Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 543

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Ш.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш.Э яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 0132 50574 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш.Э

Холбогдсон хэргийн талаар:

Ш.Э нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Мамбадацан хийдийн гадна талын зогсоол дээр А.Одгэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүрэнд цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э мэдүүлэхдээ: Хэргийнхэээ талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Одгэрэлийн өгсөн: ...Миний бие 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Мамбадацан хийдийн гадна талын зогсоол дээр машинаа асаах гээд очсон чинь асахгүй байхаар нь уг зогсоол руу цагаан өнгийн “Premio” маркийн тээврийн хэрэгсэл орж ирэхээр нь холбоод асаагаад өгөөч гэсэн чинь 5000 төгрөгөөр холбож өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуу талд зогсож байсан “Prius-30” маркийн машины жолооч цаанаас ирж байхаар нь холбох гэтэл “Premio” маркийн машины жолооч бүх машинуудыг хаагаад тавьчихаад Гандан руу орох гээд явахаар харуул машинаа зогсоол руу оруулж тавь гэж хэлсэн чинь дуугарахгүй цааш яваад өгсөн. Тэгэхээр нь би очсон чинь намайг хоёр  гараараа хүзүү боосон чинь манай эхнэр Бямбадэлгэр ирж салгасан чинь надтай маргалдаж улмаар миний нүүрэн тус газар баруун гараараа цохисон. Тэгээд би барьж авсан чинь намайг тонгорч унагаасан. Манай эрэгтэй дүү Бямбадорж ирж салгаад цааш явсан. Тэгээд би машинаа холбоод байж байтал надтай муудалцаж байсан “Premio” машины жолооч бас нэг залуу шар өнгийн урт куртиктай залуутай ирж миний нүүр рүү баруун гараараа цохичихоод гандан руу гүйгээд орчихсон. Тэгээд би хамраас гарсан цусаа тогтоох гээд мөн машинаа холбож асаах гэж байсан чинь манай эгч Нансалмаа уг “Premio” машин дээр нь дугаар нь байхаар нь намайг цохисон залуу руу залгаж цагдаа дуудахаас өмнө учраа олъё гараад ир гэсэн чинь шууд тасалсан гэж байсан. Тэгээд би 13:32 цагт 102 руу залгаж цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Бямбадэлгэрийн өгсөн: ...Нөгөө машин хийдийн зогсоол дээр зай байсаар байтал зогсоолд тавилгүй машинаа тавиад явсан. Манай нөхөр тэр жолоочид хандан машинаа зогсоолд тавьчих гэхэд би удахгүй гараад ирнэ гээд цаашаа явахад нь дахиад машинаа зогсоолд тавьчих, машин холбох гэхээр саад болоод байна гэж хэлэхэд таны зогсоол юм уу гээд тэр залуу уурласан. Манай нөхөр жаахан хүүхэд байж яасан омогтой ууртай юм бэ гэхэд би ч гэсэн ахтай шүү гээд машин дээрээ ирсэн. Ингээд тэр хоёр муудалцаж хоорондоо хэрэлдэх үед манай нөхрийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, манай нөхөр эсэргүүцэл үзүүлж тэр хоёр  хоорондоо зодолдсон. Би тэр хоёрыг салгах гэж хажууд нь очиж нөхрийгөө татаж авсан. Энэ үед манай дүү Бямбадорж хажуугаас ирж нөгөө залууг цааш салгах үед хоёулаа уурлаад бие биерүүгээ дайраад байсан. Дахиж манай нөхрийг барьж аван газар унагаасан. Энэ үед машин холбох хүн ирээд би манай дүү эгч нар нөхрийг хориод нөхөр за одоо больё гээд больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Бямбадоржийн өгсөн: ...Тэгэхэд нөгөө хүн машинаа гарах гэж байсан зайнд тавиад явах гэхэд нь ах машинаа холдуулчих, одоо машин ирэхээр холбож асаана гэхэд би удахгүй очоод гараад ирнэ гэхэд ах бид нар яараад байна, арын зогсоол руу машинаа тавьчих гэхэд сүртэй пизда вэ гээд машиндаа суусан. Ах болон тэнд байсан манаач ах хоёр  машины цонхыг нь тогшоод арын зогсоолд тавьчих гэхэд машиныхаа хаалгыг онгойлгоод ахыг шууд нүүрэнд нь цохих шиг болсон. Би машиныхаа хажууд зогсож байсан. Тэр хоёр  шууд барьцалдаж авахад манай хоёр  эгч болиоч ээ гээд орилж би очиж салгасан. Би ахыг боль гээд баруун гараараа барьж авахад нөгөө хүн миний зүүн суган доор ороод бие биенээ цохих гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Зоригтсайханы өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 13:00 цагийн үед байх хийдийн машины зогсоол дээр цагаан өнгийн машин хөндлөн тавих гэхээр нь би очиж машинаа тэгшхэн зогсоолд тавь, энд зогсоол байна гэж хэлэхэд хажуу талд зогсож байсан приус маркийн машины жолоочтой хэрэлдээд байсан. Тэр хөндлөн тавьсан цагаан өнгийн машины жолооч миний үгэнд орохгүй нөгөө жолоочтой хэрэлдээд байсан. Удалгүй тэр хоёр  жолооч маргалдаж байгаад цагаан өнгийн автомашины жолооч нь нөгөө жолоочийн толгой руу цохиж харагдсан. Тэр жолооч хоорондоо барьцалдаж аван зодолдоод байсан. “ Приус” маркийн машинд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нийлээд дөрвүүлээ явж байсан тэдгээр хүмүүс ирж тэр хоёрыг салгасан...Би буцаад харуулын байрандаа орж 3-4 минутын дараа гарч ирэхэд” приусын” жолооч хамартаа цохиулсан гээд хамраас нь цус гарсан байдалтай зогсоолын талбай дээр сууж байсан. Би нөгөө залуу хаашаа явсан бэ гэхэд сая намайг цохичихоод хийд рүү буцаад орчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: ...12 цаг 57 минут 30 секундэд зогсоолын хаалгаар цагаан өнгийн “Примо” маркийн авто машин орж ирэн “Приус-30” маркийн автомашины ард зогсох үед баруун тийшээ харуулж тавьсан машинуудын урдаасаа 2 дахь машинаас А.Одгэрэл гарч ирэн “Примо” маркийн автомашины жолоочтой очиж уулзаад эргээд машиныхаа хажууд очиж зогсоход “Примо” маркийн автомашинаас Ш.Э улаан өнгийн куртик өмссөн бууж ирэн хийд рүү орох гэхэд зогсоолын харуулын ажилтан болон А.Одгэрэл нар юм хэлж Ш.Э буцаад машин дээрээ очиход А.Одгэрэл, Ш.Э нар нь хоорондоо хэрэлдэж муудалцах үед А.Одгэрэлийн машинаас эгч нь цагаан өнгийн куртиктай, эхнэр нь Бямбадэлгэр нь бараан өнгийн хувцастай, эхнэрийн дүү Бямбадорж нь бараан өнгийн хувцастай гарч ирэн А.Одгэрэл, Ш.Э нар нь хоорондоо маргалдаж бие биенээ түлхэн зодолдох үед хажуугаас нь тэр хоёрыг салгах бөгөөд Ш.Э машиныхаа наад талд гарч утсаар ярин машиндаа суух гэхэд  А.Одгэрэл Ш.Э хажууд дахин очиж хоорондоо маргалдах үед эгч дүү эхнэр нар нь салгаж энэ үед А.Одгэрэлийн машины урд байсан “Приус-30” маркийн автомашины жолооч ирэхэд А.Одгэрэл жолоочтой нь очиж уулзах хооронд Ш.Эмашинаа хөдөлгөн хойд зүгт харуулж тавьсан” Приус-30” маркийн 2 машины урд талд нь очиж зогсон машинаасаа бууж хийдийн зүг яваад эргэж 13 цаг 03 минут 57 секундэд гарч ирэн А.Одгэрэлийн машины хажууд очиж А.Одгэрэлтэй зодолдох үед Ш.Э нь А.Одгэрэлийн нүүрэн тус газар баруун гараараа цохиж өөдөөс нь дайрах үед зүүн гараараа дахин нэг удаа нүүрэн тус газар цохиход А.Одгэрэл хойшоо хөл алдан унаж дүү Бямбадорж нь Ш.Э-г барьж авах гэхэд хийдийн зүгт зугтаж араас нь А.Одгэрэл болон эгч нь явж эхнэр Бямбадолгор нь машиныхаа хажууд үлдэнэ...гэх тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2475 дугаартай шинжээчийн:

            1. А.Одгэрэлийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ш.Энхсүлдийн: ...Би А.Одгэрэлийн биед уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/,

            - Хохирлын баримт /хх-ийн 14, 44, 45 дугаар тал/

            8000+120.000+35.000+140.000=303.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

            - Шүүгдэгч Ш.Э иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 36, 37, 52, 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ш.Э нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Мамбадацан хийдийн гадна талын зогсоол дээр А.Одгэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүрэнд цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч А.Одгэрэл, гэрч Ц.Бямбадэлгэр, Ц.Бямбадорж, Д.Зоригтсайхан, яллагдагчаар өгсөн Ш.Энарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2475 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч А.Одгэрэл нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар 303.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд хохирлын мөнгийг бүрэн хүлээн авсан тул гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр шүүхийн шатанд ирүүлсэн байх тул Ш.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 70-71 дүгээр тал/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2475 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Одгэрэлийн биед хамар ясны хугарал гэмтэл  учирсан байх тул  цаашид гарах  гэм хорын хохирлыг  Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуульд заасан  журмын  дагуу холбогдох нотлох баримтаа  бүрдүүлэж  жич нэхэмжлэх  эрхийг нь   нээлттэй үлдээх  нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Энь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Ш.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Э 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Э-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Хохирогч  А.Одгэрэл  цаашид гарах  гэм хорын хохирлыг  Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуульд заасан  журмын  дагуу холбогдох нотлох баримтаа  бүрдүүлэж  жич нэхэмжлэх  эрхтэйг дурьдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ