| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0546/Э |
| Дугаар | 544 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Э яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00023 0082 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Э
Холбогдсон хэргийн талаар:
М.Э нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 48 дугаар сургуулийн баруун замд “Тоёота -Марк-Х” маркийн 88-42 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Ганцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн тул хэргийн талаар ярихгүй. Хохирогчийн хохиролд 1.952.090 төгрөгийг төлж барагдуулсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 9-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ганцэцэгийн өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд гэрээс гараад автобусанд суугаад Сансарын ШТС дээр буугаад доошоо уруудаад зорчих хэсгийн зүүн талаар алхаж яваад 48 дугаар сургуулийн явган хүний гарцаар баруун зүгт гарч явтал миний баруун талаас цагаан өнгийн машин ирж мөргөсөн. Би дагзаараа хойш саваад унасан, нөгөө машины жолооч бууж ирээд намайг өргөөд машины хойд суудал дээр суулгасан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг явсан. Очоод үзүүлээд гэртээ буугаад жолооч утсаар залгаад орой ирж авна гэж хэлээд явсан. Би 16 цагийн үед цагдаа ирж мэдэгдээд 103 дуудаж дахиж үзүүлсэн, дараа нь хэргийн газарт очиж үзлэг хийсэн. Эмчилгээнд 460.000 төгрөг, ахуйн зардалд 300.000 төгрөг болсон. Одоогоор 100.000 төгрөг төлсөн. Ажил хийдэг хөл маань бэртсэн, ажилдаа 1 сар 2 хоног яваагүй, ажилдаа явахгүй байх өдрийн цалин, тэгээд нааш цаашаа явах замын зардал, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 805 дугаартай шинжээчийн:
1. Д.Ганцэцэгийн биед ахар сүүлний хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/,
- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн:
1. “Т.Марк-Х” маркийн 88-42 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Мягмарын Эрдэнэтуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Даваажавын Ганцэцэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Д.Батзориг гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Э-ийн: ...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад Т.Марк-х маркийн 88-42 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 40 минут халаагаад 11 цаг 40 минутын үед хөдлөөд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглээд явж байтал урдаа нар тусаад хурд сааруулагч дөнгөж өнгөрөөд эсрэг урсгалын машины ардаас явган зорчигч гарч ирсэн. Би явган зорчигчийг хараад тоормос гишгээд явган зорчигчийг мөргөсөн. Тэгээд би аваараа татаад явган зорчигчийг татаад яах вэ гэж асуутал эмнэлэг явъя гээд Гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан. Би хохирогчид эмчилгээний зардал 460.000 төгрөг төлсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр тал/,
- Шүүгдэгч М.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 77, 79 дүгээр тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 18, 25-30 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 48 дугаар сургуулийн баруун замд Тоёота Марк-Х маркийн 88-42 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Ганцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Ганцэцэг, яллагдагчаар өгсөн М.Э нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 805 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 87 дугаартай дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Эг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Э нь хохирогч Д.Ганцэцэгт 1.952.090 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Д.Ганцэцэг нь хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй тухай хүсэлтийг бичгээр гарган өгч, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 110-111 дүгээр тал/
Гэвч хохирогч Д.Ганцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч М.Э-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.Ганцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ