Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2022/00043

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/000884 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК,

Хариуцагч ******* ХК-д холбогдох,

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 762 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ч.Анар, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ХК нь ******* ХХК-ийн Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумдын нутаг дэвсгэрт байх 1364А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллаж байсан бөгөөд уг гэрээ нь 2018 оны 04 дүгээр сард цуцлагдсан. Гэрээ цуцлагдсанаас хойш ******* ХК манай компанийн 1364А тусгай зөвшөөрлийн талбай руу дур мэдэн нэвтэрч, олборлолт явуулж, 710, 730-р түвшнээс нүүрс хулгайлсан байсан. Бидний зүгээс энэ асуудлаар 2018 оны 06 сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, бүтэн жил гаруйн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бөгөөд аймгийн Прокурорын газраас 2019 оны 07 сард зөрчлийн хэрэг байна хэмээн харьяалах байгууллага болох Мэргэжлийн хяналтын байгууллага руу шилжүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу ******* ХК-ийг 10 000 000 төгрөгөөр торгож, шийтгэл хүчин төгөлдөр болж төлөгдсөн байна. Иймд зөрчил үйлдэж авсан 15 187.07 тонн нүүрсний үнэ болох 210 492 762 төгрөгийг ******* ХК-аас гаргуулж ******* ХХК-ийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Энэ хэргийг анхан шатны шүүх өмнө нь шийдвэрлэхдээ дээрх нэхэмжилсэн дүнгээс НӨАТ-ыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Бидний зүгээс нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн. Дорнод аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг явагдаж байх үед 710, 730 дугаар түвшнээс нүүрс олборлосныг шинжээч нар тогтоосон байдаг. Үүний дагуу зөрчлийн хэрэг шалгагдаж, шийдвэрлэгдсэн байдаг. Хариуцагч тал анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хяналтын шатны шүүхээс Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Дээд шүүх талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна, хариуцагч энэ нүүрсийг тээвэрлэхэд зардал гаргах нь тодорхой, энэ талаар холбогдох баримтыг гаргаагүй гэж дүгнэсэн байдаг. Үүний дагуу 2022 оны 06 сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт нь учир дутагдалтай гарсан дүгнэлт байдаг. Өөрөөр хэлбэл, асуултад бүрэн дүүрэн хариулаагүй, ямар зардлыг яаж гаргасан гэдгийг мэргэжлийн үүднээс тодорхой тайлбарлаж чадаагүй учир энэ дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээд шүүхийн борлуулахад гарсан зардал гэж дүгнэснийг эсэргүүцэж байгаа. Учир нь, бид өнөөдөр гэм хорын хохирлын асуудал ярьж байхад ийм байдлаар дүгнэснийг буруу гэж үзэж байна. Харин мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, зөрчлийн хэргээр оногдуулсан торгуулийг төлсөн мөртлөө бид нүүрс аваагүй гээд тайлбар гаргаад байдаг. Дээд шүүхийн хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч хэрэв зөрчлийн улмаас гэм хор учирсан байна гэж үзвэл Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар адил төрлийн эд хөрөнгөөр гэм хорын хохирлыг өгөх боломж байгаа гэж тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл, нүүрсийг нүүрсээр өгье гэдэг. Бид учруулсан гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр төлөхийг шаардаж байгаа юм. Хариуцагч тал нүүрс аваагүй гэдгээ үндэслэлтэйгээр няцааж тайлбарлаж чаддаггүй. Мэдээж хууль бусаар авсан асуудлаа тайлан балансдаа тусгахгүй байх нь ойлгомжтой. Бодит байдал дээр 710, 730 дугаар түвшингээс нүүрс ухаад авчихсан асуудал дээр гаргасан шинжээчийн дүгнэлт бодитой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Улсын дээд шүүхээс тухайн олборлогдсон нүүрс нь ямар байдалд байсан юм бэ, хөрсийг нь хуулаад бэлэн болгосон түвшнээс авч ашигласан юм уу, эсхүл тодорхой зардал гаргаад ашигласан асуудал байгаа бол түүний зардал нь ямар хэмжээнд нотлогдсон юм бэ гэдгийг ярих ёстой байсан. Уг хэрэг анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэхэд яг энэ талаар ямар нэг нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж хэргийг буцаасан. Бидний зүгээс энэ ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа. Бие даасан хэргийн хүрээнд өөрсдөө нэхэмжлэгчээр оролцож байгаа нь хангалттай тогтоогдож байгаа тохиолдолд тухайн зардалтай холбоотой асуудлыг бие даасан хэлбэрээр шийдэх боломжтой гэдгийг талууд үнэн зөвөөр тайлбар тавих байдлаар дүгнээд, үргэлжлүүлээд явахад мэтгэлцээний зарчим бүрэн хангагдсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн тухайд 1 тонн тутамд гарах зардлын хэмжээг гаргахад үндэслэл болсон буюу 710, 730 дугаар түвшинд 2000 тонн олборлогдсон гэсэн мэдээлэл нь ******* ХК-ийн гаргасан тайланг шинжээч хөдөлбөргүй үнэн мэтээр хүлээн авч ашигласантай холбоотой. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үйл баримт нь 15 000 тонн болох нь тогтоогдсон. Тэгэхээр шинжээч дүгнэлтээ гаргахдаа аудитлагдсан тайлангийн мэдээлэл, урьд гарсан шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулж авч үзэхдээ маргагч нэг талын буюу ******* ХК-ийн удирдлагын өөрсдийн үзэмжээр мэдүүлсэн тайлангийн дүнг аудитлагдсан гэдгээр шууд үнэн зөв гэж хүлээж авсан нь шинжээчийн дүгнэлт нь 2300 тонн нүүрсийг нийт олборлосон нүүрс гэж үзэх эсэх асуудал дээр нотлох баримтын ач холбогдлоо алдаж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь хангалттай үндэслэл бүхий гэдэг нь тодорхой болсон учир хэргийг шийдвэрлэхэд үйл баримтын хүрээнд эргэлзээтэй нөхцөл байдал арилсан гэж үзэж байна гэв.

2.Хариуцагч ******* ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Манай компани Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг үйлдээгүйг Прокурорын газар тогтоосон болно. Хулгайлсан гэх 730-р түвшний нүүрсийг манай компани 2018 оны 2, 3, 4 дүгээр саруудад олборлосон болно. Энэ үед ******* ХХК-тай хамтран ажиллаж байсан. Харин 2018 оны 06 сард 730-р түвшнээс ямар ч нүүрс олборлоогүй бөгөөд 750-р түвшнээс олборлож байсан нүүрс нойтон чийгтэй байсан учир 730-р түвшний хоосон орон зай буюу мөргөцөгт буулган хурааж, хатааж байсан. ******* ХХК энэ процессыг мэдсээр байж манай хил рүү нэвтрэн орж нүүрс хулгайлсан мэтээр ярьж явааг 2 компанийн ажилчид бүгд мэднэ. Манай компани 2018 оны 04 сард ******* ХХК-ийн 1364А талбайгаас гарч, МАК ХХК-ийн 14892А талбайд орж нүүрс олборлосон. 2018 оны 05 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай компанийн үйл ажиллагааг зогсоож лацадсан. 2018 оны 05 сарын 23-аас МАК ХХК-тай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа сэргээн ажилласан. Энэ нь 05 сард ******* ХХК-ийн 1364А талбайд ******* ХК ажиллаагүйг нотолж байна. ******* ХХК нь 2018 оны 4, 5, 6 дугаар саруудад 1364А талбайд манай машин техникийг оруулахгүй, карьер дахь нүүрс тээврийн замыг хааж боох зэрэг үйлдлүүд хийж байсан. Мөн өдөр болгон 2-3 хүний бүрэлдэхүүнтэй харуул хамгаалалт гарч байсан. 2018 оны 06 сард маргаан үүссэн тул ******* ХХК-ийн 1364А талбайн хилийн заагийн дагуу нүүрсний мөргөцгүүдэд нүүрсээр, хөрсний мөргөцгүүдэд хөрсөөр далан хийж хилийн зааг тогтоож, ямар ч хүнд ойлгогдохоор хэлбэрт оруулсан байдаг. Үүнээс өмнө 1364А болон 14892А лицензтэй талбайнууд тодорхой хилийн зааг байхгүй, зөвхөн 4 булангийн цэгүүд хөдөлгөөнгүй шав тэмдэгтэй байсан. Энэ нь манай ******* ХК-ийн үндсэн карьераас гадна байдаг цэгүүд. Үүний улмаас уг 2 лицензтэй талбайн зааг ердийн хүнд ойлгомжгүй байсан болохыг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай компани ******* ХХК-тай хамтран ажиллаж байгаад 2018 оны 02 сарын 01-нд бичгээр гэрээ цуцлагдсан боловч 2018 оны 04 сарын 12-н хүртэл үйл ажиллагаа явагдсан. Бид талбай байгаагүйн улмаас чийгтэй нүүрсээ хатаах гэж эдний талбай дээр хураасан байсан бөгөөд түүнийгээ зөөж байхад манай талбайд үйл ажиллагаа явуулаад байна гэж хардсан байдаг. Бид бусдын талбай руу оруулж хураасан нь зөрчил юм байна гэдгээ зөвшөөрч 10 000 000 төгрөгөөр торгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нүүрс хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн гэх байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ Мэргэжлийн хяналтын газар манай байгууллагыг бусдын талбайгаас нүүрс олборлосон гэж үзсэн бол зөрчилд хариуцлага тооцохоос гадна бусдад учруулсан хохирлыг төлүүлэх арга хэмжээг тухайн үед авах байсан. 2018 оны 04 сарын 18-ны өдөр гэрээ цуцлагдсантай холбоотойгоор бид бүх техник хэрэгслээ ******* ХХК-ийн талбайгаас гаргасан ба энэ үеэс ******* ХХК өөрийн талбай дээр харуул хамгаалалтаа гаргасан. ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 15 000 тонн нүүрсийг 06 сарын тэр хэдхэн хоногт яагаад ч олборлох боломжгүй. 2018 оны 06 сард манайхаас станцад өгсөн нүүрсний өдөр тутмын мэдээ хэргийн материалд байгаа шүү дээ. Хэрүүл хийсэн тухайн 24-ний өдөр нь манайх үйл ажиллагаа явуулаагүй. Бид ямар нэг хулгайн үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн шаардлага, агуулга хоёр зөрүүтэй харагдаад байна. Ашиглах гэдэг бол тодорхой үр шимийг бий болгох л субьектив үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагааны үр дүнд ашиг л олох байсан. Эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрх үүсэхгүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Иргэний хуулийн 497.1-ээр нэхчихээд, ашиглагчийнхаа хүрээнд үр ашгаа олох байсан гэж тайлбараа гаргаад байгаагаас нь харахад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, процессын хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж харахаар байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнээр нүүрсээ борлуулахын тулд хөрс хуулах, олборлолт хийх, боловсруулах, тээвэрлэх гэх мэт дараалал бүхий ажлуудыг заавал гүйцэтгэнэ. Зөвхөн ашиглах субьектив үйл ажиллагааны үр дүнг л шаардах эрхтэй. Тиймээс гэм хортой холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээд шүүхэд тайлбарласан тайлбараас харахад Иргэний хуулийн 83.1-д огт хамаарахгүй байгаа юм. Газрын хэвлийд байгалийн шинжээрээ байгаа нүүрс бол 83.1-д заасан аль нэг этгээдийн өмч байх боломжгүй. МУ-ын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасны дагуу өнөөдөр газрын хэвлийд байгалийн шинжээрээ байгаа зүйлийг миний өмч гэж маргах, үүнийг миний эд хөрөнгөд гэм хор учирсан гэж шаардах эрхгүй гэж үзэж байна. Гуравдугаарт, Топсүрвэй ХХК болон Майнинг конвейр транспорт ХХК нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэрэгт хамааралтайгаар шинжээчээр томилогдсон асуудал огт байхгүй. Тиймээс эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтайгаар авагдсан нотлох баримт биш. Үүнийг практик дээр үнэлдэггүй. Эрүүгийн журмаар авагдсан баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломж байхгүй. Ашиглах эрх нь эд хөрөнгийн эрх биш болохыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 12 сарын 02-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийн талаарх нэмэлт тайлбартаа ...Б.Чимид, С.Нарангэрэл, Д.Батболд нарын хууль зүйн тайлбар, номоос иш татаж тайлбараа өгсөн. Үүнээс харахад манайх ашиглагч мөн. Мөн газрын хэвлийд байгалийн шинжээрээ байгаа нүүрсийг өмчилнө, эд хөрөнгө болгож авна гэж байхгүй. Зөвхөн ашиглана, үр шимийг нь хүртэнэ гэж байгаа. Дээрх тайлбаруудаас нь харахад гэм хорын хохирол нэхэмжлэх эрх байхгүй. Дөрөвдүгээрт, ашиглах эрх нь үүсмэл эрх ба хоёрдогч шинжтэй. ******* ХХК-ийн ашигладаг тусгай зөвшөөрөлтэй талбайн газрын хэвлий дор байгаа байгалийн баялаг хэлбэрээрээ байгаа нүүрс нь ******* ХХК-ийн эд хөрөнгө биш байх тул тус компани нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд биш бөгөөд эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзэх боломжгүй. Тавдугаарт, Хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гараагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өнөөдөр хулгайлсан гэж яриад байна. Хулгайлсан бол бид өнөөдөр энд иргэний шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй. Бид бусдын талбайд зөвшөөрөлгүй нэвтэрч орсон үйлдэлдээ хариуцлага тооцуулсан. Шинжээчийн 88 тоот дүгнэлтэд 2307.5 тонн нүүрс олборлосон нь тогтоогдож байна. 1 тоннд ногдох өртөг нь 14 741 төгрөг байна гэсэн нь асуултад бүрэн хариулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бид 1 тонн нүүрс олборлоход ямар хэмжээний зардал гарах вэ гэж л асуусан. 12 600 төгрөг гэж байгаа нь НӨАТ тооцоогүй дүн. Нэхэмжлэгч тал шинжээчийн энэ дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж тайлбарлаад байгаа боловч хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах хүсэлт, мөн үүнийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаагүй. Энэ шинжээчийн дүгнэлт нь энэ иргэний хэрэгтэй хамааралтайгаар авагдсан ганц нотлох баримт мөн. Нөгөө талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотлохын тулд өөрт байгаа баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Баримтаа шинжээчид гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. Үүргээ биелүүлээгүйгээс болж шаардлагаа нотолж чадахгүй байх нь хэргийн оролцогчийн өөрийнх нь л асуудал болохоос биш аль нэг талыг буруутгах асуудал байхгүй. Зургаадугаарт, манай компани 1 тонн нүүрсний өөрийн өртөг болох 14 741 төгрөгийн 60 хувийг хөрс хуулалтад зарцуулдаг тооцоо байгаа. Энэ нь мөн аудитлагдсан санхүүгийн тайлан дээр байгаа. Өөрөөр хэлбэл, бид 2307.5 тонн нүүрс олборлохын тулд 20 407 530 төгрөгийг хөрс хуулалтын зардалд зарцуулсан гэсэн үг. Хөрс хуулалтад хамгийн их зардал гардаг. Долоодугаарт, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хороо арилгуулахаар шаардсан нөхцөлд гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх шаардлага гаргаж байгааг хариуцагчийн өмгөөлөгч нь зөвшөөрөөд байсан гэж яриад байна. Манай талаас урт хугацаанд маргалдаад яах вэ, хамтарч ажиллаж байсан учир ойлголцох боломж байвал ойлголцоорой гэдгийг надад хэлсэн юм. Мэтгэлцэх болоод энэ зарчим нь хангадвал үүнээс гарах үр дагаварт нь 510.1-д зааснаар өмнөх байдалд нь сэргээгээд, тээвэрлэхгүйгээр холбогдох нүүрсийг өгч болох юм гэсэн санааг хэлсэн болохоос биш би хариуцагчийн өмнөөс эвлэрэх юм уу, эсхүл байр суурийг шууд илэрхийлэх боломжтой субъект би биш. Наймдугаарт, хэрэгт ******* ХХК-ийн маркшейдерийн хэмжилт баталсан зураг байхгүй. Харин өмнө нь******* ХК-д ажиллаж байгаад ******* ХХК-д ажилд орсон гэх С.Эрдэнэбат гэж хүний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******т файлаар өгсөн зургуудыг энэ хэрэгт өгчихсөн. Тэр файл нь хэн ч засвар хийх боломжтой юм байна лээ. Энэ файлыг эцсийн байдлаар компанийн удирдлага уулын ажлын төлөвлөгөө болно гээд баталгаажуулдаг. С.Эрдэнэбат гэж хүний *******т өгсөн зургууд баталгаажсан уулын ажлын төлөвлөгөө биш юм. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, гэм хорын хохирол шаардах эрхгүй этгээд шаардсан. Түүнчлэн хариуцагчийг талбай руу орж олборлолт хийсэн гэдгийг нотолж чадаагүй. 2018 оны 04 сарын 18-аас хойш харуул хамгаалалттай байсан тухайн объектоос 15 000 тонн нүүрс аваад гарах боломжгүй гэдэг нь тодорхой. Нэг бол цахилгаан станцад өгнө. Эсхүл тэнд нь овоолоод орхихоос өөр аргагүй шүү дээ. Түүнчлэн авсан гээд байгаа 2018 оны 06 сарын 24-ний өдөр манайх огт ажил хийгээгүй. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* ХК 2307 тонн гэж буруу тайлагнасан гэж байна. 12 700 тонн нүүрсээ бусдаас нуухын тулд ямар байдлаар буруу тайлагнасан гэж нотолж байгаа юм бэ. Түүнчлэн үлдэж байгаа 13 000 орчим тонн нүүрсийг хаана борлуулсан гэж үзээд байгаа юм бэ. Үүнийг нотлох ёстой шүү дээ. Өмгөөлөгч хэт өөрийн хувийн үзэл бодлоор хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан тайлбар бүү өгөөсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг процессын хуулийн 115.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Иргэдийн төлөөлөгч ******* дүгнэлтдээ: Миний хувьд ******* ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

4.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 133 949 957.4 /нэг зуун гучин гурван сая есөн зуун дөчин есөн мянга есөн зуун тавин долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76 542 804.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 413.81 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 827 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн зардалд  нэхэмжлэгч ******* ХХК-иас 240 000 төгрөгийг, хариуцагч ******* ХК-иас 560 000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан дахь 100900012005 тоот харилцах дансад оруулж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч ******* ХК-ийн ХААН банкин дахь 5405073701 тоот харилцах дансыг 210 492 762 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШТ2019/00025 дугаартай тогтоол нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,... шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх манай компанийг 15.000 тонн нүүрс авч ашигласан гэх дүгнэлт хийхдээ хэзээ, ямар цаг хугацаанд, ямар зардлаар авсан талаарх үйл баримтыг ямар ч нотлох баримтгүйгээр шүүхээс хэт хийсвэрээр дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлээгүй гэж үзэж байна.

Тухайлбал 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх огт үнэлээгүй ба яагаад үнэлээгүй талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй. Гэм хор учирсан гэж үзвэл гэм хорыг өмнөх байдалд сэргээх, хохирлыг барагдуулах үүрэгтэй байхад шүүхээс гэм хор учирхад нэхэмжлэгч 30 хувийн буруутай байсан тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс 30 хувийг хангахгүй орхихоор шийдвэр гаргаж байгаа нь шүүх хэрэгт огт байхгүй үйл баримтыг дур зоргын байдлаар дүгнэж, улмаар зохигчдын хэн аль нь гэм буруутай мэтээр дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

******* ХК-ийн аудитлагдсан тайлан, шинжээчийн дүгнэлтийн талаар тайлбарлахдаа 1 тонн нүүрс олборлоход гаргасан өртөг нь /НӨАТ-гүй/ 14 741.5 төгрөг болон 14 785.40 төгрөг гэж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан тухайн үеийн зах зээл дэх 1 тонн нүүрсний газар дээрх үнэ болох 12 600 төгрөгөөс давсан байдлаар тусгагдсан зэрэг нь тухайн дүгнэлтийг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй гэж тайлбарлахдаа шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх нотлох баримт байж болохгүй гэсэн зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 12 600 төгрөг үнэн зөв гэсэн дүгнэлтийг урьдчилан дүгнэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзнэ үү.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 210 492 762 төгрөгийг тооцохдоо Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор тогтоосон 1 тонн нүүрсний зах зээл дээрх үнэ болох 12 600 төгрөг дээр НӨАТ-ын 10 хувийг шингээж 1 тонн нүүрсийг 13 860 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн гэж шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсанаас харахад анхан шатны шүүх шийнжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгохоос татгалзсан үндэслэл нь зөрүүтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс 14 741.25 төгрөг бол 1 тонн нүүрсийг олборлож байгаа бодит өртөг, 12 600 төгрөг бол нүүрсийг стратегийн бүтээгдэхүүний хувьд төрөөс тогтоосон буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор тогтоосон ДБЭХС-д өгөх үнэ юм. Тиймээс шинжээч 1 тонн нүүрсийг олборлоход гарах өртгийг тооцсон нь буруу биш бөгөөд шүүхээс 1 тонн нүүрс олборлоход гарах зардлыг тооцуулахаар гаргасан асуултад үнэн зөв хариулсан байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12 600 төгрөгөөс давсан гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй нь анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.

Мөн ******* ХК-ийн олборлосон нүүрсний хэмжээг тогтоохдоо тус компанийн 2015-2021 онд ДБЭХС ТӨХК-д нийлүүлсэн нүүрсний тайланг үндэслэж олборлосон нүүрсний хэмжээг тогтоосон тул анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг бодит бус гэж үзсэн байна. Эсрэгээрээ хариуцагч ******* ХК нь нийт олборлосон нүүрснийхээ 80-аас дээш хувийг ДБЭХС ТӨХК-д олборлосон нүүрсний өртгөөс 2200 гаруй төгрөгийн хямдаар шууд нийлүүлдэг тул шинжээч дээрх ДБЭХС ТӨХК-д нийлүүлсэн нүүрсний тайланг үндэслэж олборлосон нүүрсний хэмжээг тогтоосон нь буруутгах үндэслэл болох юм.

Энэ маргаантай холбоотой асуудлаар Улсын Дээд шүүхийн тогтоолд талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй буюу хөрс хуулалтын зардал, нүүрсийг олборлох, тээвэрлэх, борлуулахад гарах зардлын талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй, хариуцагчаас гарах зардлыг бүрэн тооцоогүй гэсэн үндэслэлийг дурдаж хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан нөхцөл байдал арилаагүй, анхан шатны шүүхээс гэм хорыг арилгах бодит зардлыг нотлох баримтад үндэслэн тогтоогоогүй, эсрэгээрээ тусгай мэдлэг шаардагдах нөхцөл байдлыг өөрсдөө дур зоргын байдлаар гэм буруугийн хэмжээг хувьчлан тогтоож нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлээгүй нотлох баримтууд болох Майнинг конвейр транспорт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №01 тоот дүгнэлт болон 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №02 тоот нэмэлт дүгнэлт, Топсүврэй ХХК-ийн ******* ХХК-ийн ******* ордны газар дахь уурхайн талбайд хийгдсэн 1:2000 масштабтай байр зүйн зураглал, карьерийн эзэлхүүн тодорхойлох геодезийн хэмжилтийн тайлан гэх бичгийн баримтуудыг үнэлж 15187.07 тонн нүүрс олборлосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн ИХШХШТХ-ийг зөрчиж байна. Хариуцагчийн зүгээс ИХШХШТХ-ийн хүрээнд цуглуулж, бэхжүүлээгүй дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, дахин болон нэмэлт шинжээч дээрх асуудлаар томилуулах зэргээр мэтгэлцэх боломжгүйгээс эрх ашиг маань хохирсон ба анхан шатны шүүх өөрийн захирамжаар томилсон шинжээчийн дүгнэлтийг ШИНЖЛЭХ УХААНЫ үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаад давж заалдах шатны шүүх тал бүрээс нь бодитой дүгнэлт хийж өгнө үү.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт ч эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд болон бусад нөхцөл байдлаар иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцэх зарчмыг хангах хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үнэлэхгүй орхидог. Учир нь хэргийн оролцогчийн аль нэг тал нь дээрх асуудлаар өөрийн байр сууриа нотлох, хамгаалах ажиллагааг хийлгэх боломжгүй байдагтай шууд холбоотой.

Шүүхийн шийдвэрийн 13 дугаар талд 15187.07 тонн нүүрсийг олборлохтой холбоотой нотлох баримтыг хэн аль нь шүүхэд ирүүлээгүй гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хариуцагчийн зүгээс албан ёсны тусгай эрх бүхий тусгай мэдлэгтэй, мэргэшсэн аудитын байгууллагаар хянагдсан тайланг хүргүүлсэн ба түүн дотроо хөрс хуулалт, олборлох, борлуулахтай холбоотой бүхий л зардал нэг бүрчлэн тусгагдсан байдаг бөгөөд дээрх тайлан хэрэгт авагдсан. Мөн л ДБЭХС ТӨХК-д нийлүүлсэн 2015-2021 нүүрсний хэмжээ, худалдан авалтын гэрээ, төлбөрийн баримтууд зэрэг холбогдох нотлох баримтуудыг шүүхэд өөрсдийн зүгээс болон шүүгчийн захирамжийн дагуу хүргүүлж, гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх тэдгээрийг үнэлээгүй байна. Дээрх санхүү, бичиг баримтуудыг нэг бүрчлэн тулгаж, харьцуулах замаар анхан шатны шүүхээс 1 тонн нүүрс олборлоход гарах зардлыг тооцон, дүгнэх бүрэн боломжтой байсан авч харамсалтай нь зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдаагүй баримтуудыг үнэлж, өөрөө томилсон шинжээчийн дүгнэлтийг үнэлэхээс татгалзаж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Гэтэл шүүх эдгээр санхүү бүртгэлийн хуульд нийцүүлэн гаргаж, хянуулсан хангалттай нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байхад шүүхийн шийдвэрийн 15-р талд 15187.07 тонн нүүрсийг газрын хэвлийгээс олборлож, худалдан борлуулахад хэдэн төгрөгийн зардал гарахтай холбоотой бичгийн нотлох баримт гаргаж өгөх боломжоор буюу энэ талаар мэтгэлцэх боломжоор тус тус хангасан, мөн энэ асуудлаар шинжээч томилсон ..., мөн нэхэмжлэгч талаас дээрх тонн нүүрсийг газрын хэвлийгээс олборлож, худалдан борлуулахад тодорхой хэмжээний зардал гардаг талаар, хариуцагчаас мөн зардал гардаг гэж тус тус шүүх хуралдаанд мэтгэлцдэг боловч дээрх зардлын талаар талуудын хэн аль нь бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх 15187.07 тонн нүүрс олборлож, худалдан борлуулахад гарах зардлыг тодорхойлох боломжгүй гэж маш ойлгомжтой дүгнэлт хийсэн.

Хэрвээ анхан шатны шүүх талуулыг нотлох баримт гаргаж өгөөгүй тул 15187.07 тонн нүүрсний зардлыг тодорхойлох боломжгүй гэж үзсэн бол нэхэмжлэгчид хэдэн төгрөгийн ГЭМ ХОР учирсан гэдгийг ямар нотлох баримтаар тогтоосон бэ гэдэг асуудлыг ч эцэслэн тогтоох боломжгүй байхад гэм бурууг нэхэмжлэгчийн 30 хувийн буруу, хариуцагчийн 70 хувийн буруу гэж хувьчлах замаар гэм хорын хэмжээг тооцсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэг хэт нэг талын эрх ашгийг хамгаалах замаар хандсан гэж үзэхээр байна.

Шүүх шинжээч томилон авч түүнийхээ дүгнэлтийг нэхэмжлэгчийн шаардлагаас өртөгийн үнэ зөрсөн учраас үнэлэхээс татгалзаж, мэтгэлцэх боломжийг өөрөө хаасан атлаа шинжээч томилсон гэх нь зохимжгүй, нүүрс олборлож, худалдан борлуулахад гарах зардлыг тодорхойлох боломжгүй гэж байвч өөрийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа газар дээрх үнэ болох 12 600 төгрөгөө ******* ХК-ийн аудитлагдсан тайланд тусгагдсан санхүү бүртгэлийн задаргаатай жишиж тодорхойлох наад захын боломжтой, төдийгүй нэг тонн нүүрс олборлох нэгж өртгийг гаргасан шинжээчийн дүгнэлтийг ч ашиглах бүрэн боломжтой ч, дээрх нотлох баримтуудыг зардлын тодорхойлох баримт биш гэж үзсэн үндэслэлээ санхүү бүртгэлийн болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн тайлбарлаагүй орхисон анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой хянаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг харуулж байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх бүрэлдэхүүн тодруулж, лавлаж, чиглүүлэх хэлбэрээр асууж шаардлагыг тодруулсан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагын агуулгад, хэмжээнд ямар нэгэн байдлаар тодорхой өөрчлөлт орсон бол хариуцагчид тайлбар гаргах түүнд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгэх хугацааг гаргаж өгөх үүргээ анхан шатны шүүхээс хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэгт цугларсан, хариуцагчаас гаргаж өгсөн санхүүгийн бичиг баримтууд нь зардлыг тооцоход хангалттай бөгөөд үүнийг ч нотолж шинжээчээс зардлыг тооцож гаргасан боловч анхан шатны шүүх маш эргэлзээтэй, үндэслэл муутай тайлбар гаргаж байгаад гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Давж заалдах шатны шүүхээс хуулийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянах явцдаа хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн санхүүгийн бичиг баримтуудад анхаарал хандуулж 1 тонн нүүрс олборлох өөрийн өртөг, 1 тонн нүүрсийг худалдан борлуулах төрөөс зохицуулсан үнийн ялгаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөхийг хүсье. гэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

7.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар тодорхой тайлбарыг гаргаж өгөөгүйтэй маргаж байгаа. Санхүүгийн тайланг гаргаж өгсөн боловч мөн шүүхийн шийдвэрт дурдаагүй байна. Шинжээчийн дүгнэлтийг шүүхээс үнэлээд байгаа юм. Хариуцагч талаас мэтгэлцэх боломжийг олгохдоо шинжээчийн дүгнэлттэй холбоотой маргах боломжийг хязгаарлаж байгаа учраас давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгөөч гэж хүсч байгаа юм. 12 600 төгрөг болон 14 500 төгрөгийн асуудал яригдаж байгаа. 1 тонн нүүрсийг олборлоход хичнээн төгрөгийн зардал гардаг вэ гэдгийг шинжээчийн тогтоох ёстой байсан. 14 500 төгрөг гэж гаргаж ирсэн нь шинжлэх ухааны хувьд үндэслэлтэй юм. Гэтэл шүүхээс үнэлэхгүй орхисон байгаа. Тиймээс хариуцагчаас 130 сая төгрөгтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Шүүхийн шийдвэр шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн ч юм шиг үгүй ч юм шиг байгаад гомдолтой байна. Давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн талбай дээр байсан нүүрстэй холбоотой асуудал яригдаж байгаа. Тайлбартаа дурдаад байгаа зүйл дээр тайлбар хэлэх нь зүйтэй байна. 15 000 тонн нүүрсийг богино хугацаанд авах боломжгүй гэж ярьж байгаа. Гэтэл 1 сард 30 000 тонн нүүрсийг станц руу нийлүүлсэн байдаг. Биднийг ажил дээрээ байхгүй, хяналт тавих боломжгүй хугацаанд энэ нүүрсийг авсан байдаг. Эрдэнэбат гэж хүний гарын үсгийг хуурамчаар зурж зургаа хийсэн байдаг. Уулын ажлын төлөвлөгөө гүйцэтгэлийг хуурамчаар хийсэн болох нь тогтоогдсон байгаа. ******* ХК-ийн маркшэйдэрт зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан байгаа. Бид нэхэмжлэл гаргахдаа 12 600 төгрөг гэдэг дүнгээр гаргахаар өөр арга байхгүй. Яагаад гэхээр бид ******* ХК-ийн олборлолтын зардлыг мэдэхгүй байсан. Тиймээс ерөнхий тогтоосон дүнгээр гаргасан байгаа. ******* ХК нь маш их алдагдалтай ажиллаж байгаа учраас тухайн нүүрсийг авсан байх бүрэн боломжтой юм. МАК-ийн талбайгаас авсан нүүрснийнээ 2.5 хувийг л өгдөг байгаа. Аудитлагдсан тайлан гэдэг асуудал яригдаж байна. Тайлан блансаа олон улсын стандартын дагуу гаргасан уу гэсэн асуултыг нь хянаж байгаа. Тэрнээс биш үйл ажиллагааны зардлын талаар яригдаагүй юм. Тиймээс шинжээчийн дүгнэлттэй адилтгаж ойлгож болохгүй юм. 15 000 тонн нүүрс олборлосон болох нь мэдээж харагдахгүй. Тайланд тусгагдах боломжгүй байгаа юм. Хариуцагч байгууллагын ажилчид хэмжилт хийх үед хамт байлцсан. МАК компанийн уулын ажлын төлөвлөгөөн дээр бүх зүйлс маш тодорхой тусгагдсан байдаг. Хариуцагч талаас нүүрс хатаахдаа тухайн зургийг зурсан гэж тайлбарладаг. Гэтэл хэрээс зургаар нүүрс хатаахдаа тэмдэглэдэггүй юм. Олборлолт хийнэ, ухалт хийнэ гэсэн л тэмдэглэгээ юм. Энэ зураг нь ашигт малтмалын газар руу явдаг байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас гаргасан гомдлын үндэслэл агуулгатай танилцсан. Ерөнхийдөө анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан, иргэний хуулийг зөрчсөн гэж үзсэн байсан. Яг үндэслэлийг харахад хүлээн зөвшөөрөх боломжгүй, тодорхой үндэслэлгүй гомдол гаргасан байсан. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хэдийгээр ашигт малтмалын нөөц маань тухайн олборлосон хэмжээгээр багассан, ашиг багассан байгаа. Улсын Дээд шүүхээс хохирол учруулсан хэмжээгээр төлбөрийг барагдуулах боломжоор хангасан. Гэсэн ч бид анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. 15 000 тонн нүүрс гэдэг бол маш их хэмжээ юм. ******* ХХК өөрөө хариуцах ёстой ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн байгаа. 30 хувиар багасгаж шийдвэрлэсэн. Гомдол үнэндээ маш ойлгомжгүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. ******* ХК нь нийтэд нээлттэй компани байдаг. 2018 онд татварын дараах бөгөөд татварын дараах байдлаар 25 хувийн ашигтай ажиллалаа гэдэг мэдээллийг гаргасан байна. 12 000 төгрөгөөр зарж байгаа нүүрсийг 14 000 төгрөгийн зардал гаргаж хийсэн буюу илтэд ашиггүй үйлдэл хийсэн болох нь харагддаг. Гэтэл 25 хувийн ашигтай ажилласан гэж дурдаад байх юм. Шүүхээс шинжээч нарт тавьсан асуултад бүрэн дүүрэн хариулаагүй байна. Хялбаршуулсан журмаар шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хэрхэн гарахаас үл хамаарч хэрхэн үнэлэх нь шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал юм. Бид хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Төвийг сахисан байдлаар хэргийг шийдвэрлэж байгаа. Цааш цаашдийн харилцаагаа бодож бид гомдол гаргаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэгдэх үйлдлийг иргэний хэргийн шүүх үнэлэхгүй гэсэн заалт байдаг. Иргэний журмаар хэлэлцэж байгаа асуудлын хувьд бусад шүүхээс нотолсон баримтыг давхар нотлох шаардлага байхгүй гэж үздэг. ******* ХК-ийн хувьд өөрсдөө алдаатай зүйл хийснээ хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаад хүлээн зөвшөөрч гомдол гаргахгүй шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах гомдол үндэслэл муутай гарсан гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-иас бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 762 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...Манай компани 710, 730-р түвшнээс ямар ч нүүрс олборлоогүй бөгөөд 750-р түвшнээс олборлож байсан. Нүүрс нойтон чийгтэй байсан учир 730-р түвшний хоосон орон зай буюу мөргөцөгт буулган хурааж, хатааж байсан. 2018 оны 04 сарын 18-аас хойш харуул хамгаалалттай байсан. Тухайн объектоос 15 000 тонн нүүрс аваад гарах боломжгүй. Эрүүгийн журмаар авагдсан баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломж байхгүй. Шинжээчийн 88 дугаартай дүгнэлт нь энэ иргэний хэрэгтэй хамааралтайгаар авагдсан ганц нотлох баримт мөн. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, гэм хорын хохирол шаардах эрхгүй этгээд шаардсан. Түүнчлэн хариуцагчийг талбай руу орж олборлолт хийсэн гэдгийг нотолж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...маргасан байна.

3. Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

4. Хэрэгт авагдасан баримтуудаар ******* ХХК нь өөрийн 1364А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хариуцагч ******* ХК-ийг 2018 оны 04, 06 саруудад зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулсан гэдэг асуудлаар тус аймгийн Цагдаагийн газарт хандсанаар хэрэг бүртгэлтийн 182100396 дугаартай хэрэг нээн шалгасан, Дорнод аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/230 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор ******* ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаасаа хэтрүүлэн ******* ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайд олборлолт явуулсан буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлд заасан Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, уг зөрчлийн асуудлыг зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна. /1хх 5/

5. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч И.Энхтуяа зөрчлийн материалыг хүлээн авч хянаад, ******* ХК-ийн гаргасан зөрчил нь бүрэн нотлогдсон гэж үзэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0165857 дугаартай Шийтгэлийн хуудас-аар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг тус компани хүлээн зөвшөөрч төлсөн, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр хэвээр байна. /1хх 124-132/

6. Нэхэмжлэгч нь дээрх хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд бусдын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас зохих зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой тул хариуцагч ******* ХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

7. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч Э.Анхбаярын гаргасан дүгнэлтээр хариуцагч ******* ХК нь ... 2018 оын 11 сарын 10-ны өдрийн 730 дугаар түвшингийн 7380,49м3 нүүрс, 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 710 дугаар түвшингийн 5275,4м3 нүүрсний дүнг нэгтгэхэд 12 655,89м3 нүүрс болсон бөгөөд нийлбэрийг ******* хүрэн нүүрсний нягтад бодолт хийж үзвэл 12 655,89м3х 1,2= 15 187,1тн нүүрс олборлосон болох нь тогтоогдсон, энэхүү дүгнэлтийг үндэслэн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч И.Энхтуяа 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг тус компани хүлээн зөвшөөрч төлснөөр зөрчлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн ба талууд ямар нэгэн гомдол гаргаагүй, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр хэвээр байна./1хх 34/

8.Хариуцагч ******* ХК нь өөрийн хүсэлтээр хийгдсэн шинжээчийн 88 дугаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа боловч анхан шатны шүүх шинжээчийн 88 дугаар дүгнэлтэд 1 тонн нүүрс олборлоход гарсан өртөг /НӨАТ-гүй/ нь 14741.25 төгрөг болон 14785.40 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тухайн үеийн зах зээл дэх нэг тонн нүүрсний газар дээрх үнэ болох 12600 төгрөгөөс давсан дүгнэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар бодитой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ /дээрх шинжээчийн 88 дугаар дүгнэлтээс өөр баримтыг/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас хойш өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд харуул хамгаалалт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлийн талбайгаа бусдын халдлагаас хамгаалах арга хэмжээг авах хуульд заасан ерөнхий үүргээ биелүүлээгүйгээс хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна. гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч ******* ХК-ийн хариуцан төлөх гэм хорын хохирол болох 191 357 082 төгрөгийг 30 хувиар багасгаж, хариуцагч ******* ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 133 949 957,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76 542 804,6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар 116.2-т заасантай нийцсэн гэж тус шүүхээс дүгнэв

10. Иймд хариуцагч ******* ХК-ийн төлөөлөгч *******гийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

11. Хариуцагч ******* ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 827 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч ******* ХК-ийн төлөөлөгч *******гийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/00884 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 827 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ж.ДОЛГОРМАА