| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0623/Э |
| Дугаар | 628 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Л яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00375 0649 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Л
Холбогдсон хэргийн талаар:
Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-211-Б тоотод хамтран амьдрагч Ч.Оюунгэрэлийг гараараа 5-6 удаа цохиж, газар унагаан дээрээс нь дэвсэж, зуухнаас халуун цог авч түлж, тогооны таг шидэж шанаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ ойлгож ухамсарлаж байгаа тул хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Оюунгэрэлийн өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай гэрт Сүхээ, Цэндээ хоёр ирж Б.Л бид 4 нэг шил 0,75 литрийн архи хувааж уугаад байж байгаад Б.Л нүүрс авах гэж гарч яваад нэмж архи уучихаад ирсэн. Тэгэхээр нь би жаахан уурлаад Б.Л бид хоёр маргалдаад Б.Л миний хоёр талын шанаанд гараараа ээлжлэн 5-6 удаа цохиж газар унагаагаад дээрээс дэвсээд, галаас үнс авч ирээд өмсөж байсан цамцны энгэрийг татаж дотор нь халуун цог хийхээр нь би зуухаа тойроод зугтаахад тогооны таг авч шидэж миний зүүн талын хацар шанаан хэсэгт оносон. Тэгээд арай хийж гарч зугтаагаад цагдаа дуудсан. Өмнө нь намайг зөндөө удаа зодож байсан. Б.Л нь өмнө нь хоёр удаа баривчилгаанд явж, нэг удаа 6 сар ял эдэлсэн. Өмнө Б.Л намайг зодож, миний баруун талын хөлийг хугалж, нурууг хугалж хадуулсан, тархиндаа харвалт өгтлөө зодуулсан, өөр жижиг гэмтлүүд зөндөө байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1161 дугаартай шинжээчийн:
1. Ч.Оюунгэрэлийн биед баруун 7-р хавирганы далд хугарал, эрүү, зүүн бугалганы цус хуралт, эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсэг, баруун, зүүн хөх, зүүн бугалга, хүйс, зүүн гуя, умдаг, баруун шилбэний түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Л хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35, 36, 37-41, 46, 47-48 дугаар тал/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 49-53 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Б.Л: ...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай гэрт Ч.Оюунгэрэл, Батзориг, Цэнд нартай хамт 3 шил архи хувааж уучихаад Цэнд, Батзориг хоёр Батзоригийн гэр рүү нь хоол идэхээр явсан. Тэгээд Ч.Оюунгэрэл бид хоёр үлдээд хоорондоо маргалдсан. Тухайн үед архи их хэмжээгээр уусан байсан болохоор юунаас болж маргаснаа санахгүй байгаа. Тэгээд би Ч.Оюунгэрэлийн нүүр рүү гараараа алгадаж газарт унагаасан. Хэдэн удаа цохисноо санахгүй байна. Дараа нь зуухнаас халуун цог авч Ч.Оюунгэрэл рүү цацахад Ч.Оюунгэрэлийн энгэр рүү халуун цог орж түлсэн байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-211-Б тоотод хамтран амьдрагч Ч.Оюунгэрэлийг гараараа 5-6 удаа цохиж, газар унагаан дээрээс нь дэвсэж, зуухнаас халуун цог авч түлж, тогооны таг шидэж шанаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Оюунгэрэл, яллагдагчаар өгсөн Б.Л нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1161 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Л гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: ...гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Л, хохирогч Ч.Оюунгэрэл нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаатай байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул Б.Л Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт: хохирогчийн эрүүл мэндэд бие махбодын, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Б.Л гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэв.
Хохирогч Ч.Оюунгэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх 8000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Гэвч хохирогч Ч.Оюунгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул Ч.Оюунгэрэл нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Л 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л-д оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Лас /РД:/ 8000 /найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Оюунгэрэлд /РД:/ олгосугай.
6. Хохирогч Ч.Оюунгэрэл нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ