Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09983 0568 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Н.Т

Холбогдсон хэргийн талаар:

           Н.Т нь 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камель” бааранд иргэн Э.Мөнхзулын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай ажлын газрын шинэ жил болж байсан. Мөнхзул намайг гаргахгүй гээд, хааж зогсоод байхаар нь холд гээд би эрүүн тус газар нь нэг цохисон. Тэгээд шууд гэр рүүгээ харьсан. Хариад унтаж байтал цагдаагаас дуудаж байна гээд ярьсан. Тэгээд очиход ийм зүйл болсон байсан. Маргааш нь гэмтлийн зэрэг, хохирлыг нь тогтоосон. Би хохирлыг нь бүрэн төлж дуусгасан гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдан шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Мөнхзулын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 00.30-01.30 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төв “ Камель” бааранд гаднаас орж иртэл манай найз Буяннэмэхийг цохиод хамраас нь цус гаргасан байсан. Би тэгэхээр нь яав, юу болоо вэ гэж тэр цохисон хүмүүсийг явуулахгүй цагдаа дуудсан гэж хэлэхэд намайг хар цамцтай залуу нэг удаа шанаа руу цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ганбаярын өгсөн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хамт ажилладаг найз Н.Т ийн хамт байгууллагын шинэ жилээ тэмдэглэсний дараа Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Камел нэртэй бааранд ороод 0,5 литрийн Экс архи авч хувааж уугаад шөнө 03.00-04.00 цагийн хооронд баарнаас гарах гэсэн үл таних 20 гаран насны залуу Н.Т ийг гаргахгүй гээд байсан. Тухайн үед би архи уусан учраас их согтсон байсан болохоор яагаад юунаас болоод муудалцаад байгааг нь ойлгоогүй. Нэг харсан Н.Т  үл таних залууг нэг удаа шанаадахаар нь би боль, боль гэж салгаад Н.Т ийг аваад гарсан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Т ийн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камель” нэртэй бааранд үйлчлүүлж байгаад шөнө 02.00-03.00 цагийн орчим гарах гэсэн чинь хохирогч Э.Мөнхзул намайг гаргахгүй гээд байхаар нь яагаад гаргахгүй гээд байгаа юм бэ гэтэл Э.Мөнхзултай хамт явж байсан залуу нь үл таних хүмүүстэй маргалдаж муудалцсан юм шиг байна лээ, намайг тэр хүн нь байна гэж андуураад явуулахгүй гээд байсан юм байна лээ. Тэгээд би гаръя гэж хэлээд баруун гараа атгаж байгаад зүүн талын шанаан тус газар нь 1 удаа цохисон чинь Э.Мөнхзул холдсон. Тэгээд би гараад явсан. Тухайн үед би Э.Мөнхзулын эрүү нь хугарсан гэж мэдээгүй. Дараа нь би цагдаагаас дуудсаны дараа Э.Мөнхзултай хамт эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж өгөөд эмчилгээний зардлыг гаргаж өгсөн чинь Мөнхзул надад ямар нэгэн гомдол саналгүй гэсэн. Тухайн үедээ эмчилгээгээ хийлгээд Увс аймагт Хилийн цэрэгт ажилладаг учир ажлаас нь дуудаад байна, явлаа гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 282 дугаартай шинжээчийн:

1. Э.Мөнхзулын биед доод эрүүний зүүн булан, оочны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,

- Шүүгдэгч Н.Н.Т ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21, 33, 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камель” бааранд иргэн Э.Мөнхзулын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Мөнхзул, яллагдагчаар өгсөн Н.Т нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Н.Т ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Мөрдөн шалгалтын явцад хохирогч Э.Мөнхзул өөрт учирсан хохирлын талаарх 128.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд Н.Т нь нийт 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хавтаст хэрэгт баримтыг ирүүлсэн, хохирогч Э.Мөнхзул энэ талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Т ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 48, 49 дүгээр тал/

            Хохирогч энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Н.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол  улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т ийг 500 /таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Т нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Э.Мөнхзул нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх  эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах шүүхэд  гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ