Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 479

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Х холбогдох эрүүгийн 1906 00000 0207 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш.Х

Холбогдсон хэргийн талаар:

    Ш.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Монел 12-216 тоотод оршин суух иргэн Х.Оюунбаатарын эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн чирдэг гар цүнх, тоон кабелийн төхөөрөмж, “Луи виттон” брэндийн гар цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 225.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Х мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр архи ууж согтуу явж байгаад айл андуурч ороод хувцас, хунар, цүнхийг нь авсан. Би урьд нь өөрийнхаа хувцсыг алдчихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

          Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Оюунбаатарын өгсөн: ...Тэгээд манайхыг байхгүй байх хугацаанд манай эхнэрийн дүү болох Жамсран амьдарч байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед хажууд айлын хүн болох Гэрлээ миний 94903337 гэсэн дугаар руу 91190681 гэсэн дугаараас залгаад танай гэр рүү чинь нэг эрэгтэй хүн ороод гарлаа гэж байна. Нилээн удаж байгаад гарчихлаа гэж байна. Би цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд би дүү болох Жамсран руу залгахад утас нь холбогдохгүй болохоор нь эхнэр Эрдэнэсувд руу залгаад гэрт хулгайч орсон байна, Жамсрантай холбоо бариад гэртээ оч гэж хэл, тэгээд эргээд надтай холбоо бариарай гэж хэл гэсэн. Орой нь эхнэр над руу залгаад цагдаа нар очсон байна. Жамсран цагдаагаар явж байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний орой гэртээ ирсэн. Манай гэрээс дугуйтай чирдэг цэнхэр эрээн цүнх, тэр дотор байсан Louis Vuition брэндийн цүнх, MNBC кабелийн хүлээн авагч алга болсон байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй...

            ...Би тоот системийн төхөөрөмж, дугтуйтай цүнх хоёроо хүлээж авлаа. Одоо би Louis Vuition брэндийн гар цүнхийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлээд байх зүйл надад байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 15 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Жамсрангийн өгсөн: ...Би өнөөдөр ажилтай байхад 13:00 цагийн үед хүргэн ах Оюунбаатар залгаад гэрт хулгай орсон байна, очоод үзээдэх гэхээр нь ажил дээрээсээ ирсэн. Тэгээд ахынд ирэхэд гэрийнх нь цоож эвдэрсэн, гэр нь цоожийг нь зүүсэн байсан юм. Гэрээс нь каргогоор ирсэн цүнх болон DDSH тоон хүлээн авагч алдагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч О.Нарангоогийн өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 22-ны 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 12-216 тоот гэртээ байхад би гал тогооны хэсэгтээ аяга угаагаад байж байхад хаалга дуугарах шиг болсон. Тэгээд нэг хүн хашаанд зогсож байсан. Би хашаандаа ганцаараа байсан болохоор айгаад гаралгүй цонхоор харсан. Тухайн хүн 50 орчим настай, 164 см орчим өндөртэй архи уудаг хүн шиг байсан. Тэгээд манай байшинг тойроод дараа нь манай хаалгыг татаж үзсэн. Тэгээд онгойхгүй болохоор нь тэр хүн манай хажуу айлын хаалганы цоожийг нэг юмаар хөшиж онгойлгоод гэрт нь орсон. Гэрт нь ойролцоогоор 15 минут болсон. Тэгээд би ээж рүүгээ утсаар хэлсэн. Тухайн хүн нь манай айлаас цэнхэр өнгийн цүнх авч гарсан. Өөр ямар нэг зүйл авсан эсэх цүнх дотор юу байсан талаар надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Есөнтөмөрийн өгсөн: ...Тус өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 12-216 тоотод манай хажуу айлын хаалганы цоожийг эвдээд хүн юм аваад явчихлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлага ирсэн даруйд очоод хажуу айлынх нь охин байсан ба хаалганы цоожийг буцаагаад зүүсэн. Тэгээд бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан. Тухайн үед хажууд айлын охин нь гар утсан дээрээ тухайн хулгай хийсэн хүний зургийг дарсан байсан ба тухайн зураг дээр хулгай хийсэн хүн нь шар канттай өмдтэй байсан ба зурагны дагуу эрэн сурвалжлалт хийн ажиллахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Ус сувгийн баазын хажууд шар өнгийн канттай өмдтэй жижиг хар цүнхтэй хүн явж байсан ба тухайн хүнийг шалгахад жижиг хар цүнхэнд тоон систем байсан. Тухайн хүнийг аваад хулгай орсон гэх айлд эргүүлэн очиж гэрт байсан гэх хүнд тоон системийг үзүүлэхэд тухайн хүн нь мөн байна гэсэн. Тэгээд хулгай хийсэн гэх хүнийг саатуулах байранд хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Соронзонболдын өгсөн: ...Махаа авахаар орж ирэхдээ нэг дугуйтай цүнх оруулж ирээд энийг авах уу гэж асуусан. Тухайн үед би сонирхоогүй байсан болохоор нэг их анзаараагүй байж байтал манайд байсан хамт ажилладаг Гуйлаа буюу Батсуурь нь эхнэрийн хамтаар сонирхоод асууж байсан. Тэгээд Гуйлаа нь 7000 төгрөг өгөөд тэр цүнхийг авсан. Тухайн үед би тэр хүнээс хулгайн юм биш биз дээ гэж асуухад биш ээ ах надад цүнх өгсөн юм гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

            - “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллагын хохирогч Х.Оюунбаатарын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 32-33 дугаар тал/,

            - Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 35, 37 дугаар тал/,

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40-41 дүгээр тал/,

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ш.Х : ...Хашаанд ороход таван ханатай Монгол гэр Хятад жижиг цонхоор цоожилсон байсныг гараараа тугтарч онгойлгосон. Гэр рүү ороод гэрийн зүүн талын тогооны шүүгээний урд байсан цагаан алаг өнгийн том чирдэг дугуйтай, бариултай цүнх байсныг авсан. Цүнхэн дотор гэрийн зүүн талын авдар дээр байсан хар өнгийн телевизийн станцыг аваад цүнхэнд хийгээд гэрээс гарч хаалгыг нь хаагаад цоожийг нь буцааж зүүгээд түгжиж орхисон...

...Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №36 дугаартай Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагийн гаргасан тогтоолтой танилцсан. Надад асууж тодруулах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64, 84-85 дугаар тал/,

- Шүүгдэгч Ш.Х  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52, 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ш.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Монел 12-р гудамжны 216 тоотод оршин суух иргэн Х.Оюунбаатарын эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг эвдэн чирдэг гар цүнх, тоон кабелийн төхөөрөмж, Луи виттон брэндийн гар цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 225.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Оюунбаатар, гэрч Б.Жамсран, насанд хүрээгүй гэрч О.Нарангоо, Г.Есөнтөмөр, яллагдагчаар өгсөн Ш.Х нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Х-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Оюунбаатарын алдагдсан эд зүйлсийг биет байдлаар нь хүлээлгэж өгсөн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн шатанд хохирогчийн үлдэгдэл хохирол болох 108.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ш.Хатанбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 40-41, 104-105 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Ш.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийг хэрэглэн ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Ш.Х 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс  яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба 2019 оны 03 дугаар сарын  28-ны  хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. /хх-ийн 72-73, 97-98 дугаар тал/

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ш.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш.Х 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Х оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ш.Х  цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Х урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ