Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00890

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00890

 

 

************гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/00858 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ************гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************, ***************-д холбогдох,

342,341,823 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ***************-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, хариуцагч ***************-ийн өмгөөлөгч ***********, **********, хариуцагч *************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

***************-тай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 55,000 ам.долларыг 12 сарын хугацаатайгаар 1,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутмын гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангийг 0.5 хувиар тооцож зээлдүүлсэн.

Зээлсэн 55,000 ам долларыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ханшаар тооцоход 193,988,850 төгрөг болдог. Гэрээнд заасны дагуу хүүгийн төлбөрийг тооцоход 34,239,032 төгрөг болсон. Гэрээний нийт үүрэг 228,227,882 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги тооцоход 114,113,941 төгрөг болсон. Иймд 342,311,823 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *************гийн татгалзал, тайлбарын агуулга:

*************гийн хувьд ************гаас мөнгө зээлэх хүсэл сонирхол байгаагүй. 55,000 ам.долларыг зээлэх хүсэл сонирхол нь ***************-ийн хүсэл сонирхол буюу н.Болортунгалаг ярьж тохирч гэрээг бэлдсэн байсан. Энэ шалтгаанаар компанийн тамга тэмдэг дарагдаж, хүүг компани төлж байсан. Дээрх зээлийг ***************-ийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн 16-р хороонд баригдаж буй барилгад зарцуулагдсан мөнгө учир ************гаас зээлсэн мөнгийг буцаан төлөх баталгаа болгож, баригдаж буй барилгаас 2 орон сууцны захиалгын гэрээг давхар хийж баталгаажуулсан.

Иймд дээрх зээл надад хамааралгүй, *************** нь зээлийг эргүүлэн төлөх, барьсан барилгын орон сууцаараа хариуцна гэжээ.

 

3. Хариуцагч ***************-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Тус компани иргэн ***********гаас хөрөнгө оруулалт авахаар тохирсны дагуу *********** нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эхний хөрөнгө оруулалт болох 55,000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 2,850 төгрөгөөр тооцоход, 156,750,000 төгрөгийн санхүүжилт хийснийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан.

***********гийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үүднээс ***************-ийн 50 хувийн хувьцааны эрхийг ***********гийн төрсөн хүү *************д шилжүүлж, *************г 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Хэрэв *************** нь хөрөнгө оруулалт хайгаагүй, зээл авах байсан бол хөрөнгө оруулагч ***********гийн хүү *************д хуулийн этгээдийн 50 хувийн хувьцааг шилжүүлэх, *************г гүйцэтгэх захирлаар томилох шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү 55,000 ам.доллар нь ***************-ийн хувьд зээл биш, хөрөнгө оруулалт байсан.

*********** нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгө оруулагч, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Болортунгалагтай харилцан тохиролцон өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын эрхээ Б.Болортунгалагт шилжүүлснээр ***********гаас хөрөнгө оруулалт авсан харилцаа дуусгавар болсон. Одоо *********** болон ***************-ийн хооронд өглөг, авлагын харилцаа байхгүй.

Иймд *************** нь нэхэмжлэгч ************тай зээлийн гэрээ байгуулаагүй, түүнээс мөнгө зээлээгүй, зээлийн гэрээний оролцогч биш тул ***************-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч ***************-аас 312,807,021 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************д олгож, нэхэмжлэлээс үлдэх 29,534,802 төгрөг, хариуцагч *************д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч ************гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,869,660 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ***************-аас 1,721,985 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч ***************-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийн талаар мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг илтэд зөрүүтэй байхад гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг аваагүй, нэгдмэл ашиг сонирхолтой аав /гэрч ***********/, хүү /хариуцагч Н. ******/, хадам дүү /нэхэмжлэгч ************/ зэрэг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн мэдүүлэгт үндэслэн хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль бус шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхээс "*************г яагаад гүйцэтгэх захирлаар томилов. *********** гэх этгээд яагаад энэхүү хэрэгт хамаарал бүхий этгээдээр оролцож байгаа вэ, компани зээл авах зорилготой байсан бол яах гэж хувьцаа, компанийн эрхийг өөр хүнд шилжүүлж өгөөд байгаа" зэрэг үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үнэлэхгүй, дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж, зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлгийг үнэн зөв мэтээр дүгнэн, зээл авсан зээлдэгч этгээд *************гийн "************" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрх мэдлээ ашиглан, зээлийн гэрээний нэг нүүрэнд компанийн тамга дарсан байдлыг "************" ХХК нь зээл авсан байна, зээлийн гэрээний дагуу хүү төлөх, алданги төлөх үүрэг хүлээсэн байна гэж дүгнэж байгааг зөвшөөрөх боломжгүй.

5.2. Хэрэв "************" ХХК нь зээл авах байсан бол гэрээнд "************" ХХК-ийн талаар тодорхой тусгагдах бөгөөд гэрээ баталгаажуулах хэсэг буюу гэрээ байгуулсан хэсэгт компанийн тэмдэг албан ёсоор дарагдаж, тус гэрээнд компанийн хаяг, утасны дугаар, зээлийн зориулалт зэрэг тусгагдаж, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулга хавсаргагдах ёстой байсан.

Гэтэл гэрээнд зээлдэгч ********* овогтой ****** гэх талаар тодорхойлж, зээлдэгчийг Монгол Улсын иргэний бүртгэлийн регистрийн У396032454 дугаараар тодорхойлж бичсэн байх ба нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "************ нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээг *************тэй байгуулж, 55.000 ам.доллар зээлсэн" гэх талаар тодорхой дурдсан байгааг шүүх үнэлээгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгсөн баримтад хавсаргасан зээлийн тооцоолол гэх баримтад зээлийн хүүгийн төлбөрт 9,088,59 ам. доллар төлөгдсөн гэж нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч баримт гаргасан байхад, энэ баримт нь шүүхийн шийдвэрт мөн л үнэлэгдээгүй үлдсэн байна.

5.3. Гэрч ********, *********** нарыг тус тусад нь шүүх хуралдааны бус үед гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг нь хоорондоо илтэд зөрүүтэй, үйл баримтыг хоёр өөр байдлаар тайлбарлан ярьсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасны дагуу гэрч нарыг шүүх хуралдааны шатанд дахин дуудах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах талаар хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгч ************, хариуцагч Н. ****** нартай гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох ***********гийн мэдүүлгийг үнэлж хууль бус шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, "************" ХХК-аас 312,807,021 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Компани гэрээ байгуулаагүй, ************* гэрээ байгуулсан талаар зөрүүтэй тайлбар гарч байна гэх үндэслэл анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн тул тухайн үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гараагүй.

Компанийн тамга дарж байгаа гэрээ хэлцэлтэй хамт 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ болон орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээнд *************, Б.Болортунгалаг нар гарын үсэг зурсан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байсан.

Хуульд заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцсэн тохиролцсон нөхцөл байдал байхгүй. Харин зээлийн гэрээний хэрэгцээ шаардлага байсан, компани зориулалтын дагуу ашигласантай холбоотой маргаан байхгүй. Хөрөнгө оруулалтын хэлцэл хийгдсэн бол өөр ямар нэгэн үйл баримтаар нотлогдох, тайлбарлагдах баримттай байх ёстой.

Хөрөнгө оруулалтын гэрээг *********** байгуулсан тул ************* хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Өөрсдөө авч ашигласан мөнгийг өөрсдөө хариуцахгүй гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Зээлийн гэрээнд тамга дарж, баримт үйлдсэн бөгөөд тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул хариуцагчаас гаргуулах ажиллагаа хийгдсэн. ************д төлбөр төлөхдөө *************** хүүгийн төлбөр гэж төлдөг.

Зээл өгч авалцах нөхцөл байдлаас өмнө баталгааны асуудал яригдаж, баталгаа хийсэн тул зээл өгч байсан болох нь нотлох баримтуудаас харагдана. ***********д *************гийн өмнөөс гэрээ байгуулах эрх олгогдоогүй.

Гэрч нүүрэлдүүлэх талаар анхан шатны шүүх хуралдаанд талууд мэтгэлцсэн. Гэтэл гэрчийн мэдүүлгийн аль хэсэг зөрүүтэй байгаа талаар асуухад тодорхой хариу өгдөггүй. Гэрчийн мэдүүлэг хоорондоо таардаг. Иймд энэ мөнгийг хариуцахгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хөрөнгө оруулалтын зориулалттай зээл олгосон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ************ нь хариуцагч *************, ***************-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 342,341,823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргахдаа харилцан эсрэг тайлбарыг гаргажээ.

Тухайлбал, *************гийн зүгээс зээлийн гэрээг компанийг төлөөлж байгуулсан гэж, ***************-ийн зүгээс *************гийн эцэг *********** тус компанид хөрөнгө оруулалт болгож уг зээлийг авсан гэж тус тус тайлбарласан.

3. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоогоогүй, зохигчийн маргааны зүйл болж буй хамтран ажиллах гэрээний талаар шүүх дүгнэлт өгч хянан шийдвэрлэх нь эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлж болзошгүй этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг зохигчоос тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

3.1. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр ************ нь 55,000 ам.долларыг сарын 1,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, ************* нь зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ /1хх 4-6/.

Уг гэрээг байгуулахад ************* нь ***************-ийн захирал байсан ба гэрээнд тухайн компанийн тамга дарагдсан байна.

3.2. ***************-ийн захирлаар ************* 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан ба мөн компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бүртгэлтэй байжээ.

Энэ талаар гэрч Б.Болортунгалаг Манай нөхөр **********тай *********** нь уурхайд хамтран ажиллах болоод *********** нь оруулсан хөрөнгө оруулалтаа татаад тэр төлбөрөө манай талаас барагдуулсан гэж үзсэн учраас би ***************-ийн хувьцаанд орсон. *********** нь 55,000 ам.долларыг авчирч хийсэн. Яагаад хөрөнгө оруулалт гэдэг нь юугаар батлагдаж байна вэ гэхээр *********** нь хүүгээ тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр оруулсны дараа 55,000 ам.долларыг өгч байсан гэх мэдүүлэг өгсөн /1хх 227-231/.

Гэрчийн мэдүүлэгтэй холбоотой **********, *********** нарын хооронд байгуулагдсан 2021 оны хөрөнгө оруулалтын зардлыг тусгасан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хамтын ажиллагааны гэрээ, ************гаас 2021 оны 05 дугаар сард авсан 55,000 ам.долларын талаар тусгасан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагдсан /2хх 1-3,11/

3.3. Иймд ************гаас зээлийн гэрээний дагуу ***************-ийн хүлээн авсан 55,000 ам.доллар нь ***********гийн тухайн компанид оруулсан хөрөнгө оруулалтын харилцаанд хамаарч байгаа эсэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоох нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байна.

3.4. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар дээр дурдсан үйл баримтын талаар зохигчоос тодруулаагүй, энэ талаар мэтгэлцүүлээгүй. Мөн хамтран ажиллах гэрээний талаар шүүх дүгнэлт өгч хянан шийдвэрлэх нь эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлж болзошгүй этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг зохигчоос тодруулаагүй байна.

3.5. Дээрх үйл баримтыг тогтоосноор ************гийн *************тэй 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдсэн эсэх, эсхүл ***************-ийн хүсэл зоригийн дагуу байгуулсан эсэх талаар шүүх дүгнэлт өгч, холбогдох эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх боломжтой.

Энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

4. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/00858 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ***************-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,721,985 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ