Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00845

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00845

 

 

******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/00895 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ************* ХХК-д холбогдох,

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 34,428,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ************* ХХК-тай Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 2018 оны 06 дугаар сард 55,592,000 төгрөгийн үнэ бүхий 347.45 тонн цемент нийлүүлсэн. Үүнээс ************* ХХК нь 31,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 24,592,000 төгрөгийг төлөөгүй. Манай компани төлбөрийг төлж барагдуулах талаар албан тоот хүргүүлж, төлбөр төлөхийг шаардсан ч үр дүнд хүрээгүй. Хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/239 тоот албан тоотоор дахин шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй.

Иймд цементийн төлбөрийн үлдэгдэл 24,592,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд бодогдсон алданги 9,836,800 төгрөг, нийт 34,428,800 төгрөгийг шаардаж байна.

1.2. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд анх 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр албан шаардлагыг хариуцагчийн албан ёсны үйл ажиллагаа явуулж буй хаягаар хүргүүлсэн байдаг. Төлбөрийн асуудлыг борлуулалтын ажилтан ********* хариуцан ажиллаж, тухайн үеийн ************* ХХК-ийн захирал ******той очиж уулзсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2018 онд 2 удаа тооцоо нийлэхэд 24,592,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

******-ийн гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш тооцвол 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь хуульд заасан 3 жилийн хугацаанд дахин шүүхэд хандах эрхтэй байсан боловч энэ хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан.

2.2. Төлбөрийн өглөгтэй гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ тухайн үед байсан ****** гэдэг хүн манай компанид одоо ажиллахаа больсон. Мөн гэрээнд талуудын гүйцэтгэх удирдлага заавал гарын үсэг зурах ёстой ба гэрээг байгуулсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************* ХХК-иас 34,428,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 330,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330,095 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тасалдсан гэж дүгнэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хэрэгт авагдсан мессежний утгаас үзвэл ************ төлбөр төлнө, гэсэн утгатай үг, өгүүлбэр байхгүй. Иймд энэхүү 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мессеж нь төлбөр барагдуулах утгатай бус зөвхөн тооцоо нийлэх талаарх агуулгатай учраас хөөн хэлэлцэх хугацааг бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрч, улмаар тасалдсан гэж үзэхгүй.

Гэрээ байгуулах үед ********** гэдэг хүн хариуцагч компанийн гүйцэтгэх захирал байсан эсэх дээр маргахгүй. Гэвч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мессежийг бичих үед Ганзориг нь ************-д хамааралгүй буюу компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш болсон байсан нь ************-ийн гүйцэтгэх захирлаар ********* 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэнээр харагдана.

4.2. Мөн талуудын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан "Цемент худалдах, худалдан авах гэрээ" нь хүчин төгөлдөр хэлцэл биш байсан. Гэтэл ************-ийг ********** гэгч гүйцэтгэх захирал биш атлаа төлөөлж гарын үсэг зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Манайх өмнө нь 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тус нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх зохих журмын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэгсэхгүй болгосон асуудал нь дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Хэрэгсэхгүй болгох захирамж гарахад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.

Хоёр дахь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мессежээр харилцсаныг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4, 79.9 дахь заалттай нийцэж байна гэж үзэж байна.

Албан ёсоор бидэнд гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй. Цемент худалдах, худалдан авах гэрээ нь амаар болон бичгээр хийгдэнэ. Бичгээр хийгдэх гэрээ нь энгийн хэлбэртэй хэлцэл буюу бодит үйлдлээр илэрхийлэгдэнэ. Бодит үйлдлээр манай компани нь тухайн гэрээг баталгаажуулж цемент олгосон. Тус компани зохих хэмжээнд төлбөрийг төлж байсан. Үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй. Уг гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт зааснаар бодитой хийгдсэн гэрээ гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ************* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 24,592,000 төгрөг, алданги 9,836,800 төгрөг, нийт 34,428,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. ****** нь ************* ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ /хх 11-17/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Гэрээний 8.3-т заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

 

3.1. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 55,592,000 төгрөгийн үнэ бүхий 347.45 тонн цементийг нийлүүлснээс хариуцагч нь 31,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байна.

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 24,592,000 төгрөг, алданги 9,836,800 төгрөг, нийт 34,428,800 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг талууд тооцоо нийлж баталгаажуулжээ /хх 19/.

 

3.2. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас цемент худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 24,592,000 төгрөг, алданги 9,836,800 төгрөг, нийт 34,428,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг нийцсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардаж, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2019/15363 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хх 35-36/.

Үүний дагуу 2021-2022 онд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байсан болох нь гэрч *********ын мэдүүлэг, гэрчээс гэрээнд хариуцагч компанитай харилцах утас хэсэгт бичигдсэн 9910-4114 дугаарын утас руу зурвас илгээсэн байдалд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна /хх 55-61, 64/.

Хариуцагч ************* ХХК нь ****** нь 2021-2022 онд компанийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдсөн байсан тул гэрч ********* түүнтэй харилцсныг хариуцагч компанид төлбөрийн талаар мэдэгдсэн гэж үзэхгүй гэж маргасан. Гэхдээ ****** нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулахад хариуцагч компанийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд түүнийг уг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн талаар хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдээгүй байна.

Иймд гэрээ байгуулах үед хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан ******оос гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

4.2. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулахад нэхэмжлэгчийг төлөөлж Үйл ажиллагаа эрхэлсэн захирал ********** гарын үсэг зурсан нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

Учир нь гэрээ бодитоор хэрэгжиж гэрээний дагуу нийлүүлэлт хийгдсэн, түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний хүсэл зоригоос татгалзсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/00895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ