| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0569/Э |
| Дугаар | 571 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Ч.Э,
хохирогч Б.Нямбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.Э яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01561 0523 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ч.Э
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Э нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 118-69 тоотод иргэн Б.Нямбатыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул дахин хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нямбат мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Хавтаст хэрэгт хохирлын нотлох баримтуудыг гарган өгсөн байгаа. Би хохиролд 2.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй болно. Миний хамрын таславч муруйсан тул яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нямбатын өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед найз Соёмбо, Ч.Э нартай уулзаад бид гурав Ч.Эын гэр рүү явахаар болоод Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 дугаар байрны 8-69 тоотод гэрт очсон. Тэгээд 2 литрийн том пиво 2 ширхэг, 1 литрийн Эдин нэртэй архи 1 ширхэг хувааж уусан. Тэгээд бид гурав хоорондоо юм яриад сууж байтал Ч.Э ариун цэврийн өрөө орлоо гээд явсан. Тэгсэн удалгүй ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд намайг үгийн зөрүүгүй гараараа миний нүүр рүү нэг удаа цохитол би газар дээшээ хараад унасан. Нэг мэдсэн би миний дээр Ч.Э гараад суучихсан миний нүүр рүү гараараа цохиж байсан. Тэгээд би ухаан алдаад Соёмбо намайг сэрээрэй гээд сэрээтэл нэг мэдсэн маргааш өдрийн 15 цаг болчихсон би ухаан орсон. Толинд өөрийгөө хартал миний нүүрний хэсэг битүү цус болчихсон, цус нь хатсан байдалтай, миний биеийн бүх хэсэг хөндүүрлэчихсэн байдалтай байсан. Тэгээд миний толгой өвдөөд байсан тул би босч чадахгүй 17 цаг хүртэл Ч.Э-ын гэрт хэвтсэн. Тухайн үед Ч.Э намайг уучлаарай би согтоод тасарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрээс шууд гэмтэл явж толгой, хамраа үзүүлсэн...
...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Болсон асуудлыг санаж байна. Хамрын таславчийн хагалгаанд орох хэрэгтэй байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Соёмбосангийн өгсөн: ...Тэндээс Нямбатын 2 найз яваад бид гурав буцаад Ч.Э-ын эгчийн гэрт ирсэн. Дахиад жоохон архи, пиво ууцгаасан. Би балкон руу гарч тамхи татаад байж байхад Ч.Э ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд явж байхад Нямбат нь Ч.Э-ыг хүүхдийн чинь хүүрэн дээр хэрээ баана гэж хэлсэн. Ч.Э бид 2 инээгээд юу гээд байгаа юм дахиад хэл дээ гэхэд 3 удаа хэлсэн. Тэгээд Нямбат Ч.Э-ыг цохих, алгадах шиг үйлдэл хийгээд чи муухай гээд нэг хараалын үг хэлэх шиг болсон. Ч.Э уурлаад чи юу гээд байгаа юм гээд Нямбаттай зодолдож байсан. Би балконоос орж ирээд салгаад Ч.Э-ыг цаад талын өрөө рүү оруулсан. Нямбат араас дайраад дахиад зодолдоод байсан. Ч.Э Нямбатыг хавирч унагаад дээр нь гарсан байсан. Бие, биенээ цохилцоод байсан. Нямбатын хамраас цус гарч байсан. Би салгах гээд Ч.Э-ын араас очоод гар, хүзүүнээс нь татаж боогоод салгасан. Хоорондоо маргалдаад салахгүй болохоор нь боль гээд Ч.Э-ын цээж рүү нь цохисон. Тэгээд Нямбатыг буйдан дээр хэвтүүлж дараад хамрыг нь цэвэрлэсэн. Тэгээд гэрийнх нь эд зүйлийг цэвэрлэж байгаад унтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2719 дугаартай шинжээчийн:
1. Б.Нямбатын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөр, зүүн чамархайн хуйх, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, зүүн тохой, шуу, баруун шуу, сарвуунд цус хуралт, бүсэлхийнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ч.Э-ын: ...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр багийн Соёмбо, Нямбат нартай уулзсан. Тэгээд манай эгчийн гэрт очиж 2 шил архи, 3 том пиво ууцгаасан. Дуустал нь ууж чадаагүй. Нямбат хүүхдийн чинь хүүрэн дээр баах болно гэж хэлснээс болоод маргалдсан. Эхлээд 2-3 удаа цохилцоод салсан. Дараа салсан байж байхад Нямбат Соёмбо руу чи нийлж зодох гээд байна уу гэж дайраад байсан. Дахин над руу дайраад байхаар нь би уурлаад толгой руу нь цохисон. Тэгээд Соёмбо салгаад хамт хоноод маргааш нь салсан. Тэгээд Нямбат цагдаагийн байгууллагад хандсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 33-43 дугаар тал/,
хх-ийн 33 дугаар талд байгаа мөнгөн дүн бодитоор одоогоор гарсан зардал биш байна.
90.000+290.000+30.670+13.750+79.400+10.000+10.000+10.000+20.000+10.000+35.000+10.000+80.000+65.000=753.820 төгрөгийн баримт /бусад баримтууд давхардсан байна/,
- Шүүгдэгч Ч.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21, 31, 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ч.Э нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 118-69 тоотод иргэн Б.Нямбатыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Нямбат, гэрч Б.Соёмбосан, яллагдагч Ч.Э нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2719 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Нямбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтуудаас 753.820 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгч Ч.Эаас гаргуулах үндэслэлтэй байна.
Харин хохирогч Б.Нямбат нь хамрын таславчийн хагалгаанд орох шаардлагатай гэж 2.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын талаарх холбогдох нотлох баримтыг бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э-д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-аас /РД:/ 753.820 /долоон зуун тавин гурван мянга найман зуун хорин/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нямбатад /РД: / олгосугай.
6. Хохирогч Б.Нямбат цаашид гарах эмчилгээний зардлын талаарх холбогдох нотлох баримтыг бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ