Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Ундрам төв 203 тоотод байрлах, “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 46 дугаар гудамж, 979 тоотод оршин суух, ПП75012210 дугаарын регистртэй, Яргай овогт Мигжингийн Алтанцөгцөд холбогдох,

Зээлийн төлбөрт 3 410 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Алтанцөгц нь “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-иас 2015 оны 8-р сарын 31-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан Хьюндай Портер маркийн 49-91 УБМ улсын дугаартай автомашинаа барьцаалан 3 000 000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Ингээд 2015 оны 9 сарын 14-нд 250 000 төгрөгийг зээлд төлсөн. 2015 оны 9 сарын 29-нд үндсэн зээл 50 000 төгрөг төлж, хүүнд 210 000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 2 700 000 төгрөгийг 2015 оны 9 сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай сунгаж хүү нь 189 000 төгрөг болсон. 2015 оны 10 сарын 13-нд үндсэн зээлээс 250 000 төгрөгийг, 2015 оны 10 сарын 29-нд 71 000 төгрөгийг хасуулсан. Хүү болох 189 000 төгрөгийг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 2 379 000 төгрөгийг 2015 оны 10 сарын 30-наас 2015 оны 11 сарын 28-ныг хүртэл 30 хоногийн хугацаатайгаар сунгасан. Хүү нь 166 500 төгрөг болсон…..Иймд М.Алтанцөгцөөс үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдсэн 2 379 000 төгрөг, хүү 166 500 төгрөг, алданги 68 хоногийн 865 300 төгрөг, нийт 3 410 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Алтанцөгцөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-иас 3 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэ компанийн нэхэмжилж байгаа үндсэн зээл 2 379 000 төгрөг, хүү 166 500 төгрөг, алданги  865 300 төгрөг, нийт 3 410 800 төгрөгийг төлөх нь үнэн. Нэхэмжлэлийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргах 14 хоногийн хугацаа шаардлагагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шинэ өрнөх бүтээмж” ХХК нь зээлийн төлбөрт 3 410 800 төгрөгийг М.Алтанцөгцөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Алтанцөгц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 3 410 800 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 69 600 төгрөгийн 34 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34 800 төгрөгийг хариуцагчаас, 34 800 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Шинэ өрнөх бүтээмж” ХХК-ийн нэхэмжилсэн 3 410 800 төгрөгийг хариуцагч М.Алтанцөгц төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 69 600 төгрөгийн 34 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34 800 төгрөгийг хариуцагчаас, 34 800 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.