байна. Манай тасалбарыг дүүргүүдийн бүртгэгч нар тарааж очоод ирцгээдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ч.М-ийн: ...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуурай ах, эгч болох Мөнх-Очир болон Түмэнхишиг нартай хамт “Сэрүтэү хан” гэх уламжлалын эмнэлэг байгуулж байсан юм. Тэгээд хамт ажилладаг байхдаа манай таньдаг дүү маань Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргуулдаг юм гэж анх би хэлж байсан. Тэгтэл Мөнх-Очир ах манай ахын охин байгаа Солонгос руу явуулмаар байна хэлээд өгөөч, би тэгээд хүн авах бол дамжуулаад өгье гэсэн. Тэрний дагуу манай танил дүү болох Хулантай уулзаж асуухад “та материалуудыг нь аваад ир ээ, бас 5.500.000 төгрөг болно шүү, би 3 сараас л гаргах байх” гээд явсан. Хулангийн хэлснийг би Мөнх-Очир ахад би уулзаж дамжуулж хэлсэн. Тэгтэл Мөнх-Очир ах зөвшөөрч мөнгийг өгөхөөр болсон. 2018 оны 12 дугаар сарын дундуур би Мөнх-Очир ахаас 5.500.000 төгрөг миний 5031326792 гэх “ХААН” банкны данс руу явуулсан. Би таньдаг дүү болох Хулангийн Хөдөлмөрийн бирж ажлын ойролцоо очиж би мөнгө өгч бас материалуудыг нь өгсөн. Өгсний дараа би Мөнх-Очир ахтай ярьж “би таны мөнгийг чинь дамжуулаад өглөө” гэж хэлж байсан. Тэгтэл “за” гэж хариу хэлж байсан. Тэгээд би 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би хүлээж байгаад Хулантай холбогдохыг хичээсэн боловч холбогдож чадаагүй. Тэгээд би утсаар /88330500/ гэх дугаараар холбогдон “Мөнх-Очир ахад би бүтэхгүй юм байна, би буцаагаад мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Хариуд нь Мөнх-Очир ах “за миний мөнгийг хурдан өгөөрэй” гээд салгасан..гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар тал/,

            - Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6/228 албан бичигт “...Тус байгууллагаас ирсэн 2019.02.25-ны №30к4/1312 тоот албан бичигт дурдагдсан Д.Наранцэцэг нь ХХҮЕГ-ын БНСУд-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн 2017 оны иргэдийн нэрсийн жагсаалтад байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэжээ /хх-ийн 45 дугаар тал/,

            - Монголын Хөрөнгийн Биржийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “...”Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд н.Хулан гэх нэртэй ажилтан ажиллаж байгаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ /хх-ийн 60 дугаар тал/,

           - Шүүгдэгч Ч.М-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31, 32, 34 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн орчимд иргэн Р.Мөнх-Очирт дүү Наранцэцэгт чинь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 5.500.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Р.Мөнх-Очирын “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн орчимд Ч.Мтэй уулзаж 5.500.000 төгрөгийг бэлнээр нь 3.000.000 төгрөг өгөөд, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг “ХААН” банкны 5031326792 тоот дансаар нь шилжүүлж өгөөд, Ай Фоне-6 маркийн гар утсыг 500.000 төгрөгөнд тооцож өгсөн. Ингээд нийт 5.500.000 төгрөгийг авахдаа дүү Наранцэцэгийг чинь Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр зуучлан виз гаргуулан явуулж өгнө гэж хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд виз гаргаж өгсөн зүйл байхгүй, биднийг хуурч мэхэлж байна...мөн сүүлд харахад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөр халамж гэсэн сайтаас хувиараа хараарай гэсэн бичиглэлтэй өөр хүний хугацаа нь өнгөрсөн бичгийг худал хэлж бидэнд авч ирж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

            гэрч Н.Хандмаагийн өгсөн “...50407401 дугаартай тасалбар дээр 1993 онд төрсөн Батсуурийн Өсөхбаяр гэсэн хүн бүртгэлтэй байна. Уг хүн болохоор ажлын санал /байр/ ирсэн боловч уг хүн татгалзсан байна. Уг залуу болохоор Япон улс руу явсан байна. Тийм нэртэй хүн бүртгүүлж байгаагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

            “ХААН” банкны депозит дансны хуулга /хх-ийн 11 дүгээр тал/,

            яллагдагчаар өгсөн Ч.М-ийн “...Тэгтэл Мөнх-Очир ах зөвшөөрч мөнгийг өгөхөөр болсон. 2018 оны 12 дугаар сарын дундуур би Мөнх-Очир ахаас 5.500.000 төгрөг миний 5031326792 гэх “ХААН” банкны данс руу явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар тал/, Монголын хөрөнгийн биржийн “...н.Хулан гэх нэртэй ажилтан ажиллаж байгаагүй...” гэх албан бичиг /хх-ийн 60 дугаар тал/, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “...Д.Наранцэцэг нь ХХҮЕГ-ын БНСУд-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн 2017 оны иргэдийн нэрсийн жагсаалтад байхгүй...” гэх албан бичиг /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Мийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Р.Мөнх-Очир нь шүүх хуралдаанд болон хавтаст хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 61 дүгээр тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Ч.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ч.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.М-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ