Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0423

 

Д.С-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагч Д.С, хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ГЗТХБА-ны гаалийн улсын байцаагч Ц.П нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0375 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.С-ийн гомдолтой, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ГЗТХБА-ны гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0375 дугаар шийдвэрээр: “Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0123410 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Д.С-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Д.С давж заалдах гомдолдоо: “...намайг гаальд мэдүүлж, бараа хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэмээн буруутгаж шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. Тэдгээр барааг би огт мэдүүлээгүй, бараа ирсэн гэдгийг ч мэдээгүй, ямар бараа ирсэн, тэнд нь юу юу байгааг мэдэхгүй, харж танилцаагүй билээ. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасан эрхээр миний бие хангагдаагүй болно.

Түүнчлэн гааль дээр миний бие ямар нэгэн хэлбэрээр мэдүүлэг гаргаагүй, харин Б.Б гэх хүн хүлээн авч, гаалийн мэдүүлсэн байдаг. ...иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ГЗТХБА-ны гаалийн улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0123410 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.С-ийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа болох биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу 335 181.5 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч Д.С-ээс “...АНУ-аас миний нэр дээр ямар бараа ирснийг би мэдээгүй, гаалийн байгууллагад би мэдүүлэг гаргаагүй” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон гомдол гаргагчийн тайлбараас үзэхэд, Америкийн нэгдсэн улсаас ирсэн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Д.С өөрт ирсэн болохыг хүлээн зөвшөөрсөн, энэхүү бүтээгдэхүүн нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т ““тарифын бус хязгаарлалт” гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг” ойлгоно гэж заасан тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа болох нь тогтоогдсон, гомдол гаргагчаас уг үйл баримтад холбогдуулан маргахгүй байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг”, 3.1.12-т ““гаалийн бүрдүүлэлт” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг”, 3.1.13-т ““гаалийн бүрдүүлэлтийн горим” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ”, 24.2-т “Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл, гаалийн хилээр аливаа бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх гэж байгаа этгээд нь холбогдох бараанд гаалийн бүрдүүлэлтийг хийж, гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байхад гомдол гаргагч Д.С нь Америкийн нэгдсэн улсаас илгээсэн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг гаальд мэдүүлэхгүйгээр хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д заасан гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон гэж заасан зөрчилд хамаарч байна.

Иймд Д.С-ийг тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаальд мэдүүлэхгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг завдсан гэм буруутай гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д “Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзээд шийтгэл ногдуулсан гаалийн улсын байцаагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН