| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0414/Э |
| Дугаар | 572 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48,
хохирогч А.Хэрлэнбаатар, түүний өмгөөлөгч Л.Бурмаа ҮД:04-75,
шинжээч эмч М.Золжаргал, Ц.Оюун-Эрдэнэ,
гэрч О.Ганбаатар, Э.Содномцэрэн, Х.Анхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0402 30778 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” захын зүүн талын хашаан дотор иргэн А.Хэрлэнбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би авто засвар дээрээ байж байхад Хэрлэнбаатар, Ганбаатар хоёр 1 шил архи авч орж ирсэн. Содномцэрэн тень нааж байхад нь дахин нэг шил архи авахуулсан. Би хүний юмыг зүгээр яаж уух вэ дээ гэж бодоод дахин нэг шил архи авсан. Авсан архиа уугаад сууж байхад дундуур нь маргаан болсон. Хэрлэнбаатар ууж байсан архиа шалавч цохиж асгасан. Би яагаад асгаж байгаа юм бэ? гэтэл халтаасан банди минь гэж намайг хэлснээс маргаан эхэлсэн. Бид хоёр машинаас бууж нөгөө талаар очоод барилцаж аваад байж байтал Ганбаатар гарч ирээд боль гэж хэлсэн. Гэтэл Хэрлэнбаатар цээж нүцгэлээд надтай барилцаж авсан. Тэгээд хүн дуудаж намайг алуулна гээд хашаа давах гэж байгаад хэд, хэд унасан. Тэгээд бид хэд цамцыг нь аваачиж өмсүүлсэн. Тэгээд манаач ах бид нарыг загнаад бид нар хашаанаас гарсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Хэрлэнбаатар мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ганбаатар, Б.Б ууя гээд байна гэж хэлээд ганц юм аваад очсон. Тэгээд хамт ууж байсан чинь машинд архи асгалаа гээд Содномцэрэн архины шилээр миний толгой руу цохисон. Би тухайн үед цохиулаад манарсан. Ганбаа, Б.Б , Содномцэрэн, бид 4 байсан. Шалавч цэвэрлэж байхад нүүр рүү Б.Б өшиглөөд байсан. Ганбаатар намайг хашаанаас гаргаж өгсөн. Такси бариад гэр рүүгээ харьсан. Шөнө унтаж чадаагүй. Үүрээр шүүх эмнэлэг дээр очтол гэмтэл яв гэсэн. Зураг авахуулсан чинь гавлын яс цуурсан хэвт гэсэн. Гэтэл Б.Б ийн эхнэр ирээд хүнд гай болсон гээд дайрч байгаад явсан. Гэмтлийн эмнэлэгт 10 хоног, хувийн эмнэлэгт 10 хоносон. Хохирол төлбөр төлөөгүй байгаа. Хохирол төлбөрт 2516430 эмчилгээний зардал, 1300.000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт өгсөн байгаа гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч А.Хэрлэнбаатарын Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөл /хх-ийн 9 дүгээр тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 10-13, 14-18 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Хэрлэнбаатарын өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 15 цагийн орчим ганбаа дээр машиныхаа хоёр ширхэг толийг янзлуулах санаатай очсон. Машинд Ганбаатар, Б.Б , Солонго, Батбаяр нар хамт архи уусан. Би ууж байсан архиа машин дотор нь асгачихсан чинь чи машин дотор архи асгалаа гэж хэлээд Б.Б машинаасаа бууж ирээд хойд хаалга онгойлгоод намайг татаж буулгаад машиныхаа урд намайг заамдаад зогсож байсан чинь Солонго гэх залуу хаанаас ч юм архины шил барьж ирээд нүүрэн дундуур цохиод миний ухаан санаа орж гарсан. Ухаан санаа балартаад доошоо суусан байх үед намайг хавсарч унагаагаад дээрээс цохиод байсан. Ингээд хэсэг гайгүй болоод зодохоо больсон чинь тэр Б.Б гэх залуу намайг машин руу чирээд энийгээ цэвэрлэ гээд машины хажууд цээж болон толгой тархи руу өшиглөөд байсан. Тэгээд би машины шалавчийг нь гаргаж гөвчихөөд буцааж хийсэн бөгөөд тухайн үед миний толгой дүүнгэтээд хамар амнаас цус гоожоод байсан...
...Зодоон болохоос өмнө 2 шил архи уугаад 3 дахь архийг Соко гэх залуу аваад бид эхлээд ууж байтал намайг Б.Б аягатай архи машинд асгалаа гэх шалтгаанаар машины арын суудал дээр сууж байсан намайг машины жолооны ард сууж байсан Б.Б бууж ирээд зүүн хойд хаалгаар чирч буулгаад машины урд чирч ирээд баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би Б.Б ийн гарыг тавиулах гээд ноцолдтол Соко гэх залуу баруун талаас ирээд дух хэсэгт архины шилээр нэг удаа цохисон. Би манараад доошоо суутал Соко, Б.Б гэх 2 залуу нүүр, цээж, толгой руу өшиглөөд байсан. Манай найз Ганбаа, Батбаяр гэх 2 танил залуу намайг зодуулж байхыг харсан. Сүүлд нь Ганбаатар намайг тэр хоёроос салгаад явуулсан...
...Намайг нүүр толгой хэсэг рүү архины шилээр цохиход миний толгойноос маш их цус гарсан. Үүний дараа Б.Б гэх залуу машин цэвэрлэ гэхээр нь цусаа гоожуулаад шалавчийг нь цэвэрлэж байхад ирээд нүүр болон цээж рүү нилээн олон удаа өшиглөсөн. Тэр үед миний баруун цээж, хавирганы дээд хэсгээр эвгүй болоод өвдөөд явчихсан. Б.Б нь махлаг, намхан бор залуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25, 26-28, 29-30 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Ганбаатарын өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг болж байхад би ажил дээрээ буюу “Өгөөмөр” зах дээр зогсож байсан чинь Хэрлэнбаатар над руу 88782972 дугаарын утаснаас залгаад хаана байгаа юм гэж асуухаар нь би ажил дээрээ байна. Юу байна гэсэн чинь нэг машины толь янзлуулах гэсэн юмаа гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Хэрлэнбаатар ирээд ойр зуурын юм ярьж байсан чинь Хэрлэнбаатар найзад 10.000 төгрөг байна. Нэг шил архи уух уу гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд “Өгөөмөр” захын хажууд талын дэлгүүрээс нэг шил архи аваад Батбаяр гээд манай найз болон Хэрлэнбаатар бид гурав хувааж уусан. Ингээд архиа ууж дуусаад “Өгөөмөр” зах руу ороод би ажлаа хийгээд дахиж 10.000 төгрөг олоод тэр мөнгөөрөө ахиж нэг архи авах гээд явж байсан чинь Б.Б надтай тааралдаад би Б.Б ийг ганц юм уух уу гэж асуусан чинь Б.Б зөвшөөрөөд машин засварын хашаанд байж байя гээд Б.Б түрүүлээд явсан. Тэгээд Батбаяр, Хэрлэнбаатар бид гурав 1 шил архи бариад Б.Б дээр очсон. Ингээд бид нар архиа хувааж уусан бөгөөд Б.Б архи уухын хажуугаар засварын ажлаа хийж байсан. Тэгээд архи дуусаж байхад манай найз Соко хажуу талын машины тень нааж байгаад таараад Батбаяр Соко дээр очоод 1 шил архи аваад өгөөч гэж гуйгаад зогсож байсан чинь миний утас дуугараад нэг хүн машины толь зүсүүлмээр байна гэхээр нь би Хэрлэнбаатартай цуг очоод 10.000 төгрөгөөр машины нь толь зүсэж өгчихөөд ирсэн чинь нэг шил архи Сокогоор авахуулсан байсан. Ингээд тэр архийг ууж дуусаад Батбаяр Соко хоёр түрүүлээд явчихсан бөгөөд Б.Б ажлаа дуусгаад найз нь нэг шил архи авч өгье гээд 1 нэг шил “Хараа” архи авч өгсөн. Авсан архийг Хэрлэнбаатар, Б.Б бид гурав хувааж Б.Б ийн машинд уусан бөгөөд архи талдаа орж байхад бид нар нилээн согтсон. Би хойд талын суудал дээр Хэрлэнбаатар жолоочийн хажуугийн суудал дээр, Б.Б жолооны ард сууж байсан бөгөөд гэнэт Б.Б , Хэрлэнбаатар хоёр маргалдсан бөгөөд яриаг нь сонсоход машин дотор нь Хэрлэнбаатар архиа асгачихсан юм шиг байна лээ. Ингээд тэр хоёр маргалдаад хоёулаа машинаас зэрэг буухаар нь би машинаас араас нь буусан чинь Б.Б Хэрлэнбаатарыг унагаачихсан Хэрлэнбаатар баруун мөрөөрөө налж унасан, Б.Б цамцнаас нь зуурч заамдсан байдалтай байсан бөгөөд би Б.Б ийг татаж аваад наад хүн чинь бие муутай хүн шүү дээ боль гэсэн чинь Хэрлэнбаатар босч гүйгээд засварын хашааны торон хашааг давах гэж байгаад 2, 3 удаа хойшоо унасан. Тэгэхээр нь би Б.Б тэй хамт араас нь гүйж очоод Хэрлэнбаатарыг аваад Б.Б өд наад хүн чинь гар муутай хүн байгаа юмаа гээд гарыг нь харуулсан чинь Б.Б Хэрлэнбаатараас уучлалт гуйгээд гар барьж байсан...машины зүүн талд манаачийн пүтекны зүүн талд Хэрлэнбаатарыг унагаасан байхад нь би очиж салгасан. Мөн Хэрлэнбаатар хашаа давах гэж байгаад унахад надаас түрүүлээд Б.Б очсон бөгөөд ахиж зууралдахаар нь би гүйж очоод салгасан...Соко болон Батбаяр хоёр эрт яваад өгсөн байсан. Хэрлэнбаатар бид хоёр таван жилийн өмнөөс нөхөрлөж байгаа бөгөөд “Шархад”-д амьдарч байхдаа танилцсан юм. Б.Б тэй танилцаад 10 гаруй жил болж байна. Ажлын найзууд байгаа юм.../хх-ийн 37 дугаар тал/
... Архи тойруулаад явж байтал Хэрлэнбаатар машин дотор архи асгасан юм шиг байна лээ, би арын суудал дээр сууж байсан учир хараагүй, Б.Б чи уухгүй бол үнэнгээ хэлчихгүй машин дотор асгаад гээд муудалцаад машинаас хоёулаа буусан, би мөн машинаас буухад Б.Б Хэрлэнбаатарыг газар унагаад дээр нь суугаад заамдчихсан байхаар нь би боль наадах чинь бие муутай гээд татаад босгосон. Тэгтэл Хэрлэнбаатар хашааны зүүн хэсэг рүү очоод хашаа руу авирах гэж байгаад унасан. Тэгтэл Б.Б араас нь гүйж очоод дахин барилцаж аваад заамдалцаж байхаар нь би Б.Б өд хандаж наадах чинь гар муутай, чи хар даа гээд зүүн гарыг нь харуулсан, Хэрлэнбаатарын зүүн гар байхгүйг Б.Б хараад уучлаарай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Дамдинбатын өгсөн: ...Тухайн өдөр би ажил дээр байсан. Үдээс хойш Б.Б машиныхаа гадна нэг залууг наад шал цэвэрлэ гээд чанга дуугаар хэлж байсан. Би хог түүгээд явж байгаад эргээд хартал нөгөө залуутайгаа Б.Б зууралдаж байснаа газар унасан. Тэгэхээр нь би цаашаа явж байтал араар хүн гүйх шиг болохоор нь хартал араар нөгөө газар унасан залуу гүйж байсан. Араас нь Б.Б дагаж гүйгээд хашааны наана барьж аваад өөрийнхөө машин руу аваад сууж байсан...Манай хашаа өндөрөөрөө 3 орчим метр байх тэр залуу хашаа руу авирахад Б.Б гарнаас нь татаад буулгаж байсан аль гарнаас нь татсан талаар санахгүй байна. Тэр залуу хашаанаас унаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Алтанбаярын өгсөн: ...Тухайн өдөр би байсан. Маш сайн санаж байна. Яагаад сайн санаж байгаа гэвэл манайд орж ирсэн нэг машин хулгайн машин болж таараад эзэд нь ирж байсан. Тэр өдөр ажил дээрээ байж байтал үдээс хойш 14-15 цагийн орчим Ганбаатар, Б.Б бас нэг танихгүй залуутай Б.Б ийн машин дотор архи ууж байсан. Би тэр хавиар алхаад явж байтал ард чимээ шуугиан гартал эргээд хартал нэг туранхай намхан залуу орилоод Б.Б тэй зууралдаад газар унаад байж байснаа хашаа руу гүйж байсан араас нь Ганбаатар очоод авч байсан. Тэр залуу торон хашаа руу авираад унаад байсан. Торон хашаа руу дээшээ авирч байгаад бөгсөөрөө унаж байсан, би машин хашаанаас гарах гэж байсан учир тооцоо хийхээр явсан. Нэг харахад Ганбаатар тэр залууг аваад Б.Б ийн машин руу ирээд сууж байсан...Тэднийг ноцолдож байх үед Содномцэрэн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Содномцэрэнгийн: ...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цагаа мэдэхгүй байна гэгээтэй байсан. Би “Өгөөмөр” захын хажуу талын засварын хашаан дотор Б.Б гэх машин засдаг залуугийн машин дотор Ганбаатар, Батбаяр, Хэрлэнбаатар гэх залуу болон би байсан. Би ирэн очин явж байсан. Дуудахаар нь ирж нэг хоёр хундага архи уугаад явж байсан. Хэсэг хугацааны дараа Батбаяр над дээр ирээд 10.000 төгрөг өгчих гэж гуйсан. Би байсан бүхэл 20.000 төгрөгөө өгөхөд 0.75 граммын “Хараа” архи авсан байсан. Тэр архиа машин дотор бид цуг сууж уусан. Б.Б машины гадна нэг кровн маркийн машин засч байсан. Би машины жолоочийн эсрэг талд жолоочийн суудал дээр Ганбаатар, арын суудал дээр, Хэрлэнбаатар, Батбаяр нар сууж байсан. Би тухайн архийг ууж дуусгалгүй явсан. Яагаад гэвэл манайх түрээсийн байрнаасаа нүүх болоод эхнэр залгаад би харихад 15 цаг гэхэд гэртээ очоод нүүгээд Монелийн түрээсийн байранд орсон. Намайг явахад Батбаяр бас яваад Б.Б , Ганбаатар, тэр Хэрлэнбаатар гэх залуу үлдсэн. Би цохиогүй, бид нарын дунд маргаан болоогүй, яагаад намайг зодсон гээд байгааг ойлгохгүй байгаа. Б.Б ийг хүн зодсон гээд маргааш нь бариад явсан гэсэн. Тэгэхээр Б.Б тэй намайг андуураад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Хоёр хоногийн дараа Хэрлэнбаатар гэх залуу Б.Б ийн машинд архи асгаад зодоон болсон гэж ажилчдаасаа сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Батбаярын өгсөн: ...Тухайн өдөр 14 цаг өнгөрч байхад Б.Б ийн машин дотор нэг шил архи уугаад явсан. Архи уухад Ганбаатар, Б.Б , Соко, Хэрлэнбаатар нар байсан. 16 цаг болж байхад би машинаас буугаад “Өгөөөмөр” зах руу ажил руугаа орсон. Би яваад дээрх хэд үлдсэн. ...Би байгаагүй машин дотор нь суугаад нэг цаг л болсон байх нэг шил архи хувааж уугаад явчихсан. Маргааш нь би сонсоход Б.Б нэг шил 0.75 граммын архи авч тэд нар уугаад тэгтэл Хэрлэнбаатар машин дотор архи асгаад хэрүүл болоод би машинаас Хэрлэнбаатарыг машинаас чирч гаргаж ирээд түлхсэн чинь торон хашаа руу гүйгээд давах гэж байгаад унаад гэж хэлсэн. Б.Б ийн надад маргааш нь хэлсэн үг нь ердөө энэ. Ганбаатар надад Хэрлэнбаатар машин дотор нь архи асгасан чинь Б.Б татаж гаргаж ирээд түлхэж унагаагаад гэж хэлж байсан. Соко надад юм хэлээгүй тухайн үед машинд тень нааж байсан. Надтай архи ууж байхад бүгд гайгүй байсан. Намайг явсны дараа нэмж уусан гэсэн. Тэрийг нь би хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Анхцэцэгийн: ...орой 19 цагийн орчим байх яг цагаа сайн санахгүй байна хүү Хэрлэнбаатар гэртээ ганцаараа орж ирсэн. Нүүр ам болон хувцас хунар нил цус болсон байдалтай хувцас нь урагдсан нүүүр нь хавдартай орж ирсэн. Тэр үед аав,бид хоёр нь байсан. Юу болсон талаар асуухад дуугарахгүй байсан. Юугаар ирсэн гэхэд таксигаар ирлээ гэсэн. Би таксины жолоочийг хараагүй, цус нөжийг нь угаасан. Цээжин биендээ гар хүргэхгүй байсан. Толгой нүүр, цээж эгэм нь шарх зулгаралттай байсан. Намайг хүргэхгүй байсан. Тэгээд унтуултал шөнөжин ёолоод унтахгүй, үүрээр халуураад дагжиж чичрээд байхаар нь 24 цагийн аптек өглөө үүрээр 05 цагт гарч эм авч ирж өгсөн. Тэгээд би өглөө эрт ажилдаа явсан. Тэгээд би дүү Мягмаржавд Хэрлэнбаатар хүнд зодуулаад аймаар юм ирлээ, би гэрт орхиод ажил дээрээ ирчихлээ гэхэд дүү та ямар сонин юм бэ, хүүхдээ хаячихаад ажил дээрээ ирээд байхдаа яадаг юм би танайх руу явлаа гэж хэлсэн. Дүү түргэн дуудаад үзүүлэхэд тайвшруулах тариа хийгээд гэмтлийн эмнэлэг яв гэмтэл авсан байна гэж хэлсэн байсан. Тэгээд аав нь дүүтэй нь хамт гэмтлийн эмнэлэг явж зураг авахуулаад эмчид үзүүлэхэд хүнд гэмтэл авсан байна, яаралтай хэвтүүл тархи толгой цуурсан эгэм хугарсан хүнд байна гэсэн учир хэвтүүлээд 10 хоног хэвтүүлж эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт байхдаа надад хэлсэн. Өгөөмөр зах дээр найз Ганбаагийн найзууд болох Соко өөр хэн билээ хүмүүст зодуулсан гэж байсан. Машинд нь архи асгасан чинь зодсон би арчаад цэвэрлээд байхад зодоод байсан гэсэн...намайг байхгүй хойгуур Б.Б гэх залуу гэрт ирсэн байсан. Түүний эхнэр 2 удаа надтай утсаар ярьж маргалдаж хаанаас ирсэн гай вэ гэх мэт зүйл хэлж байсан. Одоо хүртэл зодоон хийсэн гэх хоёр залуу мөнгө төгрөг эмчилгээнд нь өгөөгүй. Зодсоноо хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Ирж уулзахдаа би зодоогүй гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №62 дугаартай шинжээчийн:
1. А.Хэрлэнбаатарын биед дух ясны хоёрлосон хугарал, босоо тэнхлэгийн дагуу зөрөөтэй, доош хамар ясны баруун хажуу хана, баруун талын духны хөндий, баруун этмойд хөндийн дээд ханын ар хэсэг рүү үргэлжлэн зүүн талын суурийн хөндийн дээд, доод хана арагш суурь ясны их бие дайран төгссөн нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, баруун талд эгэм яс 1-р хавиргатай өвчүүтэй нийлэх хэсгийн хугарал, хамар ясны хугарал, дух, хацар, шанаа, эрүү, цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1288 дугаартай шинжээчийн:
1. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч М.Золжаргалын гаргасан №62, 73 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. А.Хэрлэнбаатарын биед дух ясны хоёрлосон хугарал, босоо тэнхлэгийн дагуу зөрөөтэй, доош хамар ясны баруун хажуу хана, баруун талын духны хөндий, баруун этмойд хөндий дайран зүүн талын этмойд хөндийн дээд ханын ар хэсэг рүү үргэлжлэн, зүүн талын суурийн хөндийн дээд, доод хана арагш суурь ясны их бие дайран төгссөн нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, баруун талд эгэм яс 1-р хавиргатай өвчүүтэй нийлэх хэсгийн хугарал, дух, хацар, шанаа, эрүү, цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус хуралт гэмтлүүд учирчээ.
3. Дээрх гэмтэл тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба мохоо зүйлийн үйлчлэлээр буюу дээрх дух ясны хоёрлосон хугарал, босоо тэнхлэгийн дагуу зөрөөтэй, доош хамар ясны баруун хажуу хана, баруун талын духны хөндий, баруун этмойд хөндий дайран зүүн талын этмойд хөндийн дээд ханын ар хэсэг рүү үргэлжлэн, зүүн талын суурийн хөндийн дээд, доод хана арагш суурь ясны их бие дайран төгссөн нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, дух, хацар, шанаа, эрүү, баруун нүдний алимд цус хуралт бүхий гэмтлүүд нь унах болон цохих үед аль алинд үүсэх боломжтой ба баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, баруун талд эгэм яс 1-р хавиргатай өвчүүтэй нийлэх хэсгийн хугарал, цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь унах үед үүсэх боломж багатай гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
6. А.Хэрлэнбаатарын биед баруун нүдний алимны доргилт, салстын доорх цус харвалт, баруун нүдний харааны бууралт /0,2/ бүхий гэмтэл тогтоогдсон ба 2018.01.10-ны өдрийн нүдний эмчийн үзлэгээс хойш хугацаанд үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт байхгүй тул одоогоор хараа бууралтыг тогтоох боломжгүй байна. Шинжээч эмч Т.Чимэд-Очир, Б.Даваасүрэн, Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 221-223 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: ...2017.12.12-ны өдөр А.Хэрлэнбаатарыг өөрийн биеэр болон ГССҮТ-н дугаартай өвчний түүх болон толгой, цээжний компьютер томографийн багажийн шинжилгээнүүдийг үндэслэж уг дүгнэлтийг гаргасан. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр дээрх гэмтлүүд үүсэх боломжтой. Цохилт, уналтаас үүсэх боломжтой, уналтын хувьд дух хэсгээрээ хатуу гадаргуу дээр өндөрлөгөөс унахад үүсэх боломжтой...
...А.Хэрлэнбаатарын тархинд болон гавлын ясанд үүссэн гэмтэл нь архины шилээр 1 удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Би урд өгсөн мэдүүлэгтээ бүх гэмтлийг нийлүүлээд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж хэлсэн. Тархинд үүссэн гэмтэл архины шилээр 1 удаа цохиход үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73, 154-155 дугаар тал/,
- Хохирлын баримтууд:
хх-ийн 75-р талд : 7200+26.400+12.580 +68.800 = 114.980 төгрөг
хх-ийн 76-р талд : 5000+11.800+55.000+25.000=96.800 төгрөг,
хх-ийн 77-р талд : 38.900 +450.000+29.000+1750=519.650 төгрөг,
хх-ийн 78-р талд : 120.000+100.000+80.000+20.100=320.100 төгрөг,
хх-ийн 79-р талд : 150.000+100.000 = 250.000 төгрөг бүгд 1.301.530 төгрөг
Шүүгдэгч Б.Б ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 98, 101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” захын зүүн талын хашаан дотор иргэн А.Хэрлэнбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Ганбаатарын: ... Авсан архийг Хэрлэнбаатар, Б.Б бид гурав хувааж Б.Б ийн машинд уусан бөгөөд архи талдаа орж байхад бид нар нилээн согтсон. Би хойд талын суудал дээр Хэрлэнбаатар жолоочийн хажуугийн суудал дээр, Б.Б жолооны ард сууж байсан бөгөөд гэнэт Б.Б , Хэрлэнбаатар хоёр маргалдсан бөгөөд яриаг нь сонсоход машин дотор нь Хэрлэнбаатар архиа асгачихсан юм шиг байна лээ. Ингээд тэр хоёр маргалдаад хоёулаа машинаас зэрэг буухаар нь би машинаас араас нь буусан чинь Б.Б Хэрлэнбаатарыг унагаачихсан Хэрлэнбаатар баруун мөрөөрөө налж унасан, Б.Б цамцнаас нь зуурч заамдсан байдалтай байсан бөгөөд би Б.Б ийг татаж аваад наад хүн чинь бие муутай хүн шүү дээ боль гэсэн чинь Хэрлэнбаатар босч гүйгээд засварын хашааны торон хашааг давах гэж байгаад 2,3 удаа хойшоо унасан...Тэгэхээр нь би Б.Б тэй хамт араас нь гүйж очоод Хэрлэнбаатарыг аваад Б.Б өд наад хүн чинь гар муутай хүн байгаа юмаа гээд гарыг нь харуулсан чинь Б.Б Хэрлэнбаатараас уучлалт гуйгээд гар барьж байсан...машины зүүн талд манаачийн пүтекны зүүн талд Хэрлэнбаатарыг унагаасан байхад нь би очиж салгасан. Мөн Хэрлэнбаатар хашаа давах гэж байгаад унахад надаас түрүүлээд Б.Б очсон бөгөөд ахиж зууралдахаар нь би гүйж очоод салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Дамдинбатын өгсөн: ...Тухайн өдөр би ажил дээр байсан. Үдээс хойш Б.Б машиныхаа гадна нэг залууг наад шал цэвэрлэ гээд чанга дуугаар хэлж байсан. Би хог түүгээд явж байгаад эргээд хартал нөгөө залуутайгаа Б.Б зууралдаж байснаа газар унасан. Тэгэхээр нь би цаашаа явж байтал араар хүн гүйх шиг болохоор нь хартал араар нөгөө газар унасан залуу гүйж байсан. Араас нь Б.Б дагаж гүйгээд хашааны наана барьж аваад өөрийнхөө машин руу аваад сууж байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 43-45 дугаар тал/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Алтанбаярын өгсөн: ...Тухайн өдөр би байсан. Маш сайн санаж байна. Яагаад сайн санаж байгаа гэвэл манайд орж ирсэн нэг машин хулгайн машин болж тараад эзэд нь ирж байсан. Тэр өдөр ажил дээрээ байж байтал үдээс хойш 14-15 цагийн орчим Ганбаатар, Б.Б бас нэг танихгүй залуутай Б.Б ийн машин дотор архи ууж байсан. Би тэр хавиар алхаад явж байтал ард чимээ шуугиан гартал эргээд хартал нэг туранхай намхан залуу орилоод Б.Б тэй зууралдаад газар унаад байж байснаа хашаа руу гүйж байсан араас нь Ганбаатар очоод авч байсан. Тэр залуу торон хашаа руу авираад унаад байсан. Торон хашаа руу дээшээ авирч байгаад бөгсөөрөө унаж байсан, би машин хашаанаас гарах гэж байсан учир тооцоо хийхээр явсан...Тэднийг ноцолдож байх үед Содномцэрэн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр тал/, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Хэрлэнбаатарыг хүнд гэмтэл автал зодоогүй гэж мэтгэлцэж байна.
Хохирогч Б.Хэрлэнбаатар нь Б.Б өд зодуулаад шууд такси бариад гэртээ харьсан тухай мэдүүлдэг ба мөн гэрч Х.Анхцэцэгийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул өөр хүн зодсон талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байна.
Хохирогч Б.Хэрлэнбаатар нь өрөөсөн гаргүй байх ба энэ тухай хохирогчийг зодож байхад гэрч О.Ганбаатар Б.Б өд хэлж байсан байдаг.
Хохирогч Б.Хэрлэнбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Соко гэдэг нь архины шилээр миний толгойн тус газар цохисон” гэж мэдүүлдэг боловч энэ хэрэг учрал болоход О.Ганбаатар, Б.Б , А.Хэрлэнбаатар гурав байсан, өөр хүн байгаагүй болох нь гэрч О.Ганбаатар, Ж.Дамдинбат, Ө.Алтанбаяр нарын мэдүүлгээр нотлогдож байх тул А.Хэрлэнбаатарын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг Б.Б санаатайгаар учруулсан гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1: ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хохирогч А.Хэрлэнбаатар хавтаст хэрэгт 1.301.530 төгрөгийн хохирлын нотлох баримтыг ирүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт 680.200+526700=1.206.900 төгрөгийн баримтыг өгч нийт 2.508.430 төгрөгийн хохирол учирсан байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна.
Хохирогч А.Хэрлэнбаатар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өмгөөлөгч Л.Бурмаатай гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авч 1.000.000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь талуудын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа гэрээ, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 111-112-р тал, 2-р хх-ийн 40-р тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д: хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, эрхтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д: ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д: ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд хохирогчид учирсан хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан ба энэ хугацаанд Б.Б нь 3.520.000 төгрөгийг шилжүүлэн төлсөн, одоо нотлох баримтаар хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №62 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1288 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогчид учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн тул хохирогч А.Хэрлэнбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлого нь тодорхойгүй байх тул түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан зэргийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 98 дугаар тал/
Шүүгдэгч Б.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч А.Хэрлэнбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Б.Баянмөхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ