| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0562/Э |
| Дугаар | 556 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Ц.Д,
хохирогч Г.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01805 0655 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Д
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Д нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон 8-479/б/ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Энхтуяатай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: Миний буруу учраас хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхтуяа мэдүүлэхдээ: Сургуулийн хаяг буруу зааж өгснөөс болж хэрүүл маргаан үүсч миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Энхтуяагийн өгсөн: ...Миний бие 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оройн 22:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон 8-479/б/ тоотод гэртээ байж байхад манай нөхөр болох Ц.Д согтуугаар надаас хэрүүл нэхэж чи ангийнхаа хүүхэд рүү залга гэж хэлээд би ангийн хүүхэд болох Сайнжаргалын утас руу залгаж өгөхөд ярьж дуусаад өөрийн хэрүүл хийж миний хамар руу нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулан гараад явсан юм. Өнөөдөр манай арван жилийн ангийн уулзалт болсон юм. Тэгээд тэрнээс болж хардаж зодсон байх. Зодож байсан юм. Тэгээд тухайн үедээ өргөдөл өгч байгаагүй, харин хорооны цагдаад торгуулаад гарч байсан. 2016 онд нэг удаа, 2018 онд бас зодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Д-ийн: ...Тэгээд би ажил дээрээ байж байхад эхнэр над руу залгаад нилээн согтуу ирж ав гэхээр нь би эхнэрээс одоо хаана байгаа юм бэ гэхэд би Их засаг их сургуулийн хажууд байна гэж хэлсэн. Би ажлаас гараад Их засаг их сургуулийн буудал ойролцоо ирээд эхнэр рүүгээ хаана байна гээд залгахад би 14 дүгээр сургуулийн хажууд байна гэж хэлэхээр нь тэнд нь яваад очиход эхнэр ангийнхаа нэг эмэгтэйн хамт гарч ирсэн. Би эхнэрийг аваад гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд хоол ундаа идчихээд унтах гээд байж байхдаа бид хоёр жаахан маргалдсан. Тухайн үед Энхтуяа согтуу орилж хашгираад савтай хоол унд авч шидээд байсан. Тэр үед манай хажууд байдаг миний төрсөн эх гаднаас орж ирээд Энхтуяаг одоо болно тайвшир гэж хэлсэн. Би Энхтуяаг хэрүүл хийгээд байхаар нь гараад явчихдаг юм. Тэгээд би гэрээс гарах гэхэд ардаас Энхтуяа намайг татаж чангаагаад гаргахгүй гээд орилж чарлаад байхаар нь би эргэж хараад гараараа 1 удаа цохичихсон. Тэгээд эхнэрийн хамар нь хугарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3244 дугаартай шинжээчийн:
1. Г.Энхтуяагийн биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Д-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 12, 13, 29-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Д нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон 8-479/б/ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Энхтуяатай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Энхтуяа, яллагдагчаар өгсөн Ц.Д нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3244 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Энхтуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Д-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ