Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00846

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00846

 

 

******** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/00209 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ************-д холбогдох,

158,021,876 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагчийн өмгөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ************-тай Бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй ******** төсөл болон Хүүшийн амны амины орон сууцанд ком модон хашаа, террасын модон бэлдцийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн нийлүүлэх, нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааны төлбөрт 522,111,306 төгрөгийг хуваарийн дагуу шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

******** нь гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр автомашин болон бэлэн мөнгө, бараа материал оролцуулан нийт 428,955,177 төгрөгийг ************-д шилжүүлсэн. Гэвч ************ нь 285,298,926 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлж, үлдэгдэл төлбөрт модон хашаа, шат, шалыг огт нийлүүлэлгүй нэхэмжлэгч талыг хохироож байна. Нэхэмжлэгч нь 143,656,251 төгрөгийг илүү шилжүүлсэн болно.

Хариуцагч талаас гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч талаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, бараа нийлүүлэх хугацаа тогтоосон боловч тус хугацаанд бараа материалыг огт нийлүүлээгүй тул нэхэмжлэгч тал гэрээг цуцалсан.

Гэрээний тусгай нөхцөлийн 18-т бараа нийлүүлэх хугацаа хэтрүүлсэн хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 178 хоног хэтэрсэн бөгөөд 25,570,768 төгрөгийн алданги болж байгаа боловч гэрээнд алдангийн дээд хэмжээ нь үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу хариуцагч компани нь 14,365,625 төгрөгийг нэхэмжилнэ. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал арилсан хугацаагаар буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс алданги тооцсон.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу илүү шилжүүлсэн төлбөр болох 143,656,251 төгрөг, алданги 14,365,625 төгрөг нийт 158,021,876 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээний дагуу манай компаниас модон хашаа, террасны модон бэлдэц, модон хаалга зэрэг нийт 274,658,971 төгрөгийн үнэ бүхий барааг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийлүүлсэн. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн дүнгээс нийлүүлсэн бараа материалын үнийг хүлээлгэн өгсөн баримтад үндэслэн тооцоолоход 47,364,989.7 төгрөгийн барааг нийлүүлээгүй.

Гэрээний хэрэгжилтийн явцад Ковид-19 цар тахлын улмаас ажиллах хүч болон нийлүүлэх барааг үйлдвэрлэх үндсэн түүхий эд материал болох банз ховордож, үйлдвэр зогсонги байдалтай байсан. Үүнээс хойш хэвийн байдалд орж үйлдвэрлэлээ сэргээхэд багагүй хугацаа орсон. Бид энэ тухайгаа нэхэмжлэгч талд мэдэгдэж үйл ажиллагаагаа эхлүүлээд, гэрээгээр нийлүүлэх хашаагаа үйлдвэрлээд гэрээний үлдсэн бараагаа нийлүүлье гэсэн санал тавихад нэхэмжлэгч та цаашид бараа авахгүй гэдгээ мэдэгдсэн.

Хугацаа хэтэрч нийлүүлсэн барааг нэхэмжлэгч тал хүлээж аваад төлбөр төлөөд явж байсан. Гэнэт хугацаанаас болоод гэрээ зөрчсөн асуудлыг ярих нь зохимжгүй юм.

Манай компанийн зүгээс нийлүүлээгүй барааны үнэ 47,364,989.7 төгрөгийг буцаан төлөх, эсвэл бараа нийлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлээс 131,796,834.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч ************-иас 158,021,876 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,053,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************-аас 1,053,800 төгрөгийг гаргуулан ********-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Алданги 14,365,625 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн.

"Эмсилог хаус" ХХК нь Ковид-19 цар тахлын улмаас гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь бараа нийлүүлж чадаагүй бөгөөд цар тахал дууссаны дараа 113,000,000 төгрөгийн хашааг үйлдвэрлэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч талд мэдэгдэлгүйгээр өөр газраас барааг авсан байсан.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардахаа больсон бөгөөд харин гэрээ цуцалсантай холбоотойгоор урьдчилгаанд илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй тохиолдолд давхар алданги тооцон шаардах эрхтэй байдаг. Харин гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэн гэрээнээс татгалзаж, гэрээнд заасан үүргийн гүйцэтгэл буюу бараа шаардах эрхээс татгалзаж, урьдчилж төлсөн төлбөрөө буцаан авахаар шаардаж буй энэ тохиолдолд алданги шаардах эрхгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаар гэрээнд заагдсан алданги шаардах эрхээсээ ч гэсэн татгалзсан гэсэн үг юм.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч гэрээ цуцалж, төлсөн төлбөрөө буцаан шаардаж байхад үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай шийдвэр болсон.

Иймд алданги 14,365,625 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас шаардсан. Энэ өдрөөс хойш 07 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж гэрээ цуцлагдсан.

Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч талд мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үүргээ гүйцэтгэхийг шаардаж, гэрээ цуцлагдсан өдөр хүртэл гэрээний хэрэгжилтийг биелүүлэхийг хүлээж байсан. Анхан шатны шүүх алдангитай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Гэрээ цуцлагдсанаас хойш үүссэн хохирлыг манайх шаардаагүй. Зөвхөн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан хугацааны алдангийг шаардсан. Алдангийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шаардсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ************-д холбогдуулан төлбөр 143,656,251 төгрөг, алданги 14,365,625 төгрөг, нийт 158,021,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бараа нийлүүлэх гэрээний дагуу ******** нь ************-иас 285,298,926 төгрөгийн үнэ бүхий ком модон хашаа, террасын модон бэлдэц хүлээн авсан бол гэрээний төлбөрт 428,955,177 төгрөг төлсөн байна.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.

 

3.1. Хариуцагч нь гэрээнд зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд модон хашаа, террасын модон бэлдэц нийлүүлэх ёстой байсан боловч уг үүргээ бүрэн гүйцэтгээгүй, нэхэмжлэгчээс хүлээн авсан төлбөрөөс үлдэх 143,656,251 төгрөгт тооцогдох барааг одоо хүртэл нийлүүлээгүй. Гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь илүү төлсөн 143,656,251 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. Зохигч энэ талаар гомдол гаргаагүй учир дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

4. Зохигчийн байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 18-д бараа нийлүүлэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байна.

 

4.1. Хариуцагч нь гэрээний хэрэгжилтийн явцад нэхэмжлэгчээс хүлээн авсан 143,656,251 төгрөгт тооцогдох бараа нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь үүнд ногдох алдангийг гэрээнд заасан хувь хэмжээгээр шаардах эрхтэй.

Иймээс анхан шатны шүүх алданги 14,365,625 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн.

Гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон боловч үүргийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул алдангийг тооцохгүй орхих үндэслэлгүй. Мөн гэрээний хугацаа дуусгавар болсон тул зохигчийг гэрээнээс татгалзсан, цуцалсан гэж дүгнэхгүй.

Түүнчлэн алдангийн нийт хэмжээг гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 10 хувиар хязгаарласан тул нэхэмжилсэн алдангийг илт их гэж тооцохгүй. Иймд хариуцагчийн гаргасан алдангийн талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/00209 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ