Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 14

 

                   А.Д-д холбогдох эрүүгийн

               хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн шүүхийн 1949 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолтой, А.Д-д холбогдох 17262 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Завхан аймгийн Баянхайрхан сумын 4 дүгээр багийн харьяат, ард халх, 51 настай, эрэгтэй, ам бүл 3, адуу 21, үхэр 2, хонь 13, гэр 1-ийн хөрөнгөтэй, гавьяа шагналгүй, гишүүн бус, лам явсан А-ийн Д нь

1946 оноос эхлэн ард түмний дотор шашны мухар сүсэг, шашны үзэл суртлаар мунхруулан Н, Т нарын 6 айлд, тэдний ам бүлд өвчин эмгэг, үхэл тохиолдсоныг далимдуулан Оточ, Сан, Лхам, Хийморийн сан, Даян дээрх зэрэг ном гүрэм уншиж, сүнс дуудах зэргээр мэхлэн хуурч 930 төгрөгийн үнэ бүхий мал, эд зүйлсийг амин хувьдаа өргөл барьц болгон авч ашгийг хичээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн шүүхийн 1949 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор А.Д-ыг 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн лагерьт 1 жил хорих ялаар шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Завхан аймгийн шүүхийн 1949 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор А-ийн Д 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн лагерьт 1 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

А.Д-ийн үйлдсэн гэх гэмт хэргийн санаа зорилго, ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж өргөл барьц авсан эсэх, хэргийн улмаас тухайн үеийн нийгэм, иргэдэд ямар хор, хохирол учруулсан эсэхийг ном гүрэм уншуулсан Ц, Т, Ц, М, П гэх хүмүүсийг гэрчээр байцааж шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, А.Д нь бусдын гуйлт хүсэлтээр ном уншиж, нас барагсдын хойтохыг уншиж, иргэдээс барьц болгон өгсөн зүйлүүдийг авсныг ашгийг хичээсэн гэж үзэж, төр засгаас шашны талаар баримталж байсан бодлогын золиос болгож, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь дараах баримтуудаас харагдаж байна. Үүнд:

А.Д-ийн: “би бусдын гуйлт хүсэлтээр ном гүрэм уншиж өгсөн...” гэх мэдүүлэг.

Болсон явдал, өргөл барьц өгсөн, нэхсэн эсэх талаар ном гүрэм уншуулсан гэх Ц, Т, Ц, М, П гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, 1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд: “...Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.

А.Д-ийн бусдын гуйлт хүсэлтээр ном уншиж, нас барагсдын хойдохыг уншиж, сэтгэлээсээ барьц болгож өгсөн зүйлсийг авсныг ашгийг хичээсэн гэж буруутгаж, улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна. 

Иймд Завхан аймгийн шүүхийн 1949 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор А.Д-д 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар улс төрийн хэрэгт хөдөлмөрийн лагерьт 1 жил хорих ялаар шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, А-ийн Д-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНХАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

А.Д-г 1946 оноос эхлэн ард түмний дотор шашны мухар сүсэг, үзэл суртлаар мунхруулан, өвчин туссан, хүн нас барсан зэргийг далимдуулан Н нарын 6 айлд ном гүрэм унших, сүнс дуудах зэргээр мэхлэн хуурч 930 төгрөгийн үнэ бүхий мал, эд зүйлсийг авч ашигласан гэм буруутай гэж Завхан аймгийн шүүхийн 1949 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн лагерьт 1 жил хорьж шийтгэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А.Д нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн мэхт явдлуудыг зохиож, эд зүйлийг авч ашигласан гэж ял төлөвлөн, шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн боловч дээрх үйлдлийг нь нотолж тогтоосон баримт байхгүй, зөвхөн өөрийнх нь хэргээ хүлээсэн мэдүүлэгт үндэслэн хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

А.Д-г хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Г-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Завхан аймгийн шүүхийн 1949 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Д-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн шүүхийн 1949 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр А-ийн Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                                ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                   С.БАТДЭЛГЭР                                                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН