Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 268

 

Ж.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар магадлалтай, Ж.Д-д холбогдох эрүүгийн 2014001610251 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Е овогт Ж-ын Д.

Ж.Д нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 20-72 БӨҮ улсын дугаартай “Норд Бенз” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр орох чиглэлийн асфальтан хучилттай зам дээр Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Б нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Д-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж 25 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З-ны гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргал гаргасан гомдолдоо: “Миний бие Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ж.Д нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, осол гаргасны улмаас хамт явсан С.Б-ын амь насыг хохироосон бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Д-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний бие цахим буюу онлайнаар шүүх хуралдаанд оролцож байх явцад сүлжээнд алдаа гарч шүүхийн хэлэлцүүлэгт орох боломжгүй болж, 10 минутын дараа дахин сүлжээнд холбогдсон боловч миний саналыг сонсолгүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг минь зөрчин хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З гаргасан гомдолдоо: “Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ж.Дауит нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан миний ах С.Б нь амь насаа алдсан билээ. Уг хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ж.Д-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хэт нэг талыг барьж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Ж.Д нь хэрэг явдал болсноос хойш ахын маань ар гэр, эхнэр хүүхдүүдтэй огт уулзаагүй, биднээс уучлалт гуйгаагүй, зөвхөн оршуулгын зардалд зарцуулсан 10,000,000 төгрөгийг төлсөн. Одоо би та нарт учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан мэтээр бидэнд хандаж байгаа. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болоод анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гомдолтой байгаа талаараа мэдүүлж байсныг шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хурал дээр огт мөнгө нэхэмжлээгүй, гомдол саналгүй болсон мэтээр тайлбарлаж байгааг гайхаж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлүүлэх эрхээр хангалгүй шүүх хуралдааныг явуулсан. Энэ шүүх хуралдаан нь цахим хэлбэрээр хэргийг хянан шийдвэрлэж байсан. Гэтэл өмгөөлөгчийн цахим сүлжээнд саатал гарсан боловч зориуд өмгөөлөгчийн саналыг хэлүүлэхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. Хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл гэмт хэргийн нөхцөл байдалд нь нийцсэн тохирсон ял шийтгэл байсан. Тухайн үед баримтаар нотлогдож тогтоогдсон хохирлыг барагдуулсан. Түүнээс өөр хохирол төлбөр нэхэмжлээгүй. Цаашид хохирол төлбөрийн асуудал гарч ирвэл тусдаа нэхэмжлэл гаргаж хэлэлцэн шийдвэрлэх боломжтой. Нөгөөтээгүүр өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг нь хангаж өгөөгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна. Цахимаар оролцож байгаа оролцогчид өөрсдийнхөө техник төхөөрөмжийн нөхцөлийг өөрсдөө хангах үүрэгтэй журам гарсан байдаг. Журмын дагуу бид нар шүүх хуралдаанд оролцож байсан, өмгөөлөгч нь өөрөө шүүх хуралдааны дундуур гараад явсан. Энэ нь шүүхийн шийдвэрт ямар нэгэн нөлөө үзүүлэх ёсгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч гомдлоо хоёр ч удаа тайлбарлан хэлснийхээ дараа өөрөө гарч явсан. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүх хуульд заасан үндэслэлээр бэхжүүлэгдэн, цугларсан нотлох баримтуудыг прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг үндэслэж, Ж.Д-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох явцад өөрийнх нь онлайн сүлжээ тасарч гарсан байдаг. Үүнийг шүүхийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй. Шүүгдэгч Ж.Д-д холбогдох эрүүгийн хэрэг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т хамаарагдахаар байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан 1 жил зорчих эрхийг хязгаарласан ялыг хорих ялын 1 хоногоор тооцож тус хуулийн 6.2-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын яллах дүгнэлтэнд тусгасан Ж.Д-д холбогдох хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан ба шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог бөгөөд уг ойлголт нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох болон Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ч ач холбогдолтой юм.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон дээр дурдсан ойлголтын хүрээнд хоёр шатны шүүх нь шинжээчийн дүгнэлтэд (хэргийн 1 дэх хавтас, 127-128, 136 дахь тал) тусгасан Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн Ж.Д-ын үйлдэл болон тухайн нөхцөл байдалд зайлшгүй гарах байсан ослоос өөрийгөө хамгаалж тээврийн хэрэгслийн явдал дунд үсэрч буухдаа гэмтэж нас барсан С.Б-ийн үхэл хоёр шалтгаант холбоотой гэж үзэж, шүүгдэгчийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн  хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Эрүүгийн хуульд тодорхойлон заасан нийтлэг болон тусгайлсан үндэслэл, зарчмыг удирдлага болгох болон харгалзан үзсэнээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.1-1.6-д заасан тохиолдлуудад өмгөөлөгчийн оролцоогүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй бөгөөд хуулийн энэхүү шаардлагыг мөрдөгч, прокурор, шүүх биелүүлээгүй мөн хуулийг зөрчсөнд тооцогддог билээ.

Хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан шаардлага нь зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарахаас гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З нь өмгөөлөгч Ц.Даваажаргалын хамт онлайнаар оролцож, өөрийн саналаа хэлсэн, мөн өмгөөлөгч Ц.Даваажаргал нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар санал гаргасан (хэргийн 2 дугаар хавтас, 85 дахь тал) бөгөөд харин техникийн саатлын улмаас уг өмгөөлөгч дахин санал хэлж чадаагүйг давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон бусад журам, шаардлагыг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Иймд энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй болно.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “... Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг) гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна”, мөн зүйлийн 6.4-т “шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол ... зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна”, энэ зүйлийн 6.5-д “... Энэ хуулийн ... 6.2-т ... заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч Ж.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаасан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь дээрх хуулийн зохицуулалтанд хамаарч буйгаас гадна тэрээр Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасан талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцож нөхөн төлснөөс гадна хохирогчийн тал нь мөн зүйлийн 508.1, 508.2-т заасан гэм хор учруулсан төлбөрийг нэхэмжлээгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлага хангагдсан гэж үзэн түүнд оногдуулсан зорчих эрхийг 1 жилээр хязгаарлах ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

Харин Өршөөл үзүүлэх дээрх хуулиар мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар үндсэн ялаас өршөөн хасаж байгаа тохиолдолд шүүгдэгчид оногдуулсан нэмэгдэл ялыг өршөөх талаар зохицуулаагүй байх тул шүүгдэгч Ж.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассаныг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Е овогт Ж-ын Д-д Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулж, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял “-ыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6.3, 6.4-т зааснаар хорих ялын нэг өдөртэй дүйцүүлэн хасаж өршөөсүгэй.

2. Ж.Д-д өршөөл үзүүлсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, уг тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Ж.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хассан нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамаарахгүй болохыг дурдсугай.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                        Ч.ХОСБАЯР

                     ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН