Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 59

 

Л.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2016/00278 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.*******т хариуцагдах

“Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашин гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “автомашины өмчлөх эрхээ олж авах, 2 ширхэг шар манан хөөрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нар оролцов.

     Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* би өөрийн танил Д.*******т өөрийн өмчлөлийн ******* УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашиныг тохиролцооны үндсэн дээр унуулж байгаа юм. Улмаар автомашинаа нэхэхэд өгөхгүй зугтаад байгаа учир Д.*******ын хууль бус өмчлөлөөс Тоёото Ланд круйзер-80 маркийн ******* УБН автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Л.******* нь Д.******* миний эзэмшлийн ******* УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашиныг өөрийн өмчлөлийн ба надад тохиролцооны үндсэн дээр унуулж байгаа гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Уг машиныг би 2014 оны 09 дүгээр сард өөрийн найз Г.*******аас төлбөрийг нь бүрэн барагдуулж худалдаж авсан ба намайг авах үед уг машины гэрчилгээ нь *******ын төрсөн эгч Г.*******ийн нэр дээр байсан. Би өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл улсын дугаар нь солигдох гээд байсан учир шилжүүлэг хийгээгүй. Энэ талаар Г.******* бид хоёр бичгээр тохиролцсон. Ингээд 2015 оны 03 дугаар сарын үед мөнгөний хэрэг гараад Улаанбаатар хотод машин барьцаалан зээлдэх газар барьцаалуулж мөнгө авахаар болтол Г.******* өөрийн нэр дээр зээл авахуулахаас татгалзсан. Ингээд тухайн үед хамтран ажиллаж байсан Л.*******ын нэр дээр машины гэрчилгээг шилжүүлэн зээл авсан. Зээлийг миний бие төлж дууссаны дараа машинаа шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч надад гэрчилгээг шилжүүлж өгөөгүй ба эцэст нь шүүхэд өөрийн машиныг надад унуулж байсан мэт нэхэмжлэл гаргасан байна гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Шаардлага: Toyota Land crissir-80 маркийн автомашин, шар тариат мана дунд гарын хөөрөг, шар мана/ тархитай/ дунд гарын хөөрөг гаргуулах.

 Үндэслэл: Л.******* нь Шар манан дунд гарын хоёр ширхэг хөөргийг 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод зарж өгнө гэж авч яваад өгөөгүй. 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр миний эзэмшлийн Ганхүүгийн *******ийн нэр дээр байдаг ******* УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашиныг авто ломбарданд тавьж мөнгөний шаардлага гарсан тул уг машиныг худалдсан Г.******* нь өөрийн нэр тавихыг зөвшөөрөөгүй тул Улаанбаатар хотын харъяат Л.*******ын нэр дээр шилжүүлсэн. Баян-Агт авто ломбардад 2015 оны 03 дугаар сарын эхээр тавьж Д.******* би өөрийн хэрэгцээний 5000000 төгрөгийг авч 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баян-Агт авто ломбардын 5018086007 тоот дансанд 6912500 төгрөгийг төлж барагдуулан буцааж Г.*******ийн нэр дээр шилжүүлж авах болсноо хэлэхэд гэрчилгээ болон бүх зүйл нь миний нэр дээр хаагуур ч явсан миний машин болсон гэж утсаар ойлгомжгүй тайлбар хийсэн. Одоо энэ машины нэрийг болон өмчлөгчийн эрхийг буцаан авах хүсэлтэй байна. Л.*******д нэр шилжүүлэх болсон учир нь ******* УБН улсын дугаарыг хадгалж үлдэхийг хүссэн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Л.******* нь Д.*******т холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д.*******ын хууль бус өмчлөлөөс өөрийн өмчлөлийн Тоёото Ланд круйзер-80 маркийн, ******* УБН улсын дугаартай авто машиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбогдуулан хууль ёсны баримт, лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй учраас авто тээврийн газраас лавлагаа авсан. Мөн жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний эх хувь зэрэг нэхэмжлэгчид байсан нотлох баримтуудыг хууль заасан нотлох баримтын хүрээнд шүүхэд гаргаж өгсөн. Хэрвээ энэ машиныг биет байдлаар өгөх боломжгүй гэж үзэж байгаа бол үнийг нь төлж болно гэсэн заалт байдаг учраас албан ёсны үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж хавтас хэрэгт үнэлгээг гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Л.*******ын нэр дээр машин байдаг тухай авто тээврийн газраас лавлагаа гарсан байдаг. Д.******* нь Улаанбаатарын дугаараа хадгалах, ломбарданд тавихын тулд Л.*******ын нэр дээр шилжүүлсэн гэдгээ баримтаар нотолсон зүйл огт байхгүй. Тиймээс хариуцагчийн хариу тайлбар бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа. Үндсэн нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж бодож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн өмчийг шаардах эрхтэй. Хэрвээ шаардаад өгөхгүй бол шүүхэд хандах эрхтэй гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Миний эзэмшиж байгаа машин Л.******* гэж хүний нэр дээр явдаг боловч миний өөрийн унаж хэрэглэж байгаа Тоёото Ланд круйзер-80 машиныг надаас нэхэмжилсэн. Энэ асуудал дээр би санал нийлэхгүй байгаа. Хэрвээ Л.******* өөрийнхөө машин гэж үзэж байгаа бол энэ машиныг хэзээ, хаанаас хэдэн төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн юм бэ? гэдэг нотлох баримтыг би шаардаж байна. Хоёрдугаарт машины мөнгөн дүнгээр хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ гаргуулсан байна. Машин байхгүй байхад үнэлгээг яаж гаргасан юм бэ? гэдэг нь сонин санагдаж байна. Энэ машин бол миний машин. Би унаж явж байгаад ломбарданд тавих шаардлагатай болж Л.*******ын нэр дээр тавьсан. Машинаа ломбардад тавих болсон шалтгаан нь бид Шивээ хүрэн хилийн боомт дээр ажил хийж байхад орос машин буюу УАЗ-469 болон фургон машин хэрэг болсон юм. Тэгээд бид машин авахаар Улаанбаатар хот орсон. Миний нэхэмжлэл дээр дурдсан 2 хөөрөг байх ёстой. Тэр 2 хөөргийг зарж машин болгуулахаар өгч явуулсан боловч зарагдаагүй гэсэн. Би эргэж очоод машинаа Баянзүрх дүүргийн ломбарданд тавих болсон. Л.*******ын нэр дээр машинаа шилжүүлж ломбарданд тавиад 2014 оны 03 дугаар сарын эхээр УАЗ-469 машин, фургон машин хоёрыг Улаанбаатар хотоос ломбарданд тавьсан мөнгөөрөө авчирсан юм. Дараа нь 2014 оны 05 дугаар сард ломбардныхаа мөнгийг төлж чадахгүй болсон учир Өмнөговь аймгийн Хаан банк дахь салбараас 10.000.000 төгрөгийг зээл хийж ломбардны мөнгийг төлсөн байгаа. Тэгээд эргээд машинаа шилжүүлж авья гэтэл Л.******* машины гэрчилгээ миний нэр дээр гарсан учраас энэ бол миний машин, хууль ёсны өмчлөгч нь би гэсэн тайлбарыг надад өгсөн. Ийм асуудал болсон юм. Машин миний нэр дээр анх байгаагүй. Яагаад гэвэл би Өмнөговь аймгийн регистрийн дугаартай учир Улаанбаатарын хотын азын дугаарыг нь авч үлдэхийн тулд анхны эзэмшигч Г.*******ийн нэр дээр хэвээр нь байлгаж байсан юм. Би Г.*******, Г.******* нараас 19.000.000 төгрөгөөр энэ машиныг худалдаж авсан. Энэ талаар нотлох баримтаа хавтас хэрэгт гаргаж өгсөн байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд болон болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Д.******* машинаа ломбарданд тавихын тулд Л.*******ын нэр дээр шилжүүлсэн тухай гэрээ хэлцэл хавтас хэрэгт байхгүй байгаа. Мөн Г.*******, Г.******* нар машиныг анх өмчилж, эзэмшиж байсан тухай баримт байхгүй. Хариуцагч Д.******* нь эх сурвалжаа зааж ярьж чадахгүй байна. Бодит нотлох баримтын хүрээнд ярих ёстой байх. Хоёрдугаарт 2 хөөрөгний тухай ярьж байна. 2 хөөргийг Л.******* биет байдлаар нь над руу шилжүүлсэн байгаа. Би хариуцлага алдаад Улаанбаатар хотоос авчирна гэж байгаад мартаад ирсэн байна. Шүүх дээр баруун, зүүн гараараа солилцоод Д.*******т өгье гэж бодож байсан юм. 2 хөөрөг бүрэн бүтнээрээ байгаа учраас хүлээгээд авч болно гэжээ.

     Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Л.*******ын нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох ******* УБН улсын дугаартай Тоёото Ланд круйзер-80 маркийн автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ын өмчлөх эрхийг буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2 ширхэг хөөрөг буюу үнэ 7500000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Л.*******оос гаргуулан сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.*******т олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******, Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200, 292950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Л.*******оос 67475, орон нутгийн төсвийн орлогоос 87800 төгрөгийг тус тус гаргуулж Д.*******т олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Л.******* би өөрийн өмчлөлд бүртгэлтэй ланд круйзер 80 маркийн  ******* УБН дугаартай автомашиныг бусдын хууль бус өмчлөлөөс нэхэмжилсэн ба надад өөрийн өмчөө эзэмших эрхийг хууль ёсны баримт нотолж байхад шүүх Д.*******ын эзэмшилд байгаа учир Д.*******ын өмч гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй.

Д.******* уг автомашиныг худалдаж авсан гэх боловч энэ тухай банкинд тушаасан мөнгөний баримт сэлт нь тодорхой бус, хэнээс хэнд ямар мөнгө шилжиж байгаа бөгөөд худалдаж авсан он, сар, хугацаа бүхэн нь зөрдөг.

Д.******* нь уг автомашиныг Г.******* гэдэг хүнээс худалдаж авсан хэмээн мэдүүлдэг боловч энэ тухай байгуулсан гэрээ нь хавсрагдаагүй. Г.*******, Г.Гантулга гэх гэрчүүд уг автомашиныг *******т худалдсан гэдэг боловч Г.******* уг автомашиныг өөрийн өмчлөлд бүртгэлтэй байснаа нотлоогүй.

Өөрөөр хэлбэл гэрч гэрчилж буй зүйлийн эх сурвалжаа зааж чадаагүй байна. Шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмэлжлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, улсын тэмдэгтийн хураамж хуваарилах журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.******* нь Д.*******ын хууль бус өмчлөлөөс Тоёото Ланд круйзер-80 маркийн ******* УБН улсын дугаартай автомашиныг гаргуулах шаардлагаа “эзэмшигч Л.*******” гэж бичигдсэн Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагааг  үндэслэж нэхэмжилснийг хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Л.*******д холбогдуулан шар тариат мана дунд гарын, шар мана/ тархитай/ дунд гарын хөөрөгнүүд гаргуулах, машины нэрийг болон өмчлөгчийн эрхийг буцаан авах хүсэлтэй гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан байна.  

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон автомашин нь биет байдлаараа хариуцагч Д.*******ын ашиглалт, эзэмшилд байгаа, харин Л.*******ын нэр дээр автотээврийн хэрэгсэлийн эзэмших эрх бүртгэлтэй байгаа үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т өмчлөх эрх олж байгаа этгээдийн эзэмшилд эд хөрөнгө шилжснээр хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэснээр Л.*******ын эзэмшилд автомашин шилжээгүй байх тул Л.*******ыг тухайн автомашины өмчлөгч гэж үзэх боломжгүй гэсэн анхан шатны дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагч Д.******* нь автомашиныг анх Г.*******аас худалдан авч азын дугаарыг нь хэвээр байлгахын тулд түүний эгч Г.*******ийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байлгасан, автомашинаа барьцаалж зээл авах гэсэн боловч Г.******* өөрийн нэр дээр зээл авахыг зөвшөөрөөгүй учраас хамтран ажиллаж байсан Л.*******ын нэр дээр автомашинаа шилжүүлж зээл авсан, уг зээлээ би төлсөн,  машин миний өмч гэж татгалзсан үндэслэлээ тайлбарлан маргаж үүнийгээ Г.*******, Г.******* нарыг гэрчээр асуулган нотлуулсан байна. Г.*******, Г.******* нар нь Д.*******т автомашиныг худалдсан, үнийг төлсөн, нэр дээрээ зээл авхуулахыг хүссэн хүсэлтийг зөвшөөрөөгүй, Л.*******ын нэр дээр автомашиныг шилжүүлсэн этгээдүүд бөгөөд тэдгээрээс авсан гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлд дээрх үйл баримтууд буюу хариуцагч Д.*******ын гаргасан тайлбарт тусгагдсан үйл баримтыг тусгагдсан байна. Шүүх гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмаар авсан байна. Харин Л.******* нь хариуцагчийн дээрх нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

Хариуцагчаас автомашиныг худалдан авсан тухай мэтгэлцэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь түүнийг няцааж, автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг буюу өөрийн өмчлөлд ирсэн, яагаад хариуцагчид шилжүүлсэн үндэслэлээ нотлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзсан үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээр тодорхойлогдоно. Шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчид эрх үүргийг тайлбарлаж байсан төдийгүй хэргийн материалыг 2016 оны 3 дугаар сарын 10, 6 дугаар сарын 03-нд танилцуулсан байна. /хэргийн 12, 97, 98, 201 дүгээр тал/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн талаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн шийдэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 292950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байна. /хэргийн 39 дүгээр тал/ Сөрөг нэхэмжлэлээр гурван шаардлага гаргасан ба хөөрөг гаргуулах хоёр шаардлагын үнийг Д.******* өөрөө 7500000 төгрөг гэж тодорхойлсон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар уг шаардлагад 134950 төгрөгийг, харин өмчлөгчийн эрхийг буцаан авах гэх шаардлага нь эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэл байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнэ тодорхойлогдох тул Д.******* нь сөрөг нэхэмжлэлдээ нийт 205150 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх байтал тогтоосон хэмжээнээс илүү 87800 төгрөг төлснийг шүүх буцаан олгохдоо хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн талаар  “хоёр хөөргийг буцааж өгөхөд татгалзахгүй” гэсэн тайлбар гаргасан нь 7500000 төгрөгний үнэ бүхий хоёр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /хэргийн 100 дугаар тал/

Шүүх энэ хоёр шаардлагын  хөөрөгний үнийн талаар маргаагүй, эд зүйлийг биетээр нь өгөхөөр болсон гэж дүгнэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд байхгүй 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

            Иймд маргаагүй шаардлагын талаар хууль буруу хэрэглэсэн дүгнэлт болон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль буруу хэрэглэснийг тус тус зөвтгөж зохих өөрчлөлт оруулахаар тогтов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 143/ШШ2016/00278 дугаар шийдвэрийн 3 дугаар заалтыг бүхэлд нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Л.******* нь 7500000 төгрөгний үнэ бүхий  шар тариат мана дунд гарын, шар мана/ тархитай/ дунд гарын хөөрөгнүүдийг Д.*******т өгөхийг хүлээн зөвшөөрсөнг баталж, Л.******* нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.”гэж,

4 дүгээр заалтыг бүхэлд нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Л.*******ын төлсөн 70200 төгрөгийг, Д.*******ын төлсөн 292950 төгрөгнөөс 205150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.*******оос 67475 төгрөг гаргуулан Д.*******т, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан 87800 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын газрын 5585042119 тоот данснаас гаргуулан Д.*******т олгосугай.” гэж нэмэлт, өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Л.*******ын давж заалдах гомдол гаргахад төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.  Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ