Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00889

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00889

 

 

*********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00903 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *********ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ************-д холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагчийн өмгөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт үйлчилгээний менежерээр ажиллаж байх хугацаанд ************-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ОТ/520 дугаар тушаалаар буюу төв компанийн гүйцэтгэх захирал хууль зөрчиж, тодорхой шалтгаангүйгээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсантай 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр танилцсан.

Тус тушаалд Оюутолгой төслийн баг доторх харилцаа хандлага, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн боловч хэзээ гаргасан, ямар зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар хэм хэмжээг зөрчсөн гэдгийг бичээгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар аваагүй.

Сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан салбарын захирал байхад төв компанийн захирал сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл дараа нь Өмнөговь салбарын захирал Л.Ундармаа ажлаас халах тушаал гаргасан.

Иймд ************-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ОТ/520 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч *********д холбогдуулан ************-ийн Ёс зүйн хороонд 2023 оны 07 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд утсаар болон биечлэн ирж ажилчид гомдол гаргасан. Дээрх гомдлын дагуу Захиргаа, хүний нөөцийн захирлын зүгээс *********тай биечлэн уулзалт хийхэд харилцаа хандлага, цаг ашиглалт дээр өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

********* нь ажлын байрны тодорхойлолт-ын 2.1, 2.2, Хөдөлмөрийн гэрээний 7.1.1, 7.2.6, 7.2.7-г хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн зөрчил гаргасан. ************-ийн Ёс зүйн хороо 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, шийдвэр гаргасан бөгөөд Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэж, гүйцэтгэх захирал эрх хэмжээний хүрээнд удирдлагын баг болон *********д сахилгын шийтгэл ногдуулсан.

2.2. ********* нь сахилгын шийтгэл ногдуулсан өдөр ирж шийтгэлийн хуудастай танилц гэхэд ирээгүй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирж танилцан гарын үсэг зурсан. ********* нь сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрч, ажил сайжруулах төлөвлөгөөнд гарын үсгээ зурсан бөгөөд урамшууллыг хасахгүй олгож өгөх талаар хүсэлт гаргасны дагуу урамшууллыг нь бүрэн олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ************-ийн Захиргаа хүний нөөцийн албаны дарга ******** нь *********тай биечлэн уулзаж, зан харилцаа бусад зүйл дээрээ анхаарах талаар ярилцаж уулзалт хийсэн. Үүнийг нэхэмжлэгч ********* хүлээн зөвшөөрсөн. Мөн ************-ийн Оюу толгой төслийн менежер Д.Амардөшийн зүгээс компанид дүгнэлт ирүүлсэн.

Иймд нэхэмжлэгч *********д ногдуулсан сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дүрэм, журамд нийцсэн шийтгэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан ************-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ОТ/520 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үйлчилгээний менежер *********д холбогдох хэсгийг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч *********аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.*************-ийн Захиргаа, хүний нөөцийн захирал ******** 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *********тай биечлэн, ганцаарчлан уулзаж, компанийн ёс зүйн хороонд харилцаа, хандлага, ажлын цаг ашиглалтын талаар гомдол ирсэн тухай танилцуулахад, нэхэмжлэгч ********* нь ирсэн гомдол, саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн ногдуулж буй сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа 2023 оны 07 дугаар сарын 27- ний өдөр*************-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтанцэцэгт гаргасан өргөдөлдөө тодорхой дурьдсан байдаг. Шүүх *********ын өөрөө бичсэн өргөдлийг үнэлж, дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

*********ын өргөдлөөс дүгнэхэд нэхэмжлэгч нь ямар зөрчил, санал, гомдолд сахилгын шийтгэл хүлээж байгаа тухайгаа мэдэж байсан.

4.2.************* нь "***********"-ийн охин компани бөгөөд тухайн үед сахилгын шийтгэл ногдуулах тушаалд бичигдсэн "Ажилтанд хариуцлага ногдуулах" журмын код өөрчлөгдсөн бөгөөд журмын бусад хэсэгт өөрчлөлт ороогүй код өөрчилсөн журмыг хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус баримтыг нотлох баримтаар үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.6, 7.2.7. Ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.2, 3.1, 3.2, 3.3, 9.1-д заагдсан заалтуудыг зөрчсөн болохоо мөн сахилгын шийтгэл өөрт ногдуулах болсныг Захиргаа, хүний нөөцийн захирал ********тай ганцаарчлан уулзахдаа мэдэж авсан бөгөөд гүйцэтгэх захиралд бичсэн өргөдөлдөө алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн удирдлага болох төслийн менежер Д.Амардөш *********д гаргаж буй алдаа дутагдлын талаар тухай бүрд нь сануулж хэлж, уулзаж байсан тухайгаа компанид бичгээр гаргаж өгсөн, удирдлагад нь байсан ажилтнуудаас гомдол, санал ирсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн компанийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

4.4.************* нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахдаа сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар аваагүй, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа гэж шийдвэр уншиж сонсгоход тайлбарласан боловч шийдвэртээ энэ тухай огт дурьдаагүй байна гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Зөрчлийн талаар шалгаж тэмдэглэх ажиллагаанд ********* байлцаагүй тул гарын үсэг зураагүй, ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй. Сахилгын зөрчил ногдуулсан нь үндэслэлгүй, энэ талаар ажилтанд мэдэгдэж, тайлбар аваагүй. Нэхэмжлэгч зөрчил гаргасан нь тогтоогдоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ************-д холбогдох гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ОТ/520 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүх уг маргаанд холбогдох урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, зохих хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, ажилтны гаргасан ямар зөрчилд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.1-т нийцсэн байна.

3.1. ************-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ОТ/520 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Хөдөлмөрийн дотоод журам-ын 53 дахь заалт, Ажилтанд хариуцлага тооцох журам /HR-0100R/, Хөдөлмөрийн гэрээний 6.1.5, 8.2 дахь заалт, менежментийн багийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот хурлын шийдвэрийг үндэслэж баг доторх харилцаа хандлага, ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Оюу толгой төслийн үйлчилгээний менежер *********д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ /хх 62-63/.

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйд тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй.

Гэхдээ энэ тохиолдолд ажилтны гаргасан сахилгын зөрчил тогтоогдсон байх ёстой.

3.3. Оюу толгой төслийн үйлчилгээний менежер *********ын харилцаа хандлага, ёс зүйн талаар 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Оюу толгой төслийн менежер Д.Амардөш Захиргаа, хүний нөөцийн албанд дүгнэлт хүргүүлсэн, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр угаалгын хэсгийн ажилтан С.Оюунжаргал, н.Отгонцэцэг гэх ажилтнууд гомдол гаргасан байна /хх 61, 94-101/.

Үүнтэй холбоотойгоор ************-ийн Ёс зүйн хороо 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, ажилтан ********* нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан /хх 60-61/.

3.4. Гэвч тухайн компанийн Ёс зүйн хороо ийнхүү дүгнэлт гаргахдаа ажилтныг хуралдаанд оролцуулж тайлбар аваагүй, холбогдох гомдол, мэдээлэл гаргасан ажилтнуудаас тодруулах ажиллагаа хийгээгүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж дүгнэхдээ ямар ёс зүйн хэм хэмжээг хэзээ, хэрхэн зөрчсөн болохыг дүгнээгүй. Үүнээс шалтгаалж нэхэмжлэгчийн талаар гаргасан гомдол үндэслэлтэй эсэх нь тогтоогдоогүй.

Иймд уг баримтад үндэслэж гарсан ************-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар ажилтны ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож, сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж гомдол гаргасан байгаа боловч ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогч зохих журмын дагуу шалгаж тогтоох, уг ажиллагаанд оролцох эрхээр ажилтныг хангах үүргээ хэрэгжүүлээгүй.

3.5. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас баримтаар гаргаж өгсөн Ажилтанд хариуцлага тооцох /HR-0511R-A1*/ журмыг сахилгын шийтгэл ногдуулах тушаалын үндэслэлд дурдсан Ажилтанд хариуцлага тооцох /HR-0612R/ журам биш гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Мөн тухайн журамд заасан хэм хэмжээний зохицуулалтад шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй. Учир нь ажил олгогч тушаалын үндэслэлд уг журмыг заасан боловч журмын чухам аль хэсгийг баримталж буй болохоо заагаагүй.

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ