Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 463

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс ҮД:03-53,

хохирогчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг ҮД:01-44 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05829 0020 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Гачууртын голын эрэг дээр хохирогч У.Баярхүүг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Баярхүүгийн өгсөн: ...Уг нь бид нар бүгд л инээлдэж хөөрөлдөөд тоглож дууссан ба манай баг хожоод бид нар баярлаад орилж хашгичсан. Тэгтэл нөгөө бид нартай тоглосон ах нар бид нарт хандаж пизданууд аа, энэ тэр гээд орилоод байсан. Тэгтэл манай ажлын Цогоо ах, нөгөө талын ах нараас нэгэнтэй нь очоод маргалдаад байх шиг байсан. Тэгтэл гэнэт л бүгд бужигналдаад зодолдох гээд байхаар нь би маргааныг салгах гээд очтол нэг нь намайг өшиглөсөн болсон ба би юу ч мэдэхгүй. Уг хэрэг болсон өдрийн маргааш нь ГССҮТ-д эмнэлэг дээр ухаан орсон. Би эмнэлэгт хэвтэж шинжилгээ өгөхөд зүүн зулай, чамархай ясны шугаман хугаралтай, зүүн зулай ар хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тархины эдийн дарагдал, тархины эдийн няцрал, тархины бүдүүн судас тасарсан гэх гэмтэл учирсан байсан. 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр эсвэл 15-ны өдөр тархины хагалгаанд орж гавалын яс дотроо төмөр суулгуулсан. Намайг хагалгаанд орсны дараа намайг цохиж гэмтээсэн залуу ирсэн. Би их эм тариа хэрэглэсэн байсан учир түүнтэй ярилцаж чадаагүй. Би ГССҮТ-ийн гавал тархины тасагт 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлэхдээ өдөрт дундажаар 80.000-100.000 төгрөгийн эм тариа авдаг байсан. Мөн тархины хагалгаанд орсон гээд яг баримттай байгаа зардал 1.600.000 төгрөг ба өөр бусад баримт байхгүй. Мөн би өмгөөлөгчийн хөлсийг уг 15.000.000 төгрөгийн зардалд оруулсан байгаа. Би уг хэрэг болохоос өмнө Алдар спорт хорооноос чөлөө аваад 32-ын тойрогт байдаг “Акума” авто угаалгын газарт өдрийн 25.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан ба уг хэрэг болсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Эрдэнэчимэгийн өгсөн: ...Тэгсэн Цогжаргал хажуунаас салгах гээд болиулах гээд очихоор нь би биш болоод явчихлаа гээд машинаас буугаад яваад очтол Цогжаргалыг эхлээд саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй дээгүүрээ шалдан залуу шууд цохиод унагаасан, тэгснээ нүүрэн дээр нь дэвсэх гэж байхад манай дүү Баярхүү түлхсэн чинь хажуунаас 20-25 орчим насны хөх өнгийн шорттой шар өнгийн кеттэй залуу шууд Баярхүүг цохиод унагаасан. Дүү маань газар унаад гараараа тулж босох гэж байхад дахин өвдөглөөд газар унагаасан. Тухайн үед манай дүү нүүр нь хөхрөөд таталт өгөөд хэвтэх үед саарал бэлтгэлийн өмдтэй залуу цээжин хэсэг, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд авахаар нь би дээр нь гараад дараад хэвтсэн. Би Баярхүүг сэрээх гээд хүн хонхорхой дээр дарж сэргээх гэж байхад хажуунаас хэд хэдэн залуучууд дэвсэх гээд тал талаас дайрах үед манай дүү нар энд тэнд нь орж болиулсан. Баярхүү таталт өгөөд байна шүү дээ туслаарай гээд хэд хэдэн удаа орилох үед тухайн хажууд байсан залуучууд тойроод зогсоод харж харж байснаа юу ч болсон шинжгүй яваад өгөхөөр нь би гар утсаараа бичлэг хийгээд гүйгээд очих үед нөгөө залуучууд майхан дээрээ ирчихсэн байж байхаар нь манай дүү сэргэхгүй одоо хүртэл ухаангүй байна, та нар ямар хүмүүс вэ гэтэл цаана нь сууж байсан саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй, саарал өнгийн цамцтай залуу яагаад байгаа юм гээд миний гар утсыг булааж аваад тухайн утсан дээр хийсэн бичлэгийг маань устгах гээд хажуудаа байсан хүмүүсээр наадахаа хурдан устгаадах гээд намайг битгий савсаганаад гүйгээд бай гээд хориглоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Ганхуягийн өгсөн: ...Тухайн үед намайг очиход хөлбөмбөг тоглож байсан, нэг талд нь танихгүй залуучуудтай би дунд нь тоглож байгаад 10 орчим минутын дараа манай инженер Лхагвасүрэн одоо болно оо дуусга гээд хэлээд дуусгах гэж байсан эсрэг талын тоглож байсан залуу хаалга руу өшиглөсөн орчихсон гээд орилоод бид нар ороогүй хаалганы дээд хэсгээр явчихлаа гэсэн чинь гинжтэй 2 мөрөн дээрээ шивээстэй залуу май, битгий шаагаад байгаарай гэхээр нь би чи одоо нас намбаа бодоорой, өөрөөсөө ах хүнтэй яаж харьцаад байгаа юм гэтэл хүрч ирснээ миний хамар хэсэгт нэг удаа мөргөхөөр нь би яаж байгаа юм гээд бариад авсан чинь тал талаас боль боль гээд салгаж байсан чинь манай гагнуурчин Түшиг хажуу талаас нөгөө залууг шууд цохиод унагаасан юм. Тэгтэл цаанаас нэг шалдан залуу буюу эмнэлэгт хүргэгдсэн ухаангүй газар унасан залуу гүйгээд ирсэн Түшиг дахиад цохиод унагаасан. Тэгсэн дахиад бөгсөн хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Лхагвадоржийн өгсөн: ...Маргаан нь Ганхуяг нь уг залууг чи ингэж болдоггүй юм, чамаас ах хүнтэй чи яаж харьцаад байгаа юм гээд маргаад нөгөө залуу нь ална тална гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би очоод Ганхуягийг очоод чи боль чи яв гээд загнатал Ганхуяг намайг мөргөчихлөө гээд яриад байсан ба би мөргөсөн эсэхийг хараагүй. Тэгтэл яах ийхийн зуургүй манай Б.Б гэх гагнуурчин залуу дундуур орж ирээд уг шивээстэй, мрагаан үүсгээд байгаа залуугаас өөр залууг цохиод унагаах шиг болсон. Би яаг яаж цохиж унагаасныг нь хараагүй ба эргээд хартал Б.Б газар уначихсан залуугийн цээж хэсэг рүү дэвсэж харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 97 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдирийн 208 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн:

1. Хүний биед үзлэг хийсэн акт №8463 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. У.Баярхүүгийн биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн дарагдал, тархины эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. У.Баярхүүгийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Туяа, О.Болороо, Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 128-130 дугаар тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 67 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Б-ийн: ...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын голын эрэг дээр хөл бөмбөг тоглож байгаад хүмүүс хоорондоо муудалцаад зодоон болсон нь үнэн, энэ үед би хохирогч залуугийн толгойг өвдгөөрөө цохиж унахад нь цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Би хохирогч залууд хагалгаанд орсон өдөр болон дараа нь нийт 2.000.000 төгрөгийг банкаар шилжүүлэн өгч тусламж үзүүлсэн. Миний зүгээс тэр залууд туслахад бэлэн байна, бодит учирсан хохирлыг нарийвчлан тооцож бүрэн төлж барагдуулахад бэлэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/,

- Хохирлын баримт: /хх-ийн 15-31, 38 дугаар тал/,

хх-ийн 15-р талд : цалингийн тодорхойлолт 800.000 төгрөгөөр тодорхойлсон ба нийт 26 хоногийн 936.000 төгрөг гэж бичсэн байна.

хх-ийн 16-р талд : 31.000+600.000 =631.000төгрөг,

хх-ийн 17-р талд : 2.500+27.000=29.500 төгрөг

хх-ийн 18-рталд : 5530+10.100=15.630 төгрөг,

хх-ийн 19-р талд : 8290+8000=16.290 төгрөг,

хх-ийн 20-р талд:5 ширхэг баримт 32.000+32.000+32.000+32.000+20.000=148.000 төгрөгийн баримт байна.

хх-ийн 21-р талд: шатахууны зардал 25.000+20.000+16000 төгрөг=61.000 төгрөг,

хх-ийн 22-р талд : 16.000+16.000+16.000+20.000+62.660= 150.660 төгрөг,

хх-ийн 23-р талд: 16.000+32.000+8000+32.000+20.000=108.000 төгрөг,

хх-ийн 24-р талд : 32.000+16.000+16.000=64.000. төгрөг,

хх-ийн 25-р талд : 16.900+3400+12.450+8570=41.900 төгрөг,

хх-ийн 26-р талд: 27.000+38.100+42.000+160.000= 267.100 төгрөг,

хх-ийн 27-р талд : 13.500+196.000+4450= 213.950 төгрөг,

хх-ийн 28-р талд: 45.000+13.500+2540=61.040 төгрөг,

хх-ийн 29-р талд : 3200+28.000+2500=33.700 төгрөг,

хх-ийн 30-р талд : 27.500+13.800=41.300 төгрөг,

хх-ийн 31-р талд : 7700+11.000=18.700 төгрөг,

хх-ийн 38 -р талд: хохирогчийн өмгөөлөгчийн гэрээ байх ба өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөгөөр бичигдсэн байна.

Хохирлын нийт дүн өмгөөлөгчийн хөлс зэргийг оруулан тооцоход 5.846.870  төгрөг болж байна.

Шүүгдэгч Б.Б нь 2.000.000 төгрөгийг “ХААН” банкны 5039001221 дансаар шилжүүлэн хохирогчид өгсөн байна. /хх-ийн 86 дугаар тал/

Шүүхийн шатанд хохирогчид 5.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. /хх-н 174 дүгээр тал/

Шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 58, 59, 60, 61-85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Гачууртын голын эрэг дээр хохирогч У.Баярхүүг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч У.Баярхүү, гэрч Р.Ганхуяг, Ц.Лхагвадорж, яллагдагч Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8463 тоот дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1: ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой  гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

            Хохирогч У.Баярхүү нь хохирлын 5.846.870 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлснээс шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.000.000 төгрөгийг, шүүхийн шатанд 5.000.000 төгрөг нийт 7.000.000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул шүүгдэгчээс нотлох баримтаар төлөх төлбөргүй байна.

Хохирогч У.Баярхүү нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 58 дугаар тал/

            Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

           7.  Хохирогч У.Баярхүү нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ