Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00888

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00888

 

 

***********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/00801 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: **************, ************* нарт холбогдох

73,532,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

25,230,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагчийн өмгөөлөгч *************, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

**************-тай 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 м.куб бүрийг 22,000 төгрөгт тооцон нийт 3,000 м.куб хайргыг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 66,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингэхдээ 62,000,000 төгрөгийн төлбөрт ,,,,,,,,, УБЛ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг гэрээ байгуулсан өдөр эзэмшилд нь шилжүүлж, хайрга нийлүүлж дуусахад өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Ийнхүү гэрээ байгуулж 62,000,000 төгрөгийн төлбөрт ,,,,,,,,, УБЛ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн боловч **************-аас одоог хүртэл нийлүүлэлт хийгээгүй.

************** 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эхний үүргээ гүйцэтгэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл буюу нийт 186 хоног хугацаа хэтрүүлээд байна. Гэрээний 9.2-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд гэрээний төлбөрт шилжүүлсэн 62,000,000 төгрөгийн 0.1 хувийг тооцоход 1 өдрийн 62,000 төгрөг болох ба үүнийг 186 хоногт үржүүлэн тооцоход 11,532,000 төгрөг болж байна.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 205.2.1-т заасны дагуу гэрээний төлбөрт шилжүүлсэн ,,,,,,,,, УБЛ улсын дугаартай Тоёота Харриер маркийн авто машиныг буцаан гаргуулах боломжгүй тул түүний үнэ болох 62,000,000 төгрөг, алданги 11,532,000 төгрөг, нийт 73,532,000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. Маргаан бүхий гэрээнээс өмнөх харилцааг талууд хэлэлцэн тохирч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ***********-ийн захирал **************ын өмчлөлийн ,,,,,,,,, УНТ улсын дугаартай, Тоёота Хайландер маркийн автомашиныг 45,000,000 төгрөгт тооцож, **************-ийн захирал *************д шилжүүлэн өгсний дараа дахин шинэ гэрээ буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/111 дугаартай хайрга худалдах, худалдан авах гэрээг байгуулсан учир гэрээг нөхөж байгуулсан гэх үндэслэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Хайрга худалдах, худалдан авах гэрээний дагуу хайргаа нийлүүлж дуусгасан. Гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч компанийн зүгээс хайрганы төлбөрт ,,,,,,,,, УБЛ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг өгсөн.

Иймд манай компани нь ***********-д ямар нэгэн төлбөр тооцоо огт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Манай компани ***********-д 2021 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хайрга нийлүүлсэн болно. Тухайн хайргыг нийлүүлж эхлэхдээ аман хэлцэл хийж анх эхэлсэн ба 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бичгийн гэрээг нөхөж хийсэн. Хайрга нийлүүлсэн хугацаанд нийт 3,965 м.куб хайрга нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нөхөж хийсэн гэрээнд заагдсан хайргыг бүрэн нийлүүлж дууссан.

Иймд нийлүүлсэн хайрганы үлдэгдэл төлбөрт 25,230,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагч **************-аас 62,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***********-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,532,000 төгрөг болон хариуцагч *************д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нэхэмжлэгч ***********-д холбогдох 25,230,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч **************-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***********-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,610 төгрөг, хариуцагч **************-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************-аас 467,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хайрга нийлүүлсэн үйл баримт, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн албан бичиг зэргийг шууд дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан баримтаар ********* нь нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан болох нь нотлогддог. ***********-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21/106 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн бөгөөд уг албан бичигт ,,,,,,,,, УБЛ тээврийн хэрэгслийг 62,000,000 төгрөгөөр тооцож, улмаар 4,000,000 төгрөгийн үлдэгдлийг төлнө гэсэн байдаг.

Үүнийг гэрч ********* үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх түүний мэдүүлгийг уг албан бичигт хамааруулан тайлбарлаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нөгөө талаар хуурамч баримт бичиг үйлдсэн эсэх асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаа гэх боловч уг үйл явдал нь тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, албан бичиг өгчхөөд дараа нь И үсэг нь өөр байсан гэх үндэслэлээр баримтаа үгүйсгэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй юм. Бидний үзэж байгаагаар уг албан бичиг нь талуудын хооронд тооцоо нийлсэн, гэрээний үүрэг биелэгдсэн гэх үйл явдлыг харуулах бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар нийлүүлэх барааны 60 хувийг гүйцэтгэсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр заасан байх бөгөөд гэрээ байгуулах үед тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь гэрээний гүйцэтгэл 60 хувьтай байсныг илэрхийлнэ.

Мөн үүнээс хойш болон өмнө нь нийлүүлсэн хайрганы баримтуудыг эх хувиар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үүнээс хойш гэрээг дүгнэх хугацаанд албан бичиг гаргуулж авсан байдаг. Уг тооцоо нийлсэн баримтыг хуурамч гэж үгүйсгэх нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тооцоо хийж үзэхэд эхэлж өгсөн 2 машины үнэд хүртэл бараа нийлүүлсэн бөгөөд илүү бараа нийлүүлээгүй байсан. Энэ нь талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдоно. *********ын гэрчийн мэдүүлэг үнэн зөв, үндэслэлтэй. ********* 12 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийг огт мэдэхгүй, хараагүй, мөн хариуцагчийн талын яриад байгаа баримт үнэн зөв гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь бусад хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн дурдаж байгаа үйл баримт үгүйсгэгддэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд хариуцагчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцсон.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *********** нь хариуцагч **************, *************д холбогдуулан гэрээний төлбөрт шилжүүлсэн автомашины үнэ 62,000,000 төгрөг, алданги 11,532,000 төгрөг, нийт 73,532,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж, хариуцагч ************** нь нийлүүлсэн хайрганы үлдэгдэл төлбөрт 25,230,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь хайрга нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учир 62,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлсэн ,,,,,,,,, УБЛ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины үнийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээг нөхөж байгуулсан, уг гэрээг байгуулахаас өмнө хайргыг нийлүүлж дуусгасан байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан.

Хариуцагчийн татгалзалд нэхэмжлэгч нь урьд нийлүүлсэн хайрганы төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбар өгсөн.

 

3. Хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр ************** нь 3,000 м.куб дайрга нийлүүлэхээр, *********** нь ,,,,,,,,, УБЛ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг оролцуулаад 66,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ /1хх 9-12/.

 

3.2. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн болох нь ***********-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21/106 тоот албан бичгээр нотлогдоно гэж маргасан. Тухайн албан бичигт нэхэмжлэгч тал нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний үүрэг биелэгдсэн болохыг тодорхойлжээ /1хх 164/.

Харин хариуцагчаас хэрэгт баримтаар гаргаж өгсөн хайрга нийлүүлэлттэй холбоотой санхүүгийн анхан шатны баримтууд нь бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө хариуцагч нь нэхэмжлэгчид хайрга нийлүүлж байсан, үүний төлбөрт нэхэмжлэгч нь ,,,,,,,,, УНТ улсын дугаартай Тоёота хайландер маркын автомашин шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна /1хх 147-148/.

 

3.3. Иймд дээр дурдсан үйл баримт, зохигчийн мэтгэлцээний байр суурь зэргээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө болон байгуулсны дараа ямар үнийн дүнтэй хэдий хэмжээний хайргыг бодитоор нийлүүлсэн үйл баримтыг тогтоох нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.

Энэхүү үйл баримтыг тогтоосон тохиолдолд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө нийлүүлсэн хайрганы төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлж барагдуулсан эсэх, ,,,,,,,,, УБЛ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашин нь зөвхөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний төлбөрт хамаарах эсэх талаар шүүх дүгнэх боломжтой байна.

Уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3.4. Ийнхүү хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/00801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 752,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ