| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0570/Э |
| Дугаар | 609 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч О.Багшбаяр,
хохирогч Ч.Энхчулуун,
шүүгдэгч Д.С , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.С яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09459 0101 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.С
Холбогдсон хэргийн талаар:
Д.С нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Энхчулуунаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гааль дээр буусан автомашиныг хямд аваад зараад мөнгийг нь өгнө, түр зээлээч гэж 1.000.000 төгрөг, мөн уг машиндаа дугуй авна гэж хэлээд 300.000 төгрөг нийт 1.300.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны салбараар дамжуулан залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: Би 1974 онд Хэнтий аймгийн Дадал сумын дунд сургуульд хамт суралцаж төгссөн. 1998 оноос эхлээд Энхчулуунтай дотно найз, хувийн харьцаатай болсон. 2018 оны 02 дугаар сард Энхчулуун нь “Оргил“ рашаан сувилалд амарч байхдаа миний танил Батсүхээр дамжуулан бид холбогдсон. Бид хувийн харьцаатай болж ирж очдог болсон. Би хувийн харилцаатай байсан болохоор би түүнд итгэж бие тааруу болон амьдрал ахуйгаа ярьж мөнгө төгрөгний хэрэгцээтэй байгаа талаар ярьсан. Тэгээд мөнгө төгрөг зээлээч гэсэн. Энхчулуун зөвшөөрсөн. Би Энхчулуунд хэлэхдээ миний танил гаальд ажилладаг машин аваад зарж дундаас нь мөнгө төгрөг авъя гэж хэлсэн. Би Энхчулуунаас эхлээд 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан, дараа нь дугуй авна гээд 300.000 төгрөгийг дансаар авсан. 8-9 хоногийн дараагаас мөнгөө нэхэхээр нь 600.000 төгрөгийг цувуулан өгсөн. Тухайн үед би зээл аваад 700.000 төгрөгийг төлье гээд тэтгэвэр авдаг банкин дээр Энхчулууныг дагуулж очсон боловч хугацаа нь болоогүй гээд зээл бүтээгүй. Хүн надад машин авч зараад дундаас нь мөнгө авъя гэсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Энхчулуун мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Надаас 1.300.000 төгрөгийг авч 600.000 төгрөгийг бага, багаар өгч одоо 700.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Хохирлоо төлчихвөл санал, хүсэлт алга гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Энхчулууны өгсөн: ...Би өөрийн нэг нутгийн хуучны танил болох Д.С гэх эмэгтэйд гааль дээр таньдаг хүн байгаа, тэндээс машин хямд авч зараад өгнө гэхээр нь 1.300.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны салбараас өөрийн биеэр шилжүүлсэн. Д.С нь 2018 оны 03 дугаар сарын 15-нд дугуй авна дахиад мөнгө зээлээч гэхээр нь 300.000 төгрөг өмнө мөнгө шилжүүлсэн салбараас шилжүүлсэн. Д.С гэх эмэгтэй надад мөнгө зээлээч би машинаа зараад шагнал өгнө гээд авсан. Эхэндээ бага багаар мөнгийг минь буцааж өгч нийт 600.000 төгрөг өгч байгаад 2018 оны 05 дугаар сараас сураггүй алга болсон. Би Д.С ийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-85 дугаар байранд очиж аваад Д.С тэй таарсан. Д.С надад мөнгийг тань өгнө гэж хэлээд явсан. Булган аймагт амралтын газарт ажил хийж ирээд өгнө гэж хэлээд явсан боловч одоо хэрнээ өгөөгүй байна. Би Д.С гэх эмэгтэйд анх 1.300.000 төгрөг өгсөн. Бага багаар буцааж өгөөд 600.000 төгрөгийг минь буцааж өгсөн. Одоо би Д.С ээс 700.000 төгрөг авах ёстой...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
- “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 54-55 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.С ийн: ...Би түүнд 2018 оны 03 дугаар сард түүнтэй гэрт нь очиж уулзахдаа “хувь хүнээс машин аваад буцаагаад зараад зээлсэн мөнгөө өгье, надад мөнгө зээлээч би мөнгөний ажил хийх гээд байгаа юм” гэж 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нийт 1.000.000 төгрөг өөрийнхөө “ХААН” банкны 5011392216 дансаар шилжүүлж авсан. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ч.Энхчулуунаас утсаар холбогдож авах гэж байгаа машиндаа дугуй авах гэж байна гээд нийт 300.000 төгрөг өөрийнхөө дансаар шилжүүлж авсан юм. Би ингээд түүнд цувуулаад мөнгийг нь төлж байгаад гэнэт хагалгаанд орохоор болж Ч.Энхчулуунаас авсан 1.300.000 төгрөгөө 800.000 төгрөгийг зүрхний шигдээсний хагалгаанд орохдоо хэрэглэсэн би 300.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн эмнэлэгт төлбөртэй өрөөнд хэвтэж эмчлүүлж өрөөний төлбөр 280.000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь хувьдаа хэрэглээд дууссан. Эмнэлэгт мөнгө төлсөн баримтыг эмнэлгээс авч болох байх. Би Ч.Энхчулуунаас зээлсэн мөнгөнөөсөө 600.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа, одоо 700.000 төгрөг төлөх дутуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/,
- Шүүгдэгч Д.С ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ялын тооцооны тодорхойлолт, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29, 60, 62-64, 67-70, 71-76, 81-83, 84-86 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Энхчулуунаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гааль дээр буусан автомашиныг хямд аваад зараад мөнгийг нь өгнө, түр зээлээч гэж 1.000.000 төгрөг, мөн уг машиндаа дугуй авна гэж хэлээд 300.000 төгрөг нийт 1.300.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны салбараар дамжуулан залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Энхчулуун, яллагдагчаар өгсөн Д.С нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлэн авсан “ХААН” банкны дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.С ийг бусдын эд хөрөнгийг залилсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Энхчулуунд учирсан 1.300.000 төгрөгөөс 600.000 төгрөг төлөгдсөн үлдэх 700.000 төгрөгийг нэхэмжилж буйгаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.С нь Дорнод аймаг Хэрлэн сумын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Монгол улсын Тулгуур төр байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөлийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн,
- Дорнод аймаг Хэрлэн сумын 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
- Баганхангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэг дүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар “Samsung” маркийн гар утсыг хурааж, 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Д.С нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд бариа засал хийж явахдаа манай дүү машин зардаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Өлзийсайхантай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 250.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 800.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 100.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус дансаар болон мобайль банк ашиглан залилж бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. /хх-ийн 71-76 дугаар тал/
Шүүгдэгч Д.С нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн өдрөө цагдан хоригдсон байх ба хорих 407 дугаар ангиас Д.С ийн ял эдэлсэн хугацааг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон тооцож 50 хоногийн ял эдлэх тооцоотой тухай тодорхойлолтыг хавтас хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 60 дугаар тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэсний дагуу Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ял болох 50 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн энэ хэрэгт яллагдагчаар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон болох нь яллагдагчийг цагдан хорьж, цагдан хорих байрыг шилжүүлэх тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-ийн 89-91 дүгээр тал/
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С т энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ял дээр өмнөх Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /таван/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэгэн/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.С т оногдуулсан 11 /арван нэгэн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С ийн хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.С ээс 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Чимэддоржийн Энхчулуунд / РД: / олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.С т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ