Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 205/МА2024/00008

 

Завхан аймгийн *******ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаярын нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 140/ШШ2024/00117 дугаар шийдвэртэй

Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй Х.*******аад холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15,303,253 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Х.*******аа /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар, Х.*******аад холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15,303,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Завхан аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.*******аа нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар Завхан аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгч В.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсний улмаас эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг В.******* Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 372 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар В.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00019 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, В.*******гийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Ингээд В.******* нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоолоор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2019/00019 дугаартай магадлал, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийг баримтлан В.*******г Завхан аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 10,541,869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Мөн В.*******г Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон боловч энэ шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсаар 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын Засаг даргын Б/02 тоот захирамж гарч ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар В.******* нэхэмжлэлээ Завхан аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Улмаар тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/00229 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,701,095 төгрөгийг гаргуулж В.*******д олгож, уг мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүд даалгаж тус, тус шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрүүдэд заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, В.*******д ажилгүй байсан хугацааны цалин болох 15,303,253 төгрөгийг олгосноор ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2 дахь хэсэгт... Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1... дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд, уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт... Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.*******аагаас шүүхийн шийдвэрийн дагуу В.*******д олгосон нөхөн олговрыг гаргуулж улсын төсөвт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анх нэхэмжлэл гаргахдаа тухайн баримтуудад үндэслэж 15,303,253 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргасан баримтыг үндэслэж 60,000 төгрөгийн зөрүүтэй нэхэмжлэл гаргачихсан байгаа. 3 шатны шүүхийн шийдвэр болон 2021 оны 229 дугаартай шийдвэрүүдийн мөнгөн дүнг нэмж үзэхэд нийт 15,242,964 төгрөгийг гаргуулахаар байдаг. Нэгэнт шүүхийн шийдвэрээр ийм хэмжээний мөнгө гаргаж олгох ёстой гэсэн байхад Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 60,289 төгрөгийг илүү олгосон нөхцөл байдал харагдаж байгаа. Иймд 60,289 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж нийт 15,242,964 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.    Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

В.******* гэх хүн маань хувь хүнийхээ хувьд зан араншны тал дээр ямар нэгэн байдлаар төрийн алба хашихад тохирохгүй зүй бус үйлдэлтэй хүн байдаг. Эхний 2 шатны шүүхээр ялсан ч, Улсын дээд шатны шүүхийн тогтоол яаж гарсныг өөрийн биеэр тухайн шүүх хуралдаанд оролцоогүй учраас мэдэхгүй байна. Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Засаг даргын шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших асуудлууд надад хамаагүй. Тухайн үед намайг ажиллаж байхад мөнгө төгрөг төлөгдсөн бол би тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Гэтэл би тухайн үед Завхан аймгийн ******* сумын Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдөөд 1 жил гаруй хугацааны дараа ******* сумын Тамгын газрын хүмүүс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн байсан. Тийм учраас энэ мөнгө нэхэмжлээд байгаа асуудал нь надад хамааралгүй гэж үзэж байна. В.******* нь ялтай хүн бөгөөд хүний биед хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдлууд тогтоогдсон тул ажлаас халах үндэслэл болсон. Би 2020 оны 04 дүгээр сард жирэмсэн болсон бөгөөд сумын иргэдийн төлөөлөгчийн сонгууль явагдаж ялсан намын хүн нь засаг даргаар томилогдсон бөгөөд миний хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй байсан юм. Тэгээд дараагийн дарга нь томилогдоход Авлигатай тэмцэх газар руу мэдүүлэг бүх материалыг нь явуулаад хариу нь ирсэн өдөр буюу 02 дугаар сарын 16-ны өдөр намайг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын ажлаас чөлөөлж, дараагийн засаг дарга болох *******ийг томилсон. Тэр хүн томилогдсон л бол тэр өдрөөсөө Завхан аймгийн ******* сумын засаг даргынхаа эрх, үүргийг хэрэгжүүлээд явах ёстой хүн байхад В.*******г ажилд нь томилохгүй яваад байсан юм. Би тэр Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүсийг албадан төлбөр тооцоогоо хий гэж шахаж, шаардаагүй өөрсдөө л шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Х.*******аагаас 15,242,964 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Х.*******аагаас улсын тэмдэгтийн хураамжид 234,165 төгрөг гаргуулж, төрийн сангийн 100090000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Х.*******аагийн давж заалдах гомдлын агуулга, тайлбар: Х.*******аа би Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 140/ШШ2024/00117 дугаартай шийдвэрийг 2024 оны 04 сарын 16-нд хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Би 2016 оны 11 сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* сумын Засаг даргаар томилогдсон. ******* сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан В. ******* нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-т заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутай болох нь тогтоогдож, торгох ялаар шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар В.*******г ажлаас чөлөөлсөн. В.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай захирамжийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 205/МА2019/00019 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоолоор В. *******г Завхан аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 10,541,869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Х.*******аа би Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн тушаалаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн учир үүнээс хойшхи асуудлууд надад хамаагүй. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй болсон тул сумын иргэдийн төлөөлөгчдийн сонгууль явагдаж ялсан намын хүн нь засаг даргаар томилогдохоор болсон. Би дараагийн засаг дарга томилогдоход Авлигатай тэмцэх газар луу мэдүүлэг бүх материалыг явуулаад хариу ирсэн өдөр буюу 2020 оны 12 сарын 16-ны өдөр би ажлаасаа чөлөөлөгдөж, Засаг даргаар *******ийг томилсон. ******* нь томилогдсон өдрөөсөө засаг даргынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлээд явах ёстой байхад В.*******гийн Улсын дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсаар намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 4 сар гаруй хугацааны дараа буюу 2021 оны 03 сарын 03-ны өдөр ******* сумын Засаг даргын 5/02 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан (төлбөр төлөгчөөр ******* байсан) гүйцэтгүүлж ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Иймээс В. ******* нь 2020 оны 09 сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/00229 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,701,095 төгрөгийг гаргуулж В. *******д олгож, уг мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл, ХХОАТ-г хуульд заасан хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын санхүүд даалгаж тус тус шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрүүдэд заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, В.*******д ажилгүй байсан хугацааны цалин болох 15,303,253 төгрөгийг олгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Гэтэл Завхан аймгийн *******ын газраас Х.*******аа надад холбогдуулж хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15,303,253 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, Завхан аймаг дахь анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 140/ШШ2024/00117 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Х.*******аагаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15,242,964 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжилсэн үнийн дүнгийн зарим нь миний ажлаа хүлээлгэж өгснөөс хойшхи буюу Засаг дарга *******тэй холбоотой асуудлуудыг нэмж тусгасан байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х.*******аа би Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн тушаалаар Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь иргэн Х. *******ааг хариуцагчаар татаагүй Завхан аймгийн ******* сумын засаг даргыг буюу төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагчаар татсан. Энэ нь Завхан аймгийн ******* сумын засаг даргаар Х. *******аа байна уу, ******* байна уу гэдгээс үл хамаарч төрийн эрх барих залгамжаар буюу иргэн хэн байхаас үл хамаарч Завхан аймгийн ******* сумын засаг дарга гэсэн албан тушаалтныг хариуцагчаар татсан. Яг үүнтэй адил Завхан аймгийн ******* сумын засаг даргын ажлыг ******* гэдэг хүнд өгсөн. ******* гэдэг хүн нь ******* сумын засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлж эхэлсэн цаг хугацаанаас би тэр албан тушаалтанд нэхэмжлэгчийг ав гэх эрх байхгүй юм. ******* засаг дарга тэр хүнийг шүүхийн шийдвэр биелүүлээд авсан бол болох байсан. Гэтэл ******* засаг дарга нь нэхэмжлэгчийг авахгүйгээс гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан ажилд эгүүлэн тогтоосон захирамж гаргасан байгаа нь тухайн засаг даргын шүүхийн шийдвэрийг үндэслэж авсан захирамжаар тов тодорхой харагдаж байна. Тиймээс нэхэмжилсэн үнийн дүнгээс Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 Оны 05 сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/00229 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,701,095 төгрөгөөс 2020 оны 09 сарын 10-ны өдрөөс Х.*******аа би ажлаас чөлөөлөгдсөн өдөр буюу 2020 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны буюу миний бие сумын засаг даргаар ажиллаагүй үеийн цалин хөлсний олговрыг төлөх боломжгүй тул нэхэмжилсэн үнийн дүнгийн 2,350,547, төгрөгийг хасч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын агуулга нь, сумын Засаг дарга Х.*******ааг ажлаа хүлээлгэн өгсний дараах хугацаанд буюу төрийн албан хаагч биш, иргэн Х.*******аа болсон үед нь буруутай байсан юм шиг шийдвэр гаргасан. Дараагийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, В.*******г ажилд авах ёстой байхад ажилд эргүүлэн аваагүй байх хугацаанд Х.*******ааг буруутай гэж дүгнэн В.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад төлбөрийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Х.*******аагийн үйлдэл, оролцооноос үл шалтгаалсан байхад өөрөөс нь шалтгаалсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагчаар ******* сумын Засаг даргыг татаж байгаа. ******* сумын Засаг дарга хэн байхаас үл шалтгаалаад тухайн төрийн үйл ажиллагаа залгамж халаагаар явах ёстой. Х.*******ааг чөлөөлөгдсөнөөс хойш 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 03 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсийг Х.*******аа төлөхөөр шийдвэрлэсэн. Дараа дараагийн саруудад шинээр томилогдсон ******* сумын Засаг дарга В.*******г ажилд нь эргүүлэн томилохгүй байсан эс үйлдэхүй гаргасаар 1 жил болоход Х.*******аа тэр цалингүй байсан үеийн цалин хөлсийг төлнө гэдэг нь шударга бус юм. Шүүхийн шийдвэр гарах үед Сумын Засаг дарга Х.*******аа сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөнөөс хойш дараагийн Засаг дарга нь эрх залгамжлалаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой зүйл дээр удааширсан. Удааширсан асуудал нь Х.*******аа нь шийдвэр гаргах эрхгүй иргэн хүн учраас В.*******г ажилд нь эргүүлэн авах эрх хэмжээ байхгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, Х.*******аад холбогдох хэсгийг нь үлдээж, сумын Засаг даргаас чөлөөлөгдсөн байх хугацааны үеийн цалин хөлсийг хасч өгөхийг хүсэж байна гэв.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

...Завхан аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.*******аа нь хүний 2019 оны 04 сарын 8-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар В.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. В.******* уг шийдвэрийг эс зөвшөөрч Завхан аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд, В.*******г ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзсэн. В.*******г Завхан аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох шийдвэр гарсан. Х.*******аа нь В.*******г эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүн төрийн албанд ажиллах шаардлагыг хангахгүй гэх байдлаар ярьж байна. Энэ асуудал дээр бид бүхэн дүгнэлт хийх боломжгүй. Шат шатны шүүхээр хэлэлцэгдээд Улсын дээд шүүхээс В.*******г үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна. Чөлөөлсөн захирамж нь хууль бус байна гэж тогтоосон байгаа учраас өнөөдөр хариуцагчийн тайлбарлаад байгаа асуудлыг ярих, дүгнэх боломжгүй юм. Би тухайн шүүхийн шийдвэрүүдтэй танилцаагүй байсан талаараа ярьж байна. Хариуцагчийн тухайд, Х.*******аа өөрөө хариуцагчийн төлөөлөгчийн байр сууринаас шүүх хуралд оролцоод явсан байдаг. Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Х.*******аа өөрөө биечлэн оролцсон. Улсын дээд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоход байсан. В.*******г ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь тогтоогдсон. В.*******г Завхан аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олго гэх шийдвэрийг чихээрээ сонссон. Тиймээс хариуцагч Х.*******аа шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байсан. Х.*******аагийн тухайд Улсын дээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн тамгын газраас хариу ирүүлсэн албан бичиг байдаг. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х.*******аа өөрөө, сумын Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн боловч, Улсын дээд шүүх буруу шийдвэр гаргасан байна гэж үзээд Улсын дээд шүүхийн нийт шүүгч нарын хуралдаанд гомдол гаргасан. Уг шийдвэрийн хариу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. ******* сумын Засаг дарга Х.*******аагийн хувьд эрхээ шилжүүлээд өөр Засаг дарга томилогдоход мөн эрх нь шилжих ёстой байсан. Ийм байдлаар энэ хүн ажлаас чөлөөлөгдсөн. Ийм шүүхийн шийдвэр гарсан. Энэ хүнийг ажилд эргүүлэн томилох ёстой гэдгээ хэлж тайлбарлах ёстой байсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлөх юм бол төрд учирсан хохирол, төлбөр нэхэмжлэх үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт... төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, түр чөлөөлснийг төрийн албаны төв байгууллага, шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг гаргасан буруутай албан тушаалтан төлнө гэж хуульчилсан. Х.*******аагийн тухайд улс төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан хүний тухайд хамгийн түрүүнд судлах ёстой хууль нь төрийн албаны тухай хууль юм. Төрийн албаны тухай хуульд зааснаар Засаг дарга хэн байхаас хамаараад тухайн байгууллага хариуцах биш, хууль бусаар ажлаас чөлөөлсөн албан тушаалтан тухайн хүнд учруулсан хохирлыг хариуцаж гаргах ёстой гэдгийг Х.*******аа өөрөө судалж мэдсэн байх ёстой. Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд гэм буруутай албан тушаалтны төрд учруулсан гэм хорын хохирлыг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулна. Х.*******аа нь В.*******г ажлаас чөлөөлчихөөд, 2020 оны 09 дүгээр сард тухайн хүнийг ажилд нь эргүүлэн томил гэх шийдвэр гарсан байхад, 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ажилд нь эргүүлэн тогтоогоогүй. Улсын дээд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна гэх гомдол гаргаад явж байсан байхад Х.*******аагийн өмнөөс шинээр томилогдсон сумын Засаг даргаас төлбөр гаргуулна гэдэг нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.    

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь хариуцагч Х.*******аад холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15.242.964 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.*******аа эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Х.*******аа нь Завхан аймгийн ******* сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай захирамж гарган ******* сумын Соёлын төвийн эрхлэгч В.*******г үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоолоор тогтоогдсон байна.

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00476 дугаартай тогтоолоор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 205/СМА2019/00019 дүгээр магадлал, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 372 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийг баримтлан В.*******г Завхан аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 10.541.869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчилж шийдвэрлэжээ.

Ажил олгогч байгууллага нь дээрхи хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс В.******* нь Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хандаж, тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/0029 дугаартай шийдвэрээр В.*******д 4.701.095 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, төрөөс В.*******д ажилгүй байсан хугацааны олговорт нийт 15.242.964 төгрөг нөхөн төлсөн байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч өөрийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэлдээ гэм буруутай бол хуульд заасан хариуцлага хүлээхээр байна.

Хариуцагч Х.*******аа нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд 10.541.869 төгрөгний хохирол учирсанд гэм буруутай байна.

Харин хариуцагч Х.*******аа нь Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1/07 дугаартай тогтоолоор/ бүрэн эрхийн хугацаа дууссан/ үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх тул төрд учирсан гэм хорын хохирол нэмэгдэхэд түүний шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, В.*******г ажилд томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг тогтоолыг хариуцагч Х.*******аа эс зөвшөөрч Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байх ба энэ гомдлын хариу ирээгүй байхад Х.*******аагийн бүрэн эрхийн хугацаа дуусч, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1/07 дугаартай тогтоолоор чөлөөлөгдсөн байх ба хариуцагч Х.*******аа нь В.*******г ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж, В.*******г ажилд эгүүлэн томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж байна.

Иймд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Х.*******аагийн ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд В.*******д олгогдсон цалин нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй байх тул 2.350.547 төгрөгийг гэм хорын хохирлоос хасч тооцохыг хүссэн хариуцагчийн дав заалдах гомдол нь үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 140/ШШ2024/00117 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Х.*******аагаас 15,242,964 төгрөгийг гаргуулж гэснийг Х.*******аагаас 12,892,417 төгрөгийг гаргуулж гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг улсын тэмдэгтийн хураамжид 234,165 төгрөг гаргуулж гэснийг улсын тэмдэгтийн хураамжид 221.229 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аагийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53,759 төгрөгийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР