Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 246

 

Зохигчдын эврлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Х.Мягмарсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3.499.740,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А153 дугаар тушаалын дагуу Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкыг төлөөлөн оролцох” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Х.Мягмарсүрэн нь Хадгаламж банктай 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 300.000 төгрөгийг, 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 638 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 420.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт 5.720.000 төгрөгийн зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Дорноговь аймаг, Өргөн сумын 04 дүгээр баг, Найрамдал 02 дугаар хороо, 07 дугаар байрны 1-7 тоотод орших цахилгаан бараа болон гэрийн бусад тавилга бүх эд хөрөнгүүдийг бүхэлд нь барьцаалсан болно. Зээлдэгч нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 3.593.418,10 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 1.820.961,56 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 57.550,36 төгрөг нийт 5.471.930,02 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Х.Мягмарсүрэн нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2.126.581,90  төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1.149.328,56  төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 223.829,74 төгрөг нийт зээл, хүүний үлдэгдэл 3.499.740,20 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Хариуцагч Х.Мягмарсүрэнээс зээлийн нийт төлбөрт 3.499.740,20 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурдсан эд хөрөнгүүдээс болон бусад эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Монгол Улсын “Тэмдэгтийн хураамжийн” тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагаас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээнд: ...1.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг үндэслэн хариуцагчаас нэхэмжилсэн 3.499.740,20 төгрөгөөс хариуцагчийн хүсэлтийг харгалзсан үзэж 999.740,20 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа болно. 2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 2.500.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцов. 3.Хариуцагч нь дээр дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс гарах шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх болно. 4.Энэхүү гэрээгээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагч нь хариуцагч Х.Мягмарсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн төлбөр 3.499.740,20 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Х.Мягмарсүрэн нь Хадгаламж банктай 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг, 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 300.000 төгрөгийг, 2011 оны 09 дүгээр саын 20-ны өдөр цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 420.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн, зээлийн гэрээний үүргийг зөрчиж 3.499.740,20 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон зээлийн гэрээгээр тогтоогдож байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж, хариуцагч Х.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулах, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 999.740,20 төгрөгөөр багасгасан талаарх эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Х.Мягмарсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3.499.740,20 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 999.740,20 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.Мягмарсүрэн нь 2.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагч 999.740,20 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.946 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Мягмарсүрэнгээс 2.500.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөгийн 50 хувь болох 27.475  төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА