Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 тоотод байрлах, “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 41-702 тоотод оршин суух, ВК52052300 дугаарын регистртэй, Боржигон овогт Пүрэвийн Амарбаярт холбогдох,

 Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

   

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Отгонзаяа нь манай байгууллагатай 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” 1186818 тоот гэрээ байгуулж 98371913 үйлчилгээний дугаар бүхий 240 000 төгрөгийг үнэтэй NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20 000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 140 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140 000 төгрөг, алданги 70 000 төгрөг, нийт 210 000 төгрөгийг Л.Отгонзаяагаас гаргуулж өгнө үү өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрахаас шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Хариуцагч Л.Отгонзаяа нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд ирэх боломжгүй тул хариуцагчийг түүний ээж П.Амарбаяраар сольсон. Хариуцагч П.Амарбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Амарбаяраас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Жи-мобайл” ХХК-иас төхөөрөмж зээлээр авсан нь үнэн. Нэхэмжилсэн 210 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2016 оны 7 сарын 05-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210 000 төгрөгийг хариуцагч П.Амарбаяраас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.Амарбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 210 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6 950 төгрөгийн 3 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 475 төгрөгийг хариуцагчаас, 3 475 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 210 000 төгрөгийг хариуцагч П.Амарбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6 950 төгрөгийн 3 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 475 төгрөгийг хариуцагчаас, 3 475 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.