| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0513/Э |
| Дугаар | 520 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Б.М ,
хохирогч Б.Номуундалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.М яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05663 0539 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.М
Холбогдсон хэргийн талаар:
Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 20 тоотод иргэн Б.Номуундалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 20 тоотод иргэн Б.Номуундалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах явцдаа түүний нүдний шил, “Тинк Пэд” маркийн зөөврийн компьютерийг хууль бусаар устгаж 593.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Миний буруу учраас хэргийн талаар ярих зүйлгүй. Яллах дүгнэлтэнд дурдсан зүйл үнэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Номуундалай мэдүүлэхдээ: Би зүгээр байж байгаад зодуулсан. Сая уншсан яллах дүгнэлтэнд дурдсан зүйл үнэн. 2018 оны 06 дугаар сарын 27-ны үүрээр 05 цагаас 05 цаг З0 минутын орчимд би өрөөндөө унтаж байхад хаалга нэг хүн чанга нүдээд байсан. Тэгээд би сэрээд хэн бэ гэхэд хажуу өрөөний залуу байна, чи хаалгаа тайл гэхээр нь яах гэж байгаа билээ гэхэд чамтай уулзмаар байна гэхээр нь одоо уулзаад байх юм байхгүй, маргааш уулзъя гэсэн. Гэтэл хаалга өшиглөөд ороод ирсэн. Найз нь гэж нэг залуу цуг орж ирсэн. Тэгээд зодоон эхэлсэн. Зодоон бол 20-30 минут орчим үргэлжилсэн. Би байрны дээд талын мансарданд амьдарч байсан ба доод талын айлуудын хаалгыг тогшиж тусламж хүсч цагдаа дуудсан. Цагдаа дуудах хооронд Б.М найзтайгаа зугтаасан. Намайг цагдаа дуудах хооронд манай өрөөнд орж хамаг эд зүйлийг бусниулсан байсан. Энэ зодоон 6 дугаар сарын 25-нд болсон. Би 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажил хийж чадаагүй, гэхдээ энэ хохирлыг тооцоогүй. Би эд хөрөнгөнд учирсан хохирлоо болон эрүүл мэндэд учруулсан хохирлоо нэхэмжилж байна. Б.М энэ хугацаанд надад 350.000 төгрөгийг төлсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Номуундалайн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 27-ны өглөө үүрээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 дугаар байрны 20 тоотод унтаж байтал өрөөний хаалга тогшсон. Нилээд чанга нүдээд байсан учир хэн бэ гээд асуусан дуугарахгүй байж байснаа хажуу талын өрөөний залуу байж байна гэсэн, би дараа уулзъя гэхэд хаалга нүдэж байгаад хажуу өрөөний залуу ганцаараа орж ирээд намайг хэл амаар доромжилж өөрийн эхнэртэйгээ хардаж зодох гэж дайрсан...тэгээд бид хоёр маргалдаж, барьцалдаж байтал тэр залуугийн найз нь бололтой бас нэг залуу манай өрөөнд орж ирсэн. Сүүлд орж ирсэн залуу харин зодоонд оролцоогүй хажуунаас салгах гээд байсан. Тухайн үед хажуу өрөөний Анарын нөхөр намайг гараараа энд тэндгүй цохиж, зодож мөн манай гэрт байсан хамаг юмыг авч над руу шидсэн. Намайг яагаад зодсон бэ гэвэл 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би амарч байсан ба хажуу өрөөний Анар мөн адил амарч байсан. Тэгээд би хажуу өрөөний хүнтэйгээ ярилцъя гэж бодоод түүнтэй танилцаад хоол хийж идээд, юм ярьж суугаад тэдний өрөөнд өөрийн хоолны тавгаа орхичихсон байсан. Тэгээд дараа нь би өрөөнд нь ороод тавгаа нэхэж авахад түүний найз залуу нь ирчихсэн байсан ба юун таваг юм гээд байсан. Үүнээс болж намайг эхнэртэйгээ хардаж зодсон...
...Одоо баримтаар надад эмчилгээ хийлгэсэн, эм авсан мөнгөний баримт 300.000 гаруй төгрөг болсон. Нийт 500.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эргээд гэр ороход миний TinkPad маркийн зөөврийн компьютерийг эвдсэн байсан. 2017 оны 06 дугаар сард АНУ-с хүнээс захиалаад 800.000 төгрөгөөр авч байсан. Одоо би 650.000 төгрөгөөр үнэлж байна. Нүдний шилээ би “Хос Тод мэлмий” эмнэлгээс 2017 онд 120.000 төгрөгөөр хийлгэсэн байсан ба би дахин хийлгэхэд үнэ нь өссөн гээд 148.000 төгрөгөөр хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-19 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Анарнямын өгсөн: ...Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 26-ны 23 цагийн үед нөхрийн найз Чулуунбаттай хамт бид гурав Сансарт архи ууж байгаад 27-ны шөнө 03-04 цагийн хооронд гэртээ орж ирчихээд байж байтал нөхөр хажуу талын залуу чинь яагаад дандаа сонин сонин зан гаргаад байдаг юм бэ, би орж уулзана гээд өрөөнөөс гараад хажуу өрөө рүү орсон. Тухайн үед би согтуу байсан ба маргааш өглөө нь ажилтай болохоор шууд унтах гэж байна. Тэгтэл удалгүй нөхөр орж ирээд энэ хүн чинь чиний найз юм уу, чамтай уулзаж байсан юм уу, чамайг найз аа гээд байна гэхээр нь би наад залууг чинь би танихгүй гэж наад залуу чинь зүгээр хажуу өрөөний хүн гэж хэлээд би чамтай маргалдмааргүй байна, би өглөө ажилтай чи яв гэж хэлэхэд нөхөр уурлаад гэрээс найзыгаа дагуулаад гараад явсан. Би нөхөр Б.М г хажуу өрөөний залуутай хэрэлдэж маргалдаж зодолдсоныг мэдээгүй. Тухайн үед согтуу байсан. Тэгтэл нөхрийг гарсны дараа хажуу өрөөний залуу орж ирээд чи нөхөртөө юу гэж хэлсэн юм бэ нөхөр чинь уурлаад байна шүү дээ гэж хэлж байсан. Тухайн үед хажуу өрөөний залуугийн нүд нь хавдаад хамарнаас цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Чулуунбатын өгсөн: ...Тэгээд бид 3 гэрт нь ороод унтах гэж байхад Б.М ороод уулзаадахъя гээд байсан ба эхнэр нь яах юм бэ гээд байсан. Тэгтэл Б.М намайг гэртээ сууж байгаарай гээд гараад явсан. Би ч тамхи татаад байж байтал Б.М хажуу айлыг хаалгыг нь нүдээд хүнтэй юм ярьж байсан ба 1-2 минут л болсон тэгтэл түжигнээд чимээ гарахаар нь би болохоо байлаа гээд Б.М дээр очиход Б.М үл таних залуутай зууралдаад газарт унаад өнхрөөд өрөөн доторх эд зүйл замбараагүй болсон байсан. Тэгээд би салгаад ам хэлээрээ учраа ол гээд эхнэртэй нь араас гараад ирэхээр нь юу болоод байгаа юм бэ гэхэд Б.М уйлаад намайг хөдөө ажилдаа явсан хойгуур Анарням энэ залуутай уулздаг юм шиг байна лээ гээд нөгөө залууг эхнэртэйгээ хардаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.М гийн: ...Би тэр оройноо тэр залуугаас ер нь яагаад ингээд байдаг юм бэ? үл таних залуутай уулзаад үзье гэж бодоод хаалгыг нь нүдэхэд хаалга нь онгорхой байхаар нь өрөөнд нь ороод хоёулаа уулзъя, яагаад манай эхнэрийн хаалгыг тогшоод байгаа юм, ямар санаа зорилготой ингээд байгаа юм бэ гэж асуухад үл таних залуу миний өөдөөс уурлаад чамд ямар хамаатай юм бэ гээд зандрангуй над руу хэлэхээр нь бид барьцалдаж аваад хоорондоо бие биенээ цохиод дээр доороо оролцоод зодолдож байхад ширээн дээр байсан хар саарал өнгийн зөөврийн компьютер ширээн дээрээс унаж байгаа харагдсан. Тэгтэл хамт явж байсан найз Чулуунбат эхнэрийн өрөөнөөс гарч ирээд намайг үл таних залуугийн өрөөнөөс орж ирээд намайг аваад гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8111 дугаартай шинжээчийн:
1. Б.Номуундалайн биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, баруун бугалга, нуруу, баруун шуунд цус хуралт, хамар, эрүү, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 31, 78-80 дугаар тал/,
- Зөөврийн компьтер болон харааны нүдний шилийг 593.930 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан /хх-ийн 39-40 дүгээр тал/
- Шүүгдэгч Б.М гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45, 46, 49-51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 27-ны үүрээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 20 тоотод иргэн Б.Номуундалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
мөн Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 20 тоотод иргэн Б.Номуундалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах явцдаа түүний нүдний шил, Тинк Пэд маркийн зөөврийн компьютерийг хууль бусаар устгаж 593.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Номуундалай, гэрч Б.Чулуунбат, яллагдагчаар өгсөн Б.М нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8111 дугаартай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 27-ны үүрээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 20 тоотод иргэн Б.Номуундалайг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах явцдаа түүний эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Прокуророос Б.М гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байх ба хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Хохирогч Б.Номуундалайн эд хөрөнгөнд 593.930 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан зэргээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М хохирогч Б.Номуундалайд 350.000 төгрөгийг төлсөн байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд 8000+120.000+ 25.000+35.640+2450+148.000+9000=348.090 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 31, 78-80 дугаар тал/,
Шүүгдэгч Б.М гаас 593.930 - 350.000 + 348.090= 592.020 төгрөгийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол зэргийн баримтыг ирүүлсэн ба уг хохирлоос шүүгдэгч Б.М 350.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл хохирол 592.020 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.М урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын өдөр Өршөөлийн хуулиар 1 жил 08 сарын хорих ялыг өршөөн суллагдаж байсан нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 46 дугаар тал/
Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.М д торгуулийн ял шийтгэлийг оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 1100 /нэг мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М д оногдуулсан 1100 /нэг мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М гаас /РД: / 592.020 /таван зуун ерэн хоёр мянга хорин/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Номуундалайд /РД: / олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ