Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00847

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00847

 

 

*********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01221 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *********

Хариуцагч: ***********

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: **********

Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *********** С блок 3 дугаар байр, 8 давхрын С тоот дахь 3 өрөө байр болон *********** 1 дүгээр байр, 1 давхарт байрлах, худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **********гийн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *********** С блок, 3 дугаар байр, 8 давхрын С тоот дахь 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг гарган өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие ***********-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ***********, 1 дүгээр байр, 1 давхарт байрлах, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 156,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. Мөн уг компанитай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №ОСЗГ-2018 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *********** С блок, 3 дугаар байр, 8 давхрын С тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 74,910,000 төгрөгөөр авахаар тохирсон.

Орон сууцны төлбөр 74,910,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө бүрэн төлж барагдуулсан. Үйлчилгээний талбайн төлбөрт 57,000,000 төгрөг төлсөн. *********** нь одоо болтол надад орон сууц болон үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй хохироож байна.

1.2. *********** 2021 онд орон сууцны үнийг 1 м.кв-ыг 400,000 төгрөгөөр нэмэх санал гаргасныг би хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед дарамтад орж, хууль мэдэхгүйгээс болж өгсөн мөнгөө буцааж авах, эсхүл орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг үйлчилгээний талбайн үнэд тооцон шилжүүлэх тухай бичгийг бичиж өгсөн. Би цар тахал гарахаас өмнө орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн, мөн гэрээнд үнэ нэмэх талаар тохироогүй байхад үндэслэлгүйгээр орон сууцны үнийг нэмсэн.

Иймд 68.1 м.кв талбай бүхий орон сууц, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

1.3. Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Гэрээ байгуулж, барилгын үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд бүх нийтийг хамарсан цар тахал гарч барилгын материалын үнэ огцом нэмэгдсэн, хил гааль хаагдсан, барилгын салбарт ажиллах хүч байхгүй, хомсодсон гэх зэргээр хүнд нөхцөл байдал бий болсон. *********ад орон сууцны 1 м.кв-ыг 400,000 төгрөгөөр нэмэгдэх болсныг мэдэгдэхэд тэрээр мөнгөө буцааж авах, эсхүл орон сууц захиалгад өгсөн мөнгөө үйлчилгээний талбай руугаа шилжүүлье гэдэг санал гаргасан. Уг саналыг үндэслээд орон сууц захиалгын гэрээ захиалагч талын хүсэлтээр цуцлагдсан.

Орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан тул 170,250,000 төгрөгөөр орон сууцыг **********д худалдсан. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин бие даасан шаардлагыг зөвшөөрч байна.

2.2. ********** нь үйлчилгээний талбайн төлбөрт 57,000,000 төгрөгийг төлсөн нь үнэн боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Мөн бид гэрээнд үйлчилгээний талбайн байрлал зааж тохироогүй тул нэхэмжлэгчээс гаргаж буй ашигтай байрлалд 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, бие даасан шаардлагын агуулга:

3.1. ***********-тай 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын 2071 тоот гэрээ байгуулж, *********** хотхоны 3 дугаар байр, 8 давхар, С тоот, 68.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 170,250,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Иймд намайг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 3 дугаар байрны 8 давхрын Си тоот буюу одоогоор 99Б байрны 3057 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

3.2. Нэхэмжлэгч ********* нь өөрөө орон сууцны гэрээнээс татгалзсан байна. Иймд түүний гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *********ыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 99а дугаар орон сууцны 1 давхарт байрлах, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, *********** хотхон 99б дүгээр байр, 3057 тоотод байрлах 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан **********г Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, *********** хотхон 99б дүгээр байр, 3057 тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг гарган өгөхийг хариуцагч ***********-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 975,450 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 1,079,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 937,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********ад, 1,079,400 төгрөг гаргуулж гуравдагч этгээд **********д тус тус олгож, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 495,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх орон сууцны төлбөр төлөгдсөн, уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа мөн гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэрээ өөрөөр гаргасан. Гэрээг хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол гэрээнд талууд хэрхэн тохиролцсон, хэн нь гэрээний ямар заалтыг зөрчсөн тухай дүгнэлт өгөх ёстой.

Орон сууц захиалгаар бариулах 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ОСЗГ-2018 дугаартай гэрээний 7-д гэрээг хэрхэн цуцлах тухай тодорхой заасан. Гэрээг цуцалсан талаарх баримт хэрэгт байхгүй. ********* санал бичиж өгсөн, гэрээг цуцлаагүй.

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр *********ын гараар бичиж өгсөн саналдаа гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө авах, үйлчилгээний талбай захиалсан худалдаа үйлчилгээний талбай 1901 дугаар гэрээнд 74,918,000 төгрөгийг 1,1-ээр үржүүлэн оруулах гэсэн хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсан. Үүнээс хариуцагч зөвхөн өөрт ашигтайгаа зөвшөөрч, ашиггүйг нь биелүүлэхгүй байхад анхан шатны шүүх хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн биелсэн гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

*********ын 2 үндсэн саналыг хэлэлцээд бүхэлд нь санал нийлсэн гэж үзвэл гэрээг цуцлах ажиллагаа явагдах, эсвэл зөвшөөрөхгүй бол санал хүчингүй болох үр дагавар үүснэ. Энэ талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан.

5.2. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэхэд орон сууцны үнэ 74,918,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэтэл 4 жилийн хугацаанд 74,918,000 төгрөгийг ашиглачхаад гэрээгээ зөрчиж **********д 170,000,000 төгрөгөөр худалдаж иргэнийг хохироож байна.

Гэрээний 5.1.4-т захиалагчийн захиалсан орон сууцны байрыг гэрээний хугацаанд гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, байх үүрэгтэй гэж тодорхой заасан. ********* "*********** хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа гэрээг хэн хэрхэн зөрчөөд байгаад эсрэгээр нь дүгнэсэн.

5.3. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад ковид-19-ийн халдвар дотоодод анх удаа бүртгэгдсэн. Тухайн өдөр Засгийн газар шуурхай хуралдаж гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нийт 74,918,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, бараа материалын үнэ өсөөгүй байхад ************* бараа материалаа татсан байгаа.

5.4. *********аас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн бичгийг дарамталж бичүүлсэн гэж тайлбарласан боловч тайлбараа нотолж чадаагүй гэж байна. ********* нь энэ талаараа шүүх хуралдаан дээр тайлбарласан, цагдаа, прокурорт гаргасан гомдол хэрэгт авагдсан.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг 60 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоохдоо шүүхэд авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийж, үндэслэл муутай шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" гэж заасныг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Худалдаа үйлчилгээний талбай-1901 гэрээг байгуулахдаа гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7-д "Барилгыг улсын комисс хүлээн авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн захиалагчид хүлээлгэн өгнө" гэж харилцан тохиролцсон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч ********* нь тухайн хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй. Мөн анхан шатны шүүх "нэхэмжлэгч *********аас орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг үйлчилгээний талбайн төлбөр рүү шилжүүлээд, өөрт таалагдсан байрлалд үйлчилгээний талбай авмаар байна гэж тайлбарласан, хариуцагч орон сууцны буцаалт мөнгийг дансандаа байлгаж байгаа нь үйлчилгээний талбайн гэрээний үүрэгт тооцох хүсэл зоригийн илэрхийлэлтэй байжээ" хэмээн алдаатай дүгнэлтийг хийсэн.

Учир нь нэхэмжлэгч шүүх хуралд тийм тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй. Хариуцагчийн зүгээс ч орон сууц захиалгын гэрээ болон үйлчилгээний талбайн захиалгын гэрээг тус тусд нь дүгнэж байгаа тухай тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу үйлчилгээний талбайн үнийг бүрэн төлсөн тухай нотлох баримт байхгүй байхад өмчлөгчөөр тогтоосонд хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

Иймд *********ыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15-р хороолол /13341/ Дандарбаатар гудамж, 99а дугаар орон сууцны 1 давхарт байрлах 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд өгсөн хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж, үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн гаргасан гомдолд өгсөн нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Эхнэр, нөхөр хоёр хэнийхээ нэр дээр зээл авах нь өөрсдийнх нь асуудал юм. Хариуцагч **********гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулна гэх *********-ийн бичгийг асуудал болгож ярьдаг. *********-аас тийм албан бичиг бичиж өглөө гээд өмчлөгчийг солиод бүртгэж болохгүй. Захиалагч нь бичгээ өгөхдөө тэр хүний нэр дээр шилжүүлнэ гэх албан тоотыг өгнө. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

9. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн гаргасан гомдолд тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад хэн алины гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ***********-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *********** С блок 3 дугаар байр 8 давхрын С тоот дахь 3 өрөө байр болон *********** 1 дүгээр байр 1 давхарт байрлах худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл,

гуравдагч этгээд ********** Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *********** С блок 3 дугаар байр 8 давхрын С тоот дахь 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг гарган өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот гэрээний дагуу *********** нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ***********, 1 дүгээр байр, 1 давхарт байрлах, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 03 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, ********* нь 1 м.кв талбайг 2,600,000 төгрөгөөр тооцон 156,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон /1хх 32-34/.

 

3.2. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ОСЗГ-2018 тоот гэрээний дагуу *********** нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *********** С блок 3 дугаар байр 8 давхрын С тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 02 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, ********* нь 1 м.кв талбай үнэ 1,100,000 төгрөг буюу нийт 74,910,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон /1хх 5-6/.

 

3.3. ********* нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний үүрэгт 57,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үүрэгт 74,910,000 төгрөгийг тус тус ***********-нд төлсөн.

 

3.4. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр *********** нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *********** С блок 3 дугаар байр 8 давхрын С тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцон нийт 170,250,000 төгрөгөөр **********д худалдахаар харилцан тохиролцсон.

********** нь гэрээний үнэ 170,250,000 төгрөгийг ***********-нд төлж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр уг 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн /1хх 97-102, 103-105, 2хх 37/.

 

4. Гэрээний зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтад орж буй хугацаа, өмчлөлд шилжүүлэх онцлог шинжийг харгалзан *********ын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, мөн **********гийн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус тус ***********-тай байгуулсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд,

мөн *********ын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ***********-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5. Анхан шатны шүүх Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *********** С блок 3 дугаар байр 8 давхрын С тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5.1. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үнэ 74,910,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн.

Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ковид-19 цар тахал, үүний үр дагавар болох барилгын материалын үнийн өсөлттэй холбогдуулан нэхэмжлэгчид орон сууцны 1 м.кв-ын үнийг 400,000 төгрөгөөр нэмж, гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн байна. Уг саналыг нэхэмжлэгч хүлээн аваад 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөртөө төлбөрөө 100 хувь буцаан авах, худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот гэрээний төлөлтөд төлбөрийг 1.1 хувиар үржүүлж хийх хариуг бичгээр өгчээ /2хх 145, 219/.

Уг хариуг ********* нь дарамт шахалтын улмаас бичсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

5.2. Нэхэмжлэгч гэрээний нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаас татгалзаж, төлсөн төлбөрөө 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрт тооцож шилжүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасныг баримтлан зөв тайлбарлажээ.

Нэхэмжлэгч орон сууцны үнийг нэмэх саналтай танилцаад төлсөн төлбөрөө өөр гэрээний төлбөрт шилжүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар гэрээнээс татгалзсан гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээнээс зохигч татгалзсан учир орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

5.3. Нэхэмжлэгчтэй 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээнээс татгалзсаны дараа хариуцагч нь уг орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр **********д худалдсан байна.

********** нь гэрээний үнэ 170,250,000 төгрөгийг хариуцагчид төлж, улмаар орон сууцыг бодитоор эзэмшиж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн тул түүний гаргасан бие даасан шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.

 

5.4. Шүүх дээрх нэхэмжлэл, бие даасан шаардлагад дурдагдаж буй орон сууцыг шийдвэрийн тогтоох хэсэгт улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаягаар заасан нь зөв болжээ.

 

6. Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ***********, 1 дүгээр байр, 1 давхарт байрлах, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6.1. Нэхэмжлэгч нь дээрх 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний үүрэг 156,000,000 төгрөгөөс 57,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн.

Өмнө дурдсанчлан 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээнээс татгалзахдаа дээрх гэрээний төлбөрт төлсөн 74,910,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрт шилжүүлэн тооцуулах нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авсан үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

Өөрөөр хэлбэл, 156,000,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээс 131,910,000 төгрөгийн үүргийг нэхэмжлэгч төлсөн тул хариуцагч нь төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасантай нийцсэн байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,540 төгрөг, хариуцагчийн төлсөн 937,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ