Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2022/00041

 

Чандмань-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 138/ШШ2022/000826 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Чандмань-1 СӨХ,

Хариуцагч *******д холбогдох,

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 1 832 430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Чандмань-1 СӨХ-д харьяалагдах 15 байрны 67 тоот 2 өрөө байрны эзэд болох хариуцагч *******, ******* нараас хуульд заасны дагуу СӨХолбооны төлбөр 1 650 630 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Миний хувьд *******ийг хариуцагчаас татгалзаж, хариуцагчаар Саруултуяаг үлдээж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагч ******* нь 2014 оны 03-р сараас эхэлж энэ байрыг эзэмшин, өөрөө байрандаа байдаггүй, байраа 4 айлд түрээслүүлж байгаа. Тийм байтал нэг ч удаа СӨХ-ны төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүртэл явсан. Энэ хугацаанд төлбөрөө төлөх талаар байнга шаардаж байсан. Иргэний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. СӨХ-ны зардал жил бүр нэмэгдэж ирсэн. Зардал нь дараах байдлаар гардаг лифт ашиглалт 6000 төгрөг, цэвэрлэгчийн хөлс 8000 төгрөг, засвар үйлчилгээ 5200 төгрөг, камер 1000 төгрөг, материалын зардал 1000 төгрөг гэх мэт төлбөр нийлээд одоо бол 20 200 төгрөг болсон. Жил бүр зардал нэмэгдэж өөр өөр байгааг Төрийн банкнаас гаргаж өгсөн баримтад тодорхой байгаа. Миний хувьд өөр газраас орж байгаа учир нарийн хэлж мэдэхгүй байна. Нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд төлбөрөө төлөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1 832 430 төгрөг нэхэмжилж байгаа. Саруултуяа нь байраа бусдад түрээслээд өөрөө байдаггүй учир бид цагдаагийн байгууллагад хандаж хаана оршин сууж байгаа хаягийг тогтоолгосон. Өмнө нь нэг удаа шүүхэд хандаж шүүх хаягандаа байхгүй гэж татгалзаж байсан. Иймд Саруултуяагаас 1 832 430 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манайх өөрсдөө байр авч ихээхэн зээлтэй, ипотекийн зээлд сард 836 000 төгрөг төлдөг. Дээр нь ус, цахилгаан, дулаан гээд нийт 1 000 000 гаруй төгрөг болдог. Санхүүгийн хүндрэлтэй байдалтай байна. Үүн дээр энэ СӨХ-ны хийж байгаа ажил нүдэнд харагддаггүй. Гадна талаас гэвэл дээвэр, зам талбай, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргийг улсын төсвөөс хийж, засварладаг. Дотор талд гэвэл айлуудад халуун, хүйтэн усны босоо шугам байдаг. Үүнийг айлууд өөрсдөө хариуцаж засаж сольдог. СӨХ-нд хийх ажил бараг байхгүй. Подвалд байдаг трубаг хагарвал гагнадаг байх. Жижүүрүүд нь подвалд амьдардаг, өөрсдөө подвалиа хариуцаад явдаг юм байна лээ. Энэ СӨХ-ны дээд удирдлага нь оршин суугчид байх ёстой. Миний зүгээс оршин суугчдын хурал хэзээ болсон юм, мөнгө төгрөгийн асуудлыг яаж шийдсэн юм бэ гэдэг асуудлыг тавьдаг. Хийж байгаа ажлын тайлангаа сар улирлаар биш юм гэхэд жилээр гаргаж танилцуулдаггүй. Шилэн данс ч байдаггүй. Биднээс мөнгө нэхээд л байж байдаг газар. Ийм байдлуудаас нь болоод би хийж байгаа ажил чинь нүдэнд харагдаж, гарт баригдах юм байгаа бол мөнгөө өгнө гэдэг асуудлыг тавьдаг юм. Би СӨХ-ны дээд зөвлөлийн даргатай нь очиж уулзаад ...танайх сар улирлаар хийх ажлын төлөвлөгөө байна уу. Жишээлбэл: Энэ сард тэр байрыг, дараа сард энэ байрыг засварлана. Засварт төдий хэмжээний төгрөг шаардагдана гээд айлууддаа хуваасан зүйл байна уу. гэж асуухад таны хэлдэг зөв. Гэхдээ бидэнд тэгэх боломж байхгүй байна. гэж хэлсэн. Дүгнэлт гаргаад ирүүлсэн Доньд гэдэг хүн нь СӨХ-ны дарга хийдэг хүн гэсэн. Тэгэхээр СӨХ нь СӨХ-гоо шалгаад ирүүлсэн дүгнэлт байгаа юм. Тэгэхээр би ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байгаа. Түүнчлэн Сан арвич аудит ХХК-ийн туслах аудитор гэсэн байгаа юм. Би тухайн компаниас нь танайд Доньд гэж хүн ажилладаг уу, 2022 оны 02 дугаар сард дүгнэлт гаргасан байна. гэж асуухад үгүй, манайхаас тэтгэвэрт гараад 2, 3 жил болж байна. гэсэн. Тэгэхээр ажилладаггүй байж худлаа хэлсэн байгаа юм. Тэгээд тэр дүгнэлт дээрээ орц засварлахад 80 000 000 төгрөг, шинэ жил тэмдэглэсэн, ахмадуудыг шагнасан гэх мэтээр бичсэн байна. Дөрөвхөн байрны 8 орцыг 80 000 000 төгрөгөөр засварласан юм уу. Мөн яагаад СӨХ-ны мөнгөөр баяр тэмдэглэж, хүмүүсийг шагнадаг юм бэ. СӨХ-ны мөнгөөр хийсэн ажлын баримт байдаггүй. Амаар хэлж байгаа зүйлийг нь яаж батлах юм бэ. Бүх зүйл баримт нотолгоотой байх ёстой. Гэтэл дандаа амаар явж байна. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн газарт Баатархуяг, Саруултуяа нарын овог нэр, регистрийн дугаар нь л байдаг юм байна лээ. Гэтэл Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны хаягийг Чингэлтэй дүүрэг мэдэхгүй, Зуун айлын Улсын бүртгэлийн газраас олж мэднэ. Бидний мэдээлэл нууц байдаг юм уу, үгүй юм уу, мэдэхгүй байна. Бидний мэдээллийг албан ёсны журмаар нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байж олж авч болно. Гэтэл цагдаагаар олуулсан гээд байгаа юм. Би цагдааг эрүүгийн хэрэг дээр ажилладаг, шүүх иргэний хэрэг дээр ажилладаг гэж ойлгож байгаа. Таньдаг цагдаагаараа оршин суух хаягийг олж авсан гэж бодож байна. Дээрх шалтгаануудаар би мөнгөө өгөхгүй яваад байгаа юм. Тиймээс хүчингүй нэхэмжлэл гэж бодож байна. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй байна гэж үзэж байна. Гэрчилгээг нотлох баримтаас хасуулах санал гаргаж байна. Учир нь, гэрчилгээн дээр оноосон нэр, хаяг байршил нь байхгүй, хэзээний ямар шийдвэрээр тухайн СӨХ бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон нь тодорхойгүй байна. Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ олгодог. Дүүргийн Засаг даргын захирамжаар гэрчилгээ олгогдох ёстой. Татварын хэлтэст бүртгүүлж байж регистрийн дугаар авах ёстой. Гэрчилгээний ар талд албан тушаалтны мэдээллийг бичих ёстой. Гэтэл Удирдах зөвлөлийн 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор захирлаар Оюун томилогдов. гээд тамга тэмдэг нь байхгүй, Зөвлөлийн тогтоол нь хэрэгт ч алга байна. Энэ бүхнийг хангаж байж нэхэмжлэгч гэдгээ батлах ёстой. Тохижилт нийтийн аж ахуйн үйлчилгээний дарга Гэрэлт-Од гээд огт өөр байгууллагын даргаар тэмдэг даруулчихсан. Ийм гэрчилгээгээр би СӨХ-ны дарга нь юм. гэж явж байж болохгүй. Хоёрдугаарт, үндсэн нэхэмжлэл нь 1 650 630 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэл нь үйлчилгээний төлбөр, орон сууцны засвар гэж байгаа мөртлөө нотлох баримт нь хэрэгт байхгүй. Нөгөө талаар төлбөрийг яаж тогтоож байгаа нь тодорхойгүй. Сар тутамдаа өөр өөр байна. Энэ талаараа амаар тайлбарлаж байгаа боловч нотлох баримт нь байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаа баталж чадахгүй байна. Нэхэмжлэлдээ бичсэнээс нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар буюу сүүлийн 3 жилээр нь гаргахад 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл 241 400 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл 242 400 төгрөг, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл 222 200 төгрөг. Ингээд сүүлийн 3 жилд 706 000 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой байсан юм байна гэж харагдаж байгаа боловч нотлох баримт байхгүй. 2014 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ СӨХ нь гишүүдтэйгээ огтын эргэх холбоо байдаггүй. Энэ айлдаа төлбөрийн талаар мэдэгдсэн, шаардах хуудас өгсөн талаарх баримт хэрэгт байдаггүй. Тиймээс сүүлийн 3 жилийн төлбөрийг төлөх асуудал дээр эвлэрэх талаар энэ хүн манай үйлчлүүлэгчтэй ярих боломжтой байсан. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар хариуцагч *******гаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 953 380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чандмань-1" Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 879 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь хариуцагч *******аас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 269 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 27 431 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Чандмань-1" Сууц өмчлөгчдийн холбоонд олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 9 сарын хугацааг жилээр тооцохдоо 706 000 төгрөг байхад яагаад 2018 оны 11 сараас эхэлж 247 000 төгрөг нэмж 953 340 төгрөг болгосон бэ. Нэхэмжлэгч Чандмань-1 СӨХ нь 2014 оноос хойш шилэн данс хөтлөлт болон хийсэн ажлын ямар ч тайлан мэдээ байдаггүй. Бас манайхыг байх хугацаанд 2014 оноос хойш оршиг суугчдын хурал хийж ямар ч асуудлыг шийдвэрлээгүй. Мөн Сан-Арвич аудитын компаниар туслах аудитор Донид гэх хүнээр санхүүгийн шалгалт хийлгэж дүгнэлт гаргуулсан гэсэн хуурамч материал нэхэмжлэлд хавсаргаж явуулсан байсан. Энэ Сан-Арвич компанид Донид гэх хүн ажилладаггүй гэв.

Энэ Донид гэгч нь адилхан Итгэл гэдэг СӨХ-ны дарга хийдэг хүн юм байна. Мөн хугацааны засвар үйлчилгээ хийсний зардлын мөнгөний зарцуулалтын банкны шилжүүлгийн баримт, худалдан авсан бараа, материалын НӨАТ-ын бүх баримт нь уг нэхэмжлэлд хавсаргаагүй байдлыг харгалзан үзээгүй. Эдгээр үндсэн шалтгааны улмаас уг нэхэмжлэл хүчингүйд тооцогдох хэмжээний асуудлыг харж үзэлгүйгээр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс яагаад мөнгө өгөхгүй байх шалтгаанаа тодорхой бичсэн. Энэ СӨХ-нд хийсэн ажил гэж байдаггүй. Мөнгөний зарцуулалт нь хүртэл тодорхой бус байна. ... Би лифт ашигласны мөнгө, цэвэрлэгээний мөнгийг өгч болно гэж хэлсэн. Эдгээр төлбөрийг төлж болно. ... гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Чандмань-1 СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 1 832 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч ******* эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

4. Нэхэмжлэгч Чандмань-1 СӨХолбоо нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч ******* нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Чандмань-1 СӨХ-д харьяалагдах 15 байрны 67 тоотын оршин суугч юм. Хариуцагч ******* нь 2014 оны 03 дугаар сараас эхлэн энэ байрыг эзэмшин, 4 айлд түрээслүүлж байгаа. Энэ хугацаанд төлбөрөө төлөх талаар байнга шаардаж байсан. ... Иргэний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. ... Нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд төлбөрөө төлөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1 832 430 төгрөг нэхэмжилж байгаа. ... гэж,

5. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж байгаа үндэслэлээ: ... СӨХ нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа үзүүлэхийг шаардахад үзүүлээгүй, оршин суугчийн хаяг, утасны дугаарыг зөвшөөрөлгүйгээр олж авсан. СӨХ-ны дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр ямар бараа авч, гүйлгээ хийсэн талаар баримт материал байхгүй ... зэрэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй байна гэж үзэж байна. ... Нэхэмжлэлийн шаардлагаа баталж чадахгүй байна. Нэхэмжлэлдээ бичсэнээс нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар буюу сүүлийн 3 жилээр нь гаргахад 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл 241 400 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл 242 400 төгрөг, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл 222 200 төгрөг, ингээд сүүлийн 3 жилд 706 000 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой байсан боловч нотлох баримт байхгүй. 2014 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ... Энэ айлдаа төлбөрийн талаар мэдэгдсэн, шаардах хуудас өгсөн талаарх баримт хэрэгт байдаггүй. Тиймээс сүүлийн 3 жилийн төлбөрийг төлөх асуудал дээр эвлэрэх талаар энэ хүн манай үйлчлүүлэгчтэй ярих боломжтой байсан. гэж тус тус  тайлбар гарган мэтгэлцжээ.

6. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Сууц өмчлөгдийн холбоонд бүртгэсэн 46 дугаар гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 930 дугаар албан тоот, Төрийн банкны баримтын хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч Чандмань-1 СӨХ нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын нутаг дэвсгэрийн 15, 16, 17, 18, 22 дугаар байрнуудад СӨХ-ны үйл ажиллагаа хариуцан ажилладаг, тус хорооллын 15 дугаар байрны 67 тоотод хариуцагч Х.Баатархуяг, ******* нар нь тус тус бүртгэлтэй, уг байрыг эзэмшдэг бөгөөд хариуцагч нар нь 2014 оны 3 сараас 2022 оны 9 сар хүртэл орон сууцны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй үйл баримтууд тогтоогдсон байна. /хх 4, 7, 10-11/

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Чандмань-1 СӨХ нь хариуцагч *******аас татгалзсан, тус ажиллагаанд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* оролцсон нь хууль зөрчөөгүй байна. /хх 29, 54/

8. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан.

9. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч Чандмань-1 СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ... СӨХ нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа үзүүлэхийг шаардахад үзүүлээгүй, оршин суугчийн хаяг, утасны дугаарыг зөвшөөрөлгүйгээр олж авсан. СӨХ-ны дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр ямар бараа авч, гүйлгээ хийсэн талаар баримт материал байхгүй. ... гэх зэргээр үгүйсгэж тайлбар гаргадаг боловч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна. /Тухайлбал: нэхэмжлэгчид энэ талаар бичгээр хүсэлт гаргаж байсан эсэх тодорхойгүй, шүүхэд нэхэмжлэгчээс баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй байна./

10. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө., мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох; үүрэгтэй байхаар тус тус заасан ба хариуцагч нь хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

11. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь ... хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар буюу сүүлийн 3 жилээр нь гаргахад 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл сүүлийн 3 жилд 706 000 төгрөг төлөх ёстой байсан боловч нотлох баримт байхгүй. 2014 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж давж заалдах гомдол гаргажээ.

12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Чандмань-1 СӨХ нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Дорнод-Хэрлэн 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 01 тоотод оршин суух, *******, ******* нарт холбогдуулан 1 044 0150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2019 оны 07 сарын 04-ний өдөр 182/ШЗ2019/05634 дугаар шүүгчийн захирамж гаргасан ба энэхүү захирамж хүчин төгөлдөр хэвээр байна. /хх 12-14/

13. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жил байна. гэж заасан.

Нэхэмжлэгч Чандмань-1 СӨХ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч *******, ******* нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч 2016 оны 06 сарын 27-ны өдрөөс 2019 оны 06 сарын 27 хүртэлх 3 жил, түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны орон сууцны СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байсан боловч нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь диспозитив зарчимд нийцнэ гэж тус шүүхээс дүгнэв. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 138/ШШ2022/00826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

  ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

  З.ЭНХЦЭЦЭГ