Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 211/МА2024/00012

 

211/МА2024/00012

 

 

 

Ж.Бн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, ерөнхий шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 129/ШШ2024/00166 дугаартай шийдвэртэй

Х овогт Жын Бн нэхэмжлэлтэй

Б овогт Дийн Нд холбогдох

4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Д.Нн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Дийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Нэхэмжлэгч Ж.Б нь А аймгийн Т сумын М багийн И гэдэг газар өөрийн өмчлөлийн болон дүү Ө.Лын өмчлөлийн малыг маллаж амьдардаг. Ж.Бгийн дүү болох Ө.Л нь 2023 оны намар хүн амьтнаас нутаглаж өвөлжих газар, хашаа, өвөлжөө сураглаж явсаар хариуцагч Д.Н гэдэг хүнтэй холбогдож А аймгийн И сумын Х багийн У гэдэг газар байрлах Д.Нгийн хашаанд 7 000 000 төгрөг өгөн 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тус хашаан дээр нь малаа авчирч маллахаар уулзаж ярилцан тохиролцсон байна Д.Н нь анх уулзаж ярилцаад хэлэхдээ тухайн хашаа болон хашааны ойролцоо газраа өвс сайтай сайхан газар гэж Ж.Бд хэлж итгүүлсэн байдаг. Түүнийг нь нэхэмжлэгч зөвшөөрч адилхан мал идээтэй хүмүүс худлаа ярихгүй байх гэж итгэн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Т сумын М багт байх өөрийн гэрээс 420 гаруй тооны үхрийг том автомашинаар ачиж авчран А аймгийн И сумын төвийн ойролцоо Т гэдэг газрын цаана буулган цааш хөлөөр нь 4 хүнээр туулгаж хариуцагч Д.Нгийн хашааны ойролцоох бэлчээрт үхрээ бэлчээрлүүлсэн. Тухайн үед анх очиход нь тус газарт нь цас орсон, анх ярилцаж тохиролцсон шиг биш өвс муутай газар байсан. Нэхэмжлэгчийг үхрээ аваад очсон өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөн цас орж мал идээшлэх өвсгүй, малаа хашаанд нь хаших гэхээр хашаанд нь багтахгүй байсан тул өөр айлын хашаанд малаа хашиж байгаад өөр өвс сайтай газар сураглан тэндээс 10 хоногийн дараа үхрээ туугаад А аймгийн И сумын Х баг С гэдэг нэртэй газар өөр хүний өвөлжөөн дээр очиж нутаглан одоог хүртэл тэнд малаа маллаж байна. Дээрх нөхцөл байдлаа тайлбарлаж, хашаан дээр нь малаа маллахаа больж байгаа талаараа хэлж, өгсөн мөнгө төгрөгөө ярилцан тохиролцож буцаан авах талаар Д.Нгийн 98918941 дугаарын утсанд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ж.Б өөрийн утаснаас залгаж хэлэхэд тийм юм байхгүй гэж хэлээд утсаа салгасан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Д.Н нь нэхэмжлэгчид анх хэлэхдээ манай хашаа байдаг газар нь өвс тэжээл сайтай, хажуу хавиргандаа айлууд нь хэл ам байхгүй, хаа сайгүй өвстэй, гэр барьж өгнө, юу хэрэгтэй тэр бүгдийг нь өгнө гэж хэлсэн бөгөөд адилхан мал идээтэй хүмүүс худлаа хэлэхгүй байх гэж итгэн мөнгө шилжүүлсэн байдаг. Гэтэл тэр газар нь жилийн дөрвөн улиралд мал идээшилж нутагладаг газар байсан бөгөөд хавар, зун, намартаа өвсийг нь идчихсэн өвс муутай газар байсан тул нэхэмжлэгч тухайн газар малаа маллах боломжгүй болж өөр газарт нүүсэн. Хариуцагч Д.Н нь анхнаасаа худал хэлж нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг 2023 оны 12 сарын 18-ны өдөр буюу нэхэмжлэгчийн мал хашаан дээр нь очоогүй байхад одоо өгөхгүй бол өөр айл буулгана гэж хэлсээр байгаад мөнгө дансаар шилжүүлж авсан байна. Нэхэмжлэгч Ж.Б нь 10 хоног тухайн газар байхад өвс тэжээл муутай, цас их орсон, мал тогтохгүй, өвс муутайн улмаас үхэр нь тасарч алга болоод байсан учраас тухайн газраас өөр газар луу аргагүй эрхэнд нүүх болсон. Иймд Д.Нгийн хашаанд өвөлжөөгүй, малаа тэнд маллаагүй бөгөөд адилхан малчин хүмүүс учраас ойролцоо газар нь 10 хоног малаа бэлчээрлэсний төлбөрт 1 000 000 төгрөгийг өгнө гэж байгаа бөгөөд үлдсэн 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнийг хариуцагч Д.Нгээс гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Нгийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 12 сарын 06-ны өдөр Ө.Л нь надтай утсаар холбогдож үхэртэй очоод өвөлжчихөөр малын байр, бэлчээртэй газар өөрт чинь байгаа гэж сонслоо, очиж үзэж болох уу, хаана бэ гэхээр нь би “үзэж болно И сумын төв дээр хүрээд ирээд залгаарай, би хамт явж үзүүлье” гэж хэлсний маргааш өдөр нь Ж.Б, Ө.Л хоёр хамт ирээд би болон манай найз Б.Зоригтбаатар бид дөрөв А аймгийн И сумын Х багийн У гэх газарт байрлах миний малын байранд очсон. Тухайн үед тэр хавийн газар нэлэнхийдээ бараандуу, цас бага унасан байсан. Тэгээд Ө.Л, Ж.Б хоёр малын байр, бэлчээрийн газрыг өөрсдийн нүдээр хараад сайхан газар байна малаа авч ирээд бууя гэж хэлсэн. Тухайн үед нь би танайх хэдэн тооны мал авч ирэх юм бэ гэж асуухад 300 толгой үхэртэй ирнэ гэсэн. Тэгээд бид хэд үнэ хөлсөө ярилцаад 7 сая төгрөгөөр тохиролцоод салсан. Түүнээс хойш 2023.12.16-ны өдөр над руу Ө.Л утсаар холбогдож би үхрээ наад руу чинь ачуулчихсан та тосоод аваач гэхээр нь би аймгийн төвөөс И сумын таван тээг гэх газарт өөрийн унаагаар очиход 200 гаруй толгой үхэртэй Ж.Б нь ирчихсэн, хамт байж байгаад үлдсэн үхрээ авч ирэхээр буцаад явсан. Би тухайн өдрөө тэдэнтэй хамт явсан нэг залуутай үхрийг нь хоргоож хээр хоносон. Маргааш өглөө Ж.Б, Ө.Л хоёр үлдсэн үхрээ ачаад ирсэн. Тэгээд надад хандаж дүү нарын үхэр нэмэгдээд 420 гаруй толгой үхэр болчихлоо энэ хоёрыг дагуулж яваад буух газраа үзүүлье гэхэд би зөвшөөрч бид тав дахиж У байх манай малын байранд очиход нөгөө дөрөв хоорондоо морины аргамжаа сайтай, харз ус нь ч ойрхон сайхан газар байна гэж ярилцаад бууя гэсэн. Тэр үед би танайх анх хэлсэн үхзрнээсээ тоо толгой нь нэмэгдсэн байна 2 сая төгрөг нэмье гэхэд бид нар үхрээ холоос ачиж ирлээ, анх тохирсондоо буучихъя гээд Ж.Б гуайг гуйхаар нь зөвшөөрсөн. Тэгээд бид хэд гэрээ ачиж авч ирж чадсангүй түр бариулчих гэр байна уу гэхээр нь би маргааш нь буюу 12 сарын 18-ны өдөр зуслан дээрээ хураачихсан байсан гэрээ нутгийн хүний машиныг хөлсөлж ачиж авч ирж өвөлжөөн дээрээ барьж өгөөд гэр дотроо зуух, яндан, 2 ширхэг модон ор, ширээ, 2 ширхэг сандал, нарны дэлгэц, аккумлятор, ганжин, гамбинц, сүх гээд хэрэгтэй бүгдийг нь өгсөн. Тэгээд тэр өдрөө гэрийг нь барьж өгч тохинуулчхаад байж байхад үхрүүд нь ирсэн. Тэр үедээ Ж.Б нь би олон тооны үхэртэй ирсэн учраас бэлчээр нь хурдан тархагдаж магадгүй, тэр үед нутгийн хүн байна чамд буурь сэлгэчих газар байгаа биз дээ гэхээр нь би тэр болно, та тухайн үедээ надад хэлээрэй гэсэн боловч энэ талаараа юм хэлээгүй. Манай малын байр байрлах газар Ж.Бгийн нэхэмжлэлд дурдагдсан шиг зун, намар мал бэлчиж, идээшилдэг газар биш, буухаасаа өмнө хоёр ч удаа өөрсдийн биеэр ирж үзэж хараад хүлээн зөвшөөрч буусан, манайхтай ойр орчим ийм олон тооны малтай айл байхгүй, малын бэлчээр өргөнтэй газар. Нэхэмжлэгч нь өөрийнхөө болон ах, дүү, хамаатан садныхаа 420 гаруй толгой ижил буруу үхрээ идээшилж дасаагүй газарт авч ирсэн учраас тогтохгүй байх нь аргагүй биз.

Иймд надаас шалтгаалаагүй үйл явдлаас болж Ж.Б нь өөрийн санаачилгаараа буурь сэлгэж өөр газарт буусан тул миний бие түүнд 4.000.000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй, миний түүнд барьж өгсөн гэр, доторх эд хогшлын хамт одоог хүртэл надад хүлээлгэж өгөөгүй, үлдэгдэл 2 сая төгрөгөө төлөөгүй учраас хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэх болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б нь өөрөө А аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хуурай гэх газар мал маллаж амьдардаг. Дүү Л төрсөн хүү болох И нарын болон өөрийн өмчлөлийн малыг маллаж амьдардаг. Тухайн үед Лаар дамжуулан Д.Н гэдэг хүнтэй утсаар холбогдоод 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Н гэдэг хүний өвөлжөөн дээр буухаар, ойролцоо газар өвөлжихөөр тодорхой хугацаатай харилцан тохиролцсон байдаг. 2023 оны 12 сарын 18-ны өдөр тухайн газар очсон. Ингэхдээ нийт 400 гаруй тооны үхэртэй очсон. Тухайн газар нь анх Нтэй ярьсан шиг өвс ус сайтай байсан гэдэг. Хариуцагч Д.Н манай өвөлжөөний газар өвс ус сайтай, ойр хавийн айлууд нь хэл ам хийхгүй гэж тайлбарлаж байсан. Яг малаа аваад очсоны дараагаар тухайн газарт нь цас орж, мал идээшлэх боломжгүй, өвөлжих хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн мал нь тогтохгүй, идээшлэхгүй байсан учраас 10 хоногийн дараа тухайн газраас аргагүйн эрхэнд нүүсэн байдаг. Ингээд 10 хоногийн дараа нүүх болсноо Д.Нд утсаар мэдэгдсэн. Д.Н нь тийм юм байхгүй гэсэн хариу өгөөд утсаа салгасан гэж нэхэмжлэгч маань нэхэмжлэлдээ дурдаж тайлбарласан. Д.Нн хашаанд байгаагүй, өөр айлын хашаанд малаа хашиж байгаад 10 хоногийн дараа буюу 2023 оны 12 сарын 28-ны өдөр нүүсэн. Мөн анх тохиролцохдоо 7,000,000 төгрөг гэж тохироод 5,000,000 төгрөгийг хийсэн. 2023 оны 12 сарын 18-ны өдөр Д.Н гэдэг хүн өөрийн дансанд авъя гэсэн байдаг. Б тухайн үедээ өөрөө данснаасаа шилжүүлэх боломжгүй байсан бөгөөд өөрийнхөө төрсөн эгчийнх нь хүүхэд гэж ярьдаг Баасандорж гэдэг хүний эхнэр болох Т.Б гэдэг хүний данснаас Д.Нн данс руу 5,000,000 сая төгрөг шилжүүлсэн байдаг. 10 хоног тухайн газар нутагласан төлбөртөө 1,000,000 төгрөгийг нь үлдээгээд үлдсэн 4,000,000 төгрөгөө тухайн газар дээр байгаагүй, мал маллаагүй, нутаглаагүй тул буцааж авъя гэдэг. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч би дэмжиж байна” гэжээ.

 

4. Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Л нар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс арваад хоногийн өмнө ирсэн. Ирээд газраа үзүүлэхэд сайхан газар байна, бууя гээд тохироод явсан. Үүнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад гэнэт утсаар залгаад ах аа таны өвөлжөөн дээр чинь очихоор боллоо шүү, та тосоод аваадхаач гэсэн. Тухайн үед нь би та хэд ярихгүй яасан юм бэ гэж хэлээд очсон. Тэр шөнө нь үхрээ авчирч буулгасан. Би хамт үхрийг нь манаж хоносон. Маргааш нь ахиад Б, Л нэг тарган ах дахиад манай өвөлжөөн дээр очиж үзсэн. Боломжийн байна гээд буухаар болсон. Тэгээд тэндээсээ буцах замд нь би анх хэлсэн хэмжээнээсээ хэтэрсэн үхэр ирсэн байна гэхэд 420 үхэр байгаа гэж хэлсэн.  Тэгэхээр нь би их үхэр байна, тоолчихъё гэсэн чинь юуг нь тоолох вэ ярьсандаа л буучихъя гэсэн. Ярилцаж тохиролцоод мөнгөө шийдсэн. Нэхэмжлэгч гэр орон гаргаад өгчхөөч гэхэд нь голохгүй гэвэл миний отрын гэр байгаа гэхэд тэгье гэж хэлж байсан. Би найздаа 60,000 төгрөгөөр түлш хийгээд гэрээ аваачиж өгсөн. Ярилцаж тохиролцчихоод ийм асуудал гаргаад байгааг нь ойлгохгүй байна” гэжээ.

 

 А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 129/ШШ2024/00166 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 220 дугаар зүйлийн 220.2, 220.4, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Нгээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Нгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: .....Хамгийн анх Ө.Л, Ж.Б хоёр нь 2023 оны 12 сарын 08-ны өдөр Д.Н миний өнө эртнээс уламжлан, идээшлэн нутаглаж өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр малын саравч, хашаа, пүнз барьж тохижуулсан өргөн нутаг бэлчээр бүхий газарт нь буух хүсэл сонирхлыг илэрхийлж ирсэн би хүлээн авч тухайн нутаг орны бэлчээр, ой сав газрыг дагуулж аваачин үзүүлж тухай нутаг оронд байх малын тоо, хариу төлбөрийн хэмжээ буюу гол нөхцөлийн талаар бид харилцан тохиролцож бидний хооронд аман хэлцэл хийгдэж, нэхэмжлэгч талаас 2023 оны 12 сарын 17-ны өдөр дахин 3 хүний хамт ирж үзэн маргааш өдөр нь тухайн газартаа мал, эд хөрөнгөө авч ирэн буудалснаар, харилцан тохиролцсон 7 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг шилжүүлснээр, би амьдрах гэрийг бусад эд зүйлтэй барьж хүлээлгэж өгч шилжүүлсэн 5 сая төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан бодит үйлдэл хийгдсэнээр хэлцэл хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Түүнээс хойш гарах үр дагавар, эрсдэл нэхэмжлэгч талд бүрэн шилжсэн. Бидний хооронд байгуулсан хэлцэлд ИХ-н 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн нэг ч шинжийг агуулаагүй. Нэхэмжлэгч талаас над руу 2024 оны 01 сарын 05-нд болон түүнээс өмнө, хойно утсаар залгаж дээрх газар малаа маллахаа больж байгаа буюу гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдээгүй, хэрэв хэлсэн бол бид өмнө тохиролцсон өөр нутаг бэлчээр бүхий газартаа аваачиж буулгах байсан. Нэхэмжлэгч талаас нутаг орны хүмүүсээс сураг сонсож байгаад миний өөр нэг өвөлжөө байдаг А аймгийн И сумын Х багийн С гэх газарт ойролцоо ирж малтайгаа оторлож байгаад явсанг би анхан шатны шүүх хурал дээр мэдэж энэ талаар тайлбар хэлсэн. Миний 2023.12.18-ны өдөр барьж өгсөн гэрийг 2024 оны 03 сард манай хадам ахынд аваачиж өгчхөөд явсан байсан. Өнгөрсөн өвөл МУ-н хэмжээнд цас, зуд ихтэй хүнд өвөл болж өнгөрсөн бөгөөд би нэхэмжлэгч талын буусан газарт цас хир хэмжээгээр орохыг мэдэх, шийдвэрлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлийг зогсоох боломж надад байхгүй. Мөн ижил буруу олон айлын мал идээшилж дасаагүй газарт тогтохгүй байгаад намайг буруутгах үндэслэлгүй гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хариуцагч талаас гаргасан бичгийн болон бусад тайлбарыг үнэлэлгүй, түүнийг үгүйсгэсэн, няцаасан тайлбар, нотлох баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа учраас А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 129/ШШ2024/00166 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ж.Бн нэхэмжлэлтэй Д.Нд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Учир нь Ж.Б Д.Нн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Тухайн газар нь очоод өвөлжих боломжгүй, хашаанд нь мал багтахгүй байсан нөхцөл зэрэг нь гэрээг өөрчлөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Мөн хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийн хуулийг үнэн зөв тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Зохигчид А аймгийн И сумын Х багийн У гэдэг газар байрлах хариуцагч Д.Нгийн өвөлжөөнд 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нутаглаж, малаа маллах, 7.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож, Д.Нд 5.000.000 төгрөг урьдчилан төлсөн байна.

Нэхэмжлэгч Ж.Б тохиролцсоны дагуу тухайн өвөлжөөнд малаа авчирсан боловч цас нэмж орж, мал идээшлэх, нутаглах боломжгүй болсноос 10 хоногийн дараа тус сумын Хөх нуур багийн  нутагт өөр хүний өвөлжөөнд нутаглахаар нүүсэн бөгөөд хариуцагч Д.Нд өвөлжөө ашигласны хөлсөнд төлсөн 5.000.000 төгрөгөөс өвөлжөөнд малаа 10 хоног бэлчээрлэсний төлбөрт 1.000.000 төгрөгийг тооцон хасч, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг хариуцагч Д.Нгээс гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд  гаргажээ.

Хариуцагч Д.Н надаас шалтгаалаагүй үйл явдлаас болж, Ж.Б нь өөрийн санаачлагаар буурь сэлгэж өөр газарт буусан тул 4.000.000 төгрөгийг түүнд буцааж өгөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан,  өвөлжилт хүндэрч, цасны хэмжээ нэмэгдсэнээр малтайгаа цаашид нутаглах боломжгүй болсон нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй нөхцөл мөн учир эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй, гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийн биелэлтийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэгтэй гэж дүгнэн, Иргэний хуулийг зөв хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.Н ...анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хариуцагч талаас гаргасан бичгийн болон бусад тайлбарыг үнэлэлгүй, түүнийг үгүйсгэсэн, няцаасан тайлбар, нотлох баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримтыг зөв тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Д.Н нар харилцан тохиролцсоны үндсэн дээр Д.Нн өвөлжөөг хөлсөлсөн, хөлсөнд 5.000.000 төгрөг төлсөн үйл баримттай талууд маргаагүй, харин гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч Д.Н маргасан боловч зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлоогүй байна.

Тухайн өвөлжөөний газарт цас орж мал идээшлэх боломжгүй, өвөлжихөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнээс 10 хоногийн дараа нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, өөр газар руу нүүсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэрч Б.И,  Ө.Л нарын мэдүүлгээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагчийн өвөлжөөнд малаа маллахаа больж байгаа тухайгаа мэдэгдэж, төлбөрөө буцаан авах талаар хариуцагч Д.Нтэй утсаар ярьсан, түүний өвөлжөөндөө барьж өгсөн гэр эд хогшлыг ахынд нь хүргэж өгсөн нь тогтоогдож байх тул гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлэн, үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн  байх тул хариуцагч Д.Нгийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Д.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                      ТОГТООХ нь:

 

           1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 129/ШШ2024/00166 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагч Д.Нн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 78,950 /далан найман мянга ёсөн зуун тавин / төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.Д

 

                 ШҮҮГЧИД                                      В.Ц

 

                                                                                    Н.Э