Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128

 

      Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн,

    О.Лхагвабат нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Б.Соёлмаа,

хохирогч Ж.Энхболдын өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарт холбогдох эрүүгийн 201626030567 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Баасансүрэнгийн Булганбаатар, 1994 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн 2 дугаар баг, Октьябрын 9 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: МК 94040313 /,

Боржигон овогт Насандэлгэрийн Баатарсүрэн, 1994 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Баруун Зуунмод 40 дүгээр байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НЭ 94083031/,

Анчин шарнууд овогт Отгонпүрэвийн Лхагвабат, 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын 5 дугаар баг, Хөшөөтийн гудамжны 92 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжны 146а тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ПМ 92123011/,

Б.Булганбаатар нь бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр буюу 2016 оны 3 дугаар сарын 15, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 2, 3 дугаар багт оршин суух О.Мягмарсүрэн, Н.Оюунтунгалаг нарын гэрээс зурагт хулгайлж, бусдад нийт 660.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг авах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Энхболд, Х.Өлзийсайхан нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн тэднийг зодож, Ж.Энхболдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан гар утас, Ipad зэргийг нь дээрэмдэн авч, Ж.Энхболдод 580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Н.Баатарсүрэн нь Б.Булганбаатар, О.Лхагвабат нартай бүлэглэн, урьдчилан үгсэж тохиролцож, эд зүйлийг авах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Энхболд, Х.Өлзийсайхан нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн тэднийг зодож, Ж.Энхболдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан гар утас, Ipad зэргийг нь дээрэмдэн авч, Ж.Энхболдод 580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

О.Лхагвабат нь Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн нартай бүлэглэн, урьдчилан үгсэж тохиролцож, эд зүйлийг авах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Энхболд, Х.Өлзийсайхан нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн тэднийг зодож, Ж.Энхболдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан гар утас, Ipad зэргийг нь дээрэмдэн авч, Ж.Энхболдод 580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.Булганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Н.Баатарсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, О.Лхагвабатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд болох гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байна. Н.Баатарсүрэн, Б.Булганбаатар, О.Лхагвабат нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, эд зүйлийг авах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Энхболд, Х.Өлзийсайхан нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн, тэднийг зодож Ж.Энхболдын биед хөнгөн гэмтэл учруулан, гар утас, Ipad зэргийг нь дээрэмдэн авч, Ж.Энхболдод 580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог ялгах, тэдгээрийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр болон хохирогч Ж.Энхболдын биед учирсан “тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь нэр бүхий 3 шүүгдэгчийн хэнийх нь ямар үйлдлийн улмаас учирсан болох, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч тус бүр ямар оролцоотой оролцсон эсэхийг нарийвчлан ялгаж яллах дүгнэлтэд бичээгүй, хэт ерөнхийлсөн байдалтай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай байна. Дээрх байдлыг тодруулан шалгаснаар нэр бүхий шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа эсэхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт хийх нь ач холбогдолтой юм.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн /ЭХТА-ийн 147.2/ улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн үндэслэлтэй тогтоогоогүй байна. Тухайлбал, хохирогч Ж.Энхболдын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо /1хх-21/ “Хөрөнгийн үнэлгээ”-г хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин хийхээр зохицуулсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, тухайн эрүүгийн хэрэгт хөрөнгийн үнэлгээ хийсэн этгээд нь хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх үнэлгээчин буюу шинжээчийн эрх эдэлж, үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээх этгээд мөн эсэх нь тодорхой бус байхаас гадна үнэлгээ тогтооход харгалзан үзэх үзүүлэлт болох хохирогчоос гаргаж буй үнийн санал, эд хөрөнгийн шинж байдал, элэгдэл хорогдол, тухайн цаг үеийн зах зээлийн үнийн харьцуулсан судалгаа зэрэг үнэлгээ тогтооход харгалзан үзвэл зохих үзүүлэлтүүдийг анхаараагүй байгаа нь эд зүйлийн үнэлгээ хууль ёсны, үндэслэл бүхий эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Ж.Энхболд гэмт халдлагад өртөх үедээ өмсөж явсан гэх ногоон өнгийн хүрмэнд гарсан товчны бэхэлгээний нүх, хар өнгийн цүнхэнд илэрсэн ханзархай, оёдлын нүхэнд суналт зэрэг нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан /1хх-33-34/ гэх боловч эдгээр нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ эсэх, эсхүл эдэлгээ, хэрэглээний явцад үүссэн хуучин эсэх талаар тусгай мэдлэг бүхий шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх, эсхүл дүгнэлт гаргасан шинжээчийг асуух зэрэг аргаар нарийвчлан шалгах. Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэтгэснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үнэн зөв, хөдөлбөргүй тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой учир шүүх мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн Ipad-ны гэр, хар өнгийн бэлтгэлийн цүнх 1 ширхэг, хар ногоон өнгийн цув 1 ширхэгийг тус тус хэргийн хамт буцаан хүргүүлж, хэрэг прокурорт очих хүртэл хугацаанд Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 6а байрны орчим хохирогч Ж.Энхболд, Х.Өлзийсайхан нарыг харихаар явж байхыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн яллагдагч Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баасансүрэн нар нь харж, улмаар Б.Булганбаатар, Н.Баасансүрэн нар “тэд нарын юмыг авъя” гэж ярилцан, урьдчилан үгсэн тохиролцсон, эд зүйлийг авах зорилгоор хохирогч нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн тэднийг бүлэглэн зодож, Ж.Энхболдын биед хөнгөн гэмтэл учруулан, Ж.Энхболдын “Samsung note-1”загварын гар утас, Ipad зэргийг нь дээрэмдэн авч, Ж.Энхболдод 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Мөн хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тууштай мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Энхболдоор яллагдагч нарыг гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэргээр хохирогч Х.Өлзийсайхан руу 1 нь буюу Н.Баатарсүрэн дайрч ирээд шууд зүүн хавирга руу нь цохиж, ноцолдон, хохирогч Ж.Энхболд руу 2 нь буюу Б.Булганбаатар, О.Лхагвабат нар дайрч, барьж явсан цүнхийг нь авахаар ноцолдож, улмаар Б.Булганбаатар нь Ж.Энхболдын зүүн нүд рүү гараараа цохин, арагш савж унах үед Ж.Энхболд өөрийгөө хамгаалж, тэр хоёрыг ойртуулахгүй хөлөөрөө жийж байхад үл таних хүмүүс орилсоноор яллагдагч нар зугтаж явсан бөгөөд яллагдагч нарын үйлдэл оролцоо, тэдний гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Б.Булганбаатар гараараа нэг удаа цохиж учруулсан зэргээр хангалттай тогтоогдсон байхад, хуульд зааснаар гэм буруугаа нотлох үүрэг хүлээдэггүй яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөр өөрөөр мэдүүлсэн мэдүүлэгт хөтлөгдөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу буюу үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол зэргийг яллагдагч тус бүрээр бичсэн байхад хэт ерөнхийлсөн байдалтай яллах дүгнэлт бичсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Энхболдод нийт 580.000 төгрөгийн хохирол учирсан болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байхад хохирогч Ж.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ipad-ны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэгт хөтлөгдөж, хохирлыг бүрэн үндэслэлтэй тогтоогоогүй гэж үзсэн. Хэрэв 2 жил ашиглагдсан уг эд зүйлийг мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөг гэж үнэлснийг үндэслэлгүй гэж шүүх үзсэн бол энэ шалтгаанаа дурдаагүй, улмаар шүүхийн тогтоолд энэ үндэслэлээ бус хохирлын хэмжээг тогтоохдоо хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд гаргасан уг дүгнэлтийг шүүх үндэслэлгүй, эргэлзээтэй байна гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдааны үед шинжилгээ хийлгэх гэж зааснаар тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээчинг шинжээчээр томилж дахин уг Ipad-ны үнэлгээг гаргуулах боломжтой талаар санал тавьсныг хүлээн аваагүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд “...хөрөнгийн үнэлгээг үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон, хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хийнэ...” гэж заасан бөгөөд уг хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155, 271 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаалтын шатанд өмнө гаргасан үнэлгээг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхэд эргэлзвэл үнэлгээг дээрх хуульд зааснаар шүүх дахин хийлгэх боломжтой байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гурваас доошгүй жилийн хугацаагаар олгоно” гэж, 22.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрчилгээ, тэмдэг олгох бөгөөд гэрчилгээ, тэмдгийн загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд батална” гэж заасан байх бөгөөд уг зүйл хэсгийг шүүх тогтоолдоо дурдах болсон нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Хохирогч Ж.Энхболдын өмсөж явсан хувцас /1хх-33-34/, барьж явсан цүнхэнд үүссэн ханзархай, суналт зэрэг нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан тухай дүгнэлтэд дурдагдсаар байтал шинэ, хуучин эсэх, эсхүл эдэлгээ хэрэглээний явцад үүссэн эсэхийг тогтоох гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болжээ. Уг асуудлыг нарийвчлан тогтоох нь яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой биш гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү..” гэв.

Хохирогч Ж.Энхболдын өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 3 үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Харин прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байна. Уг шүүхийн тогтоолд хохирогч Ж.Энхболдод учирсан хохирлын хэмжээг зөв тогтоох нь ач холбогдолтой гэсэн заалт оруулсныг дэмжиж байна. Учир нь Ж.Энхболд 2014 онд Ipad-аа 1.400.000 төгрөгөөр, гар утсаа 280.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ хохирогчийн үнэлгээг харгалзаж үзээгүй, нийт 580.000 төгрөг гэж үнэлсэнийг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч нь “шүүх хуралдаанд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг талаараа хэл” гээд үнэлгээ хийсэн баримтад гарын үсэг зуруулсан байдаг. Түүнчлэн нэг орой 20 цагийн үед дуудаад л хэргийн материалтай ч танилцуулалгүй, эд зүйлийн үнэлгээтэй танилцсан талаар гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.8 дахь хэсэгт заасан хохирогч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахад хэргийн материалтай бүхэлд нь танилцах эрхийг ньхангаагүй гэж үзэж байна. Мөн хохирогч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2 дахь хэсэгт заасан баримт сэлт гаргаж өгөх эрхтэй. Гэтэл эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гаргаж өгөхдөө канондсан хуулбар өгсөн. Үүнийг мөрдөн байцаагч эх хувиар нь шаардаж авах үүрэгтэй байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг байдлуудаас болж хохирлын үнэлгээг үнэн зөв гаргаж чадаагүй гэж бодож байна. Ж.Энхболдын өгсөн эд зүйлийн үнийн санал, зах зээлийн үнэлгээ, элэгдэл хорогдол зэргийг тооцож үзэж байж эд зүйлийн үнэлгээг гаргах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

                                                             ХЯНАВАЛ:

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн дүгнэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд болох гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялгаж салгаж яллах дүгнэлт үйлдээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн тогтоогоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн халдлагад өртөх үедээ өмсөж явсан хүрэмний товчны бэхэлгээний нүх, цүнхэнд илэрсэн ханзархай нь тухайн цаг хугацаанд үүссэн үү эсхүл эдэлгээ хэрэглээний явцад үүссэн үү гэдэг талаар тусгай мэдлэг бүхий шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх эсхүл дүгнэлт гаргасан шинжээчийг асуух зэргээр шалгаж тодруулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.

            Дээрхи мөрдөн байцаалтанд буцаасан үндэслэлүүдээс заримыг нь шалгаж тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд анхан шатны шүүх Н.Баатарсүрэн, Б.Булганбаатар, О.Лхагвабат нарын дээрмийн гэмт үйлдлийн оролцооны талаар нарийвчлан салгаж, ялгаж дүгнэлгүй, “хэт ерөнхийлсөн байдалтай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Булганбаатарын 2016 оны 3 дугаар сарын 15 болон 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт үйлдсэн хулгайн хоёр үйлдлийг нэгтгэн яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй болсон байна.

 Өөрөөр хэлбэл хоёр тусдаа гэмт хэргийг нэг гэмт хэрэг мэтээр бичиж яллаж байгаа нь хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд хэргийн оролцогч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хуульд нийцсэн байдлаар дүгнэлт хийж, яллах дүгнэлтийг зөвтгөн бичих шаардлагатай гэж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэрэгт шүүгдэгч нарын үйлдэл оролцооны талаар нэмж шалгах зүйлгүй байна.

Мөн хохирогч Ж.Энхболд нь хохирлын талаар маргаж байгаа тул шинжээч томилон хохирлын үнэлгээг гаргуулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин хохирогчийн халдлагад өртөх үедээ өмсөж явсан гэх ногоон өнгийн хүрмэнд гарсан товчны бэхэлгээний нүх, хар өнгийн цүнхэнд илэрсэн ханзархай, оёдлын нүхэнд суналт зэрэг нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл үү, эсхүл эдэлгээ, хэрэглээний явцад үүссэн хуучин эсэх талаар тусгай мэдлэг бүхий шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх гэсэн хэсгийн хүлээн авч шалгах шаардлагагүй гэж үзэв. Энэ нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй байна.

Иймд шүүхийн тогтоолын 1, 2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж, 3 дахь заалтад заасан үндэслэлийг дахин шалгах шаардлагагүй гэж үзэж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн эсэргүүцлийн 3 дахь заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийн 3 дахь  заалтыг хүлээн авч, 1, 2 дахь заалтуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

                         ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН