Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00780

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00780

 

 

 

2024 04 15 210/МА2024/00780

 

******* сууц өмчлөгчдийн

холбооны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/01096 дугаар шийдвэртэй

******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******д холбогдох

Дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 2,447,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн 26-р хороо, Хүннүгийн гудамж, ******* сууц өмчлөгчдийн холбоонд 421, 422, 423, 424, 426, 427, 428, 430 гэсэн 8 нийтийн зориулалттай орон сууц хамаардаг. ******* сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 онд байгуулагдаж, бүх гишүүдийн хурлаар хогны төлбөр 2,000 төгрөг, цахилгаан шат 5,000 төгрөг, цэвэрлэгээ 10,000 төгрөг, засвар үйлчилгээг 1 м.кв тутамд 300 төгрөг, гэрэлтүүлэг 2,000 төгрөг, харуул хамгаалалт 5,000 төгрөг, баримтны төлбөр 150 төгрөг, авто зогсоол дан 20,000 төгрөг, авто зогсоол давхар 30,000 төгрөг байхаар үнэ тарифыг мөрдөхөөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу *******гийн нэг сард төлөх төлбөр 66,090 төгрөг юм.

Уг үнэ тарифыг 2023 оны 5 сарыг дуустал мөрдсөн. Тус сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 04 сарын 02-ны өдрийн тогтоолоор хогны төлбөрийг 4,000 төгрөг, цахилгаан шатыг 7,000 төгрөг, гэрэлтүүлгийг 5,000 төгрөг, харуул хамгаалалтыг 7,000 төгрөг болгон нэмэгдүүлж, энэхүү үнийг 2023 оны 6 сараас эхлэн мөрдөхөөр шийдвэрлэж, одоог хүртэл хэрэгжүүлж байна. Сүүлчийн шийдвэрийн дагуу *******гийн нэг сард төлөх төлбөр 77,090 төгрөг юм.

******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг 2021 оны 4-12 сар хүртэл 594,810 төгрөг, 2022 оны 1-12 сар хүртэл 817,080 төгрөг, 2023 оны 1-10 сар хүртэл 727,400 төгрөг, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал 308,360 төгрөг, нийт 2,447,650 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Иймд уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, *******ы ******* байрны ******* оршин суудаг. Мөн би 2020 оны 9 сарын 07-ны өдрөөс тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажилласан. 2021 онд төлбөргүй байсан. 2022-2023 онд Удирдах Зөвлөлийн дарга, гишүүдэд цалин урамшуулал олгохгүй, ажлын үр дүн ачааллыг харгалзан СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гарч, оны эцэст Төрийн банкны тооцооны төвд хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар албан тоот явуулсан. Тухайн онд тооцоог нийлэн СӨХ-ны төлбөрийг хааж ирсэн ба миний бие Удирдах зөвлөлийн даргаар ажилласан хугацаандаа цалин хөлс авдаггүй, харин дээрх шийдвэрээр 106 тоотын төлбөрөөс чөлөөлөгдөж байсан. Гэтэл төлбөрөөс чөлөөлөгдөж байсан үеийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал гэх ******* нь тус СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Мөн бүх гишүүдийн хурлаар асуудлыг шийдвэрлэх байтал ирцгүй, оролцоогүй хүний гарын үсгийг нөхөж цуглуулсан зэрэг хууль бусаар СӨХ-ны төлбөрийг нэмсэн. Би энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гарган эрүүгийн хэрэг үүссэн байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 2,447,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 59,080 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,080 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх *******г нэхэмжлэгч ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал гэж үзэж нэхэмжлэлийг хангах нэг үндэслэл болгосон нь буруу. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн /цаашид СӨХ-ны хууль гэх/ 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхлэх ёстой. Гэтэл ******* нь удирдах зөвлөлтэй гэрээ байгуулаагүй тул СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүргийг гуйцэтгэх эрхгүй юм. Иймд ******* нь СӨХ-өө төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тул уг хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгох байв.

4.2. Шийдвэрт ******* нь 2,447,650 төгрөгийг төлөөгүй үйл баримтад маргаагүй гэжээ. Ялангуяа тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2023 оны 04 сарын 02-ны өдрийн 23/01 тоот хуурамч тогтоолоор мөн оны 06 сарын 01-ний өдрөөс мөрдсөн гэх үнэ тогтоосон зардлыг зөвшөөрөх боломжгүй. Учир нь СӨХ-ны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр заасан байтал Удирдах зөвлөл ийнхүү тогтоох, шинэчлэх эрхгүй. Тус СӨХ-ны дүрмийн 5.5.11-д зааснаар Удирдах зөвлөл нь дундын өмчлөлиийн эд хөрөнгийн засвар, хамгаалалту үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах эрхтэй мэтээр хуулиас давсан заалт оруулж хууль зөрчсөн байна.

4.3. Дээрх Удирдах зөвлөлийн 2023 оны 04 сарын 02-ны өдрийн 23/01 тоот хуурамч тогтоолын талаар ******* нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2024.02.02-ны өдрийн 240600707 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тул шүүх тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох байв. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* ч энэ талаар шүүх хуралдаан дээр уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгааг хүлээн зөвшөөрсөн.

4.4. Анхан шатны шүүх СӨХ-ны хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.9-д заасныг буруу тайлбарлан СӨХ-ны Удирдах зөвлөл нь дундын өмчлөлиийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилах эрхтэй мэтээр үндэслэлгүй дүгнэж нэхэмжлэлийг хангасан. Гэтэл СӨХ-ны хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.9-д зааснаар СӨХ-ны Удирдах зөвлөл нь зөвхөн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх асуудлын талаар л хэлэлцэх эрхтэй юм.

4.5. Шүүх СӨХ-ны Удирдах зөвлөл дундын өмчлөлиийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах эрхтэй мэтээр үндэслэлгүй дүгнэж нэхэмжлэлийг хангасан атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5-д СӨХ-ны мөрдөх үнэ тарифыг нэмсэн нь хууль бус эсэх асуудал нь энэ иргэний хэрэгт хамааралгүй, тусдаа шийдвэрлэгдэх асуудал" гэсэн нь ойлгомжгүй, шийдвэрийн үндэслэх хэсгийн бусад заалттай зөрчилдсөн байна.

Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн цагдаагийн байгууллагад удирдах зөвлөлийн гишүүдтэй холбоотой асуудлаар гомдол шалгагдаж байгаа бөгөөд хариуцагчийн төлөх ёстой төлбөрийн маргаантай энэ нь хамааралгүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэнэ/ нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 2,447,650 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн тогтоолоор СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөгдсөн, гүйцэтгэх захирал гэх ******* нь Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдсэнийг эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагч *******гаас 2,447,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. ******* нь ******* СӨХ-г Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 12 дугаар зүйлийн 12.4.4-т тус тус зааснаар төлөөлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан ******* СӨХ-ны 2021 оны 10 сарын 01-ний өдрийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. ******* нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, *******ы ******* байрны ******* оршин суудаг талаар маргаагүй.

6. ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2020 оны 09 сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолын 1-р хавсралтаар СӨХ-ны дүрмийг, 2-р хавсралтаар СӨХ-ны гишүүн айл бүрээс татан төвлөрүүлэх дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлын хэмжээг 68,090 төгрөг байхаар тогтоожээ. Мөн *******" СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2023 оны 04 сарын 02-ны өдрийн 23/01 тоот тогтоолоор гэрээт байгууллагаар гүйцэтгүүлдэг дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардлын хэмжээг нэмэгдүүлэн 77,090 төгрөг байхаар баталж, 2023 оны 6 сараас эхлэн дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6.1. СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар баталсан холбооны дүрмээр Удирдах зөвлөлд тус СӨХ-ны дүрмийн 5.5.11-т зааснаар сууц өмчлөгчөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдон гарах зардлын хэмжээг тогтоон мөрдүүлэх эрхийг олгожээ. Иймд нэхэмжлэгч нь СӨХ-ны бүх гишүүдийн болон Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн хариуцагчаас 2021 оны 04 сараас 2024 оны 02 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг гаргуулахаар шаардсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.9, Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасанд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6.2. Хариуцагчийн Удирдах зөвлөлийн даргаар ажилласан хугацааны СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөгдсөн гэх татгалзал үндэслэлгүй болох нь Төрийн банк ХК-ийн Баянмонгол дахь салбарын 2024 оны 25-10 24/44 тоот албан бичгээр үгүйсгэгдсэн бөгөөд хариуцагч нь СӨХ-ны ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 2021 оны 04 сараас 2024 оны 02 сарыг дуусталх хугацаанд 2,447,650 төгрөгийн төлбөрийг төлөөгүй нь мөн банкны Баянмонгол дахь салбарын 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 25-10 24/19 тоот, түүний хавсралт төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдсон байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 2,447,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзсан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Нэхэмжлэгч ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал ******* нь Удирдах зөвлөлийн 2023 оны 04 сарын 02-ны өдрийн 23/01 дугаартай тогтоолыг хуурамчаар үйлдэж дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг үндэслэлгүй нэмэгдүүлсэн гэх асуудлаар хариуцагч талаас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, уг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэх үндэслэлээр энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй гэх татгалзал, давж заалдах гомдол нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлд зааснаар сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих сууц өмчлөгчийн зардлыг төлүүлэхээр тухайн сууц өмчлөгчдийн холбооны шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.

7.1. Учир нь Иргэний хуулийн 143, 147 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах, сууц өмчлөгчдийн нийтлэг эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг этгээд юм.

7.2. Иймд сууц өмчлөгч буюу хариуцагч ******* нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний өөрт ногдох зардлыг төлөхөөс татгалзах, тогтооосон хугацаанд төлөхгүй байх нь тус ******* СӨХ-ны үйлчилгээг авдаг нийт оршин суугч, өмчлөгчдийн нийтлэг эрх, ашигт хохирол учруулах, СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үр дагавартай.

7.3. Харин хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн цагдаагийн байгууллагаас эрүүгийн журмаар шалгаж буй ажиллагаанд энэ шийдвэр саад болохгүй. Хэрэв гомдол үндэслэлтэйг эрүүгийн журмаар шалган тогтоосон нөхцөлд шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах боломжтойг дурдах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/01096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ