Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаан хуаран /13302/ гудамж, 30/4 тоот хаягт байрлах, “Тэнгэр тауэр” ХХК /РД:5556686/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн тасган 10-р гудамж 182 тоотод байрлах, “Барилгачин-Од”ХХК /РД: 2067846/-д холбогдох, 

Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2 776 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                           

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэнгэр тауэр” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Барилгачин-Од” ХХК нь манай компанитай 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр №3 тоот “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ ” байгуулан 3 851 000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материал зээлээр худалдан авсан. Гэрээний төлбөрийн үлдэгдэл 1 851 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Иймд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан өдөр №3 тоот “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ ”-ний 4.5-д заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан алданги 925 500 төгрөг, нийт 2 776 500 төгрөгийг манай компанид гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Барилгачин-Од” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Тэнгэр тауэр” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ¹03 тоот бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 3 851 000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материалыг зээлээр авсан юм. Үүний үлдэгдэл болох 1 851 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Учир нь “Цагаан хуаран консалтинг” ХХК-тай дээврийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж 25.840.0 төгрөгийн үлдэгдэл болох 5 840 000 төгрөгийн санхүүжилтийг одоо болтол аваагүй байна. Иймд дээрхи нэхэмжилсэн 2 776 500 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Санхүүжилт орсон даруйд 9-р сарын 01-ний дотор төлөх болно гэжээ.

                                                   

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэнгэр тауэр” ХХК нь “Барилгачин-Од” ХХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 2 776 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Барилгачин-Од” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 2 776 500 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 59 380 төгрөгийн 29 690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29 690 төгрөгийг хариуцагчаас, 29 690 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Тэнгэр тауэр” ХХК-ийн нэхэмжилсэн 2 776 500 төгрөгийг хариуцагч “Барилгачин-Од” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 59 380 төгрөгийн 29 690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29 690 төгрөгийг хариуцагчаас, 29 690 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.