Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамж, 769 тоотод оршин суух, ИЦ76052166 дугаарын регистртэй, Хун овогт Мягмаржавын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамж, 769 тоотод оршин суух, ОЭ64121013 дугаарын регистртэй, Хишиг овогт Цэвээний Батпүрэв

           Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамж, 769 тоотод оршин суух, ИЦ67020665 дугаарын регистртэй, Хун овогт Мягмаржавын Оюунцэцэг нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15 369 ам.доллар буюу 30 544 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Би 2011 оны 12 сарын 21-нд Турк улсаас төрсөн эгч М.Оюунцэцэгт цалингаа долларар явуулж эхэлсэн. Учир нь миний бие банкинд өөрийн нэрийн дансгүй болсон байсан тул эх орондоо буцаж иртэл банкны хугацаатай хадгаламжинд хадгалуулж байхаар эгч Оюунцэцэгтэй тохиролцон 2014 оны 9 сарын 21-нийг хүртэл 18 800 ам.доллар шилжүүлж байсан. Би турк улсаас 2015 оны 1 сарын 05-нд ирсэн боловч мөнгийг маань үл хөдлөх авахад зарцуулсан гэдгийг сонсоод маш их гомдож байсан ч эв эеийг бодож тэвчээртэй хүлээхээс өөр аргагүй болсон. 2015 оны 3 сарын 14-нд Ц.Батпүрэв, М.Оюунцэцэг нар нийт мөнгөний 7 000 ам.доллар буюу 13 912 000 төгрөгийг эргүүлэн өгсөн боловч үлдэх мөнгийг гаргаж өгөхийг шаарддаг байсан….Иймд Ц.Батпүрэв, М.Оюунцэцэг нараас үндсэн зээл 11 850 ам.доллар буюу 23 551 000 төгрөг, түүний хүү 3 519 ам.доллар буюу 6 993 000 төгрөг, нийт 15 369 ам.доллар буюу 30 544 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нар нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрөөс 15 272 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 15 272 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дотор надад төлж барагдуулна гэснийг нь хүлээн зөвшөөрч байна. Цаашид энэ асуудлаар маргаан байхгүй. Бид сайн дураар эвлэрэн хэлэлцсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Батпүрэв, М.Оюунцэцэг нараас шүүхэд гаргасан тайлбартаа: М.Алтанцэцэгийн нэхэмжилсэн 30 544 000 төгрөгийг төлж барагдуулахаар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөөс 15 272 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний дотор, 15 272 000 төгрөгийг 2017 оны 6 сарын 09-ний дотор төлж барагдуулахаар хариуцагч бид хүлээн зөвшөөрч байна. Иймд бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид энэ асуудлаар ямар нэгэн маргаан гомдол байхгүй, хуульд заасан эрх үүргийг бүрэн ойлгосон болно гэжээ.

 

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь зээлийн гэрээний үүрэгт 15 369 ам.доллар буюу 30 544 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Ц.Батпүрэв, М.Оюунцэцэг нарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Ц.Батпүрэв, М.Оюунцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн 30 544 000 төгрөгөөс 15 272 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 15 272 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310 670 төгрөгийн 155 335 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, 155 335 төгрөгийг хариуцагч нараас, 155 335 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн нэхэмжилсэн 30 544 000 төгрөгийг хариуцагч Ц.Батпүрэв, М.Оюунцэцэг нь 15 272 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 15 272 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310 670 төгрөгийн 155 335 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, 155 335 төгрөгийг хариуцагч нараас, 155 335 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нар нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.