Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2022/00042

 

 *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 138/ШШ2022/000952 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Б.*******эд холбогдох,

1 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******ийн дүү *******тай 2, 3 хоног машин хайж яваад олдохгүй болохоор нь ******* манай эгчийн машиныг авч болно гэхэд нь *******тэй тохироод 9 400 000 төгрөгөөр машиныг нь худалдаж авсан. Хоёр хоноод аймгаас хөдөө гэр лүүгээ явах болж, замдаа манай хүргэн ах Бямбаа энэ машиныг барьж явсан. Хүргэн ах Бямбаа Баяндун сум руу, би Дашбалбар сум руу явах учир замдаа хоёр тийш салсан. Гэтэл замдаа машин доголдоод унтарч, нормаль барихгүй байсан. Гол дээр зогсож голын мөс сайн хөлдсөн эсэхийг харчихаад явах гэхэд машин нь асдаггүй. 5, 10 минут болоод асаж, цаашаа арай гэж гэртээ очсон. Тэгээд өглөө нь машин бүр асахгүй болсон. Тэгэхээр нь гэрээсээ сум руу 70 000 төгрөгөөр чирж аваачиж ******* гэж хүнээр үзүүлэхэд асахгүй байна, дарлага, свеча зэргийг нь сольж үзээд ч нэмэргүй байна. гэж хэлсэн. Ингээд *******тай холбогдож хэлэхэд аваад ир, би янзлаад өгье гэхэд нь ачуулаад аймагт авчирсан. Машиныг буцаая гэтэл үгүй гэсэн учраас засуулах гээд үлдээсэн. Засаж өгөөгүй учраас шүүхэд хандсан. 9 400 000 төгрөгөөр авсан машин ганцхан хоноод асахгүй болно гэж байхгүй шүү дээ. Өмнө нь доголдолтой машин байсан гэж бодож байна. Муу машин бол хол замд явахад доголддог гэдэг. Машин авчирч орхисноос хойш *******ийн гадаа 2022 оны 07 дугаар сар хүртэл байсан. Оношилгооны хүмүүс ирэхэд нь би өмгөөлөгчтэйгээ очсон. Тэр хүмүүс нь гадна талаас нь харж, харж оношилж чадахгүй гэсэн. Ингээд удаагүй Бамбарууш гэж засварын газарт очиход Ганхөлөг гэж засварчин залуу машиныг үзээд аргагүй мотор нь дууссан машин байна. Манайд мотор 2 000 000 төгрөг гээд байгаа. Моторыг шинээр солихоос өөр засвар хийхгүй. гэхэд нь *******тэй уулзаж сая, саяар нь гаргаад мотор авъя гэхэд үгүй гэсэн. Ингээд машинаа аваад 450 000 төгрөгөөр сэлбэг авчруулж, ******* гэж хүнээр мотороо боолгосон. Энэ хүн ингэж боолгоод удаан явахгүй. гэж хэлсэн. Дараа нь шинжээчээр томилогдсон Доктор засварын газарт очиход асаад явж байгаа машиныг үзэж оношлох боломжгүй гэсэн. Ирж байх замд масло /тос/-ны улаан гэрэл нь ассан. Тэгэхээр нь улаан гэрэл асаад байгаа нь ямар учиртай юм бэ гэж асуухад явж байгаа машиныг оношлох боломжгүй. гэсэн хариу өгсөн. Иймд сэлбэг авсны 450 000 төгрөг, засварын 450 000 төгрөг, машин ачуулж ирсэн 200 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. ******* аваад ир, засаад өгье гэчихээд машин ачуулж 200 000 төгрөгөөр хохироож байгаа нь байж болохгүй асуудал. 9 400 000 төгрөгөөр авсан машин 2 хоногт эвдэрнэ гэж юу байхав дээ. Аваад ядаж 10 хоносон бол би хариуцна. Гэтэл аваад замдаа явж байхад эвдэрсэн байхад би юу гэж хариуцах билээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр иргэн хоорондоо хэлэлцэж тохирсны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ хийж болно. Тэгэхдээ худалдаж байгаа зүйлийнхээ иж бүрдэл, бүрэн бүтэн байдал, чанар зэрэгт худалдаж байгаа тал баталгаа гаргаж өгөх, худалдан авч байгаа тал шалгуулж авах боломж байдаг. Гэвч иргэд хоорондоо итгэлцээд өгч, авчихдаг. Энэ машин доголдолтой байсан гэдэг нь цаг хугацааны хувьд илэрхий тодорхой харагдаж байна. Хоёр ч удаа техникийн шинжээч томилсон боловч аль аль нь огт дүгнэлт гаргаж чадаагүй. Батжаргалын унасан эдэлснээс болж эвдэрсэн гэж үзэх гэхээр аймгаас гараад хэвийн бариад явж байтал Галын гол хүрээд л унтарчихсан. Түүнээс цааш жаахан явж байгаад моторыг нь 10 минут хөргөх маягаар явж гэрийнхээ гадаа очсон. Түүнээс хойш асаагүй. Унаж эдэлсэн асуудал байхгүй. Энэ байдлаас нь харахад тухайн тээврийн хэрэгсэл анхнаасаа элэгдэл норм нь дуусчихсан байсан. Батжаргалд шилжүүлсний дараа тэр байдал нь гарч ирж байгаа юм. Засварчид мотор муудаж байгаа нь бензин тосоо илүү идэх байдлаар ажиглагдана гэж хэлдэг. Хариуцагч бид хот руу хэд хэдэн удаа яваад ирсэн гэж яриад байдаг. Бензинээ нормоороо идэж байна уу, илүү идээд байна уу гэдгийг мэдсэн л байж таарна шүү дээ. Ингэж сэжиглэх үндэслэл шалтгаан байна. Учир нь, 2021 оны 09 сарын 22-нд сайн чанарын машин авсан гэсэн мөртлөө сар гаруйхан хугацааны дараа зарчихаж байгаа юм. Тос масло, бензинээ хэвийн хэмжээнээс илүү идсэн үү, ямар нэг доголдол үүссэн учраас ийм хурдан зарсан гэж үзэж байна. Хариуцагч ээж эмчилгээтэй байсан, нөхөр лүүгээ явах шаардлагатай болсон зэргээс мөнгө хэрэг болоод зарсан. гэж ярьж байгаа боловч эдгээрт мөнгө зарцуулаагүй, өөр машин авсан гэдгээ сая өөрөө ярьж байна. Тэгэхээр өөрийн машиныг цааш явцгүй болсон гэдгийг ойлгож мэдээд, машин сайн мэдэхгүй Батжаргалд өнгө үзэмжээр нь зарчихсан нөхцөл байдал харагдаж байна. Машиныхаа доголдол, нөхцөл байдлыг хэлээгүй. *******ийн хувьд машины эзэн л болохоос биш машинаа магтах сайшаах, зарж борлуулах, машинаа барьж үзэх, оношлуулах зэрэг асуудалд огт оролцоогүй. Энэ асуудалд ******* л оролцсон. Эцэст нь эгчийнхээ машиныг л өгсөн. Машин эвдэрсэн асуудлыг ******* малаа авахаар очихдоо өөрийн биеэр үзэж мэдсэн. ******* машиныг асаахаар оролдож үзээд нормаль баригчтай холбоотой байна. гэж хэлээд малаа аваад явсан. Үүний дараа сумынхаа засварчин дээр чирж аваачсан боловч свечаг сольж үзээд асахгүй байсан. Засварын газрын хүн машиныг оролдоогүй. Мөн тос масло, бензин солиогүй асуудлууд бүрэн тогтоогдсон. Ингээд *******тай ярихад Машинаа аваад ир, би засалцаад өгье. гэсэн учир аймагт авчирсан. Шинжээч нарыг очиход хүртэл ******* Машинаа хамтраад засчихъя, мөнгийг нь хуваагаад төлье. гэж бүх хүмүүсийн дэргэд хэлж байсан. Машины эзэн худалдах гэрээ, бичиг баримтаа бүрдүүлсэн боловч машины чанар байдал, үзүүлж шалгуулах бүхий л асуудлыг ******* хариуцсан учир үүнийгээ ******* өөрөө мэдээд би засалцаж өгье гэдэг асуудал ярьж байсан. Гэтэл одоо бүх асуудлыг үгүйсгэж яриад байгаа нь харамсалтай байна. Худалдагч тал баталгаа гаргаж өгөх ёстой. Худалдан авч байгаа тал үзүүлж харуулаад оношлогоо хийлгээд авахыг нь хэн ч хориглоогүй. Анх авахдаа Батжаргал өөрөө ч унаж үзээгүй. ******* унаад Батжаргал хажууд нь сууж явж үзээд авахаар болсон байдаг. Доголдолтой машин байсан гэдгийг сэжиглэх баттай үндэслэл нь үнэтэй автомашинаа богино хугацаанд зарсан байдал, мөн тос масло хэвийн хэмжээнээс ихээр идэх гэх зэргээр мотор муудаж байгаа нь мэдэгдэх боломжтой гэдгийг засварчид хэлээд байдаг. Энэ нөхцөл байдлуудаас шалтгаалаад нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг буцаая гэсэн шаардлага гаргасан боловч Хэл амны нэмэр, машиныг нь авъя. Харин засварын мөнгийг хамтраад төлчихье. гээд  моторын мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шинэ мотор түрүү жил гэхэд л 2 000 000 төгрөгийн үнэтэй байсан. Ингээд шинээр мотор авч чадаагүй учир эхний ээлжинд мотороо засуулсан. Үүний хөлс, сэлбэгийн үнэ, машиныг ачиж авчирсан тээврийн зардал нийт 1 100 000 төгрөгийг гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд 1 100 000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******д өөрийн унаж байсан Toyota Premo маркийн машиныг 9 500 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд үнээ буулга гэхээр нь ээж маань хагалгаанд орчихоод мөнгө хэрэгтэй байсан. Мөн өөрөө машинаа худалдаж аваад сар гаруйхан болж байсан учраас 100 000 төгрөгөөр л бууруулах боломжтой гэдгээ хэлэхэд өөрөө зөвшөөрсөн. Машиныг шилжүүлэх үед ямар нэг доголдол, эвдрэлгүй байсан. Манай хашаанаас машинаа зүв зүгээр унаад аваад явсан. 2021 оны 12 сарын 05-ны өдөр манай дүү Дашбалбар сум руу очиж тохиролцсон малаа авсан. Аймгаас Дашбалбар явах зам нь муу. Тэднийд очиход машин хэвийн ажиллаж байсан гэдгийг дүү маань хэлсэн. 2022 оны 01 сарын 06-ны өдөр машинаа манай хашаанд авчирч тавьсан бөгөөд урд гупер унжсан, ар талын гупер хагарсан, мөн машины түлхүүр хугарсан байгаа нь машины бүрэн бүтэн байдалд нөлөөлсөн байх магадлалтай. Худалдан авсан хүн өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй аливаа асуудлыг би хариуцах ёсгүй. Бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй тул ямар гэрээнээс татгалзах талаар ярьж байгааг нь би ойлгохгүй байна. 9 400 000 төгрөгийн 7 700 000 төгрөгийг бэлнээр авч, 1 700 000 төгрөгт нь мал авахаар тохиролцсон. Мөнгө төгрөг, малаа асуудалгүй бүгдийг авсан. Нэр усаа шилжүүлсэн. Энэ хүн машин эвдэрсэн асуудлаа надад хэлээгүй. Манай дүүтэй л ярьж байсан байх гэж бодож байна. Суманд машиныг унаад явж байсныг нь нотлох гэрч байгаа. Гэхдээ би гэрчийг асуулгаагүй. Би бүрэн бүтэн машин өгсөн. Надтай нэг ч яриагүй. Дүүтэй ярьсан. Эвдэрхий машинаа манай хашаанд авчраад надад хүлээлгэж өгөөгүй. Тиймээс засварын хөлс, ачиж ирсэн хөлсийг төлж чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёр хүн худалдан авах гэрээ, зээлээр худалдан авах гэрээ аль алийг нь бичгээр хийгээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад зээлээр худалдан авах хэлцэл хийсэн байна гэж харагдаж байна. Учир нь, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх гэсэн 3 заалтаар худалдах, худалдан авах гэрээ хийгддэг. Өнөөдөр эхний заалтаар буюу хэсэгчилж авахаар гэрээ хийгдсэн байна. Хэлцэл хийхдээ би 10 500 000 төгрөгөөр авсан. 9 500 000 төгрөгт зарна. Хөдөөний хүн учир бензины 100 000 төгрөгийг татаж 9 400 000 төгрөгөөр өгье гээд 9 400 000 төгрөг гэж хийсэн. Ингээд 7 700 000 төгрөгөө бэлэн өгч, 1 700 000 төгрөгт мал өгөхөөр тохирсон. Машиныхаа чанар байдал, бүх зүйлийг үзээд бүрэн бүтэн байна, болно гээд аваад явсан. 2021 оны 12 сарын 05-ны өдөр очиж малаа авсан. ******* 2022 оны 01 сарын 28-нд шүүхэд өгсөн тайлбартаа манай дүү 2021 оны 12 сарын 05-нд очиж малаа авсан. Аймгаас Дашбалбар сум руу явах зам нь муу. Тэднийд очиход машин хэвийн ажиллаж байсан гэдгийг дүү маань надад хэлсэн. Машин эвдэрхий, асахгүй байна. гэж надад нэг ч удаа хэлээгүй. Дүүтэй л ярьсан гэсэн байна. Үүнийгээ ч сая мөн өөрөө баталж эмэгтэй хүн учраас машин мэдэхгүй гэж бодоод би дүүтэй нь ярьсан гэж хэлж байна. Энэ нь буруу. Нөгөө талаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж үзэхэд энэ гэрээнээс татгалзах эрхтэй. Гэхдээ үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд татгалздаг. Энэ тохиолдолд хуульд зааснаар аль аль байдлыг нь нотолж байж татгалзана. Үнэхээр худалдагчийн буруу байвал байрыг нь сольдог. Байрыг сольсон тохиолдолд худалдан авагчаас худалдагч нь хохирлоо төлүүлэх эрхтэй байдаг. Анхны 9 400 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээж аваад хариу тайлбараа гаргаж, үүндээ бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн гэсэн байдаг. Машинаа 2022 оны 01 сарын 06-нд *******ийн хашаанд нь аваачиж тавьсан. Энэ үйлдэл нь байраа солъё. Машиныг чинь өгчихлөө. 9 400 000 төгрөгөө авъя гэсэн үйлдэл гэж ойлгогддог. Гэтэл тог нь асахгүй, кадушка нь ажиллахгүй, түлхүүр нь байхгүй, онгорхой, урд талын купер нь унжчихсан, хойд талын купер нь хагарсан байдалтай хашаанд нь авчирч хаяад, эзэнд нь хүлээлгэж өгөхгүй явчихсан байдаг. Үүнийгээ тайлбарлахдаа ачиж буулгахад ийм болсон гэдэг. Ингээд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гээд энэ нэхэмжлэлээ дэмжээд явж байснаа худалдахдаа гэмтэлтэй байсан уу, авсныхаа дараа өөрийн хариуцлагагүйгээс буруу бензин хийсэн, гал түлсэн, эсхүл мэргэжлийн бус засварчинд үзүүлээд ийм болсон уу гэдэг асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсны дараа шинэ моторын үнэ 2 000 000 төгрөг, засварын хөлс 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилсөн. Үүгээрээ энэ хүн үүргээ биелүүлсэн юм байна. Надад бүрэн бүтэн машин өгсөн юм байна. Гэхдээ энэ мотор задлуулсан учир шинэ мотор тавиулчихъя гэдэг байдлаар хүлээн зөвшөөрсөн байна. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар гаргахад тэгвэл дахин шинжээч томилуулъя гэдэг асуудал тавьсан. Шинжээч томилсон захирамжийг бидэнд утсаар мэдэгдсэн. Бид гомдол гаргахгүй гээд гомдол гаргаагүй. Шинжээчээр томилогдсон Ган доктор ХХК нь хэзээ эвдэрснийг нотлох боломжгүй. Мэргэжлийн бус хүнээр задлуулсан байна. Задалсан машинд дүгнэлт гаргахгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа бид үнэхээр энэ эвдэрлийг нотолж чадаагүй юм байна гээд нэхэмжлэлийн шаардлагаа 1 100 000 төгрөг болгож багасгаж орж ирсэн. Энэ асуудал дээр нь эвлэрэх боломжтой. Үүнд нь би оролцохгүй. Гэвч хариуцагчийн зүгээс би 1 100 000 төгрөгийг төлөхгүй. Зарим хэсгийг нь ч төлөхгүй. Учир нь энэ моторын асуудал надаас болоогүй. Би бүрэн бүтэн машин өгсөн гэсэн тайлбар хэлж байна. Иймд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна. Худалдагчид ямар нэг буруу байхгүй юм байна. Худалдагч чанарын доголдолтой машин өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс автомашины доголдлыг арилгуулахад гарсан зардалд 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 350 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 20 150 /хорин мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.******* давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрт намайг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж үзсэн нь буруу. Хэрэгт гэрчүүдийн мэдүүлэгт намайг чанарын доголдолтой машин худалдсан гэдгийг хэн нь ч гэрчлээгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дахин дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүгч үзмэрч биш биз дээ. Нэг талыг барьж гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэхдээ ямар үндэслэлээр надад хамаатуулж байгаа нь ойлгомжгүй байна.

Би өөрөө багш сэхээтэн хүн. Хэнийг ч хуурахгүй. Хэнд ч чанаргүй эд зүйл худалдахгүй. Харин анхан шатны шүүх энэ зүйл анги нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл худалдах, худалдан авах гэрээ юу, 262 дугаар зүйл зээлээр худалдах гэрээ юу ч гэдгээ ойлгоогүй шүүгч байна гэж үзэж байна.

Ер нь гэрчүүдийн мэдүүлэг, эхний шинжээчийн дүгнэлтээр намайг эвдэрхий мотортой машин өгсөн гэдгийг нотолж чадахгүй болохоороо шүүгч нь нэг талыг барьж Шинжилгээний тухай хуулиа зөрчиж нэхэмжлэгчийн хүсэлтээр дахин дүгнэлт гаргуулж түүнийгээ шүүхийн шийдвэрт тусгасан байгаа нь буруу юм. Тэгээд ч 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр намайг буруутай болохыг нотлоогүй шүү дээ. Хэрвээ би чанарын доголдолтой машин өгсөн бол нэхэмжлэгч ******* надад урьдчилан мэдэгдэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан бол хэн буруутайг шинжээч дүгнэлт гаргаж шийдэж өгөх байсан. Гэтэл шүүгч нь эрх зүй, хууль шинжээчийн дүгнэлтээр шийдэхгүй эрх дураараа нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна.

Тэгээд ч намайг эвдэрхий мотортой машин өгсөн болохыг хэн ч нотлоогүй. Харин ******* машинаа хөлдөөсөн үү, мэргэжлийн бус засварчнаар засуулж, мотороо задлуулсан уу, эвдүүлсэн үү таарахгүй бензин, тос хийсэн болохыг хэн мэдэж, шүүгч яаж ойлгож дүгнэлт хийж байгаа нь буруу гэж үзэж байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1 гэсэн заалтыг бид хоёрын хэлцэлд ямар ч хамаагүй гэж үзэж байна. Гэрч Б.******* нь ******* машинаа асаалгая гээд чирээд манай хашаанд оруулж ирсэн. Тэгэхэд нь үзээд 4 катушка, 4 очлууртай нь сольсон боловч асахгүй байсан. Сэлбэгийг нь солиод ч асаагүй өөр зүйлүүдийг задлаагүй. Зөвхөн 4 катушка, 4 очлуураа өөрөө бариад ирснийг нь сольж өгсөн гэсэн мэдүүлэг нь машиныг ямар ч мэргэжилгүй хүнээр засуулах гэж оролдоод эвдсэн болох нь нотлогддог шүү дээ. Би анхнаасаа чанартай, доголдолгүй сайн мотортой машин худалсан. ******* нь өөрөө машиныхаа моторыг мэдэхгүй хүнээр задлуулсан эсвэл таарахгүй бензин, тос хийсэн, хөлдөөсөн байж болно. Шинжээч Баярхүү, Билгүүн нар нь нэхэмжлэгч түүний өмгөөлөгч М.Энхтуяа, манай дүү ******* нарын олон хүний дэргэд ******* та өөрөө мэдэхгүй хүнд үзүүлсэн, асаах боломжгүй, эвдсэн моторт дүгнэлт гаргах боломжгүй гэж хэлээд үзээд явсан. Энэ 2 шинжээчийн мэдүүлгээр ******* мотороо эвдсэн нь нотлогддог.

Ийм байхад шүүх гэрчүүдийн мэдүүлгэнд ач холбогдол өгөхгүй зөвхөн өөрийнхөө санаа бодлоор тусгай мэдлэгтэй шинжээч нараас давсан дүгнэлт өгч буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрвээ шүүгч өөрөө хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэх байсан бол яах гэж олон шинжээчийн дүгнэлт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан юм бэ.

Ойлгомжгүй шийдвэр гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Би гомдолтой байна. гэжээ.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж хариуцагч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******эд холбогдуулан 1 100 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

4.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Би ... хариуцагч *******тэй тохироод 9 400 000 төгрөгөөр машиныг нь худалдаж авсан. Хоёр хоноод аймгаас хөдөө гэр лүүгээ явах болж, ... замдаа машин доголдоод унтарч, нормаль барихгүй байсан. ... цаашаа арай гэж гэртээ очсон. Тэгээд өглөө нь машин бүр асахгүй болсон. ... Бамбарууш гэж засварын газарт очиход Ганхөлөг гэж засварчин залуу машиныг үзээд аргагүй мотор нь дууссан машин байна. Манайд мотор 2 000 000 төгрөг гээд байгаа. Моторыг шинээр солихоос өөр засвар хийхгүй гэхэд нь *******тэй уулзаж сая, саяар нь гаргаад мотор авъя гэхэд үгүй гэсэн. Ингээд машинаа аваад 450 000 төгрөгөөр сэлбэг авчруулж, ******* гэж хүнээр мотороо боолгосон. ... Иймд сэлбэг авсны 450 000 төгрөг, засварын 450 000 төгрөг, машин ачуулж ирсэн 200 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. ... 9 400 000 төгрөгөөр авсан машин 2 хоногт эвдэрнэ гэж юу байхав дээ. Аваад ядаж 10 хоносон бол би хариуцна. Гэтэл аваад замдаа явж байхад эвдэрсэн байхад би юу гэж хариуцах билээ. гэж,

5.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: Миний бие *******д өөрийн унаж байсан Toyota Premo маркийн машиныг 9 500 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд үнээ буулга гэхээр нь ... 100 000 төгрөгөөр л бууруулах боломжтой гэдгээ хэлэхэд өөрөө зөвшөөрсөн. Машиныг шилжүүлэх үед ямар нэг доголдол, эвдрэлгүй байсан. Манай хашаанаас машинаа зүв зүгээр унаад аваад явсан. 2021 оны 12 сарын 05-ны өдөр манай дүү Дашбалбар сум руу очиж тохиролцсон малаа авсан. Аймгаас Дашбалбар явах зам нь муу. Тэднийд очиход машин хэвийн ажиллаж байсан гэдгийг дүү маань хэлсэн. 2022 оны 01 сарын 06-ны өдөр машинаа манай хашаанд авчирч тавьсан. ... Худалдан авсан хүн өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй аливаа асуудлыг би хариуцах ёсгүй. Бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй тул ямар гэрээнээс татгалзах талаар ярьж байгааг нь би ойлгохгүй байна. 9 400 000 төгрөгийн 7 700 000 төгрөгийг бэлнээр авч, 1 700 000 төгрөгт нь мал авахаар тохиролцсон. Мөнгө төгрөг, малаа асуудалгүй бүгдийг авсан. Нэр усаа шилжүүлсэн. Энэ хүн машин эвдэрсэн асуудлаа надад хэлээгүй. Манай дүүтэй л ярьж байсан байх гэж бодож байна. ... Эвдэрхий машинаа манай хашаанд авчраад надад хүлээлгэж өгөөгүй. Тиймээс засварын хөлс, ачиж ирсэн хөлсийг төлж чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******тэй 2021 оны 11 сарын 22-ны өдөр NZT2400058144 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 08 сарын 09-нд Монгол Улсад орж ирсэн, Toyota Premio-T240 маркийн, мөнгөлөг өнгөтэй, суудлын зориулалттай,  33-27 ДОР улсын дугаартай, автомашиныг 9 400 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, худалдагч буюу хариуцагч Б.******* нь уг автомашиныг нэхэмжлэгч буюу худалдан авагч *******ын өмчлөлд шилжүүлж нэрийг түүний нэр дээр шилжүүлсэн , худалдан авагч ******* нь тохирсон 9 400 000 төгрөгөөс 7 700 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 1 700 000 төгрөгөнд мал /хонь, ямаа/ өгөх үүргийг хүлээж, уг үүргийг хариуцагч 2021 оны 12 сарын 05-ны өдөр биелүүлсэн, мөн өдөр хариуцагчийн дүү Б.******* малыг авахаар очихдоо нэхэмжлэгчийн худалдаж авсан машин асахгүй болсныг мэдсэн, нэхэмжлэгч ******* худалдаж авсан машинаа 2022 оны 01 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумаас аймгийн төвд ачин авчирч, хариуцагч Б.*******ийн хашаанд буулгасан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх 1, 11, 52-54, 89-90/

6.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******ийг биед байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж автомашины үнэ 9 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзаж, засварын хөлс, автомашины моторын сэлбэгийн үнэ, тээврийн зардал, нийт 1 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

8. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэж заажээ. Иймд хариуцагч Б.******* худалдан авагчид доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэдгээ нотлох үүрэгтэй болно. Гэтэл худалдсан автомашинд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэмтэл /доголдол, машин асахгүй/ гарсныг хариуцагч Б.******* үгүйсгээгүй.

9.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д  Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгиийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг  гаргах эрхтэй. гэж тус тус заасан.

10.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******ээс 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 08 сарын 09-нд Монгол Улсад орж ирсэн, Toyota Premio-T240 маркийн, суудлын зориулалттай автомашиныг 2021 оны 11 сарын 22-ны өдөр 9 400 000 төгрөгөөр худалдаж авсан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. Харин худалдан авагч ******* нь дээрх автомашиныг худалдаж авсны дараа уг автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдол / машин асахгүй, мотор ажиллахгүй/ илэрсэн талаар хариуцагчийн дүү Б.*******тад 2021 оны 12 сарын 05-ны өдөр үлдэгдэл 1 700 000 төгрөгөнд /10 хонь, 4 ямаа авахаар очсон/ мал авахаар очих үед хэлж мэдэгдсэн, 2022 оны 01 сарын 06-ны өдөр хариуцагчийн хашаанд дээрх машиныг аваачиж орхисон байдал, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Б.*******ийн ... дүү надад асахгүй байсан, тэгээд аваад ирсэн байна гэж хэлж байсан. гэсэн тайлбар, нэхэмжлэгч *******бн анхан шатны шүүхэд 2022 оны 01 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан зэрэг үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

11.Шүүх талуудын хүсэлтээр хэд хэдэн шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч эдгээр дүгнэлтийг үндэслэн зохигчдын хооронд үүссэн /автомашин асахгүй болсон, мотор ажиллахгүй/ маргааныг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд худалдагч талыг доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн гэдгээ нотлоогүй гэж үзэх ба энэ нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй юм. Гэвч нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь диспозитив зарчимд нийцнэ гэж тус шүүхээс дүгнэв. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар хариуцагч Б.******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагч Б.Буянэмэхийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04ий өдрийн 138/ШШ2022/00952 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.*******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

  ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

  З.ЭНХЦЭЦЭГ