| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0471/Э |
| Дугаар | 479 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Г.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Н яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00993 0436 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Г.Н
Холбогдсон хэргийн талаар:
Г.Ннь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51/а/ байрны гадна талын автомашины ил зогсоолд байсан 74-26 УНИ улсын дугаартай автомашинд иргэн Д.Нямцэрэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж машинаас буухдаа Тошиба брэндийн Ай-3 үзүүлэлттэй 350.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Архи уух зорилготой хулгай хийсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нямцэрэнгийн өгсөн: …2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51/а/ байрны гадаа 74-26 УНИ улсын гэсэн машин дотор найз Ганжигүүр, Г.Н, Ганбаяр болон байрны дүү болох Лхагваням нарын хамт архи уусан. Тэгээд бид нар Сархад нэртэй 0,75 граммтай архи уусан. Лхагваням нь эрүүл машин бариад явж байсан. Архиа ууж байгаад би тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө эрт Ганжигүүрийг Хайлаастад гэрт нь хүргэж өгөөд дараа нь Г.Нг Баянзүрх дүүргийн16 дугаар хорооны 16-н автобусны буудал дээр 8 цагийн орчимд буулгаж өгсөн байсан. Би 9 цагийн үед сэрэхэд машинд Ганбаяр бид 2 байсан, Лхагваням 51/а/ байрны жижүүр дээр дулаацах гээд орсон байсан. Би нэг сургалтанд сууж байгаа тэгээд 9 цагаас тайлан хамгаалах байсан болохоор машинд байсан нөтбүүкийг хайхад алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ц.Батсүхийн өгсөн: ...Ингээд намайг ажилтай байх үед буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 09-10 цагийн үед гаднаас Ганзориг овогтой Г.Н гэх үл таних залуу 3 дугаар үеийн нөтбүүкийг барьцаанд тавина гэхээр нь би нөтбүүкийг шалгаж үзээд 14 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 280.000 төгрөгийн барьцаанд авч тэр залууд бэлнээр 280.000 төгрөг өгөөд явуулсан юм. Би уг нөтбүүкийг барьцаанд авч тэр залууд 280.000 төгрөг өгсөн учир энэ мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,
- Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 14 дүгээр тал/,
- Эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар тал/,
- Барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /хх-ийн 21 дүгээр тал/,
- Шүүгдэгч Г.Н-ийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24, 25, 26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51/а/ байрны гадна талын автомашины ил зогсоолд байсан 74-26 УНИ улсын дугаартай автомашинд иргэн Д.Нямцэрэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж машинаас буухдаа “Тошиба” брэндийн Ай-3 үзүүлэлттэй 350.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нямцэрэнгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Батсүх нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Нямцэрэнд учирсан хохирол бүрэн төлөгдсөн буюу алдсан зөөврийн компьютерийг биет байдлаар буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Н-г хохирогч Д.Нямцэрэнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин иргэний нэхэмжлэгч Ц.Батсүхэд учирсан 280.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул уг хохирлыг шүүгдэгч Г.Нгээс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-г 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н-д оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Нгээс /РД:/ 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Батсүхэд /РД:/ олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ