Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

   Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9, өөрийн байранд байрлах, “Жи-мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, 21 дүгээр байр, 55 тоотод оршин суух, УХ85110972 дугаарын регистртэй, Элжгэн овогт Төмөрбаатарын Бат-Эрдэнэд холбогдох 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 451 124.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Бат-Эрдэнэ нь 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр манай компанитай 897458 тоот зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд iphone 5 маркийн 1 100 000 төгрөгийн үнэтэй гар  утасыг 98030369 дугаарын хамт 2 жилийн хугацаанд тасралтгүй ашиглаж, 1 сард гар утасны төлбөр 29 792 төгрөг, дараа төлбөрт дугаарын сарын суурь хураамжид 30 000 төгрөг, нийт 59 792 төгрөгийг төлөх нөхцлөөр байгуулсан. Хэрэглэгч Т.Бат-Эрдэнэ нь уг гэрээг байгуулахдаа утасны урьдчилгаа төлбөрт 385 000 төгрөгийг төлсөн ба нийт 17 сарын төлөлт хийсэн боловч сүүлийн 7 сарын гар утасны төлбөрт 208 544 төгрөг, ярианы төлбөр 142 205.46 төгрөгөөс барьцаа төлбөрийн 50 000 төгрөгийг хасаад 92 205.46 төгрөг, нийт 300 749.46 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс Т.Бат-Эрдэнэтэй байгуулсан зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчдэд дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг цуцалж, гар утас болон ярианы үлдэгдэл төлбөр болох 300 749.46 төгрөг, гэрээний 5.4-т заасны дагуу хоног тутмын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 2015 оны 2 дугаар сарын 20-ноос 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 496 хоногийн 150 374.73 төгрөг, нийт 451 124.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Бат-Эрдэнээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 451 124 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.                                                     

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК нь Т.Бат-Эрдэнэд холбогдуулан зээлээр гар утас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 451 124.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 451 124.19 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 14 103 төгрөгийн 7 051.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7 051.5 төгрөгийг хариуцагчаас, 7 051.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 451 124.19 төгрөгийг хариуцагч Т.Бат-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 14 103 төгрөгийн 7 051.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7 051.5 төгрөгийг хариуцагчаас, 7 051.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.