Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/0072

 

 

“Оюунцоож” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Л.Атарцэцэг

Шүүгчид:                          Г.Банзрагч

       Б.Мөнхтуяа

       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                Х.Батсүрэн

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Оюунцоож” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0779 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0062 дугаар магадлалтай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0779 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1-д дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Оюунцоож” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Оюунцоож” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0062 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол       

3. Гомдлын шаардлага: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0062 дугаартай магадлалыг /Шүүгч Д.Батбаатар, Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа/ эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4. Магадлалын хянавал хэсэг буюу 3 дугаар хуудсанд шүүх захиргааны байгууллагаас газрын төлбөрийн итгэлцүүр батлаагүй учраас гэрээг байгуулахгүй хүлээлгэж байсан нь нэхэмжлэгчийг хохироосон тухай дүгнэжээ.

5. Гэтэл энэ зүйл нь нотлох баримтгүй бөгөөд бусад иргэн, хуулийн этгээд гэрээгээ байгуулан хэвийн ажиллаж байсан. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа газар ашиглах гэрээг байгуулахгүй байгаа үйлдэл гаргасан бол дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандах эрх нь нээлттэй байсан бөгөөд нэхэмжлэгч энэ боломжийг ашиглаагүй.

6. Хууль зүйн актын нэгдсэн бүртгэл буюу www.legalinfo.mn сайтад Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журам, түүний хавсралт болох газар ашиглах гэрээний маягт одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж, хэрэглэгдэж байдаг. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрт зөвхөн дээрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хууль зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгасан бөгөөд харин газар ашиглагч нарыг төлбөрөөс чөлөөлсөн, төлбөр төлөөгүй үйлдлийг нь зөвтгөсөн, газрын төлбөрийг төлөхийг түдгэлзүүлсэн, газар ашиглах гэрээ байгуулахыг хориглосон дүгнэлт хийгээгүй байдаг ба харин ч төлбөр төлөх харилцаанд энэхүү шүүхийн ажил, шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн байдаг.

7. Иймд нотлох баримтыг дутуу бүрдүүлж үнэлсэн, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэн нэхэмжлэгч “Оюунцоож” ХХК болон нэр бүхий 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгон, гэрээг цуцалсан байна.

10. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь  хэрэгт авагдаж нотлох баримтаар үнэлэгдсэн “Оюунцоож” ХХК-аас газрын төлбөрт 2007 онд 4,527,600 төгрөг, 2008 онд 1,293,600 төгрөг, 2009 онд 1,293,600 төгрөг, 2010 онд 1,848,000 төгрөг, 2011 онд 3,234,000 төгрөг, 2013 онд 2,772,000 төгрөг, 2014 онд 2,772,000 төгрөг, 2015 онд 2,772,000 төгрөг тус тус төлсөн болох нь Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16/1194 тоот албан бичгээр, маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулж, зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь “...380 вольтын цахилгаан татсан, 1 давхар 1 байшин, 4 гэртэй аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг, цахилгаан, дулаан, холбоо сүлжээ, техникийн нөхцөл бүрэн хийгдсэн, Архитектур төлөвлөгөөний даалгавар, эскиз зураг төслөө Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулсан, 2015 оны Байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, төлөвлөгөө батлуулж, биелэлтийг өгсөн, газар ашиглалтын зөрчилгүй, төлбөрийн өр авлагагүй” гэх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 243 тоот албан бичгээр тус тус үгүйсгэгдэж байна.

11. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/110 дугаар тушаалаар 0,7 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч хугацааг 5 жилээр сунган, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 0170979 тоот гэрчилгээг олгожээ.  

12. Нэгэнт газар ашиглах эрхийн хугацааг сунгасан тохиолдолд холбогдох захиргааны байгууллагаас газрын төлбөрийн итгэлцүүр тогтоох тухай тогтоол батлагдсаны дараа гурвалсан гэрээг байгуулахаар хүлээлгэж, тухайн гэрээг байгуулаагүйгээс “Оюунцоож” ХХК-ийн газрын төлбөр төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй байхад нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

13. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломжийг олгож, сонсох ажиллагааг явуулах ажиллагааг хэрэгжүүлээгүй хариуцагчийн үйлдэл буруу юм.           

14. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0779 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0062 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН