Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01184

 

Ц.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00852 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1284 дүгээр магадлалтай,

           Ц.Мийн нэхэмжлэлтэй,

           “Ө” ХХК-д холбогдох,          

      Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

          Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд туршилтын 3 сарын хугацаанд 1 200 000 төгрөг, үндсэн ажилтан болоход 1 600 000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон. Өмнөговь аймгийн Гурван тэс суманд ажилд гардаг, 20 хоног ажиллаад 10 хоног амардаг. 2017-01-07-ны орой ажлаа хийж байгаад хамт ажилладаг хүнтэйгээ ажлаас болж маргалдсан. Маргааш нь  ээлж буугаад Улаанбаатар хотод ирсэн. Ажилд  18-ны өдөр явах байсан ч  хүний нөөцийн ажилтан  энэ удаа  явуулахгүй гэсэн.  Тэр өдөр  оффис дээр очиход ажлаас халсан тушаал өгсөн. Тушаалтай танилцахад ажлын байран дээр зодоон хийсэн, эмх замбараагүй байдал үүсгэж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байсан. 2017-01- 17-ны өдрийн Б/135 дугаар тушаалаар халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй, ямар үндэслэлээр халсан нь  тодорхойгүй байна. Иймд  “Ө” ХХК-ийн Хүрэншандын уурхайн уулын хэсэгт экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу  тайлбартаа: Ц.М нь 2017-01-07 -ны орой ээлжинд ажиллаж байх үедээ хамтран ажилдаг хүмүүстэйгээ  станцаар хэрэлдсэн, хэл амаар доромжилсон, шөнийн хоолны цагаар маргаан үүсгэсэн, зодоон хийсэн, ажлын байранд эмх замбараагүй байдал үүсгэн бусад ажилтнуудад буруу үлгэр дууриалал үзүүлэх ноцтой зөрчил гаргасан. Улсын Дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан

тайлбарын 15.4-т зааснаар сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргахыг ойлгоно. Зөрчил тус бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж байгаа юм. Хэрэгт Ц.М, н.Энхсайхан нарын гараар бичсэн тайлбар байгаа энэ тайлбарт зодолдсон, хэрэлдсэн талаар тайлбарласан. Түүний зөрчлийн хуудас гээд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гараар бичсэн баримт хэрэгт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00852 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мийг “Ө” ХХК-ийн Хүрэншандын уурхайн уулын хэсэгт экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоож, “Ө” ХХК-иас 3 278 012 төгрөг гаргуулан Ц.Мт олгож,  цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72 198 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 31-ний өдрийн 1284 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд:  Давж заалдах шатны шүүх  нэг талыг барьж, практикт түгээмэл болсон нэг л аргаар бүх маргааныг адил мэт шийдвэрлэж, хуулийн зарим заалтыг шүүх хэрэглэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Ажил олгогч "Ажлаас халах тухай” 2017 оны  Б/35 тоот тушаалаар ажилтан Ц.Мт Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-г баримтлан ажлаас халах шийтгэл ногдуулсан. Ийнхүү шийтгэл ногдуулахдаа ажил олгогч нь ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон арга хэмжээг авсан байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэнчлэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан зүйл байхгүй. Хэдийгээр яг тэр өдөр ээлжээс буугаад ажилчид хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах байсан бөгөөд амжаагүй байтал 2017.01.07-ны орой шөнө үйл явдал болсон. Иймд ажил олгогч болон ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ үзэглэж амжаагүй учраас гэрээг цуцлах дуусгавар болгох асуудал яригдахгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэхдээ туршилтын хугацаанд 1,2сая төгрөг, жинхлээд 1,8сая төгрөгийн цалин авч, эскаваторчийн үүрэгт ажлыг зохих ёсоор гүйцэтгэж байснаа мэдүүлсэн байдаг. Хариуцагч ”Өсөх-Зоос” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130.2-н дагуу хөдөлмөрийн дотоод журмыг баталсан бөгөөд ажилтан Ц.М нь уг журмын 5.4.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийг гаргасан тул ажил олгогч бүрэн эрхийн хэрэгжүүлэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэстэй зөв шийдвэр гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж, ногдуулахаар заасан тул сахилгын шийтгэл ногдуулсан асуудлыг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан харилцаатай хольж ойлгон буруу шийдвэр, магадлал гаргасан нь хууль ёсны байх гэдгийг зөрчиж байна. Тушаалын үндэслэл нь энэ заалт байсан ба болсон үйл явдалд тохирч байхад... шүүх мөн л анхаараагүй. Хууль тогтоогчид манай тохиолдол амьдрал дээр гарах факт гэж үзэж Хөдөлмөрийн хуулинд 130, 131 дүгээр зүйл заалтуудыг тусгасан нь ойлгомжтой байхад ... хуулинд заасан энэ заалтыг баримталсныг шүүх буруутгаж байгаа. Ц.М ноцтой зөрчил гаргасан нь  нотлогдож байгаа. Гэрч н.Чинсанаагийн өгсөн мэдүүлэгт зодоон болсон шалтгаан, н.Батсайханыг өмнө нь сануулж байсан тухай шүүх хуралд мэдүүлсэн мэдүүлэг, Гэрч н.Аянгын шүүхэд өгсөн мэдүүлэг, саналын хуудас, нэхэмжлэгч Ц.М, н.Батсайхан, н.Энхсайхан нарын өөрсдийнх нь зодоон болсон өдөр бичиж өгсөн баримт, мастерийн бичсэн санал болон “Зөрчлийн тэмдэглэл” зэрэг бичгийн олон баримт байхад нотлох баримтгүй гэж дүгнэснийг шүүх анхаараагүй. Ажилчид анх ажилд орохдоо байгууллагын дотоод журамтай танилцсан учраас л заавар журмыг баримтлан 5, 6 сар “Ө” ХХК-д ажиллаж цалин хөлс авч байсан нь талуудын тайлбараар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Ц.М 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд хандан, “Ө” ХХК-ийн Хүрэншандын уурхайн уулын хэсэгт экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

         Тус шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... ажилтан ноцтой зөрчил гаргасан тул халсан...” гэж маргасан, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдсон тул маргааныг шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэнэ. 

         Ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхдөө “...ноцтой зөрчил...” гаргасан гэх боловч энэ нь нотлогдоогүй байна.

        Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол  ажил олгогч  өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заажээ. Өөрөөр хэлбэл, бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг “ноцтой” гэж   тооцох талаар талууд тохиролцсон, уг зөрчлийг ажилтан гаргасан байх нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах нөхцөл юм.    

         Зохигчдын хооронд бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-д ямар зөрчил хамаарахыг талууд тохиролцоогүй гэж үзнэ.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийн хэлбэр, хугацаа, шийтгэлгүйд тооцох талаар зохицуулсан бөгөөд уг зүйлийн 131.1.3-т заасан сахилгын шийтгэлийг мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ногдуулах тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. 

         Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00852 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1284 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 72.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ