Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Дамдин-Од |
Хэргийн индекс | 102/2015/9991/и |
Дугаар | 1486 |
Огноо | 2016-08-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 1486
Ц.Алтантөгсийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/03852 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Алтантөгсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.Даваацэцэгт холбогдох
Гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлтэй, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 69 033 566 төгрөг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээ, 2013 оны
10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцож, өмчлөх эрхээ сэргээлгэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн бүртгэл хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч С.Даваацэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Алтантөгс, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, хариуцагч
Ц.Даваацэцэг, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Даваацэцэгтэй 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас төрсөн үр хүүхэд байхгүй. Бидний хооронд хардалтаас болж байнга хэрүүл гардаг байсан. Сүүлдээ ажил дээр ирж нэр хүндийг минь унагаадаг болсон. Мөн намайг хардаж, цохиж нүддэг байсан. Би уурандаа түлхсэн үед амархан хөхөрчихдөг байсан. Тэр тохиолдолд цагдаа дуудан баривчлуулдаг байсан. Гэрлэснээс хойш үүссэн дундын бүх хөрөнгөө С.Даваацэцэгт өгөөд эцэг, эхээс өвлүүлсэн 2 өрөө орон сууцаа авах хүсэлтэй байсан тул хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээг байгуулахдаа ямар нэгэн дарамт шахалтгүйгээр 2 талын өмгөөлөгчдийг байлцуулан байгуулсан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч С.Даваацэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нөхөр Ц.Алтантөгстэй 1996 онд хамтын амьдралаа эхэлж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 1999 онд манай хадам эх Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 байрны 42 тоот 2 өрөө орон сууцыг бид нарт бэлэглэсэн. Нөхөр Ц.Алтантөгс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш намайг гэрээс минь хөөж эхэлсэн. Тэрнээс өмнө бид 2-ын дунд хэрүүл маргаан гарч байгаагүй. Ц.Алтантөгс “манайхаас яв, би өөр хүнтэй болсон" гэж хэлсэн. Ц.Алтантөгсөд цохиулсанаас болоод хөл минь доголоод алхахад хэцүү болсон. Нөхөр маань "Чамд би байр худалдан авч өгье. Автомашинаа зараад, эгчээсээ авах 20.000.000 төгрөгийг аваад байрны зээлийн урьдчилгаа төлөөд банкны лизингээр байр худалдаж ав. Зээл авахад чинь батлан дааж зээлийг төлөлцөнө" гэж байсан. С.Даваацэцэг миний бие олсон орлогоо нөхөртөө өгдөг байсан. Ц.Алтантөгс нь миний ажиллаж олсон мөнгийг өөрийнхөө дансанд байршуулдаг байсан. Ганцаараа ажиллаж 2002-2006 оны хооронд Ц.Алтантөгсийг дээд сургуульд хүртэл сургасан. Орон сууц захиалж 10 жилийн хугацаатай 50.000.000 төгрөгийн зээл авсан. Мөн өөрийн дүү Жавхлангаас 25.200.000 төгрөг зээлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт төлсөн. Ц.Алтантөгстэй дундын эд хөрөнгийн асуудлаар байгуулсан эвлэрлийн гэрээг байгуулах үед түүний зүгээс дарамт шахалт үзүүлэн байгуулсан гэрээ юм. Эвлэрлийн гэрээ байгуулахад миний өмгөөлөгч байлцаж чадаагүй. Ц.Алтантөгстэй гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хариуцагч С.Даваацэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ц.Алтантөгстэй байгуулсан эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 байрны 42
тоот байрны өмчлөх эрхээс нэр хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд
тооцуулах шаардлага гаргасан. Гэр бүлийн хөрөнгөнд хамаарах 2 орон сууц байдаг. С.Даваацэцэг миний бие эр нөхөртөө хөөгдөж орох газаргүй болсон учраас 99.035.500 төгрөгийн үнэ бүхий Чингэлтэй дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцыг банкны зээлд хамрагдан худалдаж авсан. Тус байрны зээлийн урьдчилгаа төлбөрт гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 22.000.000 төгрөгийн үнэтэй Ниссан мурано маркийн автомашиныг зарж
төлсөн. Мөн шинжээчийн дүгнэлтээр хамтран амьдарч байх xyгацаанд бий болсон 4.550.000 төгрөгийн гэрийн эд хогшил байгааг тогтоосон. Би гэрээсээ хөөгдөж, тусдаа амьдрахаар гарахдаа 1.360.000 төгрөгийн үнэтэй унтлагын ком авсан ба 3.190.000 төгрөгийн ахуйн эд хогшил, тавилгыг Ц.Алтантөгс хэрэглэж байгаа. Мөн 8.050.000 төгрөгийн фото зураг авах зориулалттай тоног төхөөрөмж байгаа түүнийг Ц.Алтантөгсөд өгөх саналтай байна. Талуудын хамтын амьдралтай байх үед С.Даваацэрэнд 7.000.000 төгрөг, Даваадоржид 20.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх авлага бий. Бид хамтран амьдарч байх хугацаандаа Ц.Алтантөгсийн ах нар болох Мөнхбаяр, Алтансүх, Алтанцоморлиг нарт 7.840.000 төгрөгөөр гэр худалдан авч өгсөн. Нэхэмжлэгч Ц.Алтантөгс нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 23.397.078 төгрөгийг банкинд хадгалуулсан байсан. Энэ бүгд Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэж байна. Голомт банкинд төлөх зээлийн эргэн төлөлтийн 50 хувь болох 36.400.027 төгрөг, Б.Жавхлангаас зээлсэн төлбөрийн 50 хувь болох 12.600.000 төгрөг, нэхэмжлэгчийн банкны хадгаламжийн 50 хувь болох 11.698.539 төгрөг, бусдаас авах авлага болох 14.840.000 төгрөгийн 50 хувь болох 7.420.000 төгрөг, талуудын хамтран амьдарч байхдаа хэрэглэж байсан гэрийн тавилга, эд хогшлоос хариуцагч надад ноогдох хувь болох 950.000 төгрөг нийт 69.033.555 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ц.Алтантөгстэй байгуулсан эвлэрлийн гэрээ, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 байрны 42 тоот байрны өмчлөх эрхээс нэр хасуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн гэр бүлийн дундын өмчийн 2 өрөө орон сууцны өөрийн өмчлөх эрхийг сэргээлгэх хүсэлтэй байна. Харин эд хөрөнгө эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай шаардлага болон Төрийн банкинд байсан мөнгийг нэхэмжлэхгүй...” гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Баянгол дүүрэгт байрлах 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Ц.Алтантөгс миний хуваарьт эд хөрөнгө юм. Гранд Плаза дотор дундын эд хөрөнгийн маргааны асуудлаар эвлэрлийн гэрээг байгуулахад хариуцагчийн өмгөөлөгч биечлэн байлцсан. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр гэр бүлийн дундын эд хөрөнгийн бүх асуудлуудыг харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэсэн асуудал юм. Эвлэрлийн гэрээг байгуулсны маргааш нь хамт явж эвлэрлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Тус эвлэрлийн гэрээг дарамт шахалтан дор байгуулаагүй. Талуудыг хамтран амьдарч байх хугацаанд бэлэн байсан 20.000.000 төгрөг, Ниссан мурано маркийн автомашины 22.000.000 төгрөг, 9.250.000 төгрөгийн үнэлгээтэй газрын гэрчилгээ, 8.050.000 төгрөгийн үнэлгээтэй фото зураг авах зориулалттай тоног төхөөрөмж байсан. Бараа материалын үнэ болох 4.510.000
төгрөгийг С.Даваацэцэг нь байрны зээлийн урьдчилгаа төлбөрт төлсөн байдаг. Эвлэрлийн
гэрээгээр 1.360.000 төгрөгийн үнэлгээтэй унтлагын өрөөний иж бүрэн тавилгыг хариуцагч
С.Даваацэцэгт өгсөн ба 7.000.000 төгрөгийн авлагыг хариуцагч авчихсан. Мөн 20.000.000
төгрөгийн авлагыг хариуцагч өөрөө эгчээсээ авна гэж тооцуулан эвлэрч зохицуулсан. Хариуцагч нь гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд үйл ажиллагааны орлогыг орон сууцны зээлд өгч байсан. Баянгол дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцыг 1999 онд миний эх бэлэглэлийн гэрээгээр бид хоёрт өгсөн, гэрчилгээнд бид хоёрын нэр байгаа. Харин бид нар 2009 онд гэр бүлээ батлуулсан тул гэрлэлтээс өмнө үүссэн хуваарьт хөрөнгө юм. Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах хууль зүйн үндэслэлгүй...”
гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогтой Цэрэнгийн Алтантөгс /РД:ЦА71021514/, Чонос овогтой Содномдоржийн Даваацэцэг /РД:ГН68070402/ нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, 56 дугаар зүйлийн 56.1.1 56.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороололын 33 дугаар байрны 42 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрх сэргээлгэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэл хийлгэх тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, гэрлэгчдийн дундын хөрөнгө болох плитка үнэлгээгээр тогтоосноор 800.000 төгрөг, ширээ 150.000 төгрөг, нийт 950.000 төгрөгийн үнэлгээтэй гэрийн эд хогшлыг нэхэмжлэгч Ц.Алтантөгсөөс гаргуулан хариуцагч С.Даваацэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63.018.529 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээ болон 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн хангасан хэмжээнд нэхэмжлэгчээс 27.350 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Даваацэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Жавзмаагийн хамт гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Надад эр нөхөрөөсөө салах ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Харин Ц.Алтантөгс нь өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болсон тул гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Шүүх хэрэгт авагдсан ач холбогдолтой нотлох баримтууд, гаргасан хүсэлтийг үнэлж, дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 33 байр, 42 тоот 2 өрөө орон сууц, мөн Голомт банкны зээлээр авсан 99.035.500 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц, 4.550.000 үнэ бүхий гэрийн эд хогшил, 8.050.000 төгрөгийн үнэ бүхий ажлын тоног төхөөрөмж, 22.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, бусдаас авах авлага 34.840.000 төгрөг, банк болон бусдад төлөх өр зээл 98.000.055 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 17-ны байдлаар хадгаламжийн дансан дахь үлдэгдэл 23.397.078 төгрөг зэрэг дундын өмч хөрөнгийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан. Харин нэхэмжлэгч Ц.Алтантөгс дээрх үнэ бүхий гэрийн эд зүйлийг хариуцагчид буцааж өгөхөд татгалзах зүйлгүй, 8.050.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг эвлэрлийн гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд шилжиж одоог хүртэл хариуцагчид байгаа тул буцааж авах шаардлагагүй надад хэрэггүй гэжээ. Шүүх “Зохигчид хамтын амьдралтай байхдаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 63а байрны 57 тоот орон сууцыг зээлээр худалдаж авахдаа урьдчилгаанд 22.800.055 төгрөгийг төлж, Голомт банкнаас 50.000.000 төгрөгийг зээлж нийт 72.800.055 төгрөгөөр худалдан авсан нь Голомт банкны Орон сууцны зээлийн гэрээ, зээл төлсөн орлогын мэдүүлэг, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Захиалгаар орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Ц.Алтантөгс нь уг орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай шаардлага гаргаагүй бөгөөд уг орон сууцыг хариуцагч С.Даваацэцэгийн өмчлөлд үлдээхэд татгалзахгүй, уг орон сууцны талаар маргаагүй, хариуцагч уг орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаа тул хариуцагчийн нэхэмжлэгчээс орон сууцны зээлийн 50 хувь болох 36.400.000 төгрөгийг шаардсан шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг зөв тодорхойлж, гэр бүлийн хэрэгцээнээс үүссэн зээлийг адил тэнцүү ногдуулж шийдээгүйд гомдолтой байна. Гэр бүлийн дундын өмч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хорооллын 33 дугаар байрны 42 тоот 2 өрөө байрыг Ц.Алтантөгст үлдээж, С.Даваацэцэг надад зээлээр авсан өртэй байр үлдээж байгаа нь шударга эрх тэгш байх зарчимд нийцээгүй. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Харин гэрлэлтийг цуцлаж байгаа бол дундын эд хөрөнгийг адил тэнцүү хуваах ёстой. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 байрны 42 тоот 2 өрөө орон сууцанд Ц.Алтантөгс, С.Даваацэцэг нар гэр бүл болсон цагаасаа хойш амьдарч, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан. С.Даваацэцэг нь одоо амьдарч байгаа орон сууцыг 99.000.000 төгрөгөөр худлдан авахын тулд банкнаас 50.000.000 төгрөгийн зээл авсан. Иймд зээлийн асуудлыг мөн адил шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч Ц.Алтантөгс нь хариуцагч С.Даваацэцэгийг дарамт шахалтад оруулж гэртээ оруулахгүй нөхцөл байдал үүсгэж хоолойг нь боож байсан тул аргагүй эрхэд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөн хариуцагч нь тоног төхөөрөмжийн үнийг шаардаагүй хэдий ч нэхэмжлэгчид буцааж өгнө гэснииг нэхэмжлэгч авахаас татгалзаж байгаа явдал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг зөрчсөн. Мөн ИХШХШТХуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэн алдаа гаргасан. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээний зарим заалтаас татгалзсан боловч шүүх энэ тухай ямар ч дүгнэлт хийгээгүй, мөн хэрэгт авагдсан зарим бичгийн баримтууд алга болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар гаргуулсан баримт бүрэн авагдаагүй, зарим нь мөн алга болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.Алтантөгс тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Мөнхтөрийн хамт гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. С.Даваацэцэг нь бусдаас авах авлагыг авч орон сууцны урьдчилгаа төлбөрт өгснийг хүлээн зөвшөөрсөн. Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 33 байр, 42 тоот 2 өрөө орон сууц нь Ц.Алтантөгсийн эцэг, эхийн орон сууц тул нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгөд хамаарна. Гэрлэгсэд эвлэрлийн гэрээ байгуулахад хариуцагчийн өмгөөлөгч байсан. С.Даваацэцэг нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг аваад Чингэлтэй дүүрэгт орон сууц худалдан авсан. Орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хийхдээ хүч хэрэглэсэн, дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Хэрэв тийм байсан нотариатч уг хэлцлийг баталгаажуулахгүй байсан. Хариуцагч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байж нотлох баримт алга болсон гэж шүүхийг гүтгэж болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн
шаардлагыг хангаагүй байна.
Шүүх гэрлэгчид, тэдний гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн
талаарх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс гадна тухайн маргаанд ач холбогдолтой байдлыг бүрэн тодруулаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Алтантөгс нь хариуцагч С.Даваацэцэг холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууц, бусдад төлөх зээл, эд хогшил, тоног төхөөрөмж, бусдаас авах авлага зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах, 2013 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн эвлэрлийн гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхээ сэргээлгэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн бүртгэл хийлгэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Даваацэцэг нь өөрийн нэр дээр 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
улсын бүртгэлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааганы гудамж 63а байрны 57 тоот орон сууцыг анх худалдан авахдаа Голомт банкнаас 50.000.000 төгрөгийг зээлсэн, уг орон сууц одоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа талаар тайлбарлаж, дундын өмчлөлийн маргааныг шийдвэрлэхдээ өр, төлбөрийн асуудлыг харгалзан шийдвэрлэхийг хүсчээ.
Зохигчдын хэн аль нь орон сууцтай холбоотой ипотекийн зээл байгаа талаар тайлбарласан байхад шүүх зээлийн үлдэгдэл төлбөрийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Тухайн орон сууцны зээлийн төлбөр хэдий хэмжээний байгаа нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хувийг тодорхойлоход ач холбогдолтой юм.
Мөн зохигчид нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2015/19279 дүгээр захирамжтай хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2016/13543 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамжийн дагуу нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, захирамжийн заалт биелэгдсэн эсэх нь ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарч байна. Уг баримтууд нь гэрлэгсэдийн дундын эд хөрөнгийг хуваах тухай маргаанд ач холбогдолтой болно.
Анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын гарын үсэг зурагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Даваацэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/03852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Даваацэцэгийн төлсөн 498.042 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ДАМДИН-ОД