Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 110/2019/0030/З |
Дугаар | 221/Ма2019/0495 |
Огноо | 2019-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 221/Ма2019/0495
С.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2019/0034 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, С.С-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2019/0034 дүгээр шийдвэрээр: “Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, шинэчилсэн найруулгатай Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүү С.Н-ыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Н-ыг үрчилсний бүртгэл хийхийг хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Р-д даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Р давж заалдах гомдолдоо: “...Иргэн А.Ш 2017 онд С.Н-ыг үрчлэн авах тухай захирамж болон бүрдүүлбэрийг бүртгүүлэх хүсэлтийг надад албан ёсоор ирүүлээгүй. Би иргэний бүртгүүлэх хүсэлт холбогдох бүртгэлийн нотлох баримтгүй бүртгэл хийх боломжгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17.1, ...11.5.2-т заасны дагуу улсын бүртгэл хийх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх шийдвэр гаргах эрх үүрэгтэй тухай, мөн тухайн үед үйлчилж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль улсын харьяат болохыг дурдсан байна/ хүүхдийн оршин сууж байгаа буюу урьд оршин сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргах бөгөөд өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
16.2.1.гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ:
16.2.2.хүүхдийн төрсний гэрчилгээ;
16.2.3.үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх;
16.2.4, 16.3 зэрэг хуулийн шаардлагууд байна.
...2017 онд иргэн А.Ш хүүхэд үрчлэн авах тухай хүсэлт нотлох баримтыг надад ирүүлээгүй бүрдүүлбэр өгөөгүй тул иргэн ирээгүй хүсэлт гаргаагүй, бүртгүүлэх тухай бусад нотлох баримтгүй байхад бүртгэл хийх тухай ойлголт байхгүй, хулиар хориглосон болно. Гэтэл С.С нь 2019 оны 03 дугаар сард надад ирж ганц захирамжийг үзүүлж, хүүхэд үрчилсний бүртгэлд бүртгүүлэх тухай лавласан. ...шүүх шууд татгалзсан гэж үзэж энэ үйлдлийг хууль бус гэж тогтоож, надад үрчлэлтийн бүртгэл хийхийг даалгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
...А.Ш ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, ашиг олох зорилготой С.Н-ыг тэтгэвэр тэтгэмж олох зорилго бүрий үрчлэлт хийлгэж байгаа нь хуулиар хориглосон дээрх заалтыг илт зөрчиж байна гэж ойлгож байна. С.Н-ыг төрүүлсэн эцэг эх эрх зүйн бүрэн чадамжтай, хүүхдийг асран хамгаалах чадвартай төрүүлсэн хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх үүрэгтэйг бас анхаарах шаардлагатай. Иймд хүүхдийн эрх ашиг сонирхол огт зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй байхад заавал нас барсан хүнд үрчлэлтийг тогтоолгох гэж зүтгэж байгаа ёс зүйгүй үйлдлийг би ойлгохгүй байна. Хүүхдийг үрчлүүлнэ гэдэг нь үрчлэн авагч өөрийн төрсөн хүүхдийн нэгэн адил асран хамгаалах, өөрийн төрүүлсэн хүүхдийн адил өсгөн хүмүүжүүлэх бэ.
...Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулийг илтэд зөрчиж байхад би заавал Засаг даргын шийдвэр гарсан бол биелүүлэх тухай дурдсан байна. Манай Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3-т улсын бүртгэгч энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол эрх зүйн зөрчилтэй захирамжийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай дурдсан байна. Төрийн албаны тухай хуульд бас энэ тухай тодорхой заасан байдаг. Хууль бус захирамж гарсан ч заавал биелүүлнэ гэж ойлгож болохгүй. Шүүх иргэдэд тийм ойлголт өгч зөвлөж болохгүй.
...2017, 2018, 2019 онд иргэн С.С нэг ч удаа С.Н-ын үрчлэлтийн бүртгэлийг би бүртгээгүй эсхүл бүртгүүлэх тухай гомдол, хүсэлт, санал, өргөдөл гаргаж байгаагүй болно. Нөхцөл байдал ийм байхад намайг шууд шүүхэд өгөөд шүүх иргэний талд гарч хууль бус шударга бус үндэслэлгүй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
...шүүх нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байгаа эсэх, зорилго нь юу болох, хамгийн гол нь үрчлэлт хийхэд хүүхдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа эсэх, улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд дээд шатны удирдлагад гомдол гаргасан, урьдчилан шийдвэрлүүлсэн эсэхийг үл анхааран хууль бус, шударга бус надад даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...иймд шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.С нь Баян-өлгий аймгийн Дэлүүн сумын улсын бүртгэгчид холбогдуулан “С.Н-ыг эмээ А.Ш-д үрчлүүлсэн бүртгэлийг хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, төрсний гэрчилгээг олгохыг Дэлүүн сумын улсын бүртгэгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд “С.Н-ыг үрчлүүлсэн хүчин төгөлдөр Засаг даргын захирамж байхад улсын бүртгэгч нь бүртгэл хийх үүргээ биелүүлэхгүй байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар С.Н-ыг эмээ А.Ш-д үрчлүүлж, үрчлэгдсэн хүүхдийн иргэний үндсэн баримт бичгийг холбогдох хуулийн дагуу бүрдүүлж, бүртгэлийн үйл ажиллагаа явуулахыг улсын бүртгэгч С.Р-д зөвшөөрсөн байна.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 16 дугаар зүйлийн 16.1-д “Үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ”, 16.2-т “Үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль улсын харьяат болохыг дурдсан байна/ хүүхдийн оршин сууж байгаа буюу урьд оршин сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргана...”, 16.6-д “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ...энэ хуулийн 16.2, 16.5-д заасан баримт бичгийг хүлээн авч хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгоно. Хүүхдээ үрчлүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ олгоно” гэж, Хууль зүйн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/193 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.4-т “Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал байлцуулна” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, С.С, К.Ж нар нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү С.Н-ыг төрүүлж, өөрсдийн асрамжид одоог хүртэл тасралтгүй өсгөн хүмүүжүүлж байгаа, харин 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь өөрийн эх А.Ш-д хүү С.Н-ыг үрчлүүлсэн, А.Ш 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан, ийнхүү нэхэмжлэгчээс хүү С.Н-ыг үрчлүүлсний бүртгэлийг хийлгэхээр анх удаа 2019 оны 03 дугаар сард улсын бүртгэгчид хандсан, үүнээс өмнө үрчлэн авагч А.Ш хүүхдийг үрчлэн авсан тухайгаа бүртгүүлэхээр хандаж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, улсын бүртгэгч хүүхэд үрчилсний бүртгэлийг “үрчлэн авагчийн хүсэлтэд үндэслэн холбогдох баримтуудыг нягталсны үндсэн дээр” хийх, ингэхдээ үрчлэн авагч болон үрчлүүлэгч нарыг заавал биечлэн байлцуулахаар журамласан байна.
Ийнхүү хуульд үрчлэн авагч эхэлж хүсэлт гаргах, бүртгэл хийхэд үрчлэн авагчийг заавал байлцуулах шаардлага тавьж буй зорилго нь хүүхдийг үрчлэн авч буй этгээд тухайн бүртгэлийг хийсний үндсэн дээр үүсэх үр дагаврыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодорхойлоход оршиж байна.
Гэтэл энэ тохиолдолд үрчлэн авагч А.Ш нас барсан, нас барахаасаа өмнө үрчлэлтийг бүртгүүлэхээр улсын бүртгэлд хандаж байгаагүй тул түүнийг С.Н-ыг үрчлэн авсны үндсэн дээр үүсэх үр дагаврыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй, хуульд заасан журмын дагуу үрчлэн авагчийн хүсэлтийн үндсэн дээр бүртгэлийн үйл ажиллагааг хийх ёстой учраас хариуцагчийн бүртгэл хийхээс татгалзсаныг буруутгах боломжгүй байна.
Нөгөөтэйгүүр, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана”, 55.1-д “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна” гэж заасан.
Гэтэл шүүхээс тус сумын Засаг даргын Тамгын газрын архивт хийсэн үзлэгээр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар С.Н-ыг А.Шд үрчлүүлсэн талаарх баримт буюу С.Н-ыг үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай А.Шы хүсэлт байхгүй болох нь нотлогдсон байна.
Тиймээс дээрх захирамжийг үндэслэн үрчлэлтийн бүртгэлийг хийх ёстой гэж үзэж, хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
Хэдийгээр С.Н-ыг үрчлүүлэхээр шийдвэрлэсэн энэхүү захирамж хүчин төгөлдөр байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлэх бөгөөд хүүхдийг үрчлэн авснаар үрчлэгдсэн хүүхэд, үрчлэн авагчийн хооронд эцэг, эхийн эрх, үүрэг үүсэж, үрчлэн авагч нь хүүхдийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг үүргийг хүлээх учиртай.
Энэ тохиолдолд А.Ш нас барсан учраас С.Н-ыг асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрх ашиг сонирхлыг нь хамгаалах боломжгүй, ийм байхад шүүхээс нас барсан этгээдэд хүүхдийг үрчлүүлсэн бүртгэлийг хийлгэхээр даалгах нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх...” гэж заасан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болох төдийгүй Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан байхад “хүүхэд үрчлүүлсэн шийдвэр байгаа учраас нас барсан хүнд хүүхдийг үрчлүүлсэн бүртгэлийг хийх ёстой” гэсэн шийдвэрийг гаргах нь дээрх хууль болон конвенцод нийцэхгүй, энэхүү бүртгэлийн улмаас хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байна.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь С.С-ын журамт үүрэг бөгөөд хүүхдээ нас барсан эхийнхээ нэр дээр үрчлүүлсэн бүртгэлийг хийлгэхээр маргаж буй энэ тохиолдолд хариуцагчийн буруутай гэх үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2019/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН