Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 533

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл ҮД:04-63,

хохирогч Б.Түмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01311 0507 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Г

Холбогдсон хэргийн талаар:

М.Г нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундрах” нэртэй зочид буудалд буудлын ажилтан Б.Түмэнжаргалтай маргалдаж, улмаар түүний нүүрэнд цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай хоёр найз буудалд байна гээд дуудсан. Манай нэг найз Лхагвасүрэн нэмж орж ирнэ гээд 5000 төгрөг өгсөн. Тэгээд тэр буудалдаа нэг шил архи уусан. Дахиж доод талынх нь караокед пиво уучихаад буцаж өрөөндөө орж ирээд тэгээд ресепшн Түмэнжаргал эгчтэй маргалдсан. Архи дарс уулаа гэхээр нь мөнгөө өгсөн юм чинь гээд маргалдсан. Тэгээд гарахдаа цагдаа дуудна гэхээр нь Түмэнжаргалын нүүрэнд нь гараараа нэг удаа цохичихоод гараад зугтаасан. Хохиролд 400.000 төгрөгийг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Түмэнжаргал мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 13-ны орой энэ залуугийн найз гээд хоёр хүүхэн, нэг залуу орж ирээд хоёр ортой өрөө авсан. Тэндээс нэг хүүхэн нь яваад нөгөө хоёр нь хоносон. Би архи ууж болохгүй ээ, буудалд архидаж болохгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр унтлаа гээд, дахиад эгч ээ өрөөгөө сунгачихъя одоо манай нэг найз ирнэ тэгээд манай буудлын өрөөний мөнгийг төлчихнө гэсэн. Би тэр өдөр улираад гарч байсан учраас өрөөнүүдээ янзлаад явж байтал манай найз ирчихлээ гээд энэ залуутай орж ирсэн.  Би “та гурав ингэж хонохгүй шүү” гэтэл нөгөө залуу нь за гэсэн. Тэгээд удаагүй байж байтал энэ хүмүүс чанга, чанга орилоод, өрөөнийх нь гадна талаар явж байсан хүн танай энэ 302-т чинь хэрэлдэж шуугиад байгаа юм биш үү, хүмүүс чинь орилж чарлаад байна гэхээр нь очиж хартал нөгөө хүүхэн нөгөө хоёр залуугийнхаа хөлөн дээр нь хөлөө тавьсан сууж байсан. Та нар буудалд архидаж болохгүй ээ, нэгийгээ гарга гэтэл шүүгдэгч залуу чи муу юу гээд байгаа юм бэ, мөнгөө төлчихөөд байхад чинь, чам шиг буудлын янхан авгай олон юм ярьдаггүй шүү гэсэн. Тэр өрөөнд намайг түлхсэн. Яг дээд талд зурагт байсан. Би за больё, намайг цохичих юм шиг байна гээд гараад явах гэтэл миний араас гараад ирсэн. Чи цаанаа зогсож бай, би хаалга онгойлгочихъё гэж би энэ залууд хэлсэн чинь шууд миний нүүр рүү хоёр удаа цохисон. Би нүүрээ дараад тонгойсон чинь ар нуруу руу цохиж өшиглөсөн. Тэгээд хаалганы баруун талын вакум цонх хагалаад шилний завсраар гараад зугтаасан. Энэ хэрэг гараад хоёр сар болоход нэг ч удаа уучлалт гуйгаагүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Түмэнжаргалын өгсөн: ...Ингээд өрөөндөө чанга чанга дуугараад байхаар нь өрөөнд ороод шаардлага тавих гэтэл сүүлд ирсэн залуу нь над руу хэл амаар доромжлоод байхаар нь би тэр залууд хандаж чи ингээд гарчих, та нар гурвуулаа байж болохгүй гэж тайлбарлахад сүүлд орж ирсэн залуу нь миний урдаас муу пизда авгай минь тэгвэл өрөөнийхөө мөнгийг аваад гармаар байна гэхээр нь тэгж болохгүй гэтэл над руу дайрахаар нь би түлхчихээд өрөөнөөс гартал миний араас гарч ирснээ намайг түлхээд гараараа миний нүүр рүү нэг удаа цохихоор нь тонгойсон чинь миний нуруу руу хөлөөрөө нэг удаа цохисон. Ингээд гарч гүйх гэж байгаад хаалттай байсан вакум хаалгыг гараараа 4-5 удаа цохиж хагалчихаад зугтаасан юм. Хамар гэмтсэн, толгой маш их өвдөж байна...

...Би үл таних хүнд зодуулсны улмаас 260.000 төгрөгөөр эм тариа авсан. Ажилдаа явж чадаагүй 7 гарааны 245.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үл таних залуу миний хамар руу цохисноос болоод миний хамар мурийсан ба би мөнгөгүйн улмаас хамараа тэгшлүүлж чадаагүй. Би хамар тэгшлүүлэхэд гадуур ямар үнэтэй байдаг талаар эмнэлгүүдээс яваад асуухад 4.000.000-7.000.000 төгрөгийн үнэтэй байдаг гэсэн. Миний биед гэмтэл учруулсан залуу над руу нэг ч удаа яриагүй, надтай уулзаагүй. Үл таних залуу хагалсан вакум хаалгаа янзалж өгсөн гэсэн. Тийм болохоор эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Лхагвасүрэнгийн өгсөн: ...Тэгтэл М.Г бид нар мөнгөө өгсөн биз дээ одоо явлаа би гарлаа гэж хэлсэн. Тухайн үед буудлын ресепшн бид нартай муухай харьцсан. Тэгээд М.Г буудлын ресепшнтэй маргаж байгаад буудлаас гарах гэтэл буудлын ресепшн нь гаргахгүй цагдаа ирэхээр гар гэж хэлэхээр нь М.Г буудлын вакум хаалганы шилийг нь хагалаад зочид буудлаас гараад явсан. Тэгтэл удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Одгэрэлийн өгсөн: ...Тэгтэл найз М.Г буудлын ресепшнийг та үйлчлүүлж байгаа хүмүүсээ ингэж болохгүй, бид нар ямар нэгэн асуудал гаргаагүй, та ямар муухай ааштай юм бэ гэж хэлсэн байх аа. Тэгтэл буудлын ресепшн М.Г хоёр  маргалдаж байгаад бие биенийхээ араас гараад явсан. Тэр хоёрын араас Лхагвасүрэн гарсан, араас нь би гарахад зочид буудлын вакум хаалга нь шил нь жижигхэн хагарсан байсан ба буудлын ресепшн гэх эмэгтэй нь би зодуулчихлаа гээд орилоод байсан. Найз М.Г гараад явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2407 дугаартай шинжээчийн:

1. Б.Түмэнжаргалын биед хамрын нуруунд шарх, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Гын: ...Тухайн үед согтолт ихтэй байсан болохоор би зарим нэг зүйлийг нь санахгүй байна. Би ресепшн эгчтэй маргалдаж байгаад буудлаас гарахдаа түүний нүүр рүү нь нэг удаа цохиод дараа нь вакум хаалгыг нь хагалаад гараад явсан. Би маргааш нь очоод уг зочид буудлын вакум хаалганы шилэн хаалгыг нь янзалж өгсөн. Би одоогоор ажилгүй байгаа. Ажил хийж байгаад хохирогчид учирсан хохирлыг төлнө гэж бодож байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/,

- Шүүгдэгч М.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23-24 дүгээр тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 19, 37 дугаар тал/,

- Хохирлын 400.000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            М.Г нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундрах” нэртэй зочид буудалд буудлын ажилтан Б.Түмэнжаргалтай маргалдаж, улмаар түүний нүүрэнд цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Түмэнжаргалын болон яллагдагчаар өгсөн М.Г нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2407 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Түмэнжаргал нь хамраа тэгшлүүлэх шаардлагатай гэж 1.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч түүнийгээ нотлосон бичгийн баримтыг ирүүлээгүй байх ба Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2407 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Түмэнжаргалын биед хамрын нуруунд шарх, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэж тэмдэглэгдсэн тул нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

            Мөн ажилдаа явж чадаагүй 7 гарааны 245.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч “Ундрах” нэртэй зочид буудлын ажилтан болохыг тодорхойлсон бичгийн баримт, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан талаарх эмчийн магадлагаа зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул цалин хөлсийг гаргуулах  боломжгүй байна.

            Хавтаст хэрэгт хохирогч Б.Түмэнжаргал нь шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 8000 төгрөгийг, ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн 35.000 төгрөг нийт 42.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн, шүүгдэгч М.Г нь 400.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн тул хохирогчид одоогоор баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 19, 37, 49, 54 дүгээр тал/

            Хохирогч Б.Түмэнжаргал өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Түмэнжаргал нь өөрт учирсан хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ