Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01183

 

Д.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00446 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2017/01100 дугаар магадлалтай,

           Д.Тын нэхэмжлэлтэй,

           “С” ХХК-д холбогдох,           

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13.600.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

       Нэхэмжлэгч Д.Тын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч Э.Н, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

   Д.Т шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Би "С" ХХК-д 2013 оноос хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтнаар ажилласан. 2015 оны 11 дүгээр сараас эхлэн уурхай сул зогсолттой байсан. Гэтэл орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг надад 2016-04-20-ны өдөр утсаар мэдэгдэж 2016-06-14-ний өдрийн 01/118-R дугаар ажлаас чөлөөлж, тушаалыг 15-ны өдөр гардуулан өгсөн.  Намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бүтцийн өөрчлөлтийг цомхтгол хийх эрхгүй этгээд хийж ажлаас халсан.  Гүйцэтгэх захирал компанид бүтцийн өөрчлөлт хийх эрхтэй этгээд, нэхэмжлэгчид ажлаас халах тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн, нэг сарын тэтгэмж олгосон гэдэгт маргаангүй. Гэхдээ тус компанийн дотоод журмын 15.1.4-т хариуцсан хэлтсийн даргын саналыг үндэслэн ажилтныг чөлөөлөх тухай заасан бөгөөд нэхэмжлэгчийг чөлөөлөх мэдэгдэл өгснийг  хэлтсийн дарга мэдээгүй. Мөн нэхэмжлэгчид өгсөн мэдэгдэлд нүүрсний зах зээлийн төлөв сайжрахгүйгээс компанийн хэмжээнд бүх төрлийн зардлыг бууруулах зорилгоор орон тоо хасах болсон гэж дурдсан боловч энэ нь  нотлогдоогүй. Нэхэмжлэгчийн ажлын байрыг хассанаар хэдий хэмжээний зардал хэмнэж байгаа нь тодорхойгүйгээс гадна мэдэгдэлд дурдсан бүх төрлийн зардлаа хэмнэх зайлшгүй шаардлага бий болсноо баримтаар нотлоогүй. Зардал хэмнэж байна гэсэн хирнээ нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэст хөдөлмөрийн эрүүл ахуйч гэсэн орон тоог шинээр бий болгож өөр хүнийг ажилд томилж авснаас зардал хэмнэх агуулга харагдахгүй байна. Мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалаар батлагдсан нормативоор байгууллага 50-100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай байхаар заасан. Гэтэл тус байгууллага нэхэмжлэгчийн орон тоог цомхтголд оруулж хассанаараа уг журмыг зөрчсөн үйлдэл болсон. Иймд Д.Тыг "С" ХХК-д аюулгүй ажиллагааны ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2016-06-15ны өдрөөс  2017-02-17-ны өдөр хүртэлх хугацааны  олговорт 13,6 сая төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сараас ажлаас чөлөөлөгдөх хүртэл сул зогсолтын үеийн цалин хөлс буюу авбал зохих цалин хөлсний 60 хувийн цалинг авч байсан тул үндсэн цалин хөлсний дундаж олговрыг тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "С" ХХК Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Овоот толгой нүүрсний ил уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд нүүрсний эрэлт буурсантай холбоотой компаний тогтвортой үйл ажиллагаа тасалдаж зардлаа бууруулах, хэмнэлт хийх шат дараалсан арга хэмжээ авахад хүрсэн. Орон тоо хасах нь дээр дурдсан арга хэмжээний нэг бөгөөд тус гүйцэтгэх захирлын 2016-02-22 -ны өдрийн тушаалаар 364 орон тоотой байсныг 349 болгож 15 орон тоо хассан. Д.Тд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх болсныг 45 хоногийн өмнө буюу 2016-05-02 -ны өдөр мэдэгдсэн. Улмаар гүйцэтгэх захирлын 2016 оны 01/118-R дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэг сарын тэтгэмж олгосон. Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалд байгууллага 100-с дээш ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар заасан. "С" ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэстэй бөгөөд үүнд "аюулгүй ажиллагааны мэргэжилтэн", "аюулгүй ажиллагааны сургагч", "аюулгүй ажиллагааны ажилтан" тус бүр 2 орон тоо байсныг бүтцээр нь хассан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс 19 орон тоотой байснаас 17 болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00446 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан "С" ХХК-д холбогдох аюулгүй ажиллагааны ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох,  олговор 13 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 10-ны өдрийн 210/МА2017/01100 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч  хяналтын гомдолдоо:  2016-07-01 -ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн 2015 оны А/114 тоот тушаалыг зөрчсөн, өөр ажил санал болгоогүй, эдийн засгийн хямралаас болж орон тоо хассан талаараа хариуцагч тал нотлоогүйг шүүх үнэлсэнгүй. “С” ХХК нь 2016-02-22 -ны өдөр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн ба ингэхдээ Хөдөлмөрийн эрүүл ахуйч гэдэг орон тоо, ажилтан нэмж миний өөрийн Аюулгүй ажиллагааны ажилтан гэдэг орон тоог хассан байсныг 2016-05-02 -ны өдөр мэдэгдэл хүлээн авснаар мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасны дагуу орон тоог хассан бол өөр ажил санал болгох, Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн ажилдаа авах боломжтой байтал мэдэгдэхгүй явсаар тэр боломжийг олгохгүй, үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж ажлаас халагдсан байдлыг шүүх дүгнэж үзсэнгүй. Хууль хэрэглээний хувьд шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн эсэхэд дээд шатны шүүх дүгнэлт өгөхийг хүсэхийн сацуу нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн тухай хуулийн 36.2.1-д заасны дагуу ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, талбан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажилд ажиллуулах үүрэгтэй байдаг талаар заасан,үүнийг хэрхэн яаж үнэлсэн талаар тодорхойгүй байна.  Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь бакалаврын дипломтой байхыг шаарддаггүй ба бидэнтэй адил ажлаа хуваагаад хийдэг юм. Миний хувьд ХАБ-ын инженерээр гадаад, дотоодод 2 газар төгсөж албан ёсны сертификаттай, сонгон шалгаруулалтанд орж байж ажилд орсон юм. Хөдөлмөрийн эрүүл ахуйч гэдэг ажлыг хийхийн тулд бакалаврын диплом олгогддог сургалт байдаггүй юм. Хөдөлмөрийн эрүүл ахуйч гэгдэх ажлын байрны тодорхойлолтоос харахад хэдэн заалт жаахан өөрчилж хийснээр өөрөөр яг адилхан байна. 2016-02-22-ны өдөр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн атал хэзээ хойно мэдэгдэл өгч байгаа нь хөдөлмөрийн эрүүл ахуйчаар ажиллуулах боломжийг хаасан, ижил төстэй ажил, орон тоо тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т шүүхэд хандах эрхийг маань хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Д.Т би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд нялх учир эхнэр маань ажилгүй, ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, ямар ч гологдол дутагдал гаргаж байгаагүй, удирдлага өөрчлөгдсөнөөр өөрийнхөө танил талыг ажилд авахын тулд хууль ёсны юм шиг харагдуулж намайг үргэлжлүүлэн ажиллах бүхий л боломжийг бүрэн хаасны дараа мэдэгдэл өгч халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Д.Т 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  “С” ХХК-ийн аюулгүй ажиллагааны ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 13.6 сая төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага тавьжээ.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

        Нэхэмжлэгч нь “...хариуцагч Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дугаар тушаалыг зөрчсөн... ажилтанд өөр ажил санал болгоогүй... эдийн засгийн хямралаас болж орон тоо хассан болохыг нотлоогүй... Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-г буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.  

       Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, дотоод журмын 6.1-г  баримтлан “орон тоо хасагдсан” гэж Д.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/118-R дугаар тушаалаар цуцалсан байх бөгөөд үүнийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангах боломжгүй байна. 

        “С” ХХК нь  бүтэц, орон тоог шинэчлэн баталж, улмаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан  баримтаар нотлогджээ.   

         Ажлын байр бүтэц, орон тооны өөрчлөлтөөр хасагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд энэ тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгч, тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. 

          Нэхэмжлэгч нь “аюулгүй ажиллагааны ажилтан”-ны ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага тавьсан тул хуучин ажлаас нь “...өөр ажил санал болгоогүй...” гэж ажил олгогчийг буруутгах боломжгүй байна. Ажилтан орон тоо хассан болохыг зөвшөөрөөхгүй байгаа тул орон тоо хасагдсантай холбоотой үр дагаварыг ажил олгогч биелүүлсэн эсэх нь нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамаарахгүй. 

        Аюулгүй ажиллагааны ажилтны орон тоог хассанаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тухай гомдол үндэслэлгүй байна.

       Шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд засан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00446 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2017/01100 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Тын гомдлыг хангахгүй орхисугай.        

       2. Нэхэмжлэгч Д.Т хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ