Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2024/00006

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 151/ШШ2024/00077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ... байрлах, “Н” ХХК

Хариуцагч: ... тоотод оршин суух, Б овогт Ш Б-д холбогдох,

Компанийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа/цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ/цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваагийн гаргасан тайлбарын агуулга: Монгол улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т тус тус заасны дагуу Ш.Б-д холбогдуулан дараах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Үүнд: “Н” ХХК-ийн Scaffolding Services С-115 төслийн барилгын түр шат тавцан угсрагч албан тушаал дээр ажиллаж байсан Ш овогтой Б нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 15 минутад Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдаж, байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар худал ташаа мэдээлэл тарааж, компанийн болон төслийн хэвийн үйл ажиллагаанд гэм хор учруулахуйц мэдээлэл тараасан. Тухайлбал тэрээр сайтад “... “Н” ХХК нь Хөдөлмөрийн гэрээгээ зөрчдөг, листний мөнгө олгохгүй байна. Илүү цагийг 1.5-р бодох байхад бодоогүй байсан байна гэж ахлах эдийн засагч хэлсэн. Цалинг шал худлаа, дутуу боддог. Жишээлбэл би 1,200,000 төгрөгийг цалин авах байтал 900,000 төгрөг өгдөг. Бид нар ажил хаялт зарлая, би цалингаа нэмэх 2 удаа өргөдөл өгөхөд цуцалсан. Бид нарын цалин 700,000-800,000 төгрөг байдаг. Нэмээд нэмээд 1,100,000 төгрөг авдаг. Хөдөлмөрийн гэрээг анх хийсэн. Туршилтын хугацаа 3 сар болоод цалин нэмнэ гэсэн нэмэхгүй байна. Би 1 жил 7 сар туршуулаад байж байна. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт өгдөггүй, 2 жил 700,000 төгрөгөөр зүтгэлээ.." гэсэн мэдээлэл тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан.

Ш.Б-гийн хийсэн дээрх мэдээлэлд дараах тайлбар, няцаалтыг баримтын хамт гарган өгч байна. Үүнд:

1. Ш.Б нь N вэб сайтад “... Бид нарын цалин 700,000-800,000 төгрөг байдаг. Нэмээд нэмээд 1,100,000 төгрөг авдаг. Цалинг шал худлаа, дутуу боддог, Жишээлбэл би 1,200,000 төгрөгийн цалин авах байтал 900,000 төгрөг өгдөг..." гэжээ.

Тайлбар: Сүүлд “Н”-ийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/157 тоот албан бичгээр түүний хүсэлтийн дагуу “ХААН банк” ХХК-д ажлын болон цалингийн тодорхойлолтоор түүнд сарын 1,894,800 төгрөгийн дундаж цалинтай, суутгал хасаад гарт олгох 1,529,500 төгрөг авдаг болох талаар тодорхойлолт түүнд гарган өгч байсан байна. Гэтэл тэрээр цалин ердөө 1,200,000 төгрөг, өгдөг нь 900,000 гэж худал мэдээлэл тараасан. “Н” ХХК түүний цалинг болон ажилчдын цалинг дутуу, худлаа бодсон зүйл байхгүй. Ш.Б-гийн цалинг хэрхэн бодож олгодог талаарх баримт болох 2022 оны 3 сараас 2023 оны 8 сар хүртэлх цалингийн дэлгэрэнгүй дээр тодорхой харагдана. Гэтэл тэрээр цалин буруу, худал бодсон гэж компанийн нэр хүндэд халдсан.

2. Компанийг ажилтны ажлын газрын болон цалингийн тодорхойлолт гаргаж өгдөггүй гэжээ.”Н” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/157 тоот албан бичгээр түүний хүсэлтийн дагуу “ХААН банк” ХХК-д ажлын болон цалингийн тодорхойлолт гарган өгч байсан.

3. Би цалингаа нэмэх талаар 2 удаа өргөдөл өгөхөд цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг анх хийсэн. Туршилтын хугацаа 3 сар болоод цалин нэмнэ гэсэн нэмэхгүй байна. Би жил 7 сар туршуулаад байж байна. 2 жил 700,000 төгрөгөөр зүтгэлээ.." гэжээ.

Тайлбар: Г.Б нь “Н” ХХК-д 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу Өмнөговь аймаг, Ханбогд сум, “О” ХХК-ийн төслийн талбайд Shaft 3, 4 төсөл дээр сантехникчээр, цагийн 7,750 төгрөгийн цалинтай ажилд орсон. Тус гэрээний 2.2 дахь хэсэгт туршилтын хугацаанд ажиллаад цаашаа гэрээг сунгах эсэх, жинхлэх эсэхийг ажил олгогч шийдвэрлэх бүрэн эрхтэй. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу С-115 төсөл дээр барилгын түр тавцан шат угсрагчаар шилжиж ажиллаж эхэлсэн. /цагийн хөлс 7,750 төгрөг/

Дээрх гэрээний 2.2.1-д туршилтын хугацаа 3 сар хүртэл байна гэж заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр туршилтын хугацаа дуусгавар болж ажил олгогчоос түүнийг жинхлэн тушаал гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, цалинг цагийн 9,000 төгрөг болж нэмэгдсэн. Ш.Б нь цалин хөлс нэмэхгүй байна, жил 7 сарын хугацаанд туршилтаар цалин нэмэлгүй ажилласан гэж компанийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан. Гэтэл түүний цалинг гэрээний дагуу 2023 оны 3 сараас 2023 оны 8 сар хүртэл цагийн 9,000 төгрөгөөр бодож олгосон байна. Өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч буюу хувийн компани цалин хөлсийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд уг цалин хөлсийг хүлээн зөвшөөрч, ажиллах эсэх, хэрэв цалин хангалтгүй гэж үзвэл ажилтан өөр газарт ажиллах эсэх нь түүний сонголт билээ. Харин цалин нэмэх, нэмэхгүй бол ажил хаяна гэсэн шаардлага нь хууль бус шаардлага юм. Хөдөлмөрийн тухай хуулиар 1 ажил олгогчид хориглосон зохицуулалт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоохыг хориглосон. Энэхүү зохицуулалтыг “Н” ХХК нь зөрчөөгүй.

2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх буюу Ш.Б-гийн ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны банкны депозит дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус баримтад компани Хөдөлмөрийн гэрээнд зааснаар сар бүрийн дундуур, сарын сүүлээр цалингаа  өгдөг байсан нь харагдаж байгаа.

Гэтэл цалин нэмүүлэх талаар хууль, журамд заасан үндэслэлээр үйлдвэрчний эвлэлд хандаагүй, шууд сайт дуудаж, олон нийтийн хэрэгслээр “Н” ХХК нь цалингаа хугацаандаа тавьдаггүй гэх ташаа мэдээлэл тараасан. Тэр сайт нь 500,000 дагагчтай. Ш.Б нь “Н” ХХК-ийг олон нийтэд цалингаа өгдөггүй, цалингаа нэмдэггүй, цалингийн тодорхойлолтоо өгдөггүй гэх мэтээр бодит байдлаас тэс өөр ташаа мэдээлэл өгч “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд маш бүдүүлгээр халдсан. Тухайн үедээ ярилцлага өгч байсан зургийг нь хэрэгт өгсөн ба Ш.Б-гийн ярилцлагыг цахим сүлжээнд 251 хариу үйлдэл, 126 сэтгэгдэл, 531 хүн хуваалцсан байдаг. N сайтыг бичлэгээ устгачихна гэж бодоогүй. Ш.Б нь над руу 99512016 дугаараас залгаж, “...би бичлэгээ устгуулчихсан. Одоо шүүхэд өгөх шаардлага байна уу, би жоохон давсалчихсан юм...” гэж хэлж байсан. Бид худал мэдээлэл тараасных нь төлөө цагдаагийн байгууллагад хандаагүй. Энэ хүнээс хохирол шаардаагүй, зүгээр л ярьсан зүйлдээ няцаалт өгөхийг хүссэн. Гэтэл Ш.Б нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа ярьсан зүйлдээ няцаалт өгөөгүй, ярьсан зүйл дээрээ маргаагүй. N сайтын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 004 дугаар албан бичгээр Ш.Б-гийн ярилцлага өгсөн бичлэг нь шууд дамжуулалт байсан тул устгагдсан гэсэн албан тоотыг өгсөн. Тус сайтад бичлэг хадгалагдан үлдээгүй, сурвалжилга хийсэн гэдгээ шүүхэд бичиж өгсөн байгаа. Ш.Б-гийн Хөдөлмөрийн гэрээний 6.5.7-д олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр ажил олгогч, үйлчлүүлэгч, харилцагчийн дотоод үйл ажиллагааны талаар нийтлэх, ярилцлага өгөх, ажлын талаарх мэдээллийг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүй аливаа мэдээллийг мэдээлэхгүй байх үүрэгтэй хүн байгаа. Энийг зөвшөөрч гарын үсэг зурсан атлаа өргөдлөө өгсний дараа сайтад ярилцлага өгсөн байдаг.

Ш.Б нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Гэвч тэрээр Хөдөлмөрийн гэрээний 6.5.3, 6.5.4, 6.5.7-д заасныг ноцтой зөрчсөн. Мөн түүний хүсэлт болон гаргасан зөрчлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэрээр өмнө нь мөн зөрчил гаргаж сануулах сахилгын шийтгэл оногдуулж байсан.

“Оюу толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Н” ХХК-ийн хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдэд олон арван жил татвараа төлж, үр бүтээлтэй ажиллаж, 750 гаруй иргэдийн ажлын байрыг бий болгож, Монгол улсын хөгжил, бүтээн байгуулалтын төлөө ажиллаж байгаа компанийн нэр хүндэд Ш.Б нь бүдүүлгээр халдаж, түүний дээрх хариуцлагагүй мэдээллээс компанийн бизнесийн нэр хүнд хохирч, цалингаа хугацаанд нь тавьдаггүй, цалинг буруу, худал бодож олгодог, хууль хөдөлмөрийн гэрээгээ зөрчдөг мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл хийсэнд компанийн зүгээс гомдолтой байна. “Н” ХХК нь Ш.Б-гийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, олговол зохих цалин, хөлсийг тогтоосон хугацаанд нь олгож, түүнийг жинхэлж, цалин хөлсийг нэмж, ажлын байраар хангаж байсан. Харин Ш.Б нь Хөдөлмөрийн тухай хууль, Нууцлалын гэрээ, Хөдөлмөрийн гэрээний 6.5.4, 6.5.7-д заасныг зөрчиж, компанийн нэр хүндэд зориуд халдаж, элдэв гүтгэлэг, худал мэдээлэл тарааж, улмаар ажилчдын ажил хаялтыг зохион байгуулах зэргээр компанийн ажил хэргийн нэр хүндэд халдаж байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д иргэний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх зөрчигдсөн этгээдийн шаардлагаа уг мэдээллийг тараасан эсхүл өөр хэлбэрээр мэдээллийг няцаах үүрэг хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан.

Хуучин цагт сонин дээр нийтлэл тараагаад сонин нь өөрөө баримт болдог байсан бол сайтууд шууд мэдээлэл тараачхаад шууд л устгачихсан байна. Үүнийг фото зургийг нь, тараасан мэдээллийн гарчгийг нь бид хэвлэж, хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тус сайт болон хариуцагч Ш.Б хэн аль нь мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь шүүхэд өгсөн ярилцлагын агуулгаа өөрөө нотолж чадаагүй. Асуудалтай гэдгийг мэдэж, бичлэгээ устгуулсан. Хэрэв асуудалгүй үнэн, зөв мэдээлэл өгсөн бол өнөөдөр бид хамт сууж байгаад тухайн бичлэгийг үзэж болох байсан. Мөн хариуцагчийг нийт ажилчдын эрх ашгийг хамгаалан нийтийн төлөөлөл болж ярилцлага өгсөн гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд бидний шүүхэд өгсөн 7 үндэслэлийн 5-д нь үгүйсгэсэн тайлбар бичиж өгөөгүй. Ш.Б тийм юм яриагүй гэж тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу компанийн нэр хүндэд халдаж, мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг Ш.Б-д даалгаж өгнө үү ” гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Ш.Б нь тус компанид 2022 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд сантехникч, шат угсрагч албан тушаалуудад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Тухайн ажиллаж байсан хугацаанд тус байгууллага нь ажилчдаа илүү цагаар ажиллуулаад илүү цагийн мөнгөний 1,5 хувийг бодоогүй байсан. Мөн ажилчдын цалин хөлсийг дутуу бодох, түүнчлэн анх туршилтын хугацаанд ажиллах үед 3 сарын цалин хөлсийг дутуу бодох, түүнчлэн анх туршилтын хугацаанд ажиллах үед 3 сарын хугацаа болсон тохиолдолд цалин нэмнэ гэж байсан боловч нэмэлгүй 1 жил өнгөрсний дараа 2,000 төгрөгөөр нэмсэн. Дээрх сайтад өгсөн мэдээлэл бол ганцхан өөрт тохиолдсон асуудлыг яриагүй. Нийт ажилтан, албан хаагч нарыг төлөөлөн нийтийг хамруулж ярьсан. Энэ байдлыг ганцхан өөрийгөө ярьж буй мэтээр ойлгон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Надтай цуг ажиллаж байсан хүмүүс бас цалин хөлс дутуу өгсөн талаар тухайн үед ярьж байсан. Ш.Б нь тус байгууллагын нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараан байгууллагын нэр хүндэд халдаагүй, ажилчны хувьд өөрсдийн хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалан үзэл бодлоо илэрхийлж ажлын байранд тулгарч буй асуудлаар сайтад ярилцлага өгсөн. Хариуцагчийн зүгээс эвлэрэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагчийн хувьд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр N сайтад мэдээлэл өгсөн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэгдүгээр шаардлагын хувьд цагийн 7,000-8,000 төгрөгийн цалин авдаг, сарын 200,000-1,200,000 төгрөгийн цалин авдаг гэдэг зүйлийг ярьсан. Ш.Б-гийн хувьд бодитой зүйл ярьсан. Цалингийн тухайд анх орж байгаа хүн цагийн 7,000-8,000 төгрөгийн цалин авна, нэмэгдээд 9,000 төгрөг болсон. Энэ нь өөрөө дэндүү бага байна. “О” төслийн бусад туслан гүйцэтгэгч компанийн ажилтан 13,000-14,000 төгрөгийн цалин авдаг. Ийм учраас цалин хөлсөө нэмүүлэх, бусдын жишигтэй адилхан болгож өгнө үү гэх агуулгын хүрээнд ярьсан. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажлын газрын тодорхойлолт өгдөггүй гэж байна. Ш.Б нь өмнө ажлын газрын тодорхойлолт авъя гэхээр холбогдох хүмүүс нь цааргалаад өгдөггүй, цаг хугацаа шаарддаг байсан. Хариуцагчийн хувьд компанийн зарим хүмүүс цалин хөлстэй холбоотой тодорхойлолт авах гэж ороход чирэгдэл учруулдаг нийтлэг байдал байдаг. Зарим хүмүүс нь тодорхойлолт авч чаддаггүй нийтэд тохиолдож буй асуудал гэж ярьснаас биш надад тодорхойлолт өгдөггүй гэдэг байдлаар яриагүй. Гуравдах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэг дэх нэхэмжлэлийн шаардлагатай давхардаж байна. 1 цагийн хөлс 9,000 төгрөг байна гэж хэлсэн. Түүнээс биш цалингаа нэмээгүй цагийн 7,000 төгрөг яваад байна гэж хэлээгүй. Тэгэхээр хариуцагчийн хувьд “Н” ХХК-д ажиллаж байх хугацаандаа бусад ажилчидтайгаа ярилцаад, цалин хөлс бага, түүнчлэн цалин бодох аргачлал, бүрэн гүйцэд орж байгаа эсэхэд холбогдох нягтлан бодох бүртгэлийн хүмүүсээс тайлбар авна гэдэг агуулгаар хүсэлтээ гаргасан. Ш.Б-тай хамт ажиллаж байсан хүмүүс дээрх асуудалтай санал нэгдэж, холбогдох санал, хүсэлтэд гарын үсгээ зурсан. Дээр нь хариуцагчийн ярьсан мэдээллийг гуйвуулж байгаа ба уг ярилцлага нь байгууллагын ажил хэргийн нэр хүнд хэрхэн гэм хор учруулсан эсэхийг тодорхойлж ярьсангүй. Ш.Б-гийн хувьд ганцаараа очоогүй, ажилчдаа төлөөлөөд 7-8 хүн байсан. Ингэж очихдоо хавтаст хэргийн 64-66 дугаар талд авагдсан агуулгыг ярьсан. Миний хувьд цалин хөлс хугацаандаа өгдөггүй гэсэн шаардлагын талаар тайлбар хийгээгүй. Энэ талаар хариуцагчийн хувьд огт ярилцлага өгөөгүй. Ер нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд худал ярьж байна. Ш.Б-г утсаар ярьсан, бичлэгээ устгуулсан гэх байдлаар ярьж байна. Огт тийм зүйл болоогүй, ингэж хүнийг гүжирдэж болохгүй. Nсайтаас Ш.Б энэ бичлэгээ устгуулаагүй, гаднын сервер халдсаны улмаас энэ бичлэг устгагдсан байна гэдгээ ч хэлсэн. Эдийн бус гэм хор учирсан бол нэхэмжлэгч тал түүнийг заавал нотлох ёстой. Харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч тал өөрсдөө бичлэгийг устгуулсан байх гэж харж байгаа. Хамгийн гол нь сайтад мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч хариуцагчийн ярьсан зүйлийг хэтэрхий гуйвуулсан гэдгийг тодорхой дурдсан. Дээрээс нь Ш.Б-гийн хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж байсан тухай сахилыг шийтгэл ногдуулж байсан зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Гол нь ярилцлага өгснөөрөө тухайн компанид хүний нөөц, ажиллах боловсон хүчинд ямар гэм хор учирсан эсэх нь тогтоогдохгүй байна. Зүгээр л хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулах үүднээс тухайн үед ярилцлага өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Г.Батхолбоо нь “Нэхэмжлэл үндэслэлтэй. Иргэн Ш.Б гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргажээ.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар  нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэр хүндийг гутааж, худал ташаа мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Ш.Б-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Тус сайтад Ш.Б-гийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан шиг мэдээллийг хэлж яриагүй. Хэтэрхий нэг талыг барьж ярьсан мэдээллийг гуйвуулж бичсэн. Энэ тайлбарыг анхан шатны шүүх дээр тайлбарласан. Тус сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь үзэж үзлэг хийсэн зүйл байдаггүй.

N сайтад 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Н” ХХК Хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж ажилчдаа хохироож байна гэх гарчиг бүхий ярилцлага өгч уг ярилцлагыг Nсайт фэйсбүүк хуудсанд олон нийтэд шууд дамжуулж түүнд 127 сэтгэгдэл, ярилцлагыг 531 удаа хуваалцсан болох нь хэрэгт авагдсан фэйсбүүк хуудасны зургаар нотлогдож байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тус зураг нотлох баримтын шаардлагыг хангаагүй. Мөн тус гарчгийг Ш.Б өгөөгүй. Тухайн сайтад өгсөн ярилцлагыг гарчиг, сэтгэгдэл, хуваагдсан нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч өөрөө ч өөрчлөөд бичсэн байхыг үгүйсгэхгүй. Үзлэг хийж үүнийг тогтоосон асуудал байдаггүй. Нотлох баримтын шаардлага хангахгүй энэ баримтыг үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Ш.Б-г 3 сарын туршилтын хугацаанд ажиллуулаад жинхлээгүй нь үнэн. Анх тус компанид 2022 оны 3 дугаар сард ажилд орсон байдаг. Тухайн үеэс хойш 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу 1 жилийн дараа ажилд жинхэлсэн тушаал гаргасан байхад анхан шатны шүүх бодит байдлаас өөр дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүхээс ажилчдын цалин хөлсний талаар олон нийтэд ярилцлага өгөх зайлшгүй шаардлага үүсээгүй байхад дээрх ярилцлагыг өгсөн гэж үзэж буй нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 64-66 талд ажилчид өөрт тулгарсан асуудал дээр ажил олгогчид хандаж хүсэлтээ бичээд гарын үсгээ зурсан байна. Ажилчин хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаар олон нийтийн сайтад мэдээлэл өгөхийг шууд буруутгаж болохгүй.

Анхан шатны шүүх дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс компанийн ажилчдын хүсэлтийг нэхэмжлэгчээс гаргуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу тухайн “Н” ХХК-д гаргасан хүсэлт хавтаст хэргийн 64-66 дугаар талд авагдсан. Энэ агуулгын дагуу тухайн сайтад ярилцлага өгсөн байдаг. Цалин хөлс хэрхэн яаж боддог үүнийгээ тодорхой болгож өгнө үү. Цалин хэтэрхий бага байна. Үүнийгээ нэмэгдүүлж өгнө үү гэдэг. Түүнээс нэхэмжлэгчийн яриад байгаа шиг цалин 7000 төгрөг, 9000 төгрөг байдаг гэж яриагүй. 9000 төгрөг байдаг гэдгийг угаасаа хэлсэн. Хэтэрхий бага байгаа учраас бусад компанитай адилхан хэмжээгээр бодож өгнө үү гэдэг. Тухайн өгсөн ярилцлага нь устсан байна. Хүндэтгэх шалтгааныг тухайн сайтаас ирүүлсэн байна. Нэхэмжлэгч гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж, тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр өнөөдөр аман байдлаар тийм байна гэж ярьж байгаа болохоос бусад байдлаар шууд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт байхгүй гэж харж байна. Харин ч эсрэгээрээ хариуцагчийн яриад байгаа хариу тайлбар 64-66 дугаар хуудаст авагдсан агуулгыг төлөөлөл нь очиж ярьсан гэдгийг онцолж хэлмээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Н” ХХК-д бодит ямар гэм хор учирсан эсэх, нэр хүнд нь хэрхэн гутаагдсан эсэх нь тодорхойгүй байхад уучлалт гуйлгахыг даалгаж буй нь үндэслэлгүй.

Мөн хамгийн гол нь анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдож байгаа баримтаар: Нэгдүгээрт, гэрч Д-н мэдүүлгийг үндэслэдэг. Гэрч Д-н хувьд тухайн ярилцлага өгсөн асуудал дээр хажууд нь байсан харсан, үзсэн, сонссон гэрч биш. Яагаад ингэж хэлж байна гэхээр анхан шатны шүүх хуралдаан дээр асуулт хариултын шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуудаг. Тухайн үед та хаана байсан бэ гэхэд ажилчдын төлөөлөл ирээд уулзсан үед нь би үүнийг мэдэхгүй гээд гараад явсан. Ярьж байгаа ярилцлагыг нь би мэдэхгүй гэж хариулдаг. Мэдэхгүй гэж хэлчхээд яагаад энэ талаар ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт шууд ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг мэдэхгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэж байгаа нь үндэслэлгүй гэж харж байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд хариу өгье. Нэгдүгээрт, хариуцагч давж заалдах гомдолдоо би ийм зүйл яриагүй гэдгийг одоо ч гэсэн ярьдаг. Энэ нь Ш.Б-гийн шүүхэд өгсөн өөрийнх нь тайлбараар нотлогдож байна. Шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цалин боддоггүй, цалин хөлсийг дутуу боддог, туршилтын хугацаанд ажиллах үед 3 сарын цалинг дутуу бодох, анх туршилтын хугацаанд ажиллаад 3 сар болсон тохиолдолд цалин нэмнэ гэж байсан бол 1 жил өнгөрсөн гэж тайлбарладаг. Сайтаас ирсэн бичигт энэ хүн мэдээлэл өгсөн нь нотлогддог. Мөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Сайтын өгсөн гарчиг нь “Н” ХХК нь ажилчдыгаа хохироож байна гэх гарчигтай мэдээлэл өгсөн. Тухайн үед бид нар шүүхэд холбогдох бүх баримтаа өгсөн. Ш.Б тухайн үедээ над руу яриад би бичлэгээ устгуулсан заавал шүүхээр явах шаардлага байгаа юм уу? би жаахан давсалсан нь үнэн гэх зүйлийг ярьдаг. Шүүхээс шаардсан учир сайтад байгаа мэдээллээ устгасан гэж ярьдаг. Энэ талаар анхан шатны шүүх үзлэг хийгээгүй гэж гомдоод байна. Хэрвээ үзлэг хийлгэх байсан бол хариуцагч талаас энэ талаар хүсэлт гаргах боломж байсан боловч гаргаагүй. Мөн фото зургуудаар нотлогдож байна. Энэ хүний өөрийнх нь дүрстэй зураг байдаг. Сайтад мэдээлэл өгчхөөд үүнийгээ дараа нь устгуулчхаад одоо болохоор би ийм зүйл яриагүй гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд талууд өөрийнхөө няцаалтаа нотлох баримтаар гаргана. Цалин өгч, ажлын байраар хангасныхаа төлөө өнөөдөр энэ хүнийг хохироосон мэт олон нийтийн мэдээлэл хэрэгслээр цацаж байгууллагын нэр хүндэд халдаж болохгүй. Цалин 900.000 төгрөг авдаг, цалингийн тодорхойлолт өгдөггүй гэх зүйлийг ярьдаг. “Н” ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр 1.894.800 төгрөгийн дундаж цалинтай, суутгал хасаад 1.526.500 төгрөгийн цалин авдаг гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Гэтэл 900.000 төгрөг гар дээр авдаг гэх худал мэдээлэл тараасан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч тухайн үед компани дээр Ш.Б мэдээлэл өгч байх үед хамт байсан. Мөн сайтад өгсөн мэдээллийг давхар сонсож байсан хүн юм. Дараа нь цалинг дутуу боддог талаар хэлдэг. Хариуцагч энэ талаарх баримтаа үгүйсгээгүй. Дараа нь цалинг хугацаандаа олгодоггүй гэх зүйлийг ярьдаг. Компаниас 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл бүх цалингийн депозит хуулгыг гаргаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар сар болгоны дундуур, сүүлээр цалин хоёр хувааж өгдөг. Жил гарангын хугацаанд энэ хүний цалинг хугацаандаа бүрэн бодож өгсөн байдаг. Цалингаа нэмдэггүй гэж ярьдаг. Анх 7 хоногоор тохирч туршилтын хугацаа дууссан. Дахиж нэг хугацааг сунгасан байдаг. Ингээд дараа нь 7000 төгрөгийг 9000 төгрөг болгосон нь Хөдөлмөрийн гэрээнд авагдсан баримтуудаар нотлогдож байна. Өнөөдөр цалинг нэмэх эсэх, хугацааг сунгах эсэх нь компанийн бүрэн эрхийн асуудал. Хөдөлмөрийн хуульд зааснаар компани нэг л зүйлийг хуулиар хориглосон. Тэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс тогтоохыг хориглодог. Компани энэ хүнд гэрээний дагуу туршилтын хугацаа дууссаны дараа цалинг нэмж, жинхэлсэн байдаг. Гэтэл энэ хүн ажлаас гарах өргөдлөө өгчхөөд шууд олон нийтийн мэдээллийн сайт дуудаж байгаад ямар ч баримтгүй байгууллагын нэр хүндэд ноцтойгоор халдсан. Өөрөөр хэлбэл энэ компани дүр эсгэдэг компани, цалингаа хугацаандаа өгдөггүй, цалингаа дутуу өгдөг, хэлсэн ярьсандаа байдаггүй, 900.000 төгрөг өгдөг талаар ярьдаг. Ш.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хариуцлага, үүрэг хүлээсэн. Тэр үед Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байсан. Энэ нь байгууллагын дотоод асуудлыг олон нийтэд мэдээлэх хориотой, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүй байдлаар ажил олгогчийн дотоод ажиллагааны талаар нийтлэл, ярилцлага өгөх, ажлын шугамаар олсон мэдээллийг олон нийтэд мэдээлэхийг хориглосон байдаг. Хэрэгт хөдөлмөрийн гэрээ, байгууллагын нууцлалын гэрээнүүд байгаа. Хэрвээ энэ хүн цалин хөлс нэмэхгүй, цалин хөлс бага байна гэвэл энэ хүн ажлын байраа солих бүрэн эрхтэй. Энэ нөхцөл байдлыг бүх баримтаар үгүйсгэж шүүхэд өгсөн. Хариуцагчаас энд яриад байгаа зүйлийн талаар үгүйсгэсэн нэг хуудас ч баримт өгөөгүй. Анхан шатны шүүх талуудын тавьсан шаардлага, нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Компанид ямар хохирол учирсан бэ гэх талаар ярьдаг. Иргэний хуульд зааснаар заавал хохирол учирсан байхыг шаардахгүй. Бид нар энэ хүнээс ямар нэгэн мөнгө, хохирол төлбөр шаардаагүй. Зөвхөн хариуцлагагүй мэдээлэлдээ няцаалт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан. Давж заалдах гомдол үндэслэлгүй учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зүйлгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх боловч  хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгаа тул дараах дүгнэлтийг хийж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч “Н” ХХК нь ажил хэргийн нэр хүндийг гутаан тараасан мэдээллийн хэрэгсэлээр няцаалт хийж, уучлал гуйхыг хариуцагч Ш.Б-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа  “... "Н” ХХК нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчдөг, листний мөнгө олгохгүй байна, илүү цагийг 1,5 хувиар бодох байтал бодоогүй байсан байна гэж ахлах эдийн засагч хэлсэн, цалинг шал худлаа дутуу боддог. Жишээлбэл, би 1,200,000 төгрөгийг цалин авах байтал 900,000 төгрөг өгдөг. Бид нар ажил хаялт зарлая, би цалингаа нэмүүлэхээр 2 удаа өргөдөл өгөхөд цуцалсан. Бид нарын цалин 700,000-800,000 төгрөг байдаг. Нэмээд нэмээд 1,100,000 төгрөг авдаг. Хөдөлмөрийн гэрээг анх хийсэн. Туршилтын хугацаа 3 сар болоод цалин нэмнэ гэсэн ч нэмэхгүй байна. Би 1 жил 7 сар туршуулаад байж байна. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт өгдөггүй, 2 жил 700,000 төгрөгөөр зүтгэлээ...гэсэн худал ярилцлага өгсөн...” гэж тайлбарласан.

Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзалаа “...1.2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ажилчдаа төлөөлөн 7-8 хүний хамт N сайтад ярилцлага өгсөн. Ингэхдээ 1.Бусад туслан гүйцэтгэгч компанийн адил цалин авахын тулд цалин нэмэх санал хэлсэн...анх ажилд орж байгаа хүнд цагийн цалинг 7,000-8,000 төгрөгөөр боддог, сард 200,000-1,200,000 төгрөгийн цалин авдаг. Цагийн цалин нэмэгдээд 9,000 төгрөг болсон. Гэвч “О” төслийн бусад туслан гүйцэтгэгч компанийн ажилтаны цагийн цалин 13,000-14,000 төгрөг байдаг талаар ярьсан. 2. Зээл авах зорилгоор цалингийн тодорхойлолт авах гэхээр ажилласан цаг хугацаа харгалзан олгоно гээд өгдөггүй байсан талаар ярьсан болохоос зөвхөн надад өгдөггүй байсан гэж яриагүй. 3.Илүү цагийн талаар нягтлан бодох бүртгэлийн хүмүүсээс тайлбар авна гэдэг агуулгаар хүсэлтээ гаргана гэсэн болохоос ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагаагүй. Өгсөн ярилцлагын агуулгыг гуйвуулж байна...” гэж тайлбарласан.

 Харин зохигчид ажил хэргийн нэр хүндийг гутаасны улмаас хохирол учирсан, эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төрүүлэх эсэх талаар маргаагүй байна.

3.Нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл:

Хүний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах нь эдийн бус гэм хорын хохиролд хамаарахаар хуульчилсан.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь эдийн бус гэм хорын хохирол учирсан гэж үзвэл уг гэм хорыг эдийн бус хэлбэрээр буюу мэдээг няцаалгах журмаар арилгахыг  шаардах эрхтэй. 

Харин хариуцагч Ш.Б 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр N сайтад өгсөн “..."Н” LLC компани хөдөлмөрийн гэрээгээ зөрчин ажилчдаа хохироож байна гэв...” гэх гарчигтай, нэхэмжлэлд дурьдсан ярилцлагыг өгсөн эсэх үйл баримтын талаар маргаагүй тохиолдолд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар бодит байдалд нийцсэн мэдээлэл тараасан болохоо нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө.

4.Шүүх уг хуулийн заалтыг үндэслэн хариуцагч талд нотолгооны бүх үүрэг хувиарлагдсан гэж үзэх нь өрөөсгөл ойлголт болох тул тухайн маргааны үйл баримтаас шалтгаалан нотолгооны үүргийг зөв хувиарлан дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтад нийцсэн гэж үзэх үндэслэл болно.

Мөн нэр төртэй байх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхүүд нь Үндсэн хуулиар хамгаалагддаг эрх тул харилцан тэнцвэртэй байдлыг хангах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ш.Б N сайтад ярилцлага өгөхдөө нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлд дурьдсан зүйлийн талаар яриагүй гэж маргасан тул нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үйлдэл тогтоогдсон тохиолдолд шүүх хариуцагчийг бодит байдалд нийцсэн мэдээ мэдээлэл тараасан эсэх үйл баримтад дүгнэлт хийх нь маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон гэж үзэх үндэслэл болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч Ш.Б татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүргийг тус тус хүлээнэ.

5. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хорын хохирол учирсан эсэх талаар маргаан үүссэн гэж үзэж эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Ш.Б-г 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр N сайтад ярилцлага өгөхдөө “...”Н” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээ зөрчдөг, листний мөнгө олгохгүй байна. Илүү цагийг 1,5-р бодох байхад бодоогүй байсан байна гэж ахлах эдийн засагч хэлсэн. Цалинг шал худлаа дутуу боддог. Жишээлбэл, би 1,200,000 төгрөгийг цалин авах байтал 900,000 төгрөг өгдөг. Бид нар ажил хаялт зарлая, би цалингаа нэмүүлэхээр 2 удаа өргөдөл өгөхөд цуцалсан. Бид нарын цалин 700,000-800,000 төгрөг байдаг. Нэмээд нэмээд 1,100,000 төгрөг авдаг. Хөдөлмөрийн гэрээг анх хийсэн. Туршилтын хугацаа 3 сар болоод цалин нэмнэ гэсэн ч нэмэхгүй байна. Би 1 жил 7 сар туршуулаад байж байна. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт өгдөггүй, 2 жил 700,000 төгрөгөөр зүтгэлээ...” гэж ярьсан гэх боловч энэ талаарх баримт /дуу дүрсний бичлэг болон үзлэг хийж бэхжүүлсэн гэх бичгийн баримт/ хэрэгт авагдаагүй.

Үүнээс гадна Nсайтад “..."Н” LLC компани хөдөлмөрийн гэрээгээ зөрчин ажилчдаа хохироож байна гэв...” гэсэн гарчигтай, Ш.Б-гийн гэрэл зурагтай, сайтын зочин буланд 127 хүний хувийн үзэл бодол тусгагдсан сэтгэгдэл бүхий баримтын гарчгийг хэн өгсөн үйл баримт тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу бүрдүүлээгүй, энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Nсайтад  “..."Н” LLC компани хөдөлмөрийн гэрээгээ зөрчин ажилчдаа хохироож байна гэв...” гэсэн гарчигтай, хариуцагч Ш.Б-гийн зурагтай, сайтын зочин буланд бичигдсэн 127 сэтгэгдэл болон 531 удаа хуваалцсан гэх баримт, Nсайтын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 004 дугаартай “... "Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой ярилцлага, сурвалжилга, шууд дамжуулалт манай байгууллагын дүрсний архив болон цахим хуудаст байхгүй. Тодруулбал N сайтын үйл ажиллагаанд Хонг  конг улсаас серверт халдаж 2023 оны 10 дугаар сард Н.мн сайтын тус сурвалжилга цацагдсан Улаан өнгийн лого бүхий Н.мн цахим хуудас устгагдсан ба тухайн устсан цахим хуудаст уг ярилцлага сурвалжилга нийтлэгдсэн. Н.мн сайтын дүрсний архивд тус сурвалжилгатай холбоотой бичлэг, ярилцлага хадгалагдан үлдээгүй байна...” гэсэн баримтаар хариуцагч Ш.Б-г нэхэмжлэлд дурьдсан агуулга бүхий ярилцлагыг өгсөн болохыг шууд нотлож чадахгүй байна.

Түүнчлэн гэрч Д.Д “...Тус сайтынхан 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 11:00 цагийн үед "Н" ХХК-ийн оффист ирсэн. Тэгэхэд би өрөөндөө сууж байсан ба надаас "...танай компанийн талаар мэдээлэл авах гэсэн юм..." гэхэд нь би "...энэ талаар мэдэхгүй, манай удирдлагууд байхгүй, түр хүлээнэ үү..." гэж хэлсэн. Ш.Б энэ сайтад тухайн үед ярилцлага өгсөн. Би бичлэгийг нь үзсэн. Миний санаж байгаагаар тэрээр ажлын газрын тодорхойлолт гаргаж өгдөггүй, цалингаа буруу боддог, өөрийгөө туршилтын хугацаанд жил гаран ажиллаж байна, мөн компани листийн мөнгө олгодоггүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг өгсөн ч хариуцагч Ш.Б-г ярилцлага өгөх үед хамт байгаагүй, сонссон эх сурвалж нь дамжмал байх ба хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй тул уг баримтаар нотлогдсон гэж үзэх боломжгүй.

Зохигч шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй ч хариуцагч Ш.Б-гийн тайлбар нотолгооны хэрэгсэл болохгүй тул түүний тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй болно.

 

6.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас өгсөн цалин олгосон хүснэгт, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга, 1098/2022 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Ажилтны зайлшгүй танилцсан байх бодлого, журмын жагсаалт, Нууцлалын гэрээ,1098/2022 дугаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, 1098-1/2023 дугаар Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 02-23/02-13 дугаар Ш.Б-гийн туршилтын хугацааг дуусгавар болгон жинхлэн ажиллуулах тухай "Н"-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Туршилтын хугацааны гүйцэтгэлийн үнэлгээ, 2023/157 дугаар Хаан банкинд тодорхойлолт гаргах тухай албан бичиг, Тодорхойлолт хүсэх хуудас, Ш.Б-гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, 02-23/08-49 дугаар Ш.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай "Н" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 02-23/09-05 дугаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай "Н" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1098/2022 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Ажилтны зайлшгүй танилцсан байх бодлого, журмын жагсаалт, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1098-1/2022 Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нууцлалын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Ш.Б-гийн анкет, "Н" ХХК-ийн удирдлагууд ажилтнуудтайгаа уулзалт хийсэн тэмдэглэл, Нэгүүн.мн сайтад Ш.Бгийн өгсөн ярилцлага өгсөн үеийн гэрэл зураг, сэтгэгдлүүд зэрэг баримтыг үндэслэн хариуцагч Ш.Б-г 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Nсайтад “..."Н” LLC компани хөдөлмөрийн гэрээгээ зөрчин ажилчдаа хохироож байна гэв...” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж "...Ш.Б-г...сайтад өгсөн дээрх ярилцлагынхаа үнэн зөвийг нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй...” гэсэн  дүгнэлт хийсэн нь нотолгооны үүргийн хуваарилалтыг зөв хуваарилаагүй, нотлох баримтуудад хуульд заасан журмын дагуу үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй гэж үзэх үндэслэл болов.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.

Зохигчид  хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүрэгтэй холбоотой үйл баримтын талаар маргаагүй байхад анхан шатны шүүх “...“Н” ХХК, Ш.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1098-2022 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.5.7-д олон нийтийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр Ажил олгогч, үйлчлүүлэгч харилцагчийн дотоод үйл ажиллагааны талаар нийтлэх, ярилцлага өгөх, ажлын шугамаар олсон аливаа мэдээллийг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлсэн бол гэрээг дуусгавар болгох, цуцлахаар заасан, мөн “Н” ХХК нь Ш.Б-тай нууцлалын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-8-17/, Хэдийгээр хариуцагч Ш.Б нь “Н ХХК-д нийт ажилчид цалин хөлс нэмэгдүүлэх талаар өргөдөл гаргасан, миний бие уг асуудлаар нийт ажилчдыг төлөөлж ярилцлага өгсөн” гэж тайлбарлаж байх боловч ажилчид нь цалин хөлсөө нэмэгдүүлэх талаар ажил олгогчоос шаардах, үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан энэ асуудлаар ажил олгогчтой зөвшилцөх эрх нь нээлттэй юм...гэх дүгнэлт хийж, хариуцагч Ш.Б-г нэхэмжлэгч "Н" ХХК-ийн нэр хүндийг гутааж, худал ташаа мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгсэл болох N сайтад “Н” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэлд няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж шийдэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. 

 

Мөн иргэдийн төлөөлөгч Г.Батхолбоогийн  “...Нэхэмжлэл үндэслэлтэй. Иргэн Ш.Б нь гэм буруутай...” гэх дүгнэлт нь хууль эрх зүйн хувьд бодит байдалд нийцээгүй байна.

8.Иймд хариуцагч Ш.Б нэхэмжлэгч "Н" ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх нэхэмжлэлд дурдсан ярилцлагыг N сайтад өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэн, анхан шатны шүүхийн 151/ШШ2024/00077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Н” ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Б-д холбогдох "Компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасныг тогтоолгож, N сайтад няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэний гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 151/ШШ2024/00077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Н” ХХК хариуцагч Ш.Б-д холбогдох "Компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасныг тогтоолгож, N сайтад няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ш.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

 

                             ШҮҮГЧИД                                                  А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                М.МӨНХДАВАА